Эх сурвалж : ugluu.mn Нийтлэгдсэн : 2016.03.28 |
Оюутолгой өмнийн говийн цэнхэр сувдаар ямар ч хяналтгүй “тоглож” байна
Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа болно.
Оюутолгой гадаргын ус нэвчилттэй цооногуудаа цементээр таглаж, “гурилджээ”
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн усан хангамжийн 365 цооног байдаг аж. Үүнээс 300 нь гүний хоолойн бүсэд багтана. Товчхоноор тайлбарлабал, гүний хоолойн эдгээр 300 цооногууд хоорондоо холбогдож, Оюутолгойг усаар хангадаг байна.
Оюутолгой төслийн усны хайгуулын асуудал нэгэн үес олны анхаарлыг татаж, говьд усны хомсдол үүсэж болох аюултайг мэргэжлийн хүрээнийхэн сануулж байв. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын гадны хөрөнгө оруулагчдыг элдэв асуудал ярьж, үргээдгээ болих хэрэгтэй гэх сэдэв ч сөхөгдөж байсныг сайн санана. Гэвч өнөөдөр тэрхүү усны сэдэв сөхөгдөхөө больж, Оюутолгойн эдийн засгийн нөлөөллийг сайн сайхнаар нь бид магтан дуулж буй. Харин бодит байдал дээр…
Оюутолгой хайгуулын усны нөөцөө гүний, Галбын говийн гэж хоёр ангилдаг. Одоогоор Оюутолгой гүний усны нөөц ашигладаг бөгөөд нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэдэг байна. Тэгэхээр Оюутолгой нэг минутад 52 тонн, 320 литр ус, цагт 3.142.800 тонн усны зарцуулалттайгэх тооцоо гарч буй юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Оюутолгой секунд тутамд 1461 литр ус ашиглах тооцоо гарчээ. Энэ их усны хэрэглээгээ гүний хоолойн бүсээс хангах боломжгүй тул Галбын говийн усны нөөцийг ашиглах асуудал яригдаж байгаа аж.
Харин орон нутгийн малчдын зүгээс Галбын говийн заган ойг тэжээж байдаг усны нөөцийг далд уурхайд ашиглуулахгүй байх асуудлыг Оюутолгойд тавьж байгаа гэх мэдээллийг өгч байлаа. Гэвч ирээдүйд үүсэх далд уурхайн усны хэрэглээнээс наана малчдын толгойг өвтгөсөн асуудал өчнөөн байна. Гүний ус нь газрын гадаргаас 300 гаруй метрийн гүнд орших “хөгшин ус” юм. Малчдад “хөгшин ус” гэх нэр томьёог Оюутолгойгоос хоногшуулсан бөгөөд ахуйн хэрэглээнд нийцэхгүй, эрдэс тэжээлгүй гэж тайлбарладаг байна. Түүгээр зогсохгүй “Газрын тань бүр гүнээс Оюутолгой ус авч байгаа, өнгөн хөрсний усанд энэ нь ямар ч сөрөг нөлөөгүй” гэх тайлбарыг малчдад хийсээр ирж.
Гэвч бодит байдал дээр эргэн тойрондоо худгийн малталт хийгээд ч ус гарахаа байсан Оюутолгойн нөлөөллийн бүс дэх хэд хэдэн айлууд зөөврийн усны хэрэглээнд шилжсэн байна. Эдгээр малчдад Оюутолгой хэрэглээний уснаасаа тээвэрлэн хүргэдэг бөгөөд гаднаа усны том сав байршуулан хэрэглэдэг аж. Тэгвэл яагаад газрын гадаргын усны нөөц багасаад байна бэ гэх асуулт эндээс гарна. Энэ нь эргээд Оюутолгойн бүтээн байгуулалтын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй аж.
Оюутолгойн гүний усны цооногийн ойролцоо мал бөөгнөрөх, цооногоос ус хоржигнон урсах чимээнээр эл асуудал сөхөгдсөн байна. Орон нутгийн малчид учир байдлыг тодруулахаар Оюутолгойд хандаж, уул уурхайн яамнаас мэргэжилтэнгүүд ирэх дээрээ хүртэл асуудал хурцаджээ.
Учрыг тодруулбал, гүний усны хоолой руу газрын өнгөн гадаргын ус нэвчин урсаж, тэр чимээгээр мал бөөгнөрөх, ус хоржигнох чимээ сонсогдож байж.
Салбар яам болон Оюутолгойгоос малчдын тавьсан хүсэлтэд үндэслэн японоос өндөр хүчин чадал бүхий цооног дурандах камераар бичлэг хийн баталгаажуулах ажил хийгдэж. Ингэхдээ гүний хоолойн бүсэд хамардаг 300 цооногоос зөвхөн 37 цооногийг мэргэжлийн хэлээр “хүрхрээт” байх магадлалтай гэж үзжээ. Ус илтэд доош гоожиж буй цооногуудын инженерийн бүтцийн адил талыг харгалзан дээрх дүгнэлтийг хийсэн гэх. Тэгээд ч цооног нэг бүрийг дурандвал зардал өндөр гарна гэсэн салбарын яамны тайлбартайгаар дээрх цоонгоуудыг дурандсан болжээ. Камерийн бичлэгээр нийт найман цооногоос газрын өнгөн гадаргын ус доош нэвчиж буй илэрсэн байна.
Тайлбар: Гүний усны цооног
Бид сурвалжлагынхаа явцад эдгээр хоолойн ус нэвчиж буй гурван бичлэгийг үзэж нягталсан бөгөөд газрын гадаргаас 116, 65, 40 метрүүдэд усны нэвчилт үүсэж, гүний хоолой руугаа урсаж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Мөн уг үйл ажиллагаанд монитронги хийсэн дүгнэлтэд өөр хоёр бичлэгийг онцлон дурдаж,нэвчилтийн хэмжээг 12-35 метрт байгааг заажээ.
Хамгийн хачирхалтай нь Оюутолгойгоос гурван ч цооногийг нь шууд цементээр цутган тагласан байна. Үүнийгээ газрын өнгөн гадаргын усны нэвчилтийг зогсоосон гэж малчдад тайлбарлаж. Харин малчид цооногийн хоолойны гадуур хайрга явж буй. Түүгээр усны нэвчилт доошоо буусаар байгааг онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, малчид хайрганы дотуурх цооног руу цемент хийсэн ч хайргаар ус доошоо нэвчинэ гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй юм. Энэ нь хэн ч бодсон тодорхой асуудал.
Оюутолгойд нэгэн үес усны чиглэлээр ажиллаж байгаад гүний болон галбын говийн усаар төслийг цааш явуулах нь Говийн малчдын амьдралд сөрөг нөлөөтэй гэх асуудлыг удирдлагууддаа тавьснаас болж ажлаасаа халагдсан Робинсон Полл гэгч эрдэмтэн энэ асуудал дээр малчидтай хамтран ажиллаж. Гадны эрдэмтэн хүний хувиар ажлаасаа нэгэнт халагдсан тул тэр цүнхээ үүрээд шуудхан буцчихаж болох байсан ч мэргэжилдээ хайртай нэгэн тул одоо эргээд малчдын өрнүүлж буй ажлуудад зөвлөхөөр ажилладаг байна. Тэрээр монголд ажлаасаа халагдсанаасаа хойш хэд хэдэн удаа орон нутгийн малчдын урилгаар ирж, холбогдох дүгнэлтүүдийг гаргаж, зөвлөгөө өгөн ажилладаг гэдгийг энд онцлууштай.
Мэргэжилтэн Робинсон Поллын тайлбарласнаар Оюутолгойн цооногийг цементээр бөглөсөн техник дэлхийн хаана ч байдаггүй аж. Ийнхүү дэлхийн хаана ч байдаггүй технологийг Оюутолгой Монголд туршиж, малчдын түүнийг нь таслан зогсоосон байна. Түүгээр ч зогсохгүйОюутолгойн “хөгшин ус” гэж нэрийддэг цооног Галбын говьд хоёр ч газар оргилдог аж. Газрын гүнээс оргилж буй өндөр даралттай усыг тогтоож чадалгүй сул орхисноор тэндээс мал амьтан ундаалж, цөөрөм тогтсон байна. Хүн мал уухад тохиромжгүй, ямар ч эрдэсгүй усыг хэрэглэхэд зохимжгүй гэж тайлбарладаг мөртлөө Галбын говьд ийнхүү гоожуулж орхиод, гүйцэтгэгч компани нь явж одсон байна.
Тайлбар: Галбын говь дахь гүний усны оргилсон цооног
Гэвч энэ хүрээд Өмнийн говийн усны асуудал зогсчихгүй. Уншигч таныг урт нийтлэлээр залхааж буйдаа хүлцэл өчин дараачийн хэсэгт урьж байна.
“Ундайн голын уйлсан зураг” ба малчид мэргэжилтэн болтлоо чадавхжсаны учир…?
Тайлбар: Оюутолгой малчдаас уулчлал гуйхдаа дурсгасан зураг
Ханбогд сумын зарим айлуудад ороход Ундайн голын хамгийн том цутгалын нэг “байсан” Бор-Овоогийн жаазалсан зураг хананд нь өлгөөтэй харагдана. Гэвч энэ зургийг гол гэж нэрлэхэд бэрхтэй. Хүний буруутай үйл ажиллагааг байгал өөрийн чадлаар эсэргүүцсээр, эцэстээ зангирах өчил төдий шалбааг болон хувирсан нь энэ. Зурагны хажууд алга дарам цагаан цаасан дээр тайлбар үг бичжээ. Энэ бол Оюутолгойгоос өнгөрсөн оны гуравдугаар сард Ундайн голын ойролцоо нутагладаг байсан малчдаас уучлал гуйхдаа дурсгасан зураг.
Тайлбарын үгийг бүрэн эхээр нь сийрүүлбэл, “Мянга мянган жилийн тэртээгээс олон зууны туршид хүн, мал, ан амьтан, араатан жигүүртэн ундаалж ирсэн Бор-Овоогийн булаг нь өвөлдөө харзлан урсдаг бөгөөд зарим өвөл 1-р сарын 15-ныг хүрч хөлддөг, маш өвөрмөц онцлогтой Галбын говийн онцлог, чухал усны эх үүсвэр байсан юм. Эдүгээ Оюутолгой ажиллаж эхэлснээр бүрэн устаж, үгүй болж түүх болон үлдсэн юм” гэжээ. Илэрхийлэх ур муу, дүй муутай хүний ганцхан амьсгаагаар хурдан гэгч дуржигнуулан хэлсэн мэт уншигдах эл хоёр өгүүлбэрээс бид Чингисийн мянган цэрэг ундаалж байсан түүхтэй Ундайн гол хийгээд түүнд цутгадаг Бор-Овоогийн булаг тэргүүтэй хорь орчим горхины өнөөгийн хувь заяаг харж болно.
Эл зургийг 2010 онд авжээ. Түүнээс хойш Ундайн голын хамгийн том цутгал болох Бор-Овоогийн задгай байтугай эх гол нь өөрөө голдрил өөрчилсөн нэрийн дор сайр болон үлдэж. Гол даган эргэх дөрвөн цагийн аашаар нутгаа сэлгэн амьдардаг байсан малчид энэ бүхнийг бас чиг зүгээр хараад суугаагүй байна. Тэд нэгдэж ТББ байгуулан, 2012 онд Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлаар Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газарт гомдол газарт гомдол гаргажээ. Эл гомдлынхоо мөрөөр 2015 оны дунд үе хүртэл тууштай явцгааж, Ундайн голын голдрилыг өөрчилсөн асуудлын хүрээнд Олон улсаас хөндлөнгийн шинжээчийн баг, Олон талт мэргэжлийн шинжээчдийн баг ажиллуулах хүртлээ амжилт олж.
Сум орон нутгийн захиргаандаа өргөдөл гаргаж өгөхдөө түүртэхэд хүрдэг малчид энэ хэмжээнд хүртэл боловсорсон нь тэдний амьдрах орчин үнэхээр хүндэрч эхэлсэнтэй холбоотой. Тэд Оюутолгойтой илүү боловсон байдлаар 16 удаа хэлэлцээр хийж, малчдын гомдлыг шийдвэрлэх замаар тохиролцоо хийх зэргээр ажиллажээ. Гэхдээ Хөндлөнгийн шинжээчийн болон Олон талт мэргэжлийн шинжээчийн багт Оюутолгойгоос гаргаж өгөх ёстой мэдээллүүд хаагдмал байсан тул яг тодорхой үр дүнд хүрэх асуудал мөн бүрхэг байсаар ирснийг малчид онцолж байв.
Одоо тэд сумын захиргаа, малчдын төлөөлөл, Оюутолгойг оролцуулан “Гурван талт зөвлөл” байгуулсан бөгөөд Дэлхийн банкны Эрх Зүйн Хяналт, Нийцэл, Зөвлөгөө, Омбудсмений Газраас чиглэл өгөн, дээрх хоёр шинжээчдийн баг тодорхой зөвлөмж гарган ажиллаж байгаа аж. Уг асуудлаар “Говийн газар шороо”, “Оюутолгойн хяналт” ТББ-ууд идэвхийлэн ажиллаж, малчдын хүчийг нэмэгдүүлдэг аж.
Малчид ингэж алхам алхамаар урагшилсан нь сайн хэрэг. Гэвч бодит байдал дээр Ундайн гол ширгэн замхарч, зарим байршлууд дээр өмнө өгүүлсэнчлэн Оюутолгой айлуудад ус зөөх түр журам хэрэгжүүлэх хүртлээ асуудал хүндэрчээ. Нэгэнт гол даган нүүдэллэн амьдрах боломжгүй болсон тул ихэнх айлууд нь суурин бараадаж, зарим нь худаг гаргуулсан болоод өнгөрч. Тэдгээр айлуудын худгийн усны ундарга жил ирэх тусам багасаж байгаа тул малаа услахын тулд өдөржин худаг дээрээ өнждөг байна. Угаас говийн эмзэг асуудал өөрөө ус. Тийм байтал уул уурхайн нөлөөлөл ороод ирэхээр малчид өдөр тутам уух усныхаа төлөө өөрсдөө чадавхжиж. Энэ нь нөгөө талдаа тайван, амгалан зантай бидний хувьд аргагүйдсэн аргагүйдэл мэт харагдасныг ч нуух юмгүй.
Авах юм нь “Гурван талт зөвлөл”-ийг малчин тэргүүлж байна. Малчдын энэ зөвлөлийн үйл ажиллагаанаас хүсэн хүлээж буй гол зорилго нь Ундайн голын голдрилыг өөрчилснөөр байгал экологид гарсан хохирлын үнэлгээг бодитоор тогтоох. Цаашлаад малчдын амьдралд учирсан хохирол болон уул уурхайгаас хамаарсан нөлөөллийн үнэлгээнд жишиг болгох.
Нууц+ нууц
Орон нутгийн малчдын аман мэдээлэл болон нэрээ нууцлахыг хүсээн эх сурвалжуудаас авсан баримтуудаа цухас нэгтгэхэд ийм байна. Ер нь Ханбогд сумынхан Оюутолгойн асуудлаар хамаа бус дуугарч болдоггүй хуультай. Ялангуяа нөлөөлийн бүсэд орсон айлууд хийгээд нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ, дээрх гурван талт зөвлөлийн ихэнх ажлууд нь нууцлалын зэргийн гэрээтэй аж.
Хэвлэлийнхэн хаа нэгтээ очихдоо Оюутолгойн цэнхэр кемпээр зочлоод буцчихдаг тул орон нутгийн элдэв асуудлаа нээлттэй мэдээлэх туйлын хүсэлтэй байсныг энд онцлъё. Гэсэн хэдий ч тэд “Хамаа бус юм ярьж, хоолноосоо салмааргүй байна. Миний нэрийг нууцлаарай” гэх үгсүүдийг баримт дэлгэх бүрдээ сануулж байв. Бид мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Оюутолгойд хандаж, уг асуудлуудаар албан ёсны тайлбар авахыг хүссэн ч ямар нэгэн байдлаар хариу өгсөнгүй.
Ийнхүү нууцын өндөр зэрэглэлтэй Оюутолгойн олон гэрээнүүдийн тусгал малчдад, Галбын говийн ариун дагшин байдалд хэрхэн нөлөөлж буйг бид өнөөдөр эрүүл нүдээр харах цаг нь болжээ. Улс орны эдийн засагт ээлээөгөх нэртэй нэг л их том тоонууд яригдаад байдаг. Гэтэл Ханбогд Говийн эмзэг асуудал ус өнөөдөр Өмнийн говьд улам ч эмзэгшиж, малчид хэзээ мөдгүй уух усгүй болоход хүрч. Өнгөрсөн онд л гэхэд Өмнийн говьд 20 гаруй аргаль янгир хатаж үхжээ. Оюутолгойгоос бэлчээрт нь мөс тавьсан гэх нэр зүүгээд хариуцах эзэнгүй үлддэг байна. Асуудал орон нутагт ийм л эзэнгүй байна. Эзэнгүй газар бас ямагт хууль хяналтыг хөсөрдүүлж, малчдыг юухан хээхнээр чадах арга амь бөхтэй оршсоор байгааг энд дахин онцолж байна.
Өмнийн говийн усны байдал ийм л байна. Дүгнэлтийг уншигчид өөрсдөө хийцгээх биз ээ.
Үргэлжлэл бий
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |