Ц.БААТАРСАЙХАН: ЭНЭ ЖИЛ 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАХ ЗОРИЛТ ТАВЬСАН

Нийтлэгдсэн : 2016.04.12

Монгол улсыг дэлхийд таниулж буй олон бүтээгдэхүүний нэг нь ноолууран бүтээгдэхүүн. Тэр тусмаа “Говь” гэсэн шошготой ноолууран бүтээгдэхүүнд монголчууд төдийгүй гадаадынхан татагддаг нь нууц биш.

Монгол улсыг дэлхийд таниулж буй олон бүтээгдэхүүний нэг нь ноолууран бүтээгдэхүүн. Тэр тусмаа “Говь” гэсэн шошготой ноолууран бүтээгдэхүүнд монголчууд төдийгүй гадаадынхан татагддаг нь нууц биш. Тиймдээ ч тус компани хямралыг сөрөн давж харин ч ашигтай ажиллаж байгаа компаниудыг нэгд тооцогдож буй. Ингээд “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхантай ярилцсанаа танд хүргэе.

-Өнгөрсөн онд “Говь” ХК хэр ашигтай ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Өнгөрсөн онд бид татварын дараах байдлаар 10,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ жил түүнийг 12 тэрбум болгох зорилт тавин ажиллаж байгаа. 

-Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс гаргасан “Мэдээлийг ил тод байлгана” гэсэн журам танай байгуулагад хэр үйлчилж байна вэ?

-“Говь” ХК бол нээлттэй компани. Тиймдээ ч мэдээллийг ил тод байлгах тал дээр цааргалаад байх юм байдаггүй. Харин ямар байдлаар яаж ил тод байлгах вэ гэдгийг мэдэхгүйгээсээ болоод алдаа дутагдал гаргаж байж магадгүй.

-“Говь” ХК бол Монголын ТОП-20 компанийн нэг. Энэ үүднээсээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй  “Сайн засаглалтай болохоор хичээн ажиллах” Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тунхаг бичигт гарын үсэг зурсны дараа “Говь” ХК-д ямар нэгэн өөрчлөлт орж байна уу?

-Хойшид улам их өөрчлөлт оруулъя л гэж хэлэх байна даа. Ил тод байгаагүйгээс үүдсэн ямар нэгэн асуудал байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Бидний хувьд үйл ажиллагаагаа улам сайн болгох ёстой л гэж бодож явдаг. Тиймдээ ч борлуулалт болоод ашгаа илүү нэмэх тал дээр компани өнөөдөр маш их анхаарч ажиллаж байна.

-Компанийн засаглалаа сайжруулах талаар хэр анхаарч байна?

ТУЗ-ийн 9 гишүүдийн 5 нь бие даасан гишүүд. Энэ бол хангалттай гэж боддог. ТУЗ-ийн гишүүдэд банкир ч бий, эрдэмтэн багш нар ч бий. Ер нь шүүмжлэлийг тун сайн хүлээн авч нээлттэй ажилладаг л компани гэж хэлж болно.

-Тэгвэл нийгмийн хариуцлагын талаар..?

-Мэдээж нэгд, компанийнхаа 1300 ажилчдын болоод хувьцаа эзэмшигчдийнхээ нийгмийн эрх ашгийг хамгаалах ёстой. Түүний дараа “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний бас нэг том зорилго. Түүнчлэн Монголд 140 мянган малчин өрх байна, тэднээс жил бүр тогтвортойгоор түүхий эдийг нь худалдан авч аль болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголдоо болон дэлхийд борлуулах нь бидний хувьд хамгийн том ажил.

-Зарим хүмүүс чанарын тухайд гомдол гаргадаг. Тодруулбал ноолууран бүтээгдэхүүн үрэлтдэг гэх хүн бий. Энэ нь техник технологиотой холбоотой юу эсвэл өөр асуудал байна уу?

-Технологийн алдаа байхыг үгүйсгэхгүй. Жилийн туршид 400 тонн ноолуур худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компанийн хувьд энэ нь технологийн алдаа байж болох талтай. Гэхдээ энэ алдааг гаргахгүйн тулд бид утасныхаа чанарт анхаарал хандуулж байгаа. Үүний тулд ажилчдаа гадаадын томоохон компаниудад ажиллуулж  туршлага солилуулж байна.

-“Говь” ХК пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдана гэсэн яриа бий?

-Бид түүхий эд худалдан аваад түүнийгээ сүлжмэлийн, нэхмэлийн гэж хоёр ангилдаг. Сүүлийн үед нэхмэлийн үйлдвэрлэлийг өсгөх боломж бүрдсэн. Өмнө нь 30 пальто зардаг байсан бол өнгөрсөн жил 9600 пальто зарсан. Тэгэхээр 2020 гэхэд 100 мянган пальто үйлдвэрлэх боломж бидэнд байна. Маш чанартай бүтээгдэхүүнийг хүн худалдаж авах хялбар үнээр нийлүүлж зөв сурталчилж худалдан авагчдад хүргэж чадах юм бол энэ бол боломжгүй тоо биш. Тиймдээ ч бид 2020 гэхэд дэлхийд хамгийн том пальтоны компани болно гэсэн том төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-“Говь” брэндийг мэдэхгүй хүн Монголд ховор. Харин дэлхий нийт нэхмэл бүтээгдэхүүн  сонирхож байна уу эсвэл сүлжмэлийг үү?

-Үнэндээ дэлхий нийт биднийг сонирхож байна гэж том яримааргүй байна. Монголд ирдэг гадаадын хүмүүс бол нэхмэл ноолууран бүтээгдэхүүн их сонирхдог. Гэхдээ одоохондоо манай бүтээгдэхүүний 70 хувь нь сүлжмэл ,30 хувь нь нэхмэл бүтээгдэхүүн. Мэдээж  цаашид 1300  ажилчдынхаа тоог хэвээр нь хадгалаад үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өсгөхөд нэхмэл бүтээгдэхүүнд илүү ач холбогдол шаардлага тулгараад байгаа. Тэгж гэмээнэ компани борлуулалт болоод ашгаа өсгөх боломжтой.

-Үйлдвэрийнхээ байрыг өргөтгөх асуудал бас яригдаж байсан. Үйлдвэрээ өргөтгөвөл бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөх нь дамжиггүй. Тэр хэрээр боловсон хүчний асуудал ч бас яригдах байх, тийм үү?

  -Зураг төсөл нь хийгдээд барилгын захиалга нь өгөгдөөд явж байгаа. Тавдугаар сард өргөтгөл эхэлнэ. Өргөтгөл баригдсанаар ажилчдын тоо биш бүтээгдэхүүний чанарт илүү ахиц гарах учиртай.

-Ямар ч хувьцаа эзэмшигчдэд хамгийн их анхаарал татсан асуудал бол ногдол ашиг. Танай компанийн хувьд ногдол ашгаа хэдийнээс эхлэн хүртээх вэ?

-Хувьцаа эзэмшигчдэдээ барих бидний бэлэг бол ашгаа өсгөж ногдол ашгаа нэмэгдүүлэх. Үүний тулд жил ирэх тутам хичээн ажиллаж байгаа. Хувьцаа эзэмшигчид ч үүнийг мэддэг. Харин хувьцааны тухайд 6 дугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгний хооронд хэзээ ч хамаагүй хүссэн үедээ компани дээр ирж ногдол ашгаа авч болно.  

 

Эх сурвалж: Компанийн засаглалын үндэсний зөвлөл

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн