• Шарын Гол ХК
  • Танилцуулга

Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшинээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайтай оршино. Шарын голын уурхай нь Улаанбаатар Дархан хоттой төмөр зам, авто замаар холбогдсон. Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон.    

               

Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг объектуудаас бүрдсэн 1826.18 га линцензийн талбайд байрласан.  

 

Шарын голын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаарна.  

      

Нүүрсний уурхайн барилга байгууламжийг ЗХУ (хуучин нэрээр)-ын техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 4-р сарын 6-нд жилдээ 1.1 сач тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна. 1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.    

 

Хувьцаа эзэмшигчдийн 1995 оны 1-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар 723,138.9 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар “Шарын гол” ХК болон зохион байгуулагдсан юм.  

       

Нийт хөрөнгийн 80 хувь буюу 578,511.1 мянган төгрөгийн хөрөнгийг төрийн өмчийн харъяалалд үлдээж 20 хувь буюу 144,627.8 мянган төгрөгийн хөрөнгөнд ноогдох 1 446 278 ширхэг хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалуулсныг 3738 хувьцаа эзэмшигч худалдан авч тус компанийн хувьцаа эзэмшигчид болцгоосон билээ. Ингэж тус уурхай нь хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсанаар удирдлага, зохион байгуулалтын хувьд ч эзэмшигчдийн бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн юм.

 

Улмаар төрийн өмчийн компаний үнэт цаасыг 2003 оны 11 дүгээр сард дахин хувьчилж, түүний өмчлөл  хувийн эзэмшилд 100% шилжсэн.

 

2011 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 27-р тогтоолоор тодорхой хэмжээний энгийн хувьцааг нэмж гаргасан юм.  

 

Өнөөдөр 10,170,242 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. 

 

“Шарын гол” ХК-ийн хувьцаа нь “Би Ди Сек”, “Нейшнл Секюритиз”, “Булган брокер” зэрэг брокер диллерийн компаниудад төвлөрсөн байна. 

 

Тус уурхай нь ил аргаар ашиглалт явуулдаг, манай улсын нүүрсний томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ зэрэг аймаг, хот, зарим сум, үйлдвэр аж ахуйн төвүүдэд түлш нийлүүлэх үндсэн үүргээ байгуулагдсанаас хойшхи бүх хугацааны туршид бүрэн биелүүлж ирсэн билээ. Тус уурхай нь төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 СБШ-2ООН 9 ЗСБШ-200-60, СБР-160 маркийн өрмийн машин, 4-10 шоо метрийн багтаамж бүхий шанагатай ЭКГ-4У, ЭКГ-5А, ЭКГ-8И, ЭШ-6/45, ЭШ-10/70 маркийн гинжит болон алхагч экскаваторууд, 1000-1100 морины хүчтэй ТЭМ-I, ТЭМ-2 маркийн илчит тэрэг, 60-105.0 тоннын даацтай 7ВС-60, 2ВС-105 маркийн вагон самосвалууд, 27-40 тоннын даацтай Белаз-540, Белаз-548 маркийн автосамосвалууд, ДЭТ-250, Т-170 маркийн бульдозер зэрэг уулын хүчирхэг техник тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулж ирсэн юм.

 

Харин улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн ба уул уурхайн шинэ дэвшилтэт техникүүд бий болж гадаад харилцаа өргөжсөнөөр 1992 оноос эхлэн Япон улсад үйлдвэрлэсэн “Комацу” маркийн бульдозер, Англи-Хятадын хамтарсан үйлдвэрийн “Терекс” маркийн өөрөө буулгагч өндөр даацын автомашин, АНУ-ын каторфилер пүүсийн 6 шоо метр шанаганы багтаамжтай авто ачигч, 769 D маркийн 40 тоннын даацтай КАТ автосамосвал, БНХАУ-ын 19 тоннын даацтай HOVA автосамосвал, дугуйт бульдозер, авто грейдер зэрэг орчин үеийн өндөр чадамжтай техникүүд ашиглах болсон юм.    

 

Сүүлийн жилүүдэд DOOSAN фирмийн 3.2 м3 шанаганы багтаамжтай экскаваторууд, 60-65 тн-ын даацтай автосамосвал зэрэг тоног төхөөрөмжүүдээр техникийн шинэчлэл хийж байна.

 

Компанийн шинэчилсэн бизнес төлөвлөгөөг батлан, төлөвлөгөөний дагуу уурхайн эзэмшлийн талбай дахь нөөцийг олон улсын стандартын дагуу шинэчлэн батлахын тулд ЖОРК нөөцийн програмыг хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд 23,2 сая тонн-оор тооцогдож байсан уурхайн нийт нөөцийг 373,8 сая тонн хэмээн шинэчлэн тогтоосон юм.

 

Мөн 2015 онд жилдээ 600.0 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

 

2001, 2002, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад “Шарын гол” ХК нь Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулан явуулдаг “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр, 2009, 2010, 2011 онуудад “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “ENTREPRENEUR-2010, 2011”-д “Шилдэгийн шилдэг байгууллага”, 2011 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2010 онд “Хамгийн хамгийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”, 2012 онд НДЕГазраас “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2013 онд Уул уурхайн яам, АМГазраас “Шилдэг хөрөнгө оруулагчтай байгууллага” 2013 онд “Entrepreneur-2013”  Санхүүгийн шилдэг менежменттэй байгууллага”, 2013 онд Монголын нүүрс ассоциациас Шилдэг компанийн засаглалтай ХК-иар шалгарч байсан билээ.

 

2015 онд “Уул уурхайн салбарын оны онцлох энтрепренер”-ээр шалгарснаас гадна Шарын голын уурхай үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан байна.

 

 

 

 

 

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Батмөнх Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Батбаатар Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

К. Ник Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Даянбилгүүн Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Жозеф Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ф. Кеннет Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Байлыхүү Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

П. Жеймс Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Батболд Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Л. Батсуурь Шарын Гол ХК-ийн Нарийн бичиг