Бодлогын хүү ба эдийн засагчдын БАЙР СУУРЬ
Эх сурвалж : www.news.mn
Нийтлэгдсэн : 2016.12.20 |
|
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр /2016.12.19/ хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож бууруулсан. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувь хүргэсэн юм. Ингэснээр төгрөгийн уналтыг ззогсоож, ам.долларын өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл одоо бодлогын хүү 14 хувь болгож бууруулсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж Монголбанкны бодлогын зөвлөл үзэж байгаа.
Харин бодлогын хүү буурснаар эдийн засаг хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Ардчилсан намын гишүүн С.Дэмбэрэл
-
Бодлогын хүүг нэг хувь бууруулснаар эдийн засагт тийм ч том өөрчлөлт гарахгүй. Одоо бол эдийн засаг тийм ч сайнгүй байна. Дээр нь арилжааны банкууд зээл гаргахаа больсон, инфляци нам доор түвшинд хүрч, өрх гэрийн орлого буурсан. Ийм үед бодлогын хүүг нэг хувь буулгана гэдэг нь дохио өгч байна гэсэн үг юм. Миний бодлоор бодлогын хүүг 4,5 хувиар нэмсэн шиг эргээд энэ хэмжээгээр бууруулсан бол эдийн засагт эерэг нөлөөлөх байсан.
Эдийн засагч Ч.Отгочулуу
-
Бодлогын хүүг нэг нэгжээр бууруулснаар нэг их өөрчлөлт гарахгүй байх. Бодлогын хүү буурч байгаа гэдэг дохио нь зөв, чиг хандлага нь болж байна. Гэхдээ бууруулж байгаа хэмжээ нь хангалтгүй байна. Яагаад зөвхөн нэг нэгжээр буулгах болов гэдэг үндэслэл нь тодорхойгүй харагдахгүй байна. Тооцоо судалгаа нь ил биш байна. Ер нь бол бодлогын хүүгээр дамжуулж валютын ханшийг тогтоох гэсэн оролдлого нь анхнаасаа ойлгомжгүй байсан. Үнэхээр валютын ханшийг тогтоох гэж байгаа бол өөр үр дүнтэй арга ашиглах хэрэгтэй. Жишээ нь: энэ жил алт тушаалт өндөр байна. 2016 онд 800 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаагдахаар байна. Үр дүнд нь гадаад валютын нөөц зузаарах учиртай. Тиймээс 2017 онд алтны салбарыг дэмжих хэрэгтэй. Орон сууцны ипотекийн зээлийг нэн даруй сэргээх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Энэ шинэ удирдлагатай болсон Монголбанкны гадагшаа өгч буй мессеж их ойлгомжгүй байна. Саяхан Монголбанкны нэг газрын дарга нь гадны байгууллагуудтай гэрээ хийгээд дууссан. Ингэснээр их хэмжээний доллар орж ирнэ гэж мэдэгдсэн. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа үүнийг үгүйсгэж “Ирэх онд гэрээ хэлэлцээр хийнэ” гэлээ. Зөвхөн энэ ч биш өөр олон усуудал байна. Нэг нь интервэнц хийнэ гэдэг, нөгөө нь үгүй гэдэг, нэг нь бүх юм балраад, арга чарга барагдаад байна гэдэг, нөгөө нь бүх юм хэвийн байна, амгалан тайван байцгаа гэдэг. Ингэж Монголбанк нэг юм ярьдаг, Ерөнхийлөгч нь тэс өөр юм ярьдаг байдлаа зогсоох хэрэгтэй.Ийм байдлаас болж ам.доллар өсөөд байгаа юм. Ам.доллар өсөх нь гадны хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол төлбөрийн баланс унаж, улмаар төгрөгийн ханш суларна гэдгийг Монголбанкныхан маань энэ шинэ Ерөнхийлөгчдөө ойлгуулмаар байна. Хагас жил гэдэг бол эдийн засгийн энгийн ойлголтуудыг сурч мэдэхэд хангалттай л хугацаа шүү дээ уг нь.Тиймээс ирэх онд улс төржсөн цочир мэдэгдэл, буруу зөрүү ярилцлага өгдөгөө зогсоох хэрэгтэй. Энэ чинь хөрөнгө оруулалтыг үргээгээд байна. Оронд нь хэрхэн хөрөнгө оруулалтыг татах уу, валютын нөөцийг яаж зузаатгах уу, иргэдийн хадгаламж ба Засгийн газрын үнэт цаасанд түгжрээд байгаа мөнгөө хэрхэн байх ёстой байранд нь буюу эдийн засгийн гүйлгээнд оруулах вэ гэсэн хүлээлт үүсгээд байгаа асуудлуудаар мэргэжлийн шийдэл гаргаж яримаар байна.
Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Б.Мөнхзаяа
-
Монголбанк өмнө нь төгрөгийн ханшийг хамгаалахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлсэн. Гэтэл зах зээлд мөнгөний хомсдол бий болж, арилжааны банкууд зээлээ хумиж эхэлсэн. Хадгаламжийн хүү, зээлийн хүү өсөх хандлагатай болж ирсэн. Тиймээс бодлогын хүүг бууруулж байгаа нь зөв. Гэхдээ илүү далайцтай бууруулах ёстой байсан болов уу гэж бодож байна.