Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2017.01.19 |
“Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн” төрийн бус байгууллагын захирал, эдийн засгийн ухааны доктор Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засаг хүндэрсэн гол шалтгаан юу вэ. Монгол Улс зээлээ төлж чадах эсэх нь хамгийн эхний асуудал болоод байх шиг?
-Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь институцийн тогтолцоо гажуудалтайд байгаа байдал юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны шийдвэр, тал зассан байдал, хүнд суртал, авлигын сүлжээнд холбогдсон байдал зэргийг институцийн тогтолцооны гажуудал гэж үзээд байгаа юм.
Макро эдийн засгийн орчин яагаад хүндэрсэн бэ гэхээр төсвийн алдагдлаас үүдэлтэй. Өнөөдөр ДНБ-ийн 9,1 хувь алдагдалтай, өр зээл 24,8 их наяд хүрсэн, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 хүрсэн, мөн санхүүгийн зах зээлийн хөгжил сул байгаатай холбоотой. Тухайлбал, бизнес эрхлэх болон бизнесээ өргөжүүлэхэд санхүүжилтийн эх үүсвэр олдохгүй, банкны үйл ажиллагаа нь гажуудалтай, үнэт цаасны зах зээл нь хөгжөөгүй, гадны хөрөнгө оруулалт зогссон, валютын дотогшлох урсгал хангалтгүй байгаа зэрэг олон сөрөг нөхцлөөс болж эдийн засаг хүндэрсэн. Ерөнхийд нь энэ байдлыг томъёолбол санхүүгийн хямрал дээр нь хариуцлагын хямрал /Санхүүгийн хямрал + Хариуцлагын хямрал/ эдийн засгийн хүндрэл болоод байна.
-Хариуцлагын хямрал гэж та яг юуг хэлээд байна вэ?
-Дэлхий эдийн засаг хямарсан, түнш орнуудын эдийн засаг буурсан, уул уурхайн бүтээгдэхүүн унасан, эдийн засаг хямарсан гэхээс илүүтэй санхүүгийн хямралаас үүдэлтэй. Харин санхүүгийн хямрал нь хариуцлагын хямралаас үүдэлтэй гэсэн үг. Зээл, тусламж, бондын санхүүжилтийг юу хийх нь мэдэгдэхгүй аваад бие биедээ бэлэглэчихдэг, ямар ч хяналтгүйгээр тараачихдаг байдлыг хариуцлагын хямрал гээд байгаа юм. Энэ зөвхөн өмнөх дөрвөн жилийн алдаа биш. Түүнээс өмнө нь ч байсан зүйл. Халамж хэлбэрээр, тендер, төсөл нэрийн дор, УИХ-ын гишүүний амлалт хэлбэрээр хөрөнгө мөнгө тарааснаас болоод зах зээл дээрх мөнгө үнэ цэнэгүй болж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөсрөөд эдийн засагт хаван үүсч байгаа юм. Эдийн засаг тоон дүнгээрээ буурсан боловч зүй тогтлын хувьд дефолт зарлах хэмжээнд очоогүй нь харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ хямралын гол шалтгаан нь хариуцлагын хямрал. Төлөвлөгөөгүй тараасан мөнгө хэзээ ч буцаж ирдэггүй. Ялангуяа макро эдийн засгийн харилцаанд төлөвлөгөөгүй орно гэдэг сохор хүнтэй адил зүй тогтлын хууль. Манайх яг л энэ тогтолцоо руу орсон.
-Нэг намд олонхын итгэл үзүүлсэн ийм үед хариуцлагын хямрал алга болох боломжтой юм уу?
-Олонход итгэл үзүүлэхдээ ард түмэн хариуцлагын хямралыг арилгах байх гэж итгэсэн. Гэвч МАН Засгийн эрх авснаас хойшхи хугацаанд улс орныг дампууруулах ажлыг хурдасгалаа. Өөр зүйл хийсэнгүй.
Улс төрийн оноо авах гэж намраас хойш Монгол Улс дампуурлаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч зарлачихсан. Олон Улсын Moody’s зэрэг агентлагууд шийдвэр гаргахдаа нөхцөл байдлаас гадна төр засгийн бодлого, гаргаж байгаа шийдвэр, үг яриа ямар хандлагатай байгаад дүгнэлт хийж итгэлцүүртээ оруулдаг. Гэтэл манайхан хямарлаа, валютын нөөцгүй боллоо гэж Монголбанк нь зарлаад, Засгийн газар нь өмнөх засаг руугаа буруугаа чихэж, дэлхийд зарлачихсан. Төрийн хар хайрцагны бодлогыг дагах бус улстөрийн оноо авах гэсэн мэдэгдлүүд нь буруу байсан. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлөөс гарах төсөв, зардлыг бүтэц байхгүйгээр төсвийг сайжруулах ямар ч боломжгүй. Хямралын үед тэргүүн эгнээнд энэ хэсгийг шийдэх ёстой гэж бодлого гаргаад явсан бол гэрэл гэгээтэй харагдах байсан. МАН өнөөдөр Ардчилсан намын хийсэн ажлыг давтаад, эдийн засагт урагшаа нэг алхах бодлого гаргаагүй байгаа нь эдийн засгийн энэ нөхцөл байдлаас гарах боломж харагдахгүй байна. Ганцхан жишээ хэлэхэд, Бид Далай ламын айлчлалаас бол ямар том асуудал үүсэв.
-Ирэх гуравдугаар сард бондын өр төлж эхэлнэ. Энэ өрийг төлж чадахгүй байдалд хүрвэл Монгол Улс дампуурлаа зарлахад хүрнэ. Өрийг төлөх боломж манай Засгийн газарт байгаа юу ?
-Ирэх гуравдугаар сараас бондын өрийг өрөөр төлөх боломж бий. Үгүй гэвэл зээлээ төлөх графикт хугацааг хойшлуулахаас өөр арга байхгүй. Учир нь манай улсад одоогоор дотоод нөөц алга. Дотоодын нөөц байхгүй учраас зээлээ төж чадахгүй байна гэж олон улсад зарласнаас зээл төлөх хугацааг хойшлуулах боломжоо эрэлхийлэх хэрэгтэй. Энэ эдийн засагт ч нэмэртэй.
-Өр төлөх хугацааг түр хойшлууллаа гэхэд дотоодын нөөц байхгүй юм чинь өрийг өрөөр л төлнө. Зээл тусламж ирэх зургадугаар сараас нааш орж ирэхгүй гэж зарим эдийн засагч дүгнэж байгаа?
-Богино хугацаандаа үүнээс өөр гарц байхгүй. Хятадын зээлийн хувьд улс төрийн шалтгаан орсон гэж харж байна. Харин Олон улсын валютын сангаас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал дараа дараагийн зээлийн асуудал, хөрөнгө оруулалтын асуудалд эерэг хандлага гарна.
-Зээл, тусламж, бонд гээд авсан мөнгөө үр ашиггүй зарцуулдаг байдал сүүлийн үед нэлээд ажиглагдаж байгаа. Хамгийн энгийн жишээ бол Хөгжлийн банк. Дахиад зээл, тусламж аваад үр ашиггүй зарцуулчихвал яах вэ?
-Өмнө нь авсан зээл тусламжийн зарцуулалтад холбогдох байгууллагууд нь шалтгалт хийгээд хариуцлага тооцох байх. Хэрэв Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалт шиг улсад хохирол учруулсан албан тушаалаа урвуулан ашигласан, энэ нь улс эх орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц асуудал бол заавал хариуцлага тооцох ёстой. Хэрэв хэн нэгэнд хариуцлага тооцохгүй, шалгахгүй, хяналт тавихгүй зүгээр орхино гэвэл дараа дараагийн зээл, өрийн асуудалд тийм хариуцлагагүй байдлын жишгийг тогтооно гэсэн үг. Тиймээс ийм хариуцлагатай цаш үед зээл, тусламж, олон улсын хөтөлбөр гэсэн эдийн засагт богино, дунд, урт хугацаандаа өгөөжөө өгөх асуудал дээр хариуцлагатай хандана гэж найдаж байна. Хууль хяналт, төр засгийн байгууллагууд хариуцлагатай ажиллах байх.
-Маргааш /2017.01.20/ ОУВС-ийн экспертүүд ирнэ. Тэд өмнө нь ирж байсан учраас энэ удаагийн уулзалт амжилттай болох байх гэсэн хүлээлт байна. “Станд бай” хөтөлбөр хамгийн хурдан хугацаанд эдийн засагт ямар боломж нээх вэ?
-ОУВС-ийн шинжээчид өмнө нь манайд ирээд нөхцөл байдал ямар байгааг судлаад, уулзалтаа хийгээд явсан. Энэ удаагийн уулзалтаар хөтөлбөрт хамруулаад тодорхой шийдвэрээ гаргачих байх гэсэн хандлага байна. Өнөөдөр Caa1 ангилал руу орсон 18 орон байдаг. Манайд энэ үзүүлэлт дотроо арай гайгүй байгаа учраас боломж байгаа юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар төлбөрийн тэнцэл сайжирна, ДНБ-д эзлэх төсвийн алдагдал буурна, нийгмийн хавтгайрсан халамж багасна мөн санхүүгийн сахилга бат бий болох сайн талтай. Хамгийн чухал нь энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа хөрөнгө оруулагч, зээлдэгч нарын манай улсад итгэх итгэл дээшилнэ. Энэ бол маш том давуу тал болно. Өнөөдөр хөрөнгө оруулагчид биднийг зөвхөн ажигласан, харзнасан байдалтай байгаад байна.
-Долларын ханшийн савалгааны хүчин зүйл нь юу юм бэ. Энэ ханшийг зохиомлоор өсгөдөг, хэсэг бүлэг хүний ашиг олох хэрэгсэл гэж үзэх эдийн засагчид байдаг?
-Аргагүй шүү дээ, манай валютын зохицуулалт угаасаа муу учраас, үүнээс ашиг олж болох боломжийг алдахгүй. Өөрөөр хэлбэл, манайх шиг өөрийн валют нь олон улсад танигдаагүй, хэрэглэгддэггүй орны хувьд самбарын ханшаар тухайн өдрийн валютын ханшийг тогтоож буй нь энэ байдлыг үүсгэж байгаа юм. Валютын ханшийг манай улс1996 оноос албан бус хэлцэлээр ханшийг тогтоодог болсон. Өөрөөр хэлбэл, Монголбанкны тухай өдрийн ханшаар биш хар зах дээр зардаг ханшаар тогтоодог гэсэн үг. Энэ нь хэрэглээний түвшинд, жижиг валютын түвшин, иргэдийн хэрэгцээг хангадаг. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг том төслүүдийн орох гарах валютын урсгал ороод ирэхээр энэ байгууллагуудтай харьцдаг банкууд нь самбарын ханшийг өсгөж, ашиг олдог зүйл байдаг. Энэ зүйлээс болж валютын том савалгаа үүсдэг. Тэгэхээр ханшийн зохиомол өсөлтөд арилжааны банкуудыг хардах нөхцөл үүссэн байгаа юм .
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад эхлэхээр ханшийн савалгаа тогтворжих, ханш буурна гэсэн хүлээлт байна. Тэгэхээр хүмүүс доллараа эртхэн зарах ёстой байх тийм үү?
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар валютын ханшийг хүмүүсийн яриад байгаа шиг тэгж их унана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Миний харж байгаагаар ам.доллар цагаан сарын үер өсөөд, 2400 орчимд тогтох болов уу гэж харж байна. Мөн чанараараа бол валютын нийлүүлэлт нэмэгдвэл төгрөгийн ханш өсөх нь зүй тогтол. Гэтэл энэ нөхцөлд өөртөө ашигтайгаар тоглолтыг эргүүлчихвэл валютын ханш бидний хүлээж байгаашиг унахгүй байх гэсэн хардлага байна. Ханшийн савалгааг хар зах дээрхи ченжүүд тоглолт хийдэг гэж харддаг боловч яг үндсэндээ арилжааны банкууд тоглолт хийдэг гэсэн хардлага байна.
-Монгол Улс зээлийн хүү хамгийн өндөрт тооцогддог. Зээлийн хүү бууруулах боломж нь юу байх вэ?
-Зээлийн хүү ямар хэмжээтэй байх вэ гэдэг шал, таазыг Монголбанкнаас зааж өгч, бүх арилжааны банкууд мөрддөг. Арилжааны банкууд энэ хэмжээн дээр тоглолт хийдэг. Манай арилжааны банкуудын хадгаламж эзэмшигчдийн 98 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн 2-3 хувийг эзэлдэг. Дунджаар хадгаламжийн хүү 14 хувь, зээлийн хүү 30 хүртэлх хувь байгаа. Монголд бизнес хийснээс банкинд хадгаламж байршуулаад тэрнийхээ хүүгээр амьдрах нь хамгийн ашигтай зүйл байдаг. Тэгэхээр банк санхүүгийн систем цөөхөн тооны хадгаламж эзэмшигчдэд үйлчилж байна гэсэн хардлага бас байдаг. Яагаад арилжааны банкуудыг хардаж байна гэхээр хадгаламжийн хүү өндөр байгаа учраас. Хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү дагаж буурна. Жишээлбэл, Азид хадгаламжийн хүү дунджаар 2.38 хувьтай байхад манайд 14,5 хувьтай байна. Азид зээлийн хүү 4,7 байхад манайд дунджаар 22,64 хувь байх жишээтэй. Цаашид Монголбанкнаас арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах, ядаж Азийн дундаж хэмжээ рүү дөхүүлэх, дунджаар долоон хувьтай болгоход зээлийн хүү дунджаар 11 хувь болгох гэх мэтийн бодлогын өөрчлөлт хийж чадвал эдийн засагт томоохон өөрчлөлт орно гэж харж байна. Ер нь бол бид буруу тогтолцоотой явж байгаа. Үнэт цаасны зах зээл дээр оролцдог, мэддэг компани, аж ахуй нэгж гэж алга. Оролцогч байхгүй учраас үнэт цаасны зах зээл хөгждөггүй. Хөгжингүй орнуудын хувьд нийт зах зээл дээрээс хөрөнгө босгож байгаа субъектийн 95 хувь нь үнэт цаасны зах зээл дээрээс эх үүсвэр босгодог. Гэтэл манайд эсрэгээрээ эх үүсвэрээ банкнаас зээл авах буюу мөнгөний зах зээл рүүгээ ханддаг. Дэлхийн жишигээс эсрэгээрээ байгаа нь гажуу тогтолцоотой байгаа. Энэ нь банкны зээлийг эрэлттэй болгоод монопольдох боломж олгож байгаа юм.
-Арилжааны банкууд үйлчилгээ бүрээс шимтгэл авдаг байсан. Харин одоо бол зарим банкууд шимтгэл авахаа больсон. Ер нь шимтгэл авах нь зөв үү?
-Банкнаас зээл авсны төлөө нэг хувийн шимтгэл төлнө гэдэг байж болохгүй зүйл. Гадаадын орны зээлийн хүүний хэмжээтэй адилхан шимтгэл авч байгаа нь өнөөдөр банкны систем гажуудалтай байгаагийн илрэл. Шимтгэлээс гадна арилжааны банкууд ипотекийн зээлийн төлөлт дээр хүүнээс гадна график төлөлтөөс мөлжлөгийн шинжтэй, хүний санхүүгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл хийдэг. Тухайлбал, энэ зээлийг 20 жил төлнө, ингэхдээ эхний хэдэн жил нь зөвхөн хүү төлнө гээд заачихдаг. 60 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход 20 жилийн хугацаанд 120 сая болгож нэг нугалж төлөх жишээтэй. Эхний жилүүдэд зөвхөн хүүгээ төлүүлдэг нь өөрөө банкууд “дээрэм” хийж байгаа гэж дүгнэхэд хүрч байна. Бизнес эрхэлж банкнаас эх үүсвэр босгох илүү өрөндөө дарагдаад, санхүүгийн хохирол амсч байгаа нь бизнесийн хүндрэлийн бас нэг том шалтгаан гэдэг нь судалгаанаас ч, нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форумаас санхүүгийн эх үүсвэр, банкны гажуудал нь эдийн засагт маш их нөлөөлж байгааг дүгнэсэн байсан.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |