Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.19 |
Хоёр улсын хамтарсан үйлдвэрээс үндэсний компани болж “хаягаа” өөрчилсөн “Эрдэнэт” ирээдүйгээ болон эдийн засгийн өгөөжөө өөдрөгөөр харж байна. Удирдлагууд нь эрч хүчтэй, ажилчид нь эерэг хүлээлттэй байгаа нь илт байв.
Өмнө нь үйлдвэрийн 51 хувь Монголын Засгийн газарт, 49 нь “Ростех” компанид харъяалагддаг байсан бол Оросын хувийг “Монгол зэс компани” худалдаж авсан. Энэ наймаа нэг хэсэгтээ л Монголын улс төрийн хэрүүл болж хувирсан нь үйлдвэрийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөд хүрсэн билээ. “Эрдэнэт” үйлдвэр бол Монголын топ татвар төлөгчдийн нэг. Энэ утгаараа “Эрдэнэт”-ийг улстөржүүлэх нь аль ч талаасаа Монголд ашиггүй, тэр тусмаа эмзэг эдийн засагт эрсдэл дагуулах аюултай.
Улаанбаатараас зургаан цаг давхисны эцэст Эрдэнэт хотод ирлээ. Бүрсийсэн саарал Улаанбаатарыг бодвол Эрдэнэтэд салхивчаа онгойлгоход сайхан эрүүл агаар орж ирэх. Ямар ч байсан хотын хортой угаар шиг хоолой ам хорсгосонгүй.
Үйлдвэрийн 49 хувь Монголдоо ирснээр ажилчид нь сэтгэл хангалуун байгаа аж. Өмнө нь орос хэлтэй хүн тушаал ахих, цалингаа нэмүүлэх боломж гардаг байсан бол өдгөө баруунд боловсрол эзэмшсэн залууст ихээхэн найдлага тавьж байгаа бололтой. Шинэ удирдлагуудынх нь зүгээс ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн хангамжинд анхаарахаа амалсан гэсэн сайхан мэдээг Үйлдвэрийн олон нийттэй харилцах албаны дарга Д.Мөнхсайхан дуулгаад, үйлдвэрээ танилцуулсан юм.
“Эрдэнэт” ба өчигдөр
Эрдэнэтийн овоог эдийн засгийн эргэлтэд оруулаад 36 жил болж байгаа юм байна. Тэр цагаас хойш Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болж ирсэн гэж хэлж болно. Анх үйлдвэр нээгдэхэд ажилчдынх нь 95 хувь нь ЗХУ-ын иргэд байжээ. Харин одоо 6035 ажилчинтай бөгөөд үүний 390 нь гадаад хүн гэнэ.
1973 онд ”Эрдэнэт” үйлдвэрийн байгуулах гэрээнд хоёр тал гарын үсэг зурахдаа шинэ хот байгуулах, үйлдвэр барих нийт зардал болох нэг тэрбум рублийн 500-г нь Монголд зээлүүлж, түүнийгээ зэсийн баяжмалаар барагдуулахаар тохиролцсон түүхтэй. Тэр цагаас хойш “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол, Оросын хамтарсан үйлдвэр хэмээн нэрийдэж, ашгаа 51:49-ийн харьцаатайгаар хувааж авдаг болсон байна. Сүүлийн хэдэн жил ногдол ашгаа төлөөгүй, ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж нэгэнтээ Оросын ногдол ашгийг 2012 оноос хойш өгч чадаагүй талаар чуулганы хуралдаан дээр “хов” хүргэж байв.
Улстөрчдийн “Саалийн үнэ” хэмээн саймшраад байгаа “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн хугацаанд өөрсдийнх нь шахааны газар байсан. Үүнээс болж өнөөдөр ч “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн хаалга татахад хүрсэн олон жишээ бий. “Жаст”-ын Ш.Батхүү гэхэд л Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт”-ийг тавьснаас болоод 50 гаруй сая ам.долларын өрөнд уначихаад байгаа гэх. Тэгвэл Ж.Мягмаржаргал гэх нөхөр дөрвдөн мянган ган бөмбөлөг нийлүүлнэ гээд 1 сая 580 мянган доллар аваад “идчихсэн”, үүнээс нь болоод “Эрдэнэт” шүүх дээр зарга, шүүлгэ болоод явж байгаагаа Д.Мөнхсайхан дарга ярьж байна.
“Эрдэнэт” ба өнөөдөр
Монгол, Оросын хамтарсан үйлдвэр гэдэг утгаараа “Эрдэнэт”-д Шилэн дансны хуулийг мөрддөггүй байсан бол зуун хувь үндэсний компани болсноор орлого, зарлага, тендерээ бүх нийтэд ил тодоор мэдээлэх боломжтой болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 498 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь жилийн төлөвлөгөөнөөсөө 17.9 мянган тонноор давсан амжилт гэх.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 4097 доллар болж буурсан хэдий ч “Эрдэнэт” нэг ч хүн халаагүй, бас нэг ч хүний цалинг буруулаагүй аж. Харин зэсийн баяжмал үйлдвэрлэх зардлаа бууруулж, 3972 ам.долларт хүргэсэн нь зэсийн баяжмал үйлдвэрлэдэг дэлхийн жишигтэй харьцуулахад даруй 12 ам.доллараар бага үзүүлэлт аж.
Харин ашиг орлогыг нь тооцвол ашиг нь 967 тэрбум төгрөг, зарлага нь 923 тэрбум төгрөг аж. Есдүгээр сарын байдлаар 145.4 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Тэрчлэн эдийн засгийн үр ашгаа тооцож, нөөцөө 200 сая тонноор нэмэгдүүлсэн талаараа компанийн Ерөнхий геологич А.Ундрахбаяр ярилаа.
“Эрдэнэт” ба маргааш
Дэлхийн зах зээлд зэсийн ханш 5000 давж цаашдаа уналт нь тогтворжих сайхан мэдээ байгааг Д.Мөнхсайхан дарга дуулгав. “Эрдэнэт”-ийн ашиг орлого нэмэгдвэл улсын “авдар” дүүрнэ гэсэн үг шүү дээ. Зэсийн ханш 5000 доллар давбал “Эрдэнэт” үйлдвэр ашигт малтмалын нөөцийн албаны төлбөр төлдөг аж. Энэ төлбөрийг “Эрдэнэт” ганцаараа төлдөг гэнэ. Уурхайн нөөц барагдвал яах вэ?. Үүнд “Эрдэнэт” аль хэзээний бэлтгэж эхэлсэн байна. Засвар механикийн завод байгуулж, 64 төрлийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн аж. Ингэснээр 5.978 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн 30,40,50 жилийн дараа авто машин үйлдвэрлэх “амбиц” байна, тэдэнд. Тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд “Медипас” эмнэлгийн хотхон байгуулах төслийг эхлүүлжээ. Энэ эмнэлэг бол тоног төхөөрөмж, үйлчилгээ, эмчилгээгээрээ Монголдоо дээгүүрт ордог. Өдөрт 500 хүнд үйлчлэх боломжтой. Цаашдаа гадагшаа урсаж буй их хэмжээний валютыг дотооддоо шингээх том зорилго өмнөө тавьжээ. Тун удахгүй Монголд бүхэл бүтэн эмнэлгийн хотхон байгуулагдах том төсөл хэрэгжиж байна.
Эцэст нь хэлэхэд, “Эрдэнэт” Монголын зуун хувийн өмч болсноор Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж байвал энэ бол ашигтай наймаа. “Эрдэнэт” хаягаа бас дүр төрхөө ч шинэчлэхийг зорьж байна.
Ж.ЭРХЭС
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |