Ц.Оюунжаргал: Стратегиа зөв тодорхойлсон компани хямралыг ажрахгүй давна

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2017.01.11

“Глобал стратегийн удирдлагын институт”-ийн  стратегийн  зөвлөх Ц.Оюунжаргалыг “Бизнес хөгжил“ буландаа  урилаа. Азийн хөгжлийн  банк,  НҮБ-ын  хөгжлийн хөтөлбөр зэрэг  олон  улсын байгууллагуудад  ажиллаж байхаасаа эхлээд 15 жил стратеги төлөвлөлтийн  зөвлөгөө өгч  ирсэн түүнийг бизнесийн  салбарынхан андахгүй. Стратеги төлөвлөгөө алсын  хараагаа  цаг  үетэйгээ хэрхэн уялдуулах, хямралын үед  бизнесээ хэрхэн амжилттай авч явах талаар түүнтэй ярилцлаа.

-Зарим компанийн  захирлууд сэтгэлийн хөөрлөөр компани байгуулснаас  маш  хурдан  уналтад  орж байгаа харагддаг.  Компанийн стратеги төлөвлөлтийн зөвлөгөө  өгдөг  хүний   хувьд энэ  тал  дээр  та  ямар  бодолтой  явдаг вэ?

-Стратегийн  хөгжлийн  чиг хандлагаа тодорхойлсон компани монголд маш цөөн байна. Үйлчлүүлэгчдээсээ би танай  компанийн  алсын хараа  юу  вэ,  стратегийн бодлого чиглэл байна уу,  арван жилийн дараа  танай компани  хаана  хүрсэн байх  вэ гэж асуудаг. Ялангуяа  жижиг  дунд  үйлдвэрлэл  эрхэлдэг  компаниуд  өдөр  тутмын  гал  унтраасан ажлуудаа  хийхээс холын  зорилго  стратеги төлөвлөлтгүй байдаг.

Гэхдээ цаг үеэ дагаад зөвлөх үйлчилгээний  ач холбогдлыг компанийн удирдлагууд маш сайн  ойлгодог болсон байна. Ялангуяа өрсөлдөөн ихтэй салбарт амжилттай  тоглолт үзүүлж чадахгүй байгаа компаниуд илүү хандах болсон.  Өрсөлдөөн хаана  их байна  тэнд сургалтын  зөвлөх үйлчилгээний хэрэгцээ их байна. Нөгөө  талаар салбартаа өшөө илүүг хийе, сайжиръя гэсэн компаниуд бидэнд ханддаг. Маш сайн менежменттэй, маркетинг сайтай,  аливаад эмоциороо шийдвэр гаргаад байдаггүй чансаатай компаниуд хямралын үед шалгарч  үлддэг.

Манай улсын эдийн засаг 10 тэрбум хүрэхгүй  жижиг  зах зээлтэй. Эдийн засгаа өсгөхийн тулд  компаниуд өсөх боломжуудаа харсан  өсөлтийн сайн стратегитай байх ёстой. Стратеги гэдэг  маань дотоод, гадаад нөөц  боломжуудаа  бизнесийн  макро  төвшинд харж, тэр  боломжуудад  тохирсон нөөц бололцоогоо  цаг  алдалгүй хуваарилан байршуулах явдалюм. “Фортун” сэтгүүлээс  Дэлхийн 1,000 гаруй  компаниас авсан олон улсын судалгаа гаргасан байдаг. Судалгаанд  оролцсон компаниудын  95 хувь нь  манай компани стратегитай байсан  учраас амжилтад  хүрсэн гэж хариулсан байдаг.

Тэгэхээр манай компаниуд ч  өөрийн  урт болон дунд хугацааны  стратегиа  тодорхойлж, хаана  хүрэх,  хаашаа  чиглэн хөгжиж байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

Ялангуяа хямралын энэ үед стратегич эргэн  харахыг би зөвлөдөг. Өсөлтийн жилүүдэд  50 болон, 100 хувиар  өсгөнө гэсэн  прогнозтой байсан бол хямралын  үед үсрэлттэйгээр өсөх боломж  хязгаарлагдмал болдог. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсан ийм үед дотоод нөөц бололцоогоо харахаас  гадна, бүтээгдэхүүнээ экспортоор гаргах  асуудлыг нухацтайгаар харах  хэрэгтэй болж байна. 

Монгол улс далайд гарцгүй орон гэгддэг ч, хоёр том зах зээлийн хажууд оршиж байгаа нь том боломж. Эдгээр зах зээл рүү чиглэсэн бизнесийг компаниуд хийх хэрэгтэй.

Өнгөрсөн жил бүсийн  хэмжээний хүнсний үйлдвэрүүд, хүнсний бодлого тодорхойлогчдын томоохон  хурал манайд болсон. Тэрбум гаруй хүнтэй хятадын  зах зээлийг хүнсээр хангах боломж байгааг тэнд ярилцсан. Монгол Улсын хүнс хөдөө аж ахуйн салбарт асар их  потенциал байгаа учраас, тоглоомын  дүрмээ тогтоогоод бодлоготойгоор хөгжүүлэх  боломж бидэнд байна. Хойд  хөрш ч ялгаагүй  бас л том гүрэн.

-Дэлхийн томоохон  брэндүүд Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ  гаргахаар өрсөлдөж байна. Гэтэл Монгол  компаниуд бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлох тал  дээр  хойрго хандлагатай байна. Бизнес эрхлэгчид маань хайрцагнаасаа  гарч  сэтгэхгүй байна уу. Эсвэл эрсдэл хийхээс айгаад байна уу? 

-Янз  янз л даа. Оны  өмнө би  нэг үйлчилгээний байгууллагатай  ажилласан. Манайх хоёр жилийн  дараа  хөрш  орнуудад  үйлчилгээний салбараа нээнэ. Үйлчилгээгээ  экспортолно  гэсэн  алсын  хараатай байсан. Алсын  хараагаа  зөв  тодорхойлсон, хаана  хэзээ  хэрхэн хүрэх стратегиа зөв тодорхойлсон  мундаг  компаниуд байна л даа. Ихэнх  компаниуд  гурван сая хүнтэй жижиг зах зээлээрээ сэтгээд байгаа нь харамсалтай санагддаг. Бид  экспорт хийнэ гэж  олон жил ярьсан. 

Монголын бизнес  эрхлэгчдэд асар том  боломжууд  байна. Тэр боломжуудаа хараад, гадаад харилцаагаа хөгжүүлж, экспортын шаардлагуудыг нь  хангах хэрэгтэй.  

Эхний  ээлжид Буриад, Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ гаргахад эдийн засаг өсөлттэй болно. Стратегиа  хэрэгжүүлэхийн тулд, тодорхойлохоос гадна тодорхой чиглэсэн үйлдлүүд хийх нь чухал. Олон улсын  чанарын стандарт ISO-г компаниуд ойлгодоггүй байсан. Харин одоо ихэнх  компаниуд олон улсын чанарын стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаад би баярладаг.

Бид бүтээгдэхүүнээ экспортод гаргахаас  өмнө өндөр хөгжсөн томоохон зах зээлийн шаардлагуудыг бас сайн харах  ёстой.

Экспорт хийхэд Европийн холбооны шаардлагуудыг биелүүлэх зэрэг  асуудал бий  л дээ. Японы  чөлөөт худалдааны хүрээнд, экспорт хийх  шаардлагуудыг бид  хэрхэн хангаж байна. Хил гаалийн, бүтээгдэхүүний чанарын  шаардлагыг хангаж байна уу гэх зэрэг асуудал гарч  ирнэ.

Тэгэхээр компаниудын хувьд  чанарын стандартаас  гадна, гадаад харилцаа холбоогоо хөгжүүлэх зэрэг алхмуудаа бодлого төлөвлөгөөтэйгөөр хийж эхлэх хэрэгтэй байна. Бодлогын төвшинд  шийдвэр гаргагчид маань  ч бас анхаарах цаг болсон.

-Улсын бодлогодоо  уялдуулан бизнесийнхэн стратегиа төлөвлөх  хэрэгтэй юу?  

-Манай улсын стратеги дөрөв дөрвөн жилээр өөрчлөгдсөөр бизнесийн  орчин маш  тааруу болсон. Улс төрийн гадаад орчин сүүлийн жилүүдэд тогтворгүй  байгаа тухайд гадны хөрөнгө оруулагчид үнэлгээгээ тавилаа. Бид  дотооддоо өөрчлөлт  хийж бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэйг сүүлийн  жилүүдэд хангалттай харлаа. 

Аливаа улс  хөгжихийн тулд  бүсийн хөгжил, кластерийн хөгжилтэй  байх ёстой. Монгол  өргөн  уудам  нутагтай гуравхан сая  хүн амтай улс. Сүүлийн жилүүдэд бүсийн хөгжлийн стратегиа  боловсруулаад энэ дагуу  хөгжихийг олон улсын  шинжээчид зөвлөсөөр байгаа.

Миний хувьд өмнөд Солонгос  Япон  улс хэрхэн хурдтай  хөгжиж  байгааг олон жилийн  өмнөөс судалсан. Мэдээж  улс болгон өөрийн хөгжлийн онцлогтой.  Монголд кластерийн хөгжлийн бодлого байхгүйгээс, түүхий  эдээ, өртөг нэмсэн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж  чадахгүй, ганц  уул  уурхайгаас  хамааралтай байна.

Монгол улс хөгжлийн стратегиа макро төвшинд зөвөөр боловсруулаад, тэр нь хувийн  сектортоо нөлөөлдөг, хувийн сектор нь кластерийн хөгжлийн бодлогын  дагуу  хөгжлөө авч  явдаг байх нь чухал. Стратеги  гэдэг нь аливаа юмыг цогцоор харах явдал юм.  

Тэгэхээр зөвхөн компанийн хэмжээнд биш, улс  орны  эдийн засгийн стратегийн хөгжил, салбарын  хөгжил  ярьж байж,  дараа нь компаниуд  өөрсдийн хөгжлийг тодорхойлох  ёстой. Алсын хараа  эрхэм  зорилгоо тодорхойлоод,  дараа нь  стратегийн  зорилго зорилтууд гаргах хэрэгтэй.  

Гадаад дотоод нөхцөл байдал ингэж их өөрчлөгдөж байхад бид яаж тав, 10 жилийн төлөвлөгөө гаргах юм бэ гэж бизнесийнхэн их асуудаг. Өөрчлөлт үе үе ирэхээ болиод байнгын болсон. Тэгэхээр  хаана хүрэх гэж байгаа аяллын цэгээ тодорхойлоод түүндээ тохирсон бизнес төлөвлөгөөгөө тухай  бүрт  нь уялдуулаад явахыг би зөвлөдөг.

-Тэгэхээр өөрчлөлтийг  соргогоор мэдэрч  үйл  ажиллагаандаа тусгаад  явах  хэрэгтэй гэсэн  үг үү? 

-Амжилтад хүрсэн  технологийн компаниуд ирээдүйд хүмүүс ийм  юм  хүсч магадгүй гэж төсөөлөөд хийж байна. Нэг ёсондоо хүмүүсийн зан  төлөв хаашаа  явж байгааг  судлаад жилийн дараа, хоёр жилийн  дараа хүмүүс юу хүсэхийг төсөөлж хийснээр амжилтад хүрч байна. Нэг талаас маркетингийн судалгаа хийж,  нөгөө  талаас төсөөлөл бүхий бүтээлч  хандлага,  инноваци байнга  явж байна.

“Бизнес  гэдэг  нь инноваци дээр  нэмэх нь маркетинг  юм” гээд  Питер Дракын  хэлсэн алдартай  үг  байдаг. Сайжруулсан арга  технологи  юм уу,  сайжруулсан бүтээгдэхүүн болгоноо маркетингийн тусламжтайгаар хүнд хүргэнэ. Тэгэхээр алийг нь ч  дутуу үнэлж дутуу хийж  болохгүй. Бүтээгдэхүүнээ байнга сайжруулж зах  зээлд маркетингийнхаа  тусламжтайгаар хүргэж  байх  ёстой.

-Монгол Улсын дэлхийд өөрсдийгөө таниулах боломжтой шинэ  брэнд гэвэл та юуг нэрлэх вэ. Энэ  тал дээр  улсын хэмжээнд ямар  бодлого баривал амжилтад хүрэх вэ? 

-Миний зөвлөгөө өгдөг сэдэв  бол стратеги. Стратегид чамд ямар нөөц бололцоо байгааг судалдаг. Бид нөөцөө эхлээд харах нь чухал. Монгол улс яах аргагүй  эрдэс  баялаг  ихтэй  улсын тоонд дээгүүрт  ордог. Хөдөө аж ахуйгаараа ч гадны  зах зээлд гарах  боломжтой. Манай хүүхдүүд сүүлийн жилүүдэд математик шатар даам гээд олон улсын оюуны олимпиадуудад амжилттай оролцож ихэнхдээ  түрүүлж байна.

Монгол хүний оюуны  потенциал маш өндөр байгааг баталсаар байна. Харин бид  монгол хүний оюуны  потенциалын нөөцийг маш муу ашиглаж байгаа. XX зуун үйлдвэрлэлийн эрин  зуун байсан  бол XXI зуун  мэдлэгийн эрин зуун гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр  энэ  эрин зуунтайгаа  хөл нийлүүлж  алхах нь чухал. Эрдэс  баялаг, хөдөө аж  ахуй ярихаас илүү мэдлэгтэй монгол хүний  потенциалыг хэрхэн ашиг­лахаа бид  ярих  ёстой.  

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн