Б.Лхагважав: ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал болоход Монголчууд нэгдэлтэй байх ёстой
Эх сурвалж : www.gogo.mn
Нийтлэгдсэн : 2017.04.14 |
|
МҮХАҮТ-аас энэ сарын 5-нд УИХ-д шаардлага хүргүүлсэн. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэлэлцэж буй төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх зэргийг эсэргүүцсэн уг шаардлагын хариуг өнөөдөр авах байсан.
Гэвч хариу өгөөгүй тохиолдолд бизнес эрхлэгчид Төв талбайд тайван жагсаал хийхээр бэлтгэж байсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй бизнесийнхэнтэй дөнгөж сая уулзлаа. Хаалттай болсон уг уулзалт бүтэн цаг үргэлжилсэн бөгөөд ямар шийдэлд хүрсэн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав товч мэдээлэл өгч, ЦӨӨН асуултанд хариуллаа.
Тэрбээр “Бид 8 зүйл бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Шаардлагын талаар зүйл бүрээр нь нэгбүрчлэн ярилцлаа. МҮХАҮТ-аас тавьсан шаардлагуудын тав нь төрийн албан хаагчдын орон тоо, зардал, улсын өмчит үйлдвэрүүд гэхчилэн төрийн менежмэнттэй холбоотой. Эдгээр асуудлаар харилцан ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон.
Мөн 3 төрлийн татвартай холбоотой асуудлын тухайд эхлээд энэ сарын 2-нд хуралдах ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлын дараа буюу хөтөлбөр хэрэгжүүлэхээр болбол Сангийн яам, Төв банк, арилжааны банк, Хөгжлийн банкинд аудит оруулахаар ярилцлаа. Ойрын 4-5 жилд юу болсныг тодруулна.
Эндээс гарах дүр зургийг ашиглан нийтийн мөнгийг хуваарилах, татварын бодлого боловсруулах чиглэлд бид хамтран ажиллах шийдэлд хүрлээ. Энэ бүхэн ирэх аравдугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаагаар баталгаажих ёстой.
Өөрөөр хэлбэл, эхлээд аудит, дараа нь төрийн сангийн менежмэнт, улмаар 2018 оны төсөвт эдгээр асуудал хэрхэн тусах вэ гэдэг нь цаасан дээр бодитой тусах байх гэж бодож байна. Захирлуудын зөвлөлийн хурал болоход монголчууд нэгдэлтэй байх ёстой” гээд жагсаалаа цуцалсныг мэдэгдэв. Гэхдээ цаашид хэрхэх нь бидний хамтын ажиллагаанаас шалтгаална хэмээлээ.
-Та бүхнийг татвар нэмэхийг эсэргүүцэж байгаа гэж ойлгосон.
-Бид харилцан ярилцахаар байгаа. Сая Сангийн яам тодотголын төсөл боловсруулахдаа татвар төлөгч нартай огт ярилцаагүй. Энд л гол асуудал байгаа юм. Энэ талаар УИХ-аас албан ёсны чиглэл өгнө гэсэн. Гуравдугаар хэлэлцүүлгийн явцад уг асуудал дахин сөхөгдөх болов уу гэж бодож байна. Ер нь ОУВС-тай холбогдож, нийтийн санхүүгийн асуудлаар онолын мэргэжилтэй хүмүүстэй хамтран ажиллахгүй бол сүүлийн хэдэн жилд том менежмэнт хийж чадаагүйдээ улсаараа дампуурах дээрээ тулаад байна.
-Одоо хэлэлцэж буй тодотголын хүрээнд татвар нэмэхгүй байх боломж байна уу?
-Өчигдөр хоёрдугаар хэлэлцүүлэг нь дууссан. Дараагийн хэлэлцүүлгүүд яах явахыг харах хэрэгтэй байх. Гэхдээ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт өмнө нь санал нэгдсэн зүйлүүд өөрчлөгдөх магадлал их бага байдаг. Ямар ч байсан асуудлыг намар гаргаж тавихаар боллоо.