Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2017.01.04 |
Монголчууд 300 жил үргэлжилсэн бусдын эрхшээлийг халж, өөрийн эрхээр амьдрахын жаргал, зовлонг 25 жил амсч явна.Энэ хугацаанд олсон асар их ололт амжилтыг хэн ч үгүйсгэхгүй байх. Гэтэл сайны хажуугаар саар зүйлс маш их байна.
-Тавантолгойн гэрээний хэлэлцээ явагдаж буй энэ үед бид юун анхаарах ёстой вэ?-
Монголчууд 300 жил үргэлжилсэн бусдын эрхшээлийг халж, өөрийн эрхээр амьдрахын жаргал, зовлонг 25 жил амсч явна.Энэ хугацаанд олсон асар их ололт амжилтыг хэн ч үгүйсгэхгүй байх. Гэтэл сайны хажуугаар саар зүйлс маш их байна. Ялангуяа нийгмийн хөгжлийг удирдан манлайлах учиртай улстөрчдийн хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэр улс орны хөгжил, дэвшилд томоохон саад, үндэсний тусгаар тогтнолд бодит аюул занал болж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй байна.
Сүүлийн хэдэн жилд улстөрчдийн томоохон ордуудтай холбоотой гаргаж буй үйл хөдлөл нь онгиргон зантай, амны салиа нь арилаагүй хүүхдийнхээс өөрцгүй байна. Бид өнөөдөр тэдний балгаар 500 тэрбум америк доллараар үнэлэгдэх Оюутолгойгоо бүрэн алдчихаад сууж байна. Тэд зөвхөн Оюутолгой гэдэг үгэнд нь хууртаад л энэхүү төслийн хувийг бус тус төслийн Монгол дахь аар саар ажлыг гүйцэтгэх үүрэгтэй “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг юм.
Энэ гэрээний нөхцөл, заалт, үг үсэг нь манай талыг төлөөлж хэлэлцээрт оролцсон хүмүүс энэ талаархи анхан шатны мэдлэггүй байсныг маш тодорхой харуулдаг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү асуудлын талаар бичиг үсэггүй хүмүүс оролцсон байдаг. Ер нь манай улстөрчид, яам, тамгын газрын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар ийм түвшинд байгаа нь нууц биш юм. Нөгөө талаар манай яам, тамгын газар тогтолцооны хувьд бүрэлдэж бий болоогүй хувь хүмүүсийн эмх замбараагүй бөөгнөрөл хэвээр байсаар байгаа ба энэ нь тэднийг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн зохион байгуулалттай гэмт үйлдэл рүү түлхэхэд тун ойрхон байдаг.
Бидний эрх ашгийг хамгаалах зорилгын үүднээс авч үзвэл энэ гэрээ нь гэрээний өчүүхэн төдий ч үнэр үгүй. Монголын талд төслийн нэг ч хувийг үлдээхгүй байхаар хийгдсэн гэрээний хууль бус нөхцөлөө айл “бүтээн байгуулалтын зардал төд өдөн хувиар нэмэгдсэн учир ноогдол ашиг авах хугацаа тэдэн он хүртэл хойшлогдлоо” гэсэн “соёлтой” тайлбараар биднийг хуурсаар явна. Энэ гэрээний нөхцөлөөр “Ноогдол ашиг авах” хугацаа гэх хэзээ ч бидэнд гүйцэгдэхгүй, мөн бидэнд байнга горьдлого төрүүлж байх учиртай “хий үзэгдэл” өнөөдөр анх гэрээ байгуулсан үеийнхээс нэмж 30 жил биднээс алсарчаад (Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө 2040 он гарч байж “энэ мөнхийн рашаан”-ыг бид хүртэх сураг сонсоголоо) байгаа нь дээрх яриаг батална. Миний бие энэ яриад байгаа сэдвээрээ чамгүй их зүйл буюу хуудсаар нь цувуулж тавибал 10-аад км материал уншиж судалжээ.
Бидэнд алдсан зүйлээ буцааж авах бүрэн боломж байсаар байна:
Нэгдүгээрт, энэ бол цэвэр луйврын гэрээ. УИХ-ын тогтоол, Ашигт малтмалын тухай хууль аль алинаар нь төслийн тодорхой хувийг эзэмших тухай заасан байдаг бол энэхүү гэрээ гэгчээр төслийн аар саар ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий компанийн хувийг манай талд эзэмшүүлэхээр тохиролцсон байдаг. Энд л хулгайн учгийг тайлах сэжүүр нуугдаад байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ гэрээ манай хууль, тогтоомжийг илэрхий зөрчсөн нь харагдаад байгаа юм.
Манайхан гэрээтэй холбоотой гомдол гаргах гэж завдах бүрт айл бидний үйлдэл бүрийг гуйвуулж дэлхий даяар сурталчлаад байгаа нь манай ядарсан эдийн засгийг татаад унагаж ч болзошгүй юм. Иймээс бид нөгөө талтайгаа шууд сөргөлдөлгүй харин “Засгийн газар гэрээндээ үнэнч байна. Харин ард түмэн энэхүү гэрээнд эргэлзэж, Засгийн газар, манай намаас үнэн мөнийг олж өгөхийг шаардаад байна. Үнэхээр манай тал төслийн нэг ч хувийг эзэмшдэггүй буюу энэ гэрээ манай хууль, тогтоомжийг зөрчсөнийг тогтоож өгөөд манай хувийг хууль тогтоомжийн дагуу авчирч өгч чадвал хариуд нь төслийн 1-2 хувийг “No Win No Fee” (өөрөө зардлаа бүрэн гаргаад тодорхой асуудлыг маргалдагч талд ашигтайгаар шүүх дээр шийдвэрлүүлж чадвал шан харамж авдаг зарчим) зарчмаар эзэмшээ гээд” дэлхий даяар зарлачихья л даа. Бүх зүйлс хууль ёсны дагуу гэж зарлаад байгаа айлын бидний эсрэг илт сөрөг сурталчилгаа явуулж чадахгүй, хэрэв хулгай хийгдээгүй бол бидний хувьд ямар нэгэн зардал гарахгүй, харин хулгайд юмаа алдсан бол бодитоор нь төслийнхөө 34 хувийг эзэмшээд, түүнээс 1-2 хувийг л хулгайг илрүүлсэн талд өгчихье л дөө.
Энэхүү гэрээ байгуулсан хүмүүсээ ад шоо үзэж, орон шоронд хийх нь бидний үндсэн зорилго бус харин хулгайд алдсан зүйлсээ олж авах явдал юм. Иймээс үндэсний том эрх ашгийн төлөө Ерөнхийлөгч, Засгийн газар, эсвэл эрх баригч хүчин энэхүү гэрээ байгуулахад Монголын талыг төлөөлж оролцсон хүмүүсийг буруугаа хүлээж, хамтран ажиллавал ял зэмээс хэлтрүүлж, хахуульд авсан мөнгө хөрөнгийг хураахгүй гэдгээ зарлаж чадвал энэ ажлын томоохон саадыг хялбархан давж, бидний хүчин зүтгэл хурдан үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Бидэнд ийм эр зориг гаргах удирдагч эсвэл улс төрийн хүчин хэрэгтэй байна.
Аман дээрээ бүхнийг мэдэгч чадагч, ачир дээрээ бичиг үсэгт тайлагдаагүй улстөрчид, ийм хэмжээний гэрээ байгуулах тогтолцоогүй гүйцэтгэх засаглал болон түүний мэдлэг, чадвар ядмаг боловсон хүчинтэй хамт урьд алдсан зүйлийнхээ учрыг олохын оронд үүнээс хоёр дахин их үнэлгээ бүхий “Тавантолгой” төслийн талаар гэрээ байгуулахаар “ажиллаж” байгаа нь тэвчиж болшгүй зүйл юм, Монголчуудаа.
Энэ талаар санаа зовж явдаг миний биеэ “ОТ”-н төслийн далд уурхайн гэрээ гэгчид гарын үсэг зурчихаад байсны дараахан буюу 2015 оны долдугаар сард “Open Door” сонинд нийтлэл бичиж байсан билээ. Тавантолгойн гэрээ байгуулах яриа, түүнийг дагасан үйл явдлууд ид өрнөж байгаа өнөө үед энэхүү нийтлэлийг дахин хэвлүүлж, олон түмэндээ сэрэмжлүүлэг өгөх зайлшгүй шаардлага урган гарч байна. Та бүхэн уншин болгооно уу.
Бид ч их азтай, адтай улс юм даа. Бөх, морио гиннесдүүлчихлээ. Одоо удахгүй Оюутолгой, Тавантолгойгоо “хамгийн гажиг гэрээ”-ээр гиннесдүүлэхээр уухайлж байна. Бидний хийсэн шиг “хачин марзан” гэрээг XVII, XIX зуунд колонийн африкууд ч хийж бараагүй учраас бид гайхамшигт энэ гэрээгээрээ Гиннесийн мөнхийн “рекорд” болох буй за.
Төрийн гурван өндөрлөг энэ их үйлсэд биеийн алжаалыг умартан шадар гурван цэрэг шиг зүтгэв бололтой. Зарим нэгэн нь бүр харийнхны завин дээр нь гараад суучихсанаа бахархалтайгаар тунхаглаж, “бат илэрхийлэл” цаадуулдаа өгч байна. Цаана нь галуу шувууны мах идэж, гаднын банкинд ажиллаж, хөрөнгө оруулалтын процесст оролцохдоо томоохон шийдвэр гаргаж байгаагүй ч хажуугаас нь харж, учрыг гадарлахтайгаа болсон эрхмүүд тэр онгоц, завь аль алин дээр нь хүчээ өргөж байгаа сурагтай. Бизнесийнхэн, Худалдаа, аж үйлдвэрийн танхимтайгаа хайран эрдэнэсийг алдаж асгах вий, ачаа барааг нь ч болтугай татаж өгье, замдаа даарч, хөрөх вий, өлсөж ундаасах вий гэж хувцас хунарыг нь ч оёж шидэж, хүнс хоолыг нь базаахаар, хэвлэл мэдээллийнхэн, элдэв нэртэй нэргүй сэтгүүлч, зүтгүүлч, угжтай, угжгүй нийтлэлч нартайгаа хамт харыг нь халхалж, өөдөсхөн төдий цагааныг ч магтан хайлахаар хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулчихсан уухайлж байгаа гэнэ. Ганбаа, Уянга, Даваасүрэн гурваас бусад нь бараг тэр даяараа энэ төслийн захыг мушгин уухайлж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлэхээр байна. Монголчууд улс эх орноо хөгжүүлэхийн төлөө ингэж нэгдэн зүтгэдэг бол мөн ч гайхалтай яа.
Гэтэл юмны учир мэдэх хүмүүс бүгд л гасалсан, харамссан, бухимдсан өнгө аястай үгсийг амнаасаа унагааж байгаа нь энэ УУХАЙ төслийн нүсэр бүтэцтэй PR машины Монгол дахь өчүүхэн жижиг эрэг боолтны точигноон, зоосон сүлдтэй эрхмүүдийн хуухитнаа юм үзээгүй монголчуудын эргэлзээ гайхашрал дунд ийн сүртэй сонсогдож буйг илтгэнэ.
Завинд суугсдад захихад далайн гүнд томоо хөлөг онгоц хүлээж байгааг, хэргээ бүтээсэн цаадуул чинь таныг яаж ч золигт гаргаж болзошгүйг, тэр хөлгөнд хүртэл өөр юу эс тохиолдохыг, зарим нэг сайн эр хөлгөөр зочилж яваад авсан олсон юмаа энд тэндэхийн банкинд нууж байгаад баригдсаныг, бас нэг хэсэг нь далай тэнгис гатлан зорьсон газраа “амжилттай” очиж олон орд харштай болсныг эрхбиш сонсож байгаа бизээ.
Хүний нутаг хэцүү шүү,
Хүлээн байж шийдээрэй …
Эдийн засгийн өсөлт зогсож, өр шир дийлдэхээ байлаа гэж сүржин үгтэй даржин шалтаг тооцох нь даанч инээдтэй. Өсөлт хөгжилт рүү тэмүүлэхгүй хэн л байхав, үүнийг эсэргүүцэж байгаа хүн нэг ч алга. Гэхдээ яаж хийх гээд байгааг нь найман настай балчраас наян настай буурай хүртэл сонирхож сууна. Уул нь гарч буй гарлага, олж буй орлогоо эргэцүүлж харьцуулах ёстойсон. Гэтэл тэгэхгүй бололтой, 500-г зараад 25-ыг олдог шийдлийг онцгой сайн шийдэл гэж оюун тархи нь хэлж байна гэнэ.
Бид өрөнд ороод сүйд болсон юм байхгүй. Монгол улс ганцхан ОТ ордтой юм гээд л төсөөлөөд үзье л дээ, захын өвгөнөөс “Та 500 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө (ОТ-н нөөцийн 500 тэрбум ам.долларын дүнг энгийн хүмүүсийн амьдралд буухуйц мөнгөн дүнд хувиргавал) - тэй зургаан сая төгрөгийн өр (Монгол улсын өрийг дээрхтэй адил хувиргавал)- тэй бол асуудлыг яаж шийдэх вэ” гэж асуугаад нэг үзээрэй. Лав л ингэж бажгадаж хүний аманд орж наймаа хийхгүй гэж баттай хэлэх байх. Өрийн хэмжээг ОТ-н ордын нөөцтэй харьцуулахад 500:6 байгаа нь тэвдэж сандраад байх зүйл огт үгүй болохыг харуулна. Ингэхээр уйлан донгодож бус харин бололцооны нөхцөл дээр тохирвол наймаа хийхэд өвгөн ах нь болохгүй юм байхгүй, эс бөгөөс ахад наймаа хийх сонирхол огт алга гэж захын өвгөн хэлнэ дээ. Тэгээд ч 500-гаа цацаж олсон 25 нь уван цуван 50 жилд орж ирнэ, үүгээр 6 тэрбумын өрийг дарж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Абу Дабугийн гэрээний үр дүнг энгийн үгээр хэлбэл монголчууд бид худалдан авагч талын үнэхээр сонирхлыг татаж буй үнэт зүйлийнхээ үнийг нь тохирохгүйгээр “чамд худалдан аа” (худалдаа нь гэрээ, хэлэлцээрийн энгийн нэг хэлбэр бус уу) гээд гэрээ байгуулсантай адилтгаж болохоор байгаа юм. Бидэнд байгаа үнэт зүйл нь ОТ юм бол Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулж авна гэдэг нь айлд онцгой чухал зүйл юм. Харин бидний хувьд “үнэ” гэдэг нь ОТ-гоос олох орлогоо баталгаажуулж авах явдал юм. Одоогоор ОТ-гоос олно гээд байгаа орлого цээж наймаа төдий зүйл болохыг доор тодорхой ярих болно.
Уул нь санхүүгийн ойлголт, тооцоо нь инженерийнхтэй харьцуулвал манай телевизийн антенн, Эффелийн цамхаг хоёрыг харьцуулсантай л адил зүйл л дээ. Бид инженерийн ухаантай танилцаад лав хагас зуун болж байгаа учир олон монголчуудад ОТ асуудал тийм ч учрыг олж ядаад байх асуудал биш нь ойлгогдох байх. Өөрийн ухаантай хүнд Оюутолгойн сэдэв нь тийм хүний тархи толгойд багтахгүй эд биш л дээ, хэрсүү ухаантай 5-р ангийн хүүхэд ойлгохоор зүйл юм шүү дээ. Нэгэнт “өгнө” гээд ярьсан тохиолдолд бид өөрсдийнхөө хүсч буй нөхцөлд хүрэхийн тулд айлын эсрэг тулгах нөхцөлгүй болж байна л даа. Нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд шүүх, арбитрт хандахад бидний байдал улам хүндэрнэ.
Эд хөрөнгө, нэр алдар, ном гуравтаа ноолуулсан ноёд минь дэлхий нийтийн жишгийг өөрсдийнхөө хийсэн балагтай харьцуулаад нэг үзээрэй. Риогийн хариуцлагатай хүмүүсийн хэлж байгаагаар бид төслийн санхүүжилтийг дангаар хийж дийлэхгүй, Төслийн Санхүүжилтийн хэлбэрээр далд уурхайг санхүүжүүлнэ гэлээ.
Энэхүү санхүүжилтийн хэлбэрийн талаар дэлгэрүүлж ярилцъя. Энд яригдаад байгаа “төслийн санхүүжилт”-ийн нэг онцлог нь бүтээн байгуулалтын зардлын ихэнх санхүүжилтийг санхүүгийн байгууллагуудаас зээл хэлбэрээр, багаахан хэсгийг төсөл эзэмшигчид (Оюутолгойн хувьд Монгол нэг эзэмшигч болох учиртай) хувь эзэмших буюу equity хэлбэрээр тус тус хөрөнгө гаргах замаар төслийг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн ихэнх эрсдэлийг гуравдагч санхүүгийн байгууллагууд үүрдэг. Ийм ч учраас тэд бусад хэлбэрийн хөрөнгө оруулагчидтай харьцуулахад харьцангуй “өндөр” нөхцөл, шаардлагуудыг төсөл, төсөл эзэмшигчдэд тавьдаг. Тухайлбал, тухайн төслийн бүтээн байгуулалт болон түүний дараахь үе шатуудад төслийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай бүхий л өмч, хөрөнгө, төслийн компанийн эзэмшил хувь, гэрээ хэлэлцээр, зөвшөөрөл, лиценз, эрхийг зээл хэлбэрээр санхүүжилт хийж буй тал барьцаанд авдаг ба хэрэв тухайн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарвал зээлийн гэрээнд заасан журмын дагуу бүх бичиг баримтууд, холбогдох бүх өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх тэдний эзэмшилд шууд шилжиж, зээлдүүлсэн мөнгөө тус төслөөс эргүүлэн гаргаж авах боломжийг тэдэнд хангах (төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгох, төсөлтэй холбоотой шийдвэр гарах эрх мэдлийг бусдад шилжүүлэх гэх мэтээр) нөхцөлтэйгөөр төслийн бүх гэрээ, хэлэлцээрийг боловсруулж, байгуулдаг.
Үүний зэрэгцээ, гуравдагч хөрөнгө оруулагчдын тавьж буй нөхцөл, шаардлагад нийцүүлж, төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааны үе шат дахь эрсдэлүүдийг оновчтой хуваарилах маш олон гэрээ, хэлэлцээр байгуулах шаардлага гарч ирнэ.
Энэ санхүүжилтийн хэрэгслийн бас нэг онцлог нь дээр дурдагдсан бүх өмч, хөрөнгө, гэрээ, лиценз, зөвшөөрөл, эрхийг Төслийн компанийн нэр дээр авсан байхыг шаарддаг ба энэ нь төслийн бүх шатанд хяналт тавих, төсөлд бэрхшээл учрах үед төслийн удирдлагыг шилжүүлэх зэрэг арга хэмжээний гүйцэтгэлийг хялбарчилж өгнө. Энэхүү төслийн компани дээр төсөлтэй холбоотой бүх шийдвэр гарч, ашиг орлого хуваарилагдаж, төслийн гүйцэтгэх удирдлага хэрэгжих ба төслийн компани төсөл эзэмшигчдээс биеэ даасан үйл ажиллагаа явуулж, төсөл эзэмшигчидтэй үүсэх бизнес, санхүүгийн бүх харилцаагаа гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
Хэрэв бид үнэхээр ОТ төслийн 34 хувийг эзэмшдэг юм бол энэхүү төслийн компанийн 34 хувийг эзэмшиж байх учиртай. Гэтэл энэ компанийн талаар сонсоо ч үгүй сууж байгаа ба төслийн (энэ том төслийн үйл ажиллагаа нь зөвхөн Монголоор зогсохгүй дэлхий олон улс дахь олон компанийн үүрэг, оролцоотой хэрэгжих боломжтой) ердөө л Монгол дахь аахар шаахар асуудлыг хариуцдаг “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Энэ компани бидэнд зориулсан мануухайн үүргийг гүйцэтгэхээс гадна жинхэнэ төслийн компанийн Монгол дахь гар хөл болж байгаа нь дамжиггүй. Энэ компанийн ТУЗ төслийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй, эрх мэдэлгүй байгаа нь энэ мануухайд толгойн үүрэг бус зөвхөн малгайн үүрэг гүйцэтгэж байгааг харуулна. Манай зарим улстөрчид ОТ төслийн талаар элдвийн гомдол санал гаргадаг хэдий ч ноцтой өвчнийг оношилж чадахгүй өвчний ганц, хоёр шинж тэмдэг тоочихоос хэтрэхгүй эмчтэй адил байна. ОТ-той холбоотой гараад байгаа бүх гомдол, маргаан бид төслийг эзэмшиж буй төслийн компанийн 34 хувийг бус “Оюутолгой” ХХК гэгч энэхүү төслийн Монгол улс дах ойр зуурын үүрэг, функцыг хэрэгжүүлэгч компанийн төдий хувийг эзэмшиж байгаад оршино. Өөрөөр хэлбэл, бид ОТ төслийн нэг ч хувийг эзэмшдэггүй гэсэн үг л дээ. Энэ байдлыг УИХ-ын чуулган дээр О.Содбилэг гишүүн харин хальт сөхөх гэж оролдоно билээ.
Оюутолгой төслийн оролцогч талуудын нэг болох Монгол Улсын хувьд энэ төслийн компанийн тодорхой хувийг эзэмших нь төслийн хэлэлцээрт оролцож буй Засгийн газрын эн тэргүүний зорилго байх учиртай байсан бол нөгөө талын эн тэргүүний асуудал найдвартай Тогтвортой байдлын гэрээг байгуулах явдал юм.
Үүнийгээ айл ил уурхайн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ гэгч гоё нэр доор гүйцэлдүүлсэн бол далд уурхайн хувьд Абу Дабу дахь “Санхүүжилтийн төлөвлөгөө” гэдэг өхөөрдөм нэртэй гэрээгээр баталгаажуулж авлаа. Харин бид төслийн ойр зуурын үүргийг гүйцэтгэдэг “Оюутолгой” ХХК (энэ нь ашиг орлого хуваарилах, бүтээн байгуулалт, түүний хяналт, борлуулалт, зардлын хяналт, төслийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах гэх мэтийн ямар ч эрх мэдэлгүй) -ийн 34 хувьтайгаа үлдлээ. Миний дээр “үнээ тохирохгүй үнэтэй зүйлээ өгнө гэж” гэрээ байгуулчихжээ гээд байгаагийн учир энэ. Одоо шаардлагатай лиценз, зөвшөөрлөө авчихвал айл манийн үгийг нохой хуцаж байгаан чинээ тоохгүй. Одоо бидэнд төслийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад шаардлагатай лиценз, зөвшөөрлөөр л айлд нөлөөлөх цорын ганц боломж үлдээд байна.
Ингээд дээр дурдагдсан “төслийн санхүүжилт”-ийн хүрээнд байгуулагдах төслийн компани дээр зайлшгүй хийгдэх учиртай гэрээнүүд болон эдгээр гэрээний талаар ямар ч ойлголтгүй байх нь бидэнд ямар хохиролтой талаар ярилцъя. Төслийн хэрэгжүүлэлтэд учирч болзошгүй эрсдэлүүдийг зайлуулахад шаардлагатай зарим нэгэн онц чухал гэрээнүүдийг дурдвал:
Stability Agreement (Тогтвортой Байдлын Гэрээ)
Construction contract (Бүтээн Байгуулалтын Гэрээ)
Operation and Maintenance agreement (Үйл Ажиллагаа, Засвар Үйлчилгээний Гэрээ)
Input Contracts (Орцын Гэрээнүүд)
Off-take Sales Contracts (Бүтээгдэхүүн Борлуулах Гэрээ)
Deed of Trust for Escrow Account (Скроу Дансны Итгэмжлэлийн Гэрээ)
Construction Loan Agreement (Бүтээн Байгуулалтын Үе Шатны Зээлийн Гэрээ)
Term Loan Agreement (Урт Хугацааны Зээлийн Гэрээ)
Personal Property Security Agreement (Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ)
Mortgage (Үл Хөдлөх Хөрөнгө Барьцаалах Гэрээ)
Pledge of Ownership Interests (Төсөл Эзэмшигчдийн Эзэмшилийн Хувийг Барьцаалах Гэрээ)
Эдгээр гэрээний талаар бид өнөө хүртэл ямар ч ойлголтгүй явж байна. Эдгээр гэрээг хийж, эрсдлүүдийг зохистой хуваарилахгүйгээр санхүүжилтийн хамгийн их эрсдэлийг үүрэгч гуравдагч санхүүгийн байгууллагууд энэхүү төсөлд орох ямар ч боломжгүй. Эдгээр гэрээ нь ийм хэлбэрийн санхүүжилтийн хувьд ус агаар шиг зүйл (энэ зайлшгүй хэрэгцээг тайлбарлавал, нэлээд цаг зав орох төдийгүй мэргэжлийн төвөгтэй асуудлуудыг хөндөх учир үүгээр хязгаарлав) юм. Оюутолгой шиг том төслийн хувьд дээр дурдсан ихэнх гэрээ тус бүр нь ижил зорилготой хэд хэдэн гэрээнээс бүрдэх багц гэрээ байх өндөр магадлалтай. Ингээд гэрээ тус бүр дээр тогтож ярилцъя:
1. Stability Agreement (Тогтвортой байдлын гэрээ)
Олон улсын практикт, энэхүү гэрээ нь төсөл хэрэгжих улсын Засгийн газар болон төсөл эзэмшигч (эсвэл төсөл санаачлагчдын)-ийн хооронд, төслийн бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг явуулах орчныг тогтворжуулах замаар тухайн төслийн хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилготой байгуулагддаг. Тус гэрээ нь төслийн орчны дараахь “тодорхойгүй байдал”-ыг зохицуулахыг зорьдог:
Засгийн газрын Баталгаа: тус улсын Засгийн газрын эрх мэдлийн хэрэгжүүлэлтээс үүдэлтэй улс төр, хууль эрх зүй болон санхүүгийн (валютын олдоц, ханш, гадагш шилжүүлэх боломж г.м.) эрсдэлийг зохицуулах;
Төслийг албадан улсын өмч болгох эрсдэл;
Төсөлд шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлүүд;
Мөнгө валюттай холбоотой асуудлууд;
Татвар хураамж, хөнгөлөлт;
Хууль эрх зүйн хамгаалалт;
Дайн, бослого самуун, бүх нийтийг хамарсан ажил хаялт болон улс төрийн хүчирхийлэл;
Тодорхой салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл;
Төсөл хөгжүүлэх онцгой эрх болон
Төсөл эзэмшигчид болон Засгийн газрын харьяа байгууллага, агентлагуудын хоорондын хамтын ажиллагаа зэрэг болно.
Энэ гэрээ нь бизнесийн байгууллагууд өөр ямар нэгэн улсын нутаг дэвсгэрт төслийн үйл ажиллагаанд оролцож байгаа нөхцөлд зайлшгүй (ялангуяа улс төр, эдийн засгийн орчин нь тогтворгүй хөгжиж буй орны нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй төслийн хувьд) байх ёстой гэрээ юм.
Олон улсын практикт түгээмэл тохиолддог “Тогтвортой Байдлын Гэрээ”-ний дээрх заалт, зохицуулалтуудыг ил уурхайн хувьд “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”, далд уурхайн хувьд Абу Дабу байгуулагдсан “Санхүүжилтийн төлөвлөгөө” гэгчдээ тусгаж өгсөн нь гоё нэрээр далдлан үнэн хэрэгтээ “Тогтвортой Байдлын Гэрээ” байгуулсан болохыг харуулж байна.
Бас нэг ноцтой зүйл нь энэхүү гэрээнд “Бодит Байдлын Тайлан & Баталгаа буюу Representations & Warranties (утгачилан орчуулав)” бүлэг байхгүй байгаа явдал юм. Аливаа бизнесийн үйл ажиллагааг явуулахад тухайн бизнестэй холбоотой бодит нөхцөл, байдлын талаар үнэн зөв мэдээлэлтэй байж, түүн дээрээ үндэслэн талууд тус бизнесийг амжилттай явуулах нөхцөл бүрдэнэ. Эс бөгөөс, тухайн бизнесийн үйл ажиллагаа ямар ч таамаглашгүй үр дүнд хүрч болох юм. “Бодит Байдлын Тайлан буюу Representations” нь гэрээнд оролцогч нэг тал нь нөгөө талдаа тухайн бизнесийг эрхлэхэд шууд болон шууд бус нөлөөлөх нөхцөл байдлынхаа талаар баримтжуулан “тайлагнаж” байгаа явдал ба энэ хэсэгт санаатайгаар эсвэл санамсаргүйгээр ямар нэгэн худал мэдээлэл өгсөн бол тухайн төслийг бүхэлд нь хүчингүй болгох хүртэл ноцтой асуудал үүсэх учиртай. Харин “Баталгаа буюу Warranties” нь тухайн хэсэгт заасан нөхцөл байдлыг цаашид хэвээр хадгална гэсэн үүрэг амлалт өгч байгаа явдал ба хэрэв энэ амлалтаа зөрчвөл гэрээний заалтыг зөрчиж байгаа хэрэг болно.
Үнэн хэрэгтээ манай тал, гэрээнд оролцож буй нөгөө талаасаа “чи хэн бэ?”, “энэхүү гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх”, “хэнтэй, ямар хэлбэрээр хамтрах вэ?”, “хэн, хэн ямар үүрэг гүйцэтгэх вэ?”, “хаанаас ямар хэлбэрийн санхүүжилт авах вэ?”, “төслийг хэдэн тооны ямар хуулийн этгээд, иргэд эзэмшиж байгаа” гэх мэт үй түмэн асуултад хариулт авахын зэрэгцээ “би тэгэхгүй, ингэхгүй” гээд л ёстой долоон булчирхайг нь тоочуулж, “ам, өчиг”-ийг нь авалгүй энэхүү гэрээ гэгчийг (энэхүү гэрээн дэх “үл бүтэх” үй түмэн заалтыг энд эс дурдав) байгуулжээ.
Энэ нь айлд луйвар хийх нөхцөлийг бүрдүүлж өгч буй бас нэг зүйл юм. Ингэснээр түнш маань бидний хувьд зөвхөн “төсөл хамтран эзэмшигч” төдийгүй “хөрөнгө оруулагч”, “бүтээн байгуулагч”, “оператор, засвар үйлчилгээ эрхлэгч”, “борлуулагч”, “тээвэрлэгч”, “инженер”, “геологийн лаборатор”, “өрөмдөгч” гэх мэт хэрэгтэй дүрд, дуртай үедээ хувилдаг, мэдэхгүй чадахгүй зүйлгүй нэгэн “шидтэн” болон аяглах нөхцөл бүрджээ. Бодит байдал дээр дээрх ажил үүргийн зөвхөн “төсөл эзэмшигч”-ийн үүргийг гүйцэтгэж, бусад бүх ажлыг өөр өөр компаниуд (төслийн нэг эзэмшигч гэж яригддаг Рио Тинто гэх мэт)-аар гүйцэтгүүлж байгаа. Ингэснээр “түнш”-д наад зах нь өөрийг нь төлөөлөн манай талтай гэрээ хийсэн компаниа дураар сольж холих боломж олгож байгаа юм. Мөн цаашид яригдах бүх гэрээг биднээс халхлах боломжийг олгож байна.
Ийнхүү “түнш” шидтэн болон хувирч хөшигний цаана жинхэнэ төсөл эзэмшигч компаниа байгуулж, хамтрагч нартайгаа (биднээс далд) гэрээнүүд байгуулан биднээс мөнгө зувчуулах бүхэл бүтэн “машин” зохион бүтээж, хэдийнэ угсарч дуусаад одоо товчлуурыг нь дарахаа тэсч ядан хүлээж байгаа нь бодит үнэн юм. Тэр ч байтугай “машин”-аа хэдийн туршиж эхлээд бүтээн байгуулалтын зардалыг хоёр дахин нэмж “ширэн” нүүрлэж байгаа биз дээ. Үүнийг тэд цааш нь хэд ч гэж хэлэхэд бидэнд хянах боломж байхгүй. Гэтэл бид (Улсын Их Хурал, Засгийн Газрын хариуцлагатай гишүүд, ТУЗ-ийн дарга гэх мэт) ТЭЗҮ-ийн хэдэн тоо яриад сууж байгаа нь төслийн үйл ажиллагааны талаар ямарч мэдээлэлгүй байгааг харуулж байна. ТЭЗҮ нь ямар нэгэн төслийн ашиг орлого, байгаль орчин гэх мэт хүчин зүйлсийн хувьд хэрэгжих боломжтой эсэхэд хариу өгдөг урьдчилсан судалгааны тайлан. Бид төслийг үнэхээр эзэмшдэг байсан бол дараа дараагийн үе шатны судалгаа тооцоо, бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийг байгуулах, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих гэх мэт асуудалд шууд оролцоод явах учир байсан сан. Өөрөөр хэлбэл бид тоглоомын гадна үлдсэнийг харуулаад байна. Энэ асуудал бүтээн байгуулалтын гэрээг ярих үед улам тодорхой болно.
“Түнш”-ийн бүтээсэн энэхүү “хар хайрцаг” хэдий бидэнд цул нэг зүйл харагдаад байгаа боловч дотор нь орж сонирхвол маш олон ашиг сонирхол зөрчилдсөн, төрөлжсөн үүрэг, даалгавар бүхий олон эд ангитай (олон оролцогчтой), өөр хоорондоо гэрээний хатуу нөхцөлүүдээр зохицуулагддаг маш нарийн түвэгтэй, өндөр үр ашигтай харилцаа, хамаарал бүхий “түвэгтэй агрегат” юм.
Чухамхүү энэ “хар хайрцаг” бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр түүний олон нүх сүв, эд анги чинь маниас саасан мөнгөө “түнш” болон түүний хамсаатнууд руу өдөр, шөнөгүй юүлж өгнө шүү дээ. Иймээс л тэд энэ машинаа биднээс нуугаад байгаа хэрэг. За ингээд, хар хайрцагны доторхи эд ангиудыг сонирхуулья.
2. Construction contract (Бүтээн байгуулалтын гэрээ)-Багц гэрээ
Энэхүү гэрээ нь гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангасан төслийн барилга, байгууламжийг хатуу тогтсон эсвэл “таамаглахуйц” үнээр байгуулж, товлосон өдөрт хүлээлгэн өгөхтэй холбоотой бүх харилцааг зохицуулах зорилгоор төслийн компани болон бүтээн байгуулагч хоёрын хооронд байгууллагддаг. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд гэрээний хоёр талын хооронд дээрхи хатуу нөхцөлүүдээс үүдэлтэй байнгын “сөргөлдөөн” үүсч байдаг. Төслийн энэ үе шатанд гарах үндсэн эрсдэлүүд нь:
Бүтээн байгуулалтын зардал өсөх;
Бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа товлосон өдөрт амжихгүй байх;
Төслийн барилга, байгууламжийн үйл ажиллагаа гэрээнд заасан шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байх;
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |