НӨАТ-ын орлогын гүйцэтгэл 2016 онд өмнөх оныхоос 70 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Эх сурвалж : Bloomberg TV
Нийтлэгдсэн : 2017.03.03 |
|
Эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байдлыг хангах зорилгоор НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд татварын алба 2016 онд улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 35.4 хувь нь НӨАТ-аас төвлөрсөн талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Харин 2015 оны НӨАТ-ын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 70 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр бизнес, компаниудтай холбоотой мэдээллийн санг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа ач холбогдолтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав онцолж байсан. Тэгвэл НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлсний үр дүнд бизнес эрхлэгч 38.8 мянган татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд мэдээллээ төлбөрийн баримтын мэдээллийн системд илгээсэн байна. Буцаан олголтын тухайд, 620.4 мянган иргэний 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлжээ. Үүнээс хоёрдугаар сарын 22-ны байдлаар 484.9 мянган татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөг буцаан олгосон байна.
Ингэснээр гүйцэтгэл 96 хувьтай байгаа аж. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарч байгааг арилгах, үүний тулд төсөвт татварын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа гэдгийг Сангийн яам онцолсон. Энэ хүрээнд автобензин, дизель түлшний онцгой албан татварыг өнгөрсөн онд 1.6-4.3 дахин бууруулсан. Үүнийг ирэх 7, 10 дугаар саруудад хоёр үе шаттайгаар нэмэхээр төлөвлөж байна. Мөн Архи, тамхины онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татварыг нэмж, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа юм.