Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.12.06 |
Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаа хийсэн, хурлын шийдвэрийг танилцуулаагүй, ногдол ашгийн талаарх мэдээлэл өгөөгүй зэрэг гомдол Санхүүгийн зохицуулах хороонд голчлон ирэх болжээ. Энэ оны эхний хоёрдугаар улиралд гэхэд дээрх асуудлаар нийтдээ 116 гомдол хувьцаа эзэмшигчдээс ирсэн байна. Нийт өргөдлийн 63 хувь нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй арилжаалсан хувьцаатай холбоотой гомдол эзэлжээ. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдээс ийм гомдол ихээр гаргажээ.
Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд “бохир үе” хэмээн нэрлэгддэг 1996-2002 онд хамаарах юм байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн “Тухайн иргэн хувьцаатайгаа мэдэхгүй олон жил явсан байдаг. Хувьцаатайгаа гэнэт мэдээд шалгуулахаар аль 1997, 1998 онд зарчихсан байдаг. Энэ үеийн гомдлууд одоо ирж байна. Түүнээс биш одоо бол ийм асуудал харьцангуй багассан” гэлээ.
Үүнээс гадна жижиг хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулдаггүй, хурлын материал, гарсан шийдвэрийг танилцуулдаггүй, гэх гомдол ирдэг байна. Энэ төрлийн гомдол 20 орчим хувийг эзэлжээ.
“ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ШИЙДВЭР ГАРГАЛТАД НӨЛӨӨЛЖ ЧАДДАГГҮЙ”
Энэ талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяраас тодрууллаа.
-Жижиг хувьцаа эзэмшигчдэд тулгардаг асуудлыг юу гэж харж байна вэ?
-Жижиг хувьцаа эзэмшигчдийн гол тулгамдсан асуудал нь шийдвэр гаргалтад нөлөөлж чаддаггүй. Их дэлгүүрийн хувьчлалын жишээн дээр үзье. Хотын төвд байрлах, бүхэл бүтэн их дэлгүүрийг “Номин” яагаад хямд түрээслээд байдаг вэ гэхээр Удирдах зөвлөл нь шийдвэрээ гаргадаг. Удирдах зөвлөлийнх нь 65 хувийг “Номин” компанийнхан эзэлдэг. Тэгэхээр шийдвэр гаргалтад нөлөөлж чаддаггүй наад захын жишээ байна.
Хяналтын багцаа эзэмшсэн хувьцаа эзэмшигчид өөрийн охин компанид ашигтай байх шийдвэр л гаргадаг. Ихэнх хувьцаат компаниуд ийм байна. “Мах импекс” л гэхэд гол хувьцаа эзэмшигч нь борлуулалтаа өөрийн хаалттай охин компаниар хийх гэдэг. АПУ компани эздийнх нь эзэмшлийн хаалттай компаниар борлуулалтаа хийх гэдэг.
Олонхи болсон хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшлийн хаалттай компанид ашигтай шийдвэр гаргахыг эрмэлздэг. Тэр шийдвэр гаргалтад жижиг хувьцаа эзэмшигчид нөлөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, толгой дээрх ХК нь алдагдалтай ажиллаж байдаг. Гэтэл гол эздийнх нь хаалттай компани ашигтай ажилладаг байдал үүссэн. Үүнд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг хөндөх нь чухал.
Энэ тохиолдолд дүрэм журмаараа зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах заалтуудыг тодорхой оруулах нь чухал. Борлуулалтынхаа компанийг сонгох бол тусгай шалгуурыг гаргаж өгөх, ашиг сонирхлын зөрчилгүй, хяналтын багц эзэмшиж буй нөхөд шийдвэр гаргалтад оролцохгүй гэх мэтчилэн. Эсвэл 100 хувь эзэмшлийн охин компаниар борлуулалтаа хийнэ гэх мэтчилэн заалт оруулахгүй бол энэ тохиолдлуудад жижиг хувьцаа эзэмшигчид хохирох талтай.
-Нэг үеэ бодвол эрх зүйн хүрээнд шинэчлэл хийсэн гэдэг. Ингэснээр өнөөдөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэр түвшинд хангагдсан гэж харж байна вэ?
-Нэг үеэ бодвол хамгаалалт гайгүй болсон. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулсан. Мөн компанийн засаглалыг аль болох нээлттэй, шударга байх үүднээс заалт оруулсан байдаг. “Есөөс дээш Удирдах зөвлөлийн гишүүнтэй байна. Гуравны нэг нь хараат бус байна” гэх мэтчилэн. Гэхдээ энэ дүрэм журам, заалтууд амьдралд хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх аль түвшинд зөрчигдөж байгааг тодорхой судалгаагаар гаргах нь чухал. Бас нэг асуудал нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалдаг ганц зүйл нь мэдээллийн ил тод байдал. Санхүү, үйл ажиллагааны тайлагналаа тогтмол хийх. Эдгээрийн арилжаа, үйл ажиллагаа, мэдээллийн урсгалыг хянадаг байх нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах ганц зохицуулалт. Энэ мэтчилэн журам нь байгаа ч амьдрал дээр хэрэгжиж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
“ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭРХЭЭ МЭДДЭГГҮЙ”
Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, иргэн бүр жижиг хувьцаа эзэмшигч юм. Энэ талаар Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Э.Алтаншагайгаас тодрууллаа.
-Жижиг хувьцаа эзэмшигчид юун дээр голчлон алддаг вэ?
-Жижиг хувьцаа эзэмшигчид өөрсдийнхөө эрхийг мэдэхгүйгээс хохирох явдал их байна. Уг нь Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиар тэдний эрхийг хуульчилж өгсөн байдаг. Капиталист нийгэмд ороод 25 жил болж байна. Энэ нийгмийн үндсэн хөрөнгө нь компаниуд. Компанийн хөрөнгө нь хувьцаа эзэмшлээрээ илэрхийлэгддэг. Хувьцаа эзэмшинэ гэдэг нь тодорхой хөрөнгийг эзэмшиж байна гэсэн үг. Оруулсан хөрөнгийн хэмжээнээсээ шалтгаалаад тодорхой саналын эрх эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө оронд ажиллах Төлөөлөн удирдах зөвлөлд хэнийг оруулах вэ, жилд хэр их ногдол ашиг авах вэ зэрэг эрхүүд бий. Иргэд энэ эрхээ мэддэггүйгээс жижиг хувьцаа эзэмшигчдийн дуу хоолой хүрдэггүй.
Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшиж байна. Ингэхээр бүгд жижиг хувьцаа эзэмшигчид болж байгаа юм. Монгол улсын хүн амын хоёр сая 800 мянган иргэнд хувьцаа өгсөн. Миний тооцооллоор 2 500 000 иргэн хувьцаа эзэмшиж байгаа. Гэхдээ хэдий хэмжээтэйг эзэмшиж буйгаараа ялгаатай. Тэд бүгд жижиг хувьцаа эзэмшигчид. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг түрүүнд тавигдвал яваандаа хөрөнгийн зах зээл сэргэж ирнэ. Том хувьцаа эзэмшигчид угаасаа эрх, үүргээ мэддэг.
-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хангагдаж чадсан байна уу?
-Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны компаниуд, тухайн хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах учиртай. Гэтэл манайд хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа нууж, нээлттэй бус хаалттай хэлбэрт шилжсэн, жижиг хувьцаа эзэмшигчдэд ямар ч мэдээлэл өгдөггүй. Үнэт цаасны компаниуд ч гэсэн энэ тал дээр санаачлагатай ажиллах хэрэгтэй. Энгийнээр тайлбарлавал, банкинд их, бага ямар ч хэмжээний хадаламжтай хоёр хүний эрх адил байдаг. Үүнтэй адилаар үнэт цаасны компаниуд том, жижиг аль ч хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах нь чухал.
“ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХААР ШҮҮХЭД ХАНДСАН”
Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.
-Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахад хорооны зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?
-Хороонд үнэт цаасны чиглэлээр 344 өргөдөл ирсний 80 гаруй хувь нь хувьцаа эзэмшигчдийн хувьцааг дур мэдэн зарсан асуудал байдаг. Тухайн иргэн хувьцаатайгаа мэдэхгүй олон жил явсан байдаг. Түүнийгээ мэдээд шалгуулахаар 1997, 1998 онд зарчихсан байдаг. 1993-2001 оны хооронд хүний хувьцаа зарсан бохир үе байсан. Ийм гомдол хороонд ирсээр л байдаг. Тухай бүрд нь асуудлыг шийдвэрлээд явдаг.
Өнгөрсөн жил Улсын их дэлгүүрийн 45 мянган хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар хороо шүүхэд хандсан. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, СЗХ шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны тохиолдол.
Үүний дагуу энэ жил шүүх хурал болж Санхүүгийн зохицуулах хороо анхан шатанд ялагдсан. Гэхдээ давж заалдсаны дагуу “Гуравдагч этгээдийн төлөөлөл оруулаагүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалаагүй” гэх үндэслэлээр буцаасан тохиолдол бий.
-Үүнээс гадна жижиг хувьцаа эзэмшигчдэд тулгардаг гол асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулдаггүй, хурлаар хэлэлцсэн асуудлыг тайлагнадаггүй гэдэгт чиглэдэг. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар 303 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байна. Үүнээс 150 хувьцаат компани 2015 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийсэн.
Аливаа хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэх хамгийн том боломж нь хурал байдаг. Тиймээс хурлын зарыг том жижиг гэлтгүй бүх хувьцаа эзэмшигчдэд хүргэх учиртай. Энэ ч үүднээс СЗХ өнгөрөгч долдугаар сард Хувьцаа эзэмшигчдийн хурлын журмаа шинэчлэн баталсан. Ингэснээр жижиг, том гэлтгүй бүх хувьцаа эзэмшигчдэд хурлынхаа мэдээллийг тэгш хүргэх, хэлэлцэх асуудлыг бүгдэд хүртээмжтэй байлгахаар зохицуулж өгсөн.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |