Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2017.01.31 |
Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудын засаглалыг сайжруулах замаар хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, үүний үр дүнд санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг бий болгон улмаар эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой, гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн институт билээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 444-р тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тэмдэглэлээр төрийн холбогдох чиг үүргийг гүйцэтгэх, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүрдүүлэхийг үүрэг болгосон билээ. Иймээс тус Зөвлөл нь төрийн захиргааны 3-н байгууллага, төрийн өмчийн 3-н байгууллага, 5-н мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн 3-н байгууллагын төлөөллөөр шинээр бүрэлдэж нийт 15 гишүүдтэй болсон.
Зөвлөлийн гишүүдийг шинээр бүрдүүлсэнтэй холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр БльюМон центрын Bull-III рестораны VIP-1 өрөөнд гишүүдийн танилцах уулзалтыг зохион байгуулав. Энэхүү уулзалтанд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зочноор уригдаж зөвлөлийн 9 гишүүд хүрэлцэн ирж санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар халуун яриа өрнүүлж мөн Зөвлөлийн дарга танилцуулга хийж цаашдын үйл ажиллагааны талаар гишүүд санал солилцлоо.
Уулзалтын явцад 2011 онд батлагдсан “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн таван жилийн хугацаанд хийсэн ажлыг товч танилцуулсан бөгөөд цаашид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж гишүүдийн төлөөлж буй салбартай уялдан хэрхэн хамтран ажиллах, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөг гаргах талаар санал солилцсон юм.
Үндэсний зөвлөлд банкны салбараас бусад олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажиллагаа явуулдаг салбарын төлөөлөл багтсан байдаг тул Зөвлөлийн дарга нь Монгол улсад компанийн засаглалыг хөгжүүлэхэд арилжааны банкны үүрэг, оролцоо чухал ач холбогдол өгөх талаар уригдан ирсэн зочин Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлийн гишүүн болж хамтран ажиллах санал тавихад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.
Уулзалтанд Даатгагчдын холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг мэргэжлийн холбоодоос гадна Элүдэй ХХК, Монголын ачаа тээврийн бирж ХХК зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон.
Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал өртсөн, түүнийг даван туулах, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж улмаар валютын ханшийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлж, татвар төлөлтийн сайжруулж улмаар санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчны бүрдүүлэх талаар төрийн оновчтой цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учраас Улсын их хурлын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Хямралаас гарах хөтөлбөр боловсруулагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд компанийн засаглалын сайжруулах “Засаглалын шинэчлэлийн бодлого”-ыг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн зүгээс гишүүдийн салбарын хүрээнд 2017-2020 боловсруулах хэрэгцээ байгаа юм байна. Үүнээс гадна бизнесийн байгууллагын хувьд санхүүгийн зах зээлээс шууд хамаарч байгаа тул хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж хөрөнгө оруулалт хийх ил тод, нээлттэй байдлыг хангах, хямралын даван туулахад дэмжлэг үзүүлэх хэмжээний эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал юм.
Компаниудын удирдлагын арга барилыг сайжруулах, судалгаатай эрсдэлийг тооцсон алсын хараатай, оновчтой шийдвэр гаргах хэмжээнд удирдлагын мэдлэг чадварыг тогтмол нэмэгдүүлэн, удирдах арга барил, ёс зүй, хандлагыг дээшлүүлж байж шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хяналттай зарцуулах дотоод хяналт, хариуцлагын тогтолцоотой сайжруулснаар үргүй зардлыг бууруулах, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эерэг хандлага нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг уулзалтанд оролцсон гишүүд онцолсон юм.
Үндэсний зөвлөлийн зүгээс эхний ээлжинд Төрийн өмчийн бодлого, зохицуулах газартай хамтран ажиллах гэрээ байгуулж төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд үндсэн 2 үе шаттай ажиллах бөгөөд эхний үе шатанд 2017-2018 онд дараах ажлуудыг хийхээр хүрээнд голлон ажиллах юм. Үүнд:
- Төрийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулах
- Сайн засаглалын зарчмыг хэвшүүлэхэд чиглүүлэн холбогдох хууль, дүрэм журмуудыг боловсронгуй болгох
- Олон улсын байгуулагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах, нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах
- Компанийн тухай хуулийн 75.8-д заасны дагуу компанийн засаглалын сургалтын чанар, тогтолцоог бэхжүүлэх, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах
- Эрх бүхий албан тушаалтнуудад компанийн засаглалтай холбогдох мэдлэг, мэдээллийг тасралтгүй хүргэх, сургах ажлыг зохион байгуулах
- Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж тайлан, зөвлөмж гаргах
Хоёрдугаар үе шат буюу 2019-2020 онд:
- Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал боловсруулах, түвшний үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах;
- Хараат бус гишүүнд тавигдах шалгуур үзүүлэлтийг сайжруулах, хэрэгжилтийг хангуулах,
- ТУЗ, гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх,
- Компанийн тухай хуулийн 79.2-т заасны дагуу компанийн хараат бус гишүүдийг сонгоход тохиромжтой этгээдийг санал болгох
- Төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд гарсан маргаан, үл ойлголцлыг эвлэрүүлэн зуучлах, шийдвэрлэх асуудлаар зөвлөгөө өгөх;
зэрэг ажлуудыг хийхээр болсон байна.
Компанийн ил тод байдлыг хангуулах ажлын хүрээнд Үндэсний зөвлөл нь дэргэдээ сэтгүүлчдийн баг бүрдүүлж Компанийн засаглалын үндэсний портал www.governance.mn сайтыг ажиллуулдаг бөгөөд “Нээлттэй засгийн түншлэл” 2016-2018 Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд “Сайн засаглал” сэтгүүл, МҮОНРТ-тэй хамтран “Сайн засаглал” ТВ-ийн цуврал нэвтрүүлэг гаргахаар ажиллаж байна.
Иймд салбарыг төлөөлсөн гишүүд өөрсдийн салбарын бизнесийн мэдээллийн ил тод байдлыг хангуулах, олон нийтэд сурталчлахад чиглэсэн нэвтрүүлэг, сэтгүүл болон сайтад мэдээ оруулах зэргээр Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг уриалсан.
Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах төлөвлөгөөтэй ижил байдлаар салбарын засаглалыг хөгжүүлэх “Засаглалын шинэчлэлийн бодлого” боловсруулахад оролцож нэгдсэн хөтөлбөр боловсруулахыг цохон тэмдэглэсэн юм.
Дээрх ажлын хүрээнд уулзалтанд оролцсон гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж тал бүрээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |