Ч.АРИУНСАН: 1992 ОНООС ХОЙШ 18 УДАА БУЮУ НИЙТ 141 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААСАН

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.03.28

Эдүгээ 90 гаруй жилийн түүхтэй, салбартаа тэргүүлэгч, үйл ажиллагаа нь үргэлж тогтмол өсөлттэй яваа АПУ хувьцаат компанийн засаглалын байдалтай танилцаж тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ч.Ариунсантай ярилцлаа.

Сайн байна уу? Юун түрүүнд АПУ ХК-ийн үйл ажиллагаа, өнгө төрхтэй товчхон танилцъя гэж бодлоо.

АПУ компани анх 1924 онд байгуулагдсан. Төрийн өмчийн компани байж байгаад 2001 онд 100 хувь хувьчлагдсан түүхтэй. Өдгөө манай компани бүх төрлийн согтууруулах болон согтууруулах бус “шингэн хүнс”-ийг үйлдвэрлэж байна. Тухайлбал, архи, пиво, хийжүүлсэн ус, цэвэршүүлсэн ус, жүүс, хийжүүлсэн ундаа, сүүн бүтээгдэхүүн гэх мэт 10-аад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

АПУ компанийн хувьд Монголын хөрөнгийн биржид 1992 онд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 74 сая 287 мянга 700 ширхэг энгийн хувьцаатай. Үүнээс халаасны хувьцаа нь 120,681 ширхэг. ҮЭнэ оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тархалтын мэдээгээр АПУ компаний 3484 хувьцаа эзэмшигчтэй байна.

2015 онд онцлох үйл явдал юу байсан бэ?

Бид 2012-2014 оны хугацаанд маш их хэмжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, шинэ сүүний үйлдвэр, шинэ пивоны үйлдвэр, бүрэн автоматжуулсан агуулахыг барьж байгуулахад  нийт 90 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалтыг хийлээ. Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологи, тоног төхөөрөмжийн хувьд маш өргөн хэмжээнд шинэчлэн өргөжүүлсэн. Ийнхүү, 2015 онд энэ өргөтгөсөн хүчин чадлаа ашиглах, шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүний сав баглаа  боодлыг шинэчлэх зэрэгт тогтож ажилласан.

Жишээ нь, 2015 онд “Дээж” гэдэг сүүний шинэ брэндийг зах зээлд гаргалаа. Дээж брэнд нь дотроо сүү, тараг гэсэн 2 төрөлтэй, бүгд үнээний цэвэр сүүгээр хийсэн бүтээгдэхүүн. Манай зорилго бол Монгол Улсын  сүүний зах зээлд том “тоглогч” болох явдал юм.

Үүнээс гадна, өмнө нь зах зээлд нэвтрүүлсэн “Оргилуун” хийжүүлсэн усандаа ойн жимст гэх мэт нэмэлт амт оруулж гаргасан.

 

Энэ хөрөнгө оруулалт хаанаас санхүүжсэн бэ?

Нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувийг өөрсдөө гаргаж, үлдсэн хувийг ОУ-ын банк санхүүгийн байгууллагаас зээлээр авсан.

2015 онд бид “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” төслийн эхний шатыг хэрэгжүүллээ. Энэ төслийн хувьд АПУ бол Төгс чанартай бүтээгдэхүүнтэй, төгөлдөр зохион байгуулалт бүтэцтэй, тунгалаг засаглалтай компани гэдгээ нийтэд таниулан сурталчлах зорилготой. Төслийн эхний шатанд байгууллагын дотоод соёлыг хэвшүүлэх буюу компанийн ажилтан ажиллагсаддаа хандсан үйл ажиллагаанууд хийгдсэн. Мөн түүнчлэн, компанийн логог шинэчилсэн бөгөөд цаашид хэрэглэгч, олон нийтэд хандсан үйл ажиллагаа түлхүү хийгдэх төлөвлөгөөтэй байна.

Ямар ч компанийн хувьд үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл учирч байдаг. Өнгөрөгч оны хувьд  нийгэм эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлсөн бэ? Тулгамдсан асуудал юу байв?

Хамгийн түгээмэл асуудал бол төгрөгийн ханшийн сулрал. Бид  бүтээгдэхүүний сав баглаа боодол, шил, бөглөөнөөс эхлүүлээд шошго, хайрцаг зэргээ гаднаас импортолдог. Спиртээ бол 100 хувь дотоодын улаан буудайгаар нэрж өөрсдөө үйлвэрлэдэг. Харин пивоны хувьд ашиглагдах түүхий эд болох “арвайн соёолж” Монголд байдаггүй учраас гаднаас импортлодог. Тиймээс ханшийн эрсдлийн асуудал манай байнгын бөгөөд хамгийн том асуудал болдог. Төгрөг сулрах тусам бидний зардал өртөг нэмэгдэж компанийн ашгийн байдалд сөргөөр нөлөөлдөг гэж хэлж болно.

Борлуулалтын хувьд?

Манайх Монгол Улсдаа хамгийн том буюу 21 аймгийг хамарсан борлуулалтын сүлжээтэй. Зах зээлийн төлөвийн тухайд яривал, хүмүүсийн хэрэглээ пиво, дарс гэх мэт зөөлөн төрөл рүүгээ ерөнхийдөө шилжиж байгаа нь харагдаж байна. Тиймээс пивоны зах зээл харьцангуй тогтвортой өсөлттэй байна, харин архины зах зээл бол ханасань  цаашид өсөлт харагдахгүй байна. Иймд Бид зах зээл дээрх хувиа тогтвортой хэмжээгээр бариад явах зорилттой ажиллаж байна..

Тэгвэл энэ бүх бодлого төлөвлөлтийг гаргадаг ТУЗ хэрхэн ажиллаж байна. Өнгөрөгч онд хэдэн удаа хуралдав?

Манай ТУЗ улирал бүр ээлжит хурлаа хийдэг. Шаардлагатай гэвэл ээлжит бус хурлыг зарлан хуралдуулдаг. 2015 оны хувьд 4 удаа хуралдсан байна.

ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн чухал асуудал байсан уу?

Томоохон хөрөнгө оруулалтууд өмнөх жилүүдэд хийгдээд 2015 оны хувьд хэвийн горимдоо шилжсэн болохоор томоохон онцлох асуудал байсангүй. Тухайн жилийнхээ бинес төлөвлөгөөг батлах, өнмөх жилийнхээ тайланг хэлэлцэн батлах, улирал тус бүрийнхээ гүйцэтгэлийг, хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хэлэлцэх, ногдол ашгийн шийдвэр, ХЭХ зарлан хуралдуулах гэх мэт асуудлуудаа хэлэлцээд явдаг.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын үйл ажиллагаа хэр зэрэг явагдаж байна вэ?

Манай ТУЗ-ийн дэргэдэх хороод холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж байгаа нь аудитын хороо гэж хэлж болно

Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй асуудал ТУЗ-аар хэлэлцэгдсэн үү?

Хөрөнгө оруулалтын хөтөлбөр дууссан тул сүүлийн үед их хэмжээний хэлцэл хийгдээгүй. Сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд тодорхой хэмжээгээр гардаг. Энэ тохиолдолд, хуулийн дагуу сонирхлын зөрчилтэй гишүүд маань түдгэлзээд үлдсэн гишүүд саналаа өгөөд явдаг. Жишээ нь: АПУ компани бол бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, борлуулалтыг нь дотооддоо онцгой эрхтэйгээр АПУ Трейдинг компани гүйцэтгэдэг. АПУ Трейдинг компанийн захирал  манай ТУЗ-ийн гишүүн. Тэгэхээр, АПУ Трейдинг компанитай холбоотой шийдвэр гарахаар бол тэр захирал маань санал хураалтанд оролцохгүй.

Танайх ямар аудитын компаниар дүгнэлтээ гаргуулдаг вэ? яаж сонгосон бэ?

Бид 2010 оноос хойш дэлхийн хамгийн том 4 аудитын компанийн нэг болох “Кэй Пи Эм Жи” аудитын компаниар дүгнэлтээ гаргуулж байна. Аудитын компанийн сонгохдоо, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудаас үнийн санал аваад, ТУЗ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргадаг.

Ногдол ашгийн бодлого бий юу? Тусгасан агуулгын талаар тодруулбал?

Манай ногдол ашгийн бодлогыг 2013 онд ТУЗ-өөр баталсан, агуулгын хувьд ерөнхий зарчмуудыг тусгасан, тодорхой үнийн дүн заагаагүй. Үндсэн зарчим бол компани ашигтай ажилласан тохиолдолд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг заавал тараах явдал юм. 2014 оны хувьд АПУ компани 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тулэнэ үр дүнд үндэслэж ногдол ашиг тараахгүй байх шийдэр гарсан. Харин 2015 оны хувьд үйл ажиллагаа сайжирч 7 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тул ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. 1 ширхэг хувьцаанд 70 төгрөг ногдол ашиг тараана. Ер нь, АПУ Компани 1992 оноос хойш 18 удаа буюу нийт 141 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байдаг.  

Танай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 22-ны өдрөөр товлогдсон байна. Хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

Тийм.  Энэ хурлаар 3 асуудлыг хэлэлцэнэ.

  1. 2015 оны үйл ажиллагаагаа тайлагнана.
  2. Хувьцаагаа 10 хуваах саналыг хувьцаа эзэмшигчдээрээ хэлэлцүүлэх
  3. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлтийг оруулах

Хувьцаа хуваах асуудлын талаар та дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

Одоогоор манай хувьцааны үнэ 3400-3900 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. АПУ ХК-ийн хувьцаа бирж дээр нэлээд эрэлттэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид ч АПУ-ийн хувьцааг их сонирхож байна. Энэ зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслээд мөн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ гэдэг үүднээс хувьцаагаа хуваах санал гарсан. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа цаашид идэвхжиж сайжирна гэж харж байна. Тиймээс энэ саналыг хувьцаа эзэмшигчид баталчихвал Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу? Ямар салбарын хүмүүсээс гишүүд бүрддэг талаар сонирхмоор байна?

Энэ жил манай ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. ТУЗ-ийн гишүүд ялангуяа хараат бус гишүүдийн шалгуур өндөр тавигддаг. Жишээлбэл, манай ТУЗ-ийн дэргэдэг аудитын хорооны дарга Үнэнбат гэж хүн бий. Америкийн Колумбын их сургуулийг төгссөн, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, компанийн засаглал болон санхүүгийн чиглэлээр маш их туршлагатай ийм хүн байдаг. Мөн томоохон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болсон хүмүүс бий, бүгд өндөр боловсролтой, салбартаа ихээхэн туршлагатай мэргэжилтнүүд.

Компанийн бүтэц зохион байгуулалтын талаар зураглавал?

Компанийн эрх бүхий дээд байгууллага нь ХЭХ, тэгээд ТУЗ буюу ТУЗ-ийн дэргэдэх хороод, Гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй. Мөн ТУЗ-ийн ажлын алба гэж тусгайлсан бүтэц ажилладаг. Үүнд ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Үнэт цаас хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх гэсэн бүрэлдэхүүнтэй. Гүйцэтгэх удирдлагын хувьд ярьвал, Гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, захиргаа хүний нөөц хариуцсан захирал, төсөл хариуцсан захирал, тэдний удирдлага доор ажилладаг алба, газар гэх мэт бүтэцтэй ажиллаж байна.

СЗХ, МХБ, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй “Сайн засаглалтай болохоор хичээн ажиллах” ТУНХАГ БИЧИГ байгуулсан байгаа. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

Тунхаг бичгийн хүрээнд бид Компанийн засаглалын кодекст тусгасан дүрэм журмуудыг боловсруулж, баталж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг хийсэн. Жишээ нь, ХЭХ-ын журам, ногдол ашгийн бодлогоо баталсан. Мөн “Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны журам”, “Үнэт цаас гаргагчаас нийтэд түгээх мэдээллийн журам”-ыг боловсруулан баталсан. Дараагийн ээлжинд ТУЗ-ийн залгамж халааны бодлогыг боловсруулж батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

Танай компани “САЙН ЗАСАГЛАЛТАЙ” гэж та боддог уу? Ямар түвшинд байгаа гэж дүгнэдэг вэ?

Манай компанийн засаглал харьцангуй төлөвшиж төгөлдөржиж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл, шийдвэр гаргах процессийн хувьд гажуудсан зүйл байдаггүй. ТУЗ нь ТУЗ-ийнхөө ажлыг хийгээд, Гүйцэтгэх удирдлага нь өөрийнхөө ажлыг хийгээд, тодорхой шийдвэрүүдийн үндэслэлийг бизнесийн орчин, шаардлагад үндэслэж гаргаад, санал дэвшүүлээд, ТУЗ ч түүнд үнэлэлт дүгнэлт хийгээд, шийдвэр гаргаад ажиллаж байна. АПУ ХК-ийн хувьд харьцангуй ахиц дэвшилд гарч байгаа гэж хардаг. Гэхдээ тодорхой дүрэм журмууд дээр сайжруулах зүйлс бий.

2016 онд ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Хувьцаа эзэмшигчиддээ хүргэх нэмэлт мэдээлэл байна уу?

Энэ онд “Төгс, Төгөлдөр, Тунгалаг” төслөө өргөжүүлнэ. Олон нийтэд үйл ажиллагаагаа таниулан сурталчилах тал дээр түлхүү анхаарна. Бизнесийн үйл ажиллаганы хувьд экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлж гадаадын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүльэ гэсэн зорилт тавьж байна. Бид 2 жилийн өмнөөс ОХУ-руу бага хэмжээгээр архи пивоны бүтээгдэхүүнээ экспортолж байна. Энэ ажиллагаагаа өргөжүүлээд  БНХАУ-ын ӨМӨЗО руу шар айраг борлуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа, зарим сүүн бүтээгдэхүүнийг Хонгконг, Хятадын харилцагчид сонирхож байна. Мөн Японы зах зээлийг судалж байгаа.

 

Ярилцсан баярлалаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн