Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2017.01.24 |
Компанийн Засаглалын Үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай Монголын компаниудын хямрал юунаас үүсч байна, засаглалыг зөв тогтоохын ач холбогдол болон Үндэсний Зөвлөлийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Компанийн засаглалын талаархи ойлголт Монголд хэзээ нэвтэрсэн юм бэ? Мөн Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
Компанийн засаглал гэдэг ойлголт Монголд анх 2006 оноос бий болсон гэж үзэж байгаа. Учир нь 2006 онд Дэлхийн банкны ROSC судалгаа хийгдэж улмаар компанийн засаглалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байсан учраас 2007 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос анх Компанийн засаглалын кодексийг орчуулж баталсан байдаг. Санхүүгийн Зохицуулах Хорооноос энэхүү кодексийг компаниудад дагаж мөрдөхийг шаарддаг ирсэн боловч хангалттай үр дүнд хүрээгүй гэж болно. Иймээс 2011 оны 3 дугаар сард Монгол улсын Засгийн газраас “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлаж, кодекст тусгасан чухал зарчмуудыг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын энэхүү хөтөлбөрийг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл хэрэгжүүлэн 2016 онд дууссан хэдий ч Санхүүгийн Зохицуулах Хорооны тогтоол, Засгийн газрын тэмдэглэлээр тус зөвлөлийн үйл ажиллагааг үргэлжүүлэн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь одоогоор 15 гишүүнтэй. Үүнд төрийн 3, төрийн өмчийн 3 аж ахуйн нэгж, мэргэжлийн холбооноос 5, хувийн 3 аж ахуйн нэгжийн төлөөлөл багтдаг. Зөвлөл нь 2011 оноос одоог хүртэл нилээдгүй ажлыг хийлээ. Тухайлбал Компанийн тухай хуулиар шаардсан Компанийн засаглалын сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэн, 10-аад сургалтын байгууллагад сургалт явуулах эрх олгож гэрээ байгуулсан. Үүний үр дүнд таван мянга гаруй суралцагсдад сургалт явуулж гэрчилгээ олгосон байна. Мөн 2013, 2015 оны “Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан”-г гаргасан. Төрийн зүгээс компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмуудыг батлуулж хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн.
Олон улсын туршлагаас харахад компанийн засаглалыг зөвхөн төрийн байгууллага хууль, журмаар шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулахад хүндрэлтэй байдаг тул төр-хувийн хэвшил хамтарсан мэргэжлийн институт хэлбэрээр хараат бус, бие даасан байдлаар хувийн хэвшилтэй хамтран ажиллах байдлаар зөв ойлгуулж хэрэгжилтийг сайн дураар хангуулах нь үр дүнтэй байдаг болохыг олж харсан. Иймээс тус Зөвлөлийн зүгээс компанийн засаглалыг сайжруулах 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө бүхий “Засаглалын шинэчлэлийн бодлого” хөтөлбөрийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж гишүүдийн төлөөлж байгаа салбар бүрт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний үе шат буюу 2018 он хүртэл олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхолын төлөө үйл ажиллагаа явуулдаг компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангуулах, олон нийтэд таниулан сурталчилах, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль, журмуудад засаглалын зарчмуудыг тусгасан байдлаар эрх зүйн орчинг сайжруулахад холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах зэрэг орж байна. Харин хоёр дахь үе шатанд компаниудын засаглалын үнэлгээг хийж зэрэглэл тогтоох, хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэж хууль зүйн дүгнэлт гаргах, эвлэрүүлэн зуучлах, арбитрын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
Засаглалыг сайжруулахад төрийн оролцоо ямар түвшинд байна вэ?
Эдийн засгийн хямралтай, бараг бүх компаниуд эргэлтийн хөрөнгөөр хомсдсон, худалдан авах чадвар буурсны улмаас борлуулалт илт багассан, өндөр зээлтэй компаниуд нэлээн хүнд байдалд орсон байна. Үүнийг хэн нэгэнд буруу тохохоос өмнө өөрсдөө бизнесээ хэрхэн удирдаж байснаа эргэж харах хэрэгтэй болов уу. Хямралд өртөж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хямралыг даван туулах стратеги, зөв арга замаа тодорхойлох л хэрэгтэй байна. 1996 онд Азийн эдийн засгийн хямрал гэж болж байлаа. Тэр хямралыг бий болгосон үндсэн шалтгаан нь засаглалын доголдол гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр яг одоо бидэнд энэ л засаглалын алдаатай бодлого нь эдийн засгийн хямралыг бий болгосон учраас дахин ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд компаниуд зөв удирдлага, сайн засаглалтай байх шаардлага бий болж байна. Төрийн зүгээс засаглалын тогтолцоогоо эргэн харах шаардлага тулгараад байна. Монголын бизнесийн байгууллагууд хямралыг даван туулахад төрийн зайлшгүй зохистой оролцоог бий болгож тэдэнтэй хэрхэн хамтарч оролцох, хууль журмын хувьд бизнесийг дэмжсэн уян хатан бодлого авч хэрэгжүүлж тэдгээрийг хөл дээрээ зогсох боломж бололцоог олгоход дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
"Засаглалын алдаатай бодлого нь эдийн засгийн хямралыг бий болгодог учраас ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд компаниуд зөв удирдлага, сайн засаглалтай байх шаардлагатай байна"
Тиймээс Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс санаачлан өөрийн гишүүн төрийн болон мэргэжлийн холбоодын хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Зөвлөл нь төрийг оновчтой шийдвэр гаргахад нь зөвлөж чиглүүлэх, бизнесийн байгууллагыг төртэй уялдаж ажиллахад гүүр нь болж идэвхитэй ажиллахаар хичээн ажиллаж байна.
Компанийн засаглалтай холбоотой олон улсын зарчим гэж бий байх. Ер нь энэ ойлголт Монголын хөрсөн дээр хир зөв бууж байна вэ?
1999 онд Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /OECD/ байгууллагаас анх Компанийн засаглалын кодекс гэдгийг гишүүн улс орнуудыг мөрдөж ажиллах талаар уриалж сайн дураар хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Тус байгууллага нь 2015 онд энэхүү кодексийг шинэчилэн баталсан. Энэ нь голцуу G20 буюу том улсуудын хүрээнд хэрэгжүүлэхэд голлон анхаарч бизнесийн харилцаанд тулгарч байгаа асуудлыг илүү нарийвчилсан зохицуулалттай болгосон. Гэтэл манайд тэр түвшинд нь хүрээгүй, цаг үеийн хувьд хэрэгжүүлэхэд арай болоогүй байна. Тийм учраас бид эхний түвшинд компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулдаг байх, мөн 2014 онд СЗХ-ноос шинэчлэн батлагдсан Компанийн засаглалын кодексийг ойлгож, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Ингэж алхам алхамаар хэрэгжүүлэхийг зорилт болгон ажиллах нь зүйтэй юм.
Монголын аж ахуйн нэгжүүд сайн засаглалтай болоход тодорхой үе шатаар системтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт ТУЗ-ийн үйл ажиллагаа нь компанид хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг дээд байгууллага тул ТУЗ-ийн дэргэдэх дэд хороод болох аудит, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороонууд компанийн тухай хуульд зааснаар хуралдаж ажлаа хийдэг байх нь чухал учраас ТУЗ-ийн гишүүдэд бизнес процесст чиглэсэн тогтмол сургалт, зөвлөгөө хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт компанийн дотоод аудит нь санхүүгийн гүйлгээний үнэн зөв байдалд хяналт тавихаас гадна байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг, хууль, дүрэм журам болон ёс зүйн кодексийн хэрэгжилтийг хангуулах асуудлыг олж харан, гүйцэтгэх удирдлагад ойлгуулж зөвлөх, шаардлагатай бол ТУЗ, аудитын хороонд мэдээллэх зэргээр шийдвэрлүүлэх хэмжээнд идэвхитэй ажиллах нь чухал юм. Энэ бүхнийг цаг тухайд нь засч залруулж, хэрэгжилтийг хангуулахгүй л бол компани буруу шийдвэр гаргаснаа ч мэдэхгүй явснаар эрсдэл тулгарахад хүндрэлд орж байна шүү дээ.
"Бидний гол үүрэг бол засаглалыг сайжруулахтай холбоотойгоор туршлага хуваалцах мэдээ мэдээллийг тогтмол хүргэх шударга өрсөлдөх нээлттэй орчныг бүрдүүлэн ажиллах юм"
Манай компаниудын хувьд хоорондоо туршлага солилцох тал дээр хир идэвхи санаачлагатай байдаг юм бол?
Бизнесийн байгууллагуудын хувьд мэргэжлийн холбоод гэж байдаг. Санхүүгийн салбарт гэхэд Арилжаа эрхлэгчдийн холбоо, Даатгагчдын холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, аудитын компанийн хувьд Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институт мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг олон гишүүдтэй байгууллагууд бий. Эдгээр холбоод, мэргэжлийн институттэй хамтран тухай салбарын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлыг олж тодорхойлох, хоорондоо туршлага солилцон хамтарч ажиллах бүрэн боломжтой. Гэвч манай мэргэжлийн холбоод зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л анхаарч ажилладаг болохоос хоорондоо мэдээлэл солилцох, туршлага хуваалцах тал дээр хангалтгүй байдаг. Компаниуд өөрсдийн бизнесийн нууцыг алдчихна гэдэг болгоомжлолтой байдгаас төдийлөн нээлттэй, ил тод байх зарчим хангагдаж чаддаггүй. Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажиллагаа явуулдаг, нийтийн ашиг сонирхолд буюу итгэлд тулгуурлан ашиг олдог компани нь сайн засаглалыг хэрэгжүүлдэг байхыг төр засгаас тогтмол шаардах болсон. Иймд эдгээр компаниудын ил тод нээлттэй байдлыг хангах нь бидний тэргүүн зорилт болж байгаа юм. Зөвлөлийн гол үүрэг бол засаглалыг сайжруулахтай холбоотойгоор туршлага хуваалцах, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, шударга өрсөлдөх нээлттэй орчныг бүрдүүлэхэд ач холбогдол өгч байна. Засгийн газраас “Нээлттэй засгийн түншлэл” 2016-2018 хөтөлбөр батлагдсан хэдий ч одоогоор хэрэгжилтийг хангуулах тал дээр төдийлөн анхаарч чадахгүй байна.
Бид төрийн өмчит компанийн ил тод, нээлттэй байдлыг хангуулах, хууль дүрэм журмыг засаглалын зарчимтай нийцүүлэх талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Зөвлөлийн ажиллуулдаг www.governance.mn сайт дээр компаниудын мэдээ мэдээллийг нээлттэй болгодог. Манай гаргадаг “Монгол улсын компанийн засаглалын үндэсний тайлан”-г уншиж мэдээлэл олж авдаг хэрэглэгчид нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь бизнесийн байгууллагын ширээний лавлах ном болсон. Компаниудын мэдээлэл гэдэг бол зөвхөн үйл ажиллагаа, холбоо барих утас биш гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн мэдээлэл, санхүүгийн нөхцөл байдал зэрэг хамтран ажиллахад шаардлагатай нийтэд ил тод байх шаардлагатай мэдээллийг хэлдэг. Эдгээр мэдээлэл дутмаг байдгаас Монголын бизнесийн хөгжил хамтын ажиллагаа, харилцаа нь хязгаарлагдмал хүрээнд явагдаж ирсэн гэж болно.
Шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй компаниуд танайд ханддаг уу, тэдэнд ямар зөвлөгөө өгдөг вэ?
- Бидний хувьд үйл ажиллагааныхаа хүрээнд МУ-ын түвшинд байнгын судалгаа хийх, тайлан гаргах, бизнесийн байгууллагын мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангуулах. Мөн засаглалын зарчим буюу кодексийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үнэлгээг хийх, зөвлөгөө өгөх, холбогдох салбарын эрх зүйн баримт бичгийг боловсруулах судалгаа хийх, мэргэжлийн арга зүйгээр хангах, компанийн засаглалын зарчмуудыг хууль журамд оруулах зэргээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай тууштай хамтарч ажиллаж ирсэн бөгөөд цаашид хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын маргааныг шийдэхэд хууль зүйн дүгнэлт, зөвлөмж өгч маргааныг эвлрүүлэх, цаашлаад гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүнийг сонгоход нийтэд зар хүргэх, тохиромжтой этгээдийн жагсаалт гаргаж хүргүүлэх гэхчлэн олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Шинээр байгуулагдаж буй компаниуд ч гэсэн засаглалын чиглэлээр бидэнд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах нь ихэссэн. Компаниудын хувьд асуудалд урсгалаараа хандаж байгаа нь хямралын энэ үед буруу тогтолцоо юм. Энэ үед л алдаанаасаа суралцан судлаж, туршлагаа хуваалцах зэргээр өөрсдийгөө чадавхижуулах хэрэгтэй. Цаашид бизнесийн стратегиа зөв тодорхойлж хөдөлмөрлөж чадсан нь л энэ хямралыг даван гарч, улмаар илүү хурдтай хөгжих боломж бүрдэнэ шүү дээ.
Д.Цацрал
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |