|
“ДЦС-4” ТӨХК-ийн суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 МВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орж улмаар 1988-1990 онуудад 160 МВт-ын, 2007, 2009 онд 2 x 20 МВт-ын, 2012-2014 онд 120 МВт-ын өргөтгөл хийгдэн, нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүчний, 1373 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.
Станцын төрөл, ангилал: Хөндлөн холбоос бүхий 8 зуух, 7 турбинтэй цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх схемтэй;
Уурын генератор: Цагт 500 тонн өндөр параметртэй (140 кгс/см2, 560оС) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 4 зуух, цагт 420 тонн өндөр параметртэй (140 кгс/см2, 560оС) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 4 зуух;
Уурын турбин: Цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 175 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-100-130 (ОХУ) маркийн зөвхөн дулаацуулгын (отбор) авлагатай 3 турбин, цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 2 турбин, мөн цагт 80 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин, цагт 120 МВт цахилгаан эрчим хүч, 188 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-120/130-130-8МО (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин;
“ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71,2 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 52,1 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.
Тус үйлдвэрийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн түүнчлэн ахуй үйлчилгээний, инженерийн, лаборатори туршилтын төв зэрэг 66,7 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг.
2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, хувьцааны 41 хувийг ТЭХЯам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшиж байна.
Үйлдвэрлэл, технологийн 6 цех, механик боловсруулалтын 1 цех, Үйлдвэрлэлийн, Засварын, Судалгаа Хөгжлийн гэсэн техникийн 3 алба, Захиргаа хүний нөөцийн алба, Хяналтын алба, Борлуулалт, маркетингийн алба гэсэн захиргааны 3 алба, Худалдан авах ажиллагааны, Эдийн засгийн, Санхүү тайлан бүртгэлийн, Нийгэм ахуйн гэсэн 4 хэлтэс, Цехийн эмнэлэг, Зоогийн газар, Авто аж ахуй гэсэн нэгжүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.
2014 оны байдлаар нийт 1492 ажиллагсадтай байгаагийн 283 инженер техникийн ажилтан байна.
| Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |