ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.
Эх сурвалж : www.gobi.mn
Нийтлэгдсэн : 2017.04.20 |
|
Говь ХК Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 14:00 цагт компанийн Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд зохион байгууллаа. Хуралд нийт 6,688,649 саналын эрхтэй 88 хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирж, хурлын ирц 85.74% байв.
Хурлаар:
1. Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлт
2. 2015 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2016 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоол
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрүүдийг гаргав.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Говь ХК-ийн гүйцэтгэх удирдлагын баг 2016 онд төлөвлөгдсөн зорилтоо биелүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан ажилласан” гэсэн дүгнэлт өгснийг 99.99%-ийн саналаар батлав.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг батлахад кумулятив аргаар санал хураалт явуулан, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Баяр, Д.Гэрэлмаа, Б.Нандин-Эрдэнэ, Т.Одмаа, Такэши Камбэ нарыг, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Ц.Баатарсайхан, Хидэо Савада, Д.Хулан, Ж.Оюунчимэг нар сонгогдов.
Мөн компани 2010 оноос хойш жил бүр ногдол ашиг зарлаж байгаа бөгөөд 2015 оны ногдол ашиг тараалтын тайлан болон, 2017 оны 2 сарын 10-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №2 тогтоолоор хувьцааны нэгж тутамд 200 төгрөгийн ногдол ашиг зарласан тухай мэдэгдэж, зарласан ногдол ашгийг 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдэд хүссэн үед нь компани дээрээ бэлэн мөнгөөр эсвэл харилцах дансанд нь шилжүүлэх замаар чирэгдэл багатай арга хэлбэрээр саадгүй олгохоор болсныг дахин зарлалаа.