Д.Баярхүү: Газрын тос боловсруулах үйлдвэр бол монголчуудын мөрөөдөл

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.01.10

Олон улсын харилцаа судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдэгтэй би хувьдаа санал нийлдэггүй. Хямрал нүдэнд харагдахгүй байна. Энэ их байшин барилга, бүтээн байгуулалт, хотоор нэг хөлхөж яваа машинуудаа харцгаа. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй, үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөр байхгүй болсон. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад, 70 сая руу дөхөж явна гэдэг. Тэгэхлээр эдийн засаг ноцтой хямраад, ард түмний амьдрал доройтсон гэдэг утгагүй яриа. Монголчууд дор бүрнээ мөнгө цаасаа олоод, амьдралаа залгуулаад болж л байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд пиг хүнтэй, тэд машины тэвшээ дүүртэл хүнс ачаад гарч байна. Мөн томхон ресторан, зоогийн газар, зочид буудалд болсон сүлд модны нижгэр баярууд ч гэсэн үүнийг гэрчилнэ. Эндээс харахад монголчууд ядарч зүдрээд байгаа нь огт харагдахгүй байна. Би зөвхөн өөрийнхөө үгийг хэлж байгаа юм биш. Өмнөд Солонгосын нэг эрдэмтэн найз маань “Эдийн засгийн хямрал гэж үүнийг хэлдэггүй юм. 2008 онд дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэхэд Өмнөд Солонгост шууд мэдрэгдэж байсан. Замаар явах хувийн болон үнэтэй том машинууд эрс цөөрсөн. Хамгийн түрүүнд шатахууны компаниуд дампуурч, шатахуун түгээгүүрийн газрууд бүгд хаалгаа барьж байсан. 2008 онд болон 2016 онд Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед нь ирлээ. Зам дээрээ багтахгүй байгаа гадаадын үнэтэй том том машинуудыг харахад Монголын эдийн засаг хямраагүй байна. Үүнийг хямрал гэдэггүй юм” гэж надад хэлж байсан л даа. Энэ эрдэмтний үг нэг зүйлийг хэлээд байх шиг.

-Төсвийн алдагдал жилээс жилд өсч бидэнд өрийн дарамт үүсч эхэлсэн. Мөн валютын нөөц хумигдаж, гаднаас орж ирэх урсгал ч багаслаа. Үүнийгээ дагаад ханш нь, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг асуудлыг хэрхэн тайлбарлах вэ?

-Монголын эдийн засгийн хямралын гол шалтгаан нь санхүүгийн сахилга батгүй байдал. Өнөөдөр монголчуудыг гаднаас дарамтлаад, өрөнд оруулаад, эдийн засгийг нь ховх сороод, уналтанд оруулаад байгаа улс, гадаад хүчин зүйл байхгүй. Монголчуудын өөрийнх нь гараар бүтээсэн хөдөлмөр л эдийн засгийг нь авч явах ёстой.

Манай улс байгалийн баялаг, ашигт малтмалаа экспортлоод асар их орлого олж байх үедээ мөнгөн хуримтлал бий болгоогүй. Эдийн засаг бялхаж байх үед дэндүү их хэрэглэсэн. Мөнгөө хайр хамгүй зарцуулсан. Нүүдэлчний сэтгэхүйгээр мөнгөндөө хандсан. Байнга нүүдэл хийж байдаг учраас хуримтлал үүсгэх шаардлага байдаггүй. Юмыг хямгаддаггүй, нөөцөлдөггүй. Энэ сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Салж байж л эдийн засгийн хямралаас гарна. Тиймээс эдийн засгийн хямралын гол буруутан нь санхүүгийн сахилга батгүй байдал.

Дээр нь төрийн данхар бүтцийг төсвийн алдагдлын нэг гол шалтгаан хэмээн нэрлэж болно. Би бичиж байсан даа. Манайхаас хоёр хагас дахин олон хүн ам бүхий Швейцарьт 38 мянган төрийн албан хаагч байнаа гэж. Тэнд найман сая гаруй хүнд 38 мянган төрийн албан хаагч бүхий төр-засаг үйлчлээд болоод байхад энд гурван сая хүнд 150 мянга гэдэг чинь дэндүү нүсэр, үрэлгэн төрийн тогтолцоо үйлчилж байгаа юм биш үү.

Бид маш их зээл, тусламж авлаа. Зээл тусламжаа хөнгөлүүлж чадаж байна. Өрийг цайруулж болдог юм байна гэдгийг дэлхий дахин харуулсаар байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд БНХАУ-ын дарга Ши Зинь Пин “Хөгжиж буй орнуудын өрийг үлэмж хэмжээгээр цайруулна” хэмээн зарласан. Ингээд өнгөрөгч долоодугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ өмнөх зээлийнхээ зарим өрийг цайруулсан. Даяаршсан, нээлттэй, хамтран хөгжиж байгаа дэлхийд өр цайруулах асуудал түгээмэл болсон. Тэгэхээр гаднаас зээл тусламж авах нь дандаа өрийн дарамт болдог хэмээн гутрангиар үзэх хэрэггүй. Гол нь юунд зориулж зээл авах, авсан зээл тусламжаа хэрхэн зөв зарцуулахаа л маш нягт тооцоолох хэрэгтэй. Монголчууд санхүүгийн сахилга батаа эрс дээшлүүлэх хэрэгтэй. Хүн бүр санхүүгийн сахилга батыг хатуу чанд сахидаг байх хэрэгтэй.

-Санхүүгийн сахилга бат сахихын тулд яах ёстой вэ?

-Банкны боловсронгүй, найдвартай тогтлолцоо маш чухал. Монголчуудын гар дээр бэлэн мөнгө маш их байна. Иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг хуримтлуулдаг, тэндээс хүү босгож үржүүлдэг банкны сайн тогтлолцоотой болох хэрэгтэй. Тийм банктай болж чадвал, дэлхийн стандартад хүргэчих юм бол Монголд санхүүгийн сахилга бат нэхэх шаардлагагүй. Байгалийн баялаг, ашигт малтмалаа зарж борлууллаа гэхэд түүнээсээ хуримтлал үүсгээд өөрийнхөө банкинд хадгалчихаж болно. Тэгэхээр санхүүгийн сахилга бат, банкны зөв тогтлолцоотой байхад эдийн засгийн хямралаас гарах боломжтой.

-Та бол олон улс, геополитикийн асуудлыг мэддэг улс төр судлаач, эксперт хүн. Манай улс Энэтхэгийн Эксим банкнаас зээл авч Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар боллоо. Үүнийг экспертийн нүдээр харахад энэ хэр зөв алхам бэ?

-Зөв алхам. Газрын тосоо боловсруулж, дотоодынхоо хэрэгцээг шатахуунаар хангах, цахилгаан дулааны түүхий эдээ өөрсдөө бэлтгэх нь монголчуудын олон жилийн мөрөөдөл байсан. Нефтиэ өөрөө нэрээд, бензин шатахуунаа хийнэ гэдэг бол эдийн засаг, геополитик, олон улсын харилцаанд Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаас ч гэсэн өөртөө нэмэх оноо авчирна гэсэн үг. Энэ бол их зөв алхам.

-Хятадаас зээл авах нь Хятадад дагаар орж, Хятадын бодлогыг дагаж байна гэж ард түмний толгойд, оюун ухаанд буудаг. Мөн Далай ламын айлчлалаас болж Монгол-Хятадын харилцаа түр саатлаа. Тэгвэл сэтгүүлч миний нүдээр харахад Энэтхэгээс зээл авах нь энэ ойлголт, үзлийг сааруулж байгаа явдал мөн үү?

-БНХАУ-ын зүгээс манай улсад хатуурхах байр суурь баримтлахгүй болов уу гэж би хувьдаа боддог. Учир нь Монгол-Хятадын харилцаа 1990-ээд оноос их зөв төлөвшчихсөн. Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрчихсэн харилцаа шүү дээ. Бид хэрэгжүүлж буй гадаад бодлогоо зөв тайлбарлах, түүнийгээ зөвтгөж хамгаалах жижиг “зэвсэг”-тэй болох хэрэгтэй юм. Энэ зэвсэг нь Монгол Улс төвийг сахих тухай Ерөнхийлөгчийн санаачилга хэмээн би боддог. Хамгийн гол нь бид Хятадын Засгийн газар, Далай ламын хоорондын зөрчилд Монгол Улс төвийг сахинаа гэдгээ үндэслэлтэй тайлбарласан бол энэ нь гарц болж болох байсан.

Монголын талаар явуулах Хятадын Засгийн газрын бодлого, Хятадын зээл тусламжаас айж балмагддаг явдлыг би хувьдаа дэмий зүйл гэж боддог. Өнгөрсөн 26 жилийн туршид бид Хятадаас маш их юм авчихсан байгаа шүү дээ. Зээлсэн, буцалтгүй тусламжаар авснаа хааш нь хийх гэж байгаа юм. Гэнэт одоо авах гэж байгаа юм шиг болгоомжлох нь утгагүй хэрэг. Хятад улс манай улсын гадаад худалдааны нэгдүгээр том түнш, хөрөнгө оруулагч. Бид Хятад улстай эдийн засгийн хувьд нягт сүлбэлдчихсэн улс.

Мөн Энэтхэгээс зээл авах асуудал яригдаж байна. Манай улс гуравдагч хөршөөсөө ч гэсэн эдийн засгийн хувьд маш их хамааралтай болчихсон байгаа. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд гуравдагч хөршийн бодлогоо зарласан. Гуравдагч хөрш гэж хэнийг хэлэх вэ гэдгээ ч нэрлэсэн байгаа.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 162 улс дотроос өнөөдрийг хүртэл аль нэг бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэн ороогүй цорын ганц орон нь Монгол гэгдэж байв. Тэгвэл Монгол Улс түүхэндээ анх удаагаа эдийн засгийн түншлэлийг гадаад улсуудаас гуравдагч хөрш Японтой байгуулсан. Энэ бол Чөлөөт худалдааны хэлэлцээрийн сонгодог жишээ. Ингэхээр Монгол Улс гуравдагч хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай болчихсон гэсэн үг. Хамаарал гэдгийг олон тулгуурт гадаад болдогын хүрээнд аль болох олон түншүүдээс хамааралтай байх, дэлхийн нөлөө бүхий томхон улс, гүрнүүдийн эдийн засгийн сонирхлыг Монголд бий болгох тухай гадаад бодлогын ба үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан байгаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандад байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ нь ложистикийн хувьд зөв шийдэл мөн үү?

-Сайншандад байгуулах нь зөв шийдэл. Учир нь Сайншандын ойролцоо Зүүнбаянгийн нефтийн орд бий. Тэгэхээр Дорнодын Тамсаг, Дорноговийн Зүүнбаянгийн нефть Сайншандад хоёр талаасаа уулзалдана гэсэн үг. Сайншандад үйлдвэрээ байгуулахаар сонгосон бас нэг шалтгаан нь Ази-Европыг холбосон төмөр замын сүлжээний нэг том зогсоол тэнд байгаа явдал. Сайншандад тодорхой хэмжээний дэд бүтэц бий. Зөвлөлтийнхний орхиод явсан цэргийн хотхон, жижиг үйлдвэрүүдийн суурь, нисэх онгоцны нислэгийн зурвас ч тэнд бий. Тиймээс Сайншандад байгуулах нь зөв.

-Энэ үйлдвэрийг дагаад маш олон жижиг үйлдвэр бий болох болов уу. Гаднын улс оронд томоохон үйлдвэрүүд нь жижиг үйлдвэрүүдээ чирч явдаг гэдэг шиг байх болов уу?

-Боломжтой. Сайншандыг аж үйлдвэрийн парк хот болгох шийдвэр 2008-2012 оны УИХ-ын үед гарсан, идэвхтэй яригдсан. Тэр парк хотод 300 мянган хүн төвлөрүүлэн, олон үйлдвэр аж ахуйн газар байгуулна гэсэн төсөл ч байсан. Үүнийгээ л одоо хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Үндэсний аюулгүй байдлын баталгааны нэг хэлбэр нь газрын тосны үйлдвэртэй байх гэдгийг улстөрчид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үйлдвэр ашиглалтанд орсноор Орос, Хятадаас авах шатахууны хэмжээ, энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хамаарал багасана. Энэ нь шууд биш ч, шууд бусаар үндэсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

-Монгол Улс сүүлийн 20 жил нефтийн үйлдвэртэй болно гэдэг улстөрчдийн амлалт дунд амьдарлаа. Энэ үйлдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулж чадна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэж байна. Төрийн түвшинд эргэж хургахгүй байх хэрэгтэй. Төр болон, хувийн хэвшилд санхүүгийн сахилга батаа сайн баримтлаад мөрдөөд явбал үйлдвэр босоход асуудал үүсэхгүй. УИХ-д үнэмлэхүй олонхи, удирдлагын босоо тогтолцоотой, чанд сахилга бат, эв нэгдэлтэй МАН-аас энэ чухал ажлыг хэрэгжүүлэхэд нь улс төрд тэднийг саатуулах бужигнуулах хэнээтэн гарч ирэхгүй хэмээн итгэж байна.

-Ардчилсан Hамын засгийн үед бондын мөнгөөр зам барьчихлаа, үр өгөөж эдийн засгийн эргэлтэд орох талаас нь зарим иргэд шүүмжилдэг. Ардын Hамын үед энэ төслийг барьвал хоёр намын Засгийн газрын хийсэн бүтээн байгүүлалтын ялгаа юу байх бол?

-2011 оны гуравдугаар сард зохион байгуулсан эдийн засгийн форумд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг урьж оролцуулж, зөвлөлгөөн хийсэн. Тэр үед би Египет улсад Элчин сайдаар ажиллаж байлаа. Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай Элчин сайд нартай уулзах үеэрээ “Монгол Улс өмнө нь мөнгө олох гэж зовдог байлаа. Харин одоо олсон мөнгөө зарах гэж зовж байна” хэмээн ярьсан нь надад тодхон санагдаж байна. Энэ бол хэрэг дээрээ нөгөөх л санхүүгийн сахилга батгүйн тухай яриа шүү дээ. Олсон хураасан мөнгөө хуримтлал болгоод хадгалчихаж чадахгүй ингэж ч зовж байх гэж дээ хэмээн би дотроо халаглаж суусансан.

Дэлхий стандартад нийцсэн, Дорнод Сибирь, Өвөр Монгол, Зүүн хойд Хятадад үйл ажиллагаа явуулах хэмжээний банк, биржтэй байсансан бол мөнгөө зарах гэж тэгж зовох хэрэг юу билээ. Монгол жижиг улсын хувьд үүнийг санаачлахгүй, тойрч булзаад ирсэнд би ихэд харамсдаг. Мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэг асуудал үргэлжилсээр Н.Алтанхуягийн Засгийн газарт ирсэн. Бондын мөнгийг зам руу оруулсан нь ойлгомжтой. Гэхдээ бондын тэр их мөнгийг аймаг, хотын ЗДТГ-ууд, салбарын яамдад тарааж, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Тэр тарааж өгсөн мөнгө олон мянган жип машин болоод хот хөдөөгүй давхиж явсан гэх яриа гарсан. Энэ бол бондын мөнгийг ёстой “алж” байна гэсэн үг шүү дээ. Замын хөрөнгө оруулалт хийснээс долоон дор юм болно. Энэ бол санхүүгийн сахилга батгүйн гай. Харин Энэтхэгээс авах зээлээр газрын тосны үйлдвэр байгуулах гэж байгаа нь эргээд хөрөнгө оруулалтаа нөхөх, ашгаа өгөх салбар учир би дэмжиж байна.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн