|
1966 оны 12-р сарын 3-ны өдөр Дулааны 3-р цахилгаан станцын суурь тавигдаж, 1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж, нийслэл хотын албан байгуулага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ.
1968-1975 онд дунд даралтын станц баригдаж, цагт 40 ата даралттай, 75 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-75-39 ФБ маркийн 6 зуух, цагт 12 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-12-3510М маркийн 4 турбингенератор ашиглалтанд орж, станцын хүчин чадал цахилгаанаар 48 мВт, дулаанаар 157Гкал суурьлагдсан хүчин чадалтай боллоо.
1976-1980 онд өндөр даралтын станц баригдаж, цагт 100 ата даралттай, 220 тн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-100-220-4С маркийн 7 зуух, цагт 25 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-25-90-10М маркийн 4 турбингенератор ашиглалтанд орж, станцын суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 148 мВт, дулаанаар 485 Гкал болж нэмэгдсэн юм.
2013 оны 7-р сараас станцын хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэн, төслийн ажил дуусах шатандаа орж, шалгах, турших, тохируулах ажиллагаа хийгдэж байна. Төслийн хүрээнд С50-8,83/0,294маркийн турбин, QF-60-2 маркийн генератор, YNZT-2000 маркийн гардерин зэрэг шинэ тоноглолуудыг ажиллагаанд авснаар станцын хүчин чадал цахилгаанаар 186 мВт, дулаанаар 585 Гкал болох юм.
Станц нь технологийн хэрэглээний усыг Нисэх Сонгиноны районд байрлах өөрийн худгуудаас, нүүрсийг дан ганц Багануурын уурхайгаас хүлээн авч хэрэглэдэг. Дунд болон өндөр даралтын зуухнуудад хэт ханасан уурыг боловсруулан, турбингенераторт өгч, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн35/110 киловольтын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний систем ба 6 киловольтын шугамаар хэрэглэгчдэд нийлүүлж байна. Дулаацуулгын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд 7000 тн усыг халаан өгч байна. Мөн хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн АПУ, Атар өргөө, Витавит инвест, Говь, Улаанбаатар хивс, Кашмир холдинг, Мон ит булигаар, Суурь, Хөнгөн бетон зэрэг 88 үйлдвэр, аж ахуйн газруудыг технологийн уураар ханган ажиллаж байна.
Компани нь үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж нийслэлийн засаг даргын захирамж гаргуулан, Хан-уул дүүрэгт 1,4 га газарт орон сууцны хороолол барих иж бүрэн зураг төсөл хийж, эхний ээлжийн 66 айлын 3 орон сууцны барилгыг ДЦС-4 ТӨХК-тай 50/50 хувийн хөрөнгө оруулалттайгаар хамтран барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |