Валютын нөөцийг 2020 он гэхэд өнөөгийн түвшинээс гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн шугамаар манай улсад 440 сая ам.доллар орж ирнэ. Уг санхүүжилт тэр чигтээ Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Мөнхүү Төвбанк Хятадын Ардын банктай хийсэн 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлийг сунгасан. 2017 онд Монголбанкны валютын нөөцийг 1.620 тэрбум, 2018 онд 2.770 тэрбум, 2019 онд 3.545, 2020 онд 3.838 тэрбумд хүргэхээр тооцоод байгаа юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сайн хэрэгжиж гэмээнэ монгол төгрөгийн уналт зогсоно. Үүнийг хөтөлбөрийн гол үр дүн ч гэж болно. Хөтөлбөрийн шугамаар Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас 3 тэрбум орчим ам.доллар орж ирнэ гэгдэж буй. Уг хэлцлүүд амжилттай хийгдвэл төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд дээрх мөнгө зарцуулагдахаар төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн шугамаар орж ирэх 5.5 тэрбум ам.долларын тал орчим нь цэвэр валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зарцуулагдана гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, Монгол банк төсөвтэй адилтгах үйл ажиллагаагаа зогсоох үүрэг авсан. Ингэж уламжлалт бус үйл ажиллагаанаасаа татгалзсанаар шинэ төрлийн төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэхгүй. Тэгэхээр Монголбанк төгрөг хэвлэх замаар мөнгөний нийлүүлтийг нэмэгдүүлэхгүй гэсэн үг. Бодлогын хүүгээ ирэх гурван жилд 14 хувьд барихаар ОУВС-тай тохиролцсон. Валютын нөөц нэмэгдсэн ч хатуу бодлого хэвээр үргэлжлэх нь. Бодлогын хүү өндөр байх тусам мөнгөний нийлүүлэлт хумигдаж, эрэлт үүсэхэд хүргэдэг.
Монгол банкны өнөөгийн валютын нөөц 1 тэрбум ам.доллар орчим. Ажлаа аваад удаагүй дарга нь Монгол Улс -419 сая ам.доллларын нөөцтэй гэж зарласан ч своп хэлцлээ сунгаж, ОУВС-тай тохироонд хүрснээр шинээр “өрдсөн гал”-аа намдааж чадлаа. Ирэх 2020 онд гэхэд одоогийн нөөцөө даруй гурав дахин өсгөх урьдчилсан зураглал хийгээд байна. ОУВС-тай хамтран хийсэн өөдрөг зураглалыг танилцуулахад ийм байна.
-ӨР ТАВИХ ТУСАМ УРТ ХУГАЦААНДАА ЭРСДЭЛТЭЙ-
Сангийн яам Хөгжлийн банкны евро бондын 580 сая ам.долларын зээлийг шинээр “Хуралдай” бонд босгож хаах шийдэлд хүрсэн. Нийтдээ 600 сая ам.долларын 476 нь 8.75 хувийн хүүтэй. Үлдсэн 124 сая ам.доллар нь 7.66 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай олгогдож байна. Хагас жил тутамд төлөх хэлцлээр хүү нь хоёр өөр “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт 25 сая ам.доллар орчим, долоон жилд нийтдээ 358 сая ам.доллар төлөхөөр байгаа юм. Их, бага хэмжээгээр валютын нөөцөд “Хуралдай” бондын хүүгийн төлбөр нөлөөлнө. Гэхдээ энэ нь богино болон дунд хугацаанд нэг их сүртэй нөлөө үзүүлэхгүй. Эдийн засагчид төгрөгийн ханшийн огцом уналт ойрын гурван жилдээ ажиглагдахгүй гэж тайлбарлаж байна. Гэвч санаа амарч болохгүй.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нөлөөгөөр Төвбанкны валютын нөөц 1-3 тэрбум ам.доллар хол давж унах ч “Хуралдай” бонд мэтийн өрийг үргэлжлүүлэн тавих тусам урт хугацаандаа дахин хүндрэл үүснэ. Өрийн төлбөрүүд урт хугацаанд их давтагдвал валютын нөөц рүүгээ гараа дүрэх эрсдэлтэй. Дээрээс нь, дөрвөн жилийн үечлэлтэй сонгуулиар ямар гарч, ямар бодлого барихаас цаашдын төлөв ихээхэн хамаарах юм. Урт хугацаандаа мега төслүүдээ урагшлуулж гэмээнэ энэ хамаарлаас гарах гарц байгаа ч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнээс их зүйл шалтгаалахаар байна.
Ямартай ч өнгөрсөн оны зургадугаар сарын сүүлээр 1960 төгрөгөөс огцом өсч, хар зах дээр 2720 хүрсэн ам.долларын ханш хэсэгтээ сулрах төлөвтэй. Ойрын өдрүүдэд төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурч буй нь ойрын жилүүдийн төгрөгийн ханшийн тогтонги байдалтай холбоотой юм.
Ж.МЯДАГБАДАМ