Барилгын салбарт энэ сараас шинэ дүрэм мөрдөнө

Эх сурвалж : www.assa.mn

Нийтлэгдсэн : 2017.02.01

Манай улсад барилгажилт бүтээн байгуулалт өргөжиж байгаа ч үүний хэрээр барилгын чанар муудаж байгаа талаар иргэд гомдоллох болсон. Ялангуяа улсын төсвийн хөрөнгөөр барьж гүйцэтгэж буй барилгууд ашиглалтын шаардлага хангахгүй байгааг холбогдох төрийн байгууллагууд анхааруулах болсон. Барилгын хөгжлийн төв нь орон нутагт хэрэгжүүлэх барилга байгууламжид захиалагчийн хяналт тавьдаг байна. 

2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийн дагуу газрын харилцаа геодез зураг зүйн газар Барилгын хөгжлийн төвтэй хамтран давхар хяналт тавих үүрэгтэй болжээ. Тус байгууллагыг өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 54 дүгээр тогтоолоор бүтэц зохион байгуулалт дүрмийг шинэчлэн баталсан байна. 

Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Өнгөрсөн онд манай байгууллага улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 96 барилга, инженерийн шугам сүлжээнд захиалагчийн хяналт хийж давхардсан тоогоор 123 удаа орон нутагт ажиллаж, 305 удаа захиалагчийн хяналт хийлээ. Мөн барилга угсралтын гүйцэтгэлийн санхүүжилт хүссэн 253 обьектод гүйцэтгэлийн хяналт хийж 81.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хянан баталгаажуулсан.
Одоогоор захиалагчийн хяналтад мэргэжлийн баг ажиллуулахаар бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Үүний үр дүнд барилгын ажлыг гүйцэтгэх явцад техникийн хяналтыг илүү сайжруулах, төлөвлөсөн хугацаанд зөрчилгүй ашиглалтын шаардлага хангасан барилгыг хүлээлгэн өгөх болно” хэмээн ярьсан юм. Мөн  орон нутагт захиалагчийн хяналт тавих явцад зураг төсөл нь алдаатай, гүйцэтгэгч компанийн хувьд санхүүгийн боломжоос шалтгаалж тендерийн бичиг баримт зөрчих асуудал гардаг” гэдгийг дуулгав. 
Түүнчлэн барилгын салбарт мөрдөх 16 норм, дүрэм, 14 стандартыг шинээр боловсруулан батлуулжээ. Ингэхдээ улсын төсөвт  тэр­бум гаруй төгрөг төвлө­рүүлсэн байна. Шинээр батлагд­сан норм дүрмийг энэ сараас эхлэн мөрдөх юм байна. Тиймээс барилгын хөгжлийн төв 21 аймгийн газ­рын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт сургалт явууллаа. Ингэснээр орон нутагт барилгын чанар сайжирч энэ салбарт гардаг осол аваар буурахад хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа аж. Мөн тус байгууллага нь барилгын инженерүүдийг чадав­­хи­жуулах зорилгоор сур­галт зохион байгуулдаг уламж­лалтай. Уг сургалтыг өнгөрсөн онд 37 удаа зохион байгуулж, 1099 инженер техни­кийн ажилчдыг  мэргэжлийн зэрэг ахиулах сургалтад хамруулжээ. 
Манай улсад барилгын чанар муу, зохих хууль дүр­мийг биелүүлэхгүй байгаа нь осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Тухайлбал, иргэн аж ахуйн нэгж барилга барихдаа зу­раг төслөөс өөрөөр барих тохиолдол нэлээд гардаг гэнэ. Харин Барилгын хөгжлийн төв Монгол Улсад баригдах барилга байгууламжийн 929 зураг төсөлд магадлал хийжээ. 

 

Уулзалтын үеэр зарим аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. 


Н.Бямбадорж: Төсвийн хөрөнгө оруулалтаар 18 барилга баригдаж байна 

/Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/

-Орон нутагт газар төлөвлөлтийг хэрхэн хийж байна вэ. Хөвсгөл аймаг аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой нутаг?
-Манай аймаг бусад аймгуудыг бодвол хөгжлийн бодлогоо алсыг харж төлөвлөсөн. Учир нь, хөл хөдөлгөөн ихтэй анхаарлын төвд байдаг аймаг. Өнгөрсөн хугацаанд “Хөгжсөн Хөвс­гөл-2040” хөтөлбөрийг баталсан. Энд газрын менежментийг сайжруулж хот байгуулалт төлөвлөлтийг  тусгасан. Мөн газар зохион байгуулалттай холбоотой бодлогын баримт бичгүүдийг гаргасан. Ингэхдээ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөлт газар зохион байгуулалтыг хийсэн. Цаашид бид Хөвсгөл аймагт инженерын хамгаалалтын зурвасыг бүртгэлжүүлэх, газрын мэдээллийн системд цахим хэлбэрийг шилжүүлэх зорилт дэвшүүлээд ажиллаж байна. 

-Барилгажилт бүтээн байгуулалт хэр өрнөж бай­на вэ. Иргэн, аж ахуйн нэг­жид газрыг ямар журмаар хэрхэн олгодог юм бэ?
-Манай аймагт барилгын олон компани үйл ажиллагаа явуулдаг. Иймээс ч бүтээн байгуулалт барилгажилт их өрнөдөг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаад журмын дагуу иргэн аж ахуйн нэгжид газар олгодог. 

-Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хэдэн ба­­­рилга ашиглалтад орсон бэ?
-2016 онд Барилгын хөгжлийн төвтэй хамтраад 18 барилга байгууламжид захиалагчийн хяналт хийж хамтарч ажилласан. Концессын гэрээгээр гурван барилга барьсан. Ингээд богино хугацаанд ашиглалтад оруулж чадсан. Тариалан суманд  Соёлын төвийн ажил эхлээд ажлын явц 40 гаруй хувьтай байна. Мөн Цэцэрлэг суманд Шинэ сумын төв төсөл хэрэгжиж байгаа. Төслийн ажлын явц 95 гаруй хувьтай байгаа. Ингээд аймаг орон нутагт  шат дараатай  хөрөнгө оруулалт хийгдээд бүтээн бай­гуулалт барилгажилт өргөжсөн. 2017 онд концессын гэрээгээр таван барилга баригдана. 


Э.Чагнаадорж: Аймгийн ИТХ-аар тухайн жилийнхээ газар олгох төлөвлөгөөг батлуулдаг

/Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/

-Орон нутагт газар зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,07 га газрыг хэрхэн олгож байгаа вэ?
-Аймгийн хэмжээнд  2016 онд газар өмчлөлийн ажлыг зохион байгуулсан. Мөн  2006 оноос хойш газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргаж ажиллаж ирсэн. Орон нутагт газар зохион төлөвлөлт хийхэд га­зар чөлөөлөх  асуудал хүнд байдаг. Мөн төлөвлөлтгүй замбараагүй олгосон газ­руу­­­дыг хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ гэдэг нь ч хүнд байгаа. Аймгийн ИТХ-аар тухайн жилийнхээ газар олгох төлөвлөгөөг батлуулдаг. Уг төлөвлөгөөний дагуу иргэдэд газраа олгодог. 

-Аж ахуйн нэгжид ба­­рилга барих газрын зөв­шөөрлийг хэрхэн олгодог юм бэ?
-Ихэвчлэн дуудлага ху­дал­даагаар худалддаг. Сарын өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худалдах газрынхаа мэдээг түгээдэг.  Улс орны эдийн засаг санхүүтэй холбоотой манай аймагт өнгөрсөн онд шинээр  бүтээн байгуулалт бараг хийгдээгүй.  Энэ жил хуучин барилгуудаа дуусгахаар төлөвлөөд байгаа. Харин хувийн хэвшлийн байгууллагууд амины орон сууц, үйлдвэр үйлчилгээний обьектыг барьж байна. 

-Орон нутагт аймгийн төвд газрын асуудал гэхээ­сээ илүүтэй сумдад бэлчээ­рийн асуудал маргаан дагуулдаг. Энэ тал дээр Дундговь аймагт байдал ямар байна вэ?
-Манай аймгийн Говь-Угтаал, Дэлгэрхангай суманд газрыг зүй зохистой төлөвлөлттэй ашиглах талаар томоохон төсөл эхлэх гэж байна. Энд тухайн сумын хүн ам, бэлчээрийн даац, байггалийн баялаг, дэд бүтэц гээд бүгдийг тусгасан хөгжлийн баримт бичгийг гаргана. Бэлчээрийн даац хүн амын нягтаршилаас хамаараад  1,5-20 хувь хүртэл хэтрээд байгаа. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн