|
“АРИГ ГАЛ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баримтлах ногдол ашгийн бодлого, ногдол ашиг хуваарилах нөхцөл журмыг “Компанийн тухай” хууль, Монголын компанийн засаглалын кодекст нийцүүлэн тодорхойлоход оршино.
1.2. Хувьцаа эзэмшигчид нь компанийн хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалт хийхдээ тодорхой хэмжээний орлого олохоор төлөвлөдөг учраас өнөөгийн болон ирээдүйн хөрөнгө оруулагчид компанийн ашиг хуваарилалтын бодлого, ногдол ашигт хуваарилах ашгийн доод хязгаар, ашиг хуваарилах хэлбэр зэргийг тодорхой журамласан байх ёстой.
1.3. ТУЗ нь “Ногдол ашгийн бодлогын журам”-ыг нийтийн хүртээл болгох үүрэгтэй. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга сонирхсон бүх этгээд уг баримттай танилцах боломж олгохоос гадна компанийн сайтад байрлуулсан байна.
Хоёр. Ногдол ашиг хуваарилах нөхцөл
2.1. Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
2.2. Компани дор дурьдсан тохиолдолд ногдол ашиг хуваарилна
2.2.1. ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх
2.2.2. ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, татан буулгах үед төлөх дүн, компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний нийлбэрээс илүү байх; 2.2.3.компани хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар хувьцаагаа эргүүлэн авах нөхцөл байдал үүссэн, өрийн бичгээ эргүүлэн худалдан авах хугацаа болсон бол эдгээр үнэт цаасыг бүрэн эргүүлэн авсан, эсхүл бүрэн худалдан авахад шаардагдах хөрөнгөтэй байх
2.3. Компани дараах тохиолдолд заавал ногдол ашиг хуваарилна.
2.3.1. энэ бодлогын 2.2-т заасан нөхцөл хангагдсан
2.3.2. компани ашигтай ажилласан бөгөөд компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт заасан хөрөнгө оруулалт болон тусгай зориулалтын санд зориулсан хуваарилалтыг бүрэн хийсний дараа хуваарилагдаагүй цэвэр ашиг үлдэж байгаа
Гурав. Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр
3.1.Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ гаргана. ТУЗ шийдвэртээ хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг тогтоож, энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулсан мэдээлэлтэй хамт мэдээлэл хүргүүлнэ.
3.2. Ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, түүнчлэн компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно. Энэ тухай шийдвэрийг ТУЗ гаргана.
3.3.Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг нийтэд мэдээлж, хувийг Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийн нэгдсэн санд хүргүүлнэ. 3.4.Ногдол ашиг хуваарилсны дараа компанийн өөрийн хөрөнгө нь хуваарилсны өмнөх хэмжээнээс 25-аас дээш хувиар багассан тохиолдолд ногдол ашгийг шилжүүлснээс хойш ажлын 15 хоногийн дотор зээлдүүлэгчиддээ өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ. Энэ үүргийг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
3.5. Жилийн тайланд тусгах мэдээлэлд ногдол ашгийн хэмжээг тодорхойлсон үндэслэл, төлөх журмын талаар бүрэн тусгасан байх бөгөөд ногдол ашиг хуваарилахгүйгээр шийдвэрлэсэн бол түүний үндэслэлийг энэ журмын дагуу тайлбарласан байна.
3.6. Компани ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн бол энэ тухайгаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд заавал тайлагнах бөгөөд тайлбартаа ногдол ашиг хуваарилах боломжгүй байдалд хүрсэн шалтгаан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тайлбар зэргийг тусгасан байна.
Дөрөв. Ногдол ашиг хуваарилах, тайлагнах
4.1. Ногдол ашиг төлөх хэлбэр, олгох хугацаа, журам нь хувьцаа эзэмшигчдэд аль болох тохиромжтой байна.
4.2. Ногдол ашгийг ТУЗ-өөс тогтоосон хугацаанд төлөөгүй бол хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг гүйцэтгэх захирал хариуцна.
4.3.Ногдол ашгийг олгох хэлбэр нь мөнгөн хөрөнгө, зах зээлд идэвхитэй арилжаалагддаг үнэт цаасны хэлбэртэй байх нь зохимжтой. Хувьцаа эзэмшигч дансны дугаараа албан ёсоор мэдэгдсэн нөхцөлд бэлэн бусаар шилжүүлж болно. Хувьцаа эзэмшигч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд эд хөрөнгийн хэлбэрээр олгож болно.
4.4.Ногдол ашиг хуваарилсны дараа үлдэх ашгаас нийгэм, соёлын арга хэмжээний сан байгуулж болно. Санг байгуулах асуудлыг ТУЗ шийдвэрлэнэ. Уг санг байгуулах, түүний хөрөнгийг зарцуулах журмын төслийг гүйцэтгэх захирал боловсруулж ТУЗ-ийн хурлаар батлуулж мөрдөнө.
4.5. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр гарсан үед төлбөл зохих ногдол ашгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдэд төлөх өр болгон нягтлан бодох бүртгэлд тусгах бөгөөд ногдол ашиг хуваарилж эхэлсэн улирлын эцэст ногдол ашгаа аваагүй байгаа хувьцаа эзэмшигч бүрийн нэрээр тусгайлан өглөгийн бүртгэл хөтөлнө. Ногдол ашгийг ҮЦТТТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигч бүрийн ҮЦТТТХТ ХХК дахь дансанд шилжүүлэх бодлого баримтална.
4.7. Ногдол ашиг хуваарилж эхэлсэн улирлын санхүүгийн тайлан гаргах үед “Ногдол ашгийн хуваарилалтын тайлан”-г гаргаж Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид хүргүүлэх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн жилийн ээлжит хуралд өмнөх жилийн ногдол ашиг хуваарилалтын тайланг танилцуулна
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
С. Мөнхжаргал Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
Д. Мөнхбат Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
С. Баяр Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Гиваапил Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Ёндонжамц Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Х. Хания Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Болд Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Э. Бямбажав Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Аюуш Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Л. Нямжав Ариг гал ХК-ийн Нарийн бичиг |