Хар жагсаалтаас 25 мянган зээлдэгчийг хассанаар ямар үр нөлөө үзүүлэх вэ

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2017.03.09

-“НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ” АНГИЛЛААС 25621 ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАСЛАА-

Монголбанкны зүгээс өнгөрсөн сарын 10-ны өдөр зээлийн мэдээллийн сангаасаа нийт 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулалт хийсэн. Ингэхдээ нэг жилээс илүүгүй хугацаатай, анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан зээлдэгч нарыг хамруулахаар заасан юм.

Монголбанк энэ талаархи албан ёсны мэдээлэлдээ “Энэ нь нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломж олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг.

Уг асуудал нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав” гэж дурдсан билээ.

Монголбанкны хэвлэлийн албанаас “Зээлдэгчид арилжааны банкнаас авсан зээлээ төлөх явцдаа хугацааг хоцруулах болон бусад хэлбэрийн зөрчил гаргах тохиолдог байдаг. Энэ нь зээлийн мэдээллийн санд “Найдваргүй зээлдэгч” гэсэн ангиллаар бүртгэгддэг тул арилжааны банкнаас дахин зээл авах боломж нь хязгаарлагддаг. Тиймээс Монголбанкнаас нэг удаагийн бодлогын арга хэмжээ авч байна. Уг шийдвэр зээлээ өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс өмнө төлсөн зээлдэгчдэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

Зээлийн мэдээллийн сангаас нийт 25621 зээлдэгчийн мэдээллийг тэглэснээр арилжааны банкнаас дахин зээл авах боломж бүрдэх юм. Зээлдэгчдийн ихэнх нь хэрэглээний зээл авсан нь судалгаанаас  харагддаг. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн бага оврын техник авсан иргэд ч байна. Зээлийн нийт хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй байх хязгаар тавьж өгч байгаа”  гэсэн юм.

-ЖИРИЙН ЗЭЭЛДЭГЧДИЙН ТҮҮХТЭЙ БОЛЛОО-

Монголбанкнаас авсан нэг удаагийн бодлогын арга хэмжээ эдийн засагт хэрхэн өгөөжөө өгөх талаар эдийн засагчид дараахЬ байдлаар байр сууриа илэрхийллээ.

erdenedalai

Ч.Эрдэнэдалай: Гарааны зээл олголт хэвийн үргэлжлэх боломж нээгдлээ 

 /Эдийн засгийн шинжээч/

Эдийн засгийн ил тод байдлын хуультай ерөнхийдөө адил утгатай шийдвэрийг Төвбанкнаас гаргалаа гэж ойлгосон. Зээлдэгчид дахин зээл авах боломжтой болсноор тодорхой хэмжээнд гарааны зээл олголт хэвийн явагдах болов уу. Энэ 25 мянган зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй болсноор тэд жирийн зээлдэгчийн түүхтэй боллоо. Тэгэхээр бусадтай адил зээл авах эрхтэй болж байна гэсэн үг. Мэдээж эдгээр зээлдэгч дунд зээл аваад эргэн төлөх чадвартай хүмүүс байгаа. Тэд зээлээ аваад явбал эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө. Ер нь Монголоос зугтсан мөнгөн хөрөнгө буцаж ирээгүй байгаа талаар яригддаг. Энэ мөнгөн хөрөнгүүдийг Монголд шинэлэг аргаар авчрах нь чухал байгаа юм. Тухайлахад, гаднаас орж ирсэн тодорхой тооны мөнгөн хөрөнгө өршөөгддөг аргачлалыг ч хэрэглэж болно. Ирэх жилүүдэд ОУВС-гийн нөлөөгөөр эдийн засгийн орчин харьцангуй тодорхой болж ирнэ. Тиймээс энэ төрлийн өршөөх, бодлогоор дэмжих арга хэлбэрээр гадаадад байгаа мөнгөн хөрөнгүүдийг улсдаа татан төвлөрүүлэх, эргэлтэд оруулах гарц мөн харагдаж байна.  

oyun

Л.Оюун: АНУ-д зээлийн мэдээллийн лавлагааг долоон жил тутамд тэглэдэг

 /МУИС-ийн багш, доктор, профессор/

Монголбанкнаас 25 мянга гаруй зээлдэгчийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх шийдвэр гаргасан нь маш зөв бодлогын арга хэмжээ боллоо. Өмнө нь ийм шийдвэр манай улсад гарч байгаагүй. Гэхдээ Дэлхийн нийтэд энэ төрлийн жишиг тогтсон байдаг. Тухайлбал, АНУ-д л гэхэд долоон жил тутамд зээлийн мэдээллийн лавлагааг тэглэдэг. Өөрөөр хэлбэл, найдваргүй зээлдэгчээр лавлагаанд бүртгэгдсэн иргэний мэдээлэл долоон жил хадгалагдаад, найм дахь жилээсээ энгийн зээлдэгч хэлбэрт шилждэг гэсэн үг. Энэ нь тухайн улсын эдийн засаг зөв голдрилоор, яг үндсэн зүй тогтлоороо явж буйг харуулдаг. Манай улс дэлхийн нийтийн  энэ эдийн засгийн зөв  зүй тогтлыг бодлогын  хүрээнд хэрэгжүүлснээр энгийн хэрэглээний зээл авдаг зээлдэгчдэд эерэгээр нөлөөлж байна. Цаашлаад зах зээлд зээлийн хэрэглээ нэмэгдсэнээр өрхийн санхүү тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн бизнес өргөжих  боломж нээгдэж байгаа юм.

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн