Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2016.03.24 |
Азийн хөгжлийн банкны төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын зөвлөх Д.Байлыхүү 20 гаруй жил компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн туршлагатай нэгэн. Түүний үнэт цагаас хугасалж хэдхэн минут ярилцлаа.
“Компанийн засаглал” гэдэг нэр томъёог та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?
Ерөөсөө компани үйл ажиллагаа явуулахдаа оролцогч талуудтайгаа яаж харилцах вэ гэдгийг илэрхийлж байгаа цогц зүйл л дээ. Энэ цогц харилцаа л зөв зохистой явж байвал сайн засаглалтай гэж ярина. Хэрвээ аль нэгэн дээр нь гажчихсан, буруу явчихсан байвал тэр хэмжээгээрээ засаглал муу байна гэсэн үг. Хүн төрөлхтөн компани гэдгийг анх бий болгосноос хойш энэ харьцдаг зүйлийг зөв болгооод хөгжөөд явсан байгаа юм. Тэр сайнуудын нийлбэрийг авсан компани бол засаглал сайтай болж байна гэж ойлгож болно
Энэ салбарт таныг танихгүй хүн бараг байхгүй байх л даа. Та хэдэн жил засаглалаар мэргэшиж туршлагажиж ирэв? Яагаад засаглалд анхаарах болсон бэ?
20 гаруй жил болж байна. Яагаад гэвэл шинэ нийгэмд бараг бүх зүйл хувьчлагдаж ирсэн. Энэ үед аж ахуй эрхлэлтийн хэлбэр нь, тухайн хувьчлагдсан компани ямар байх ёстой вэ гэдэг асуудал гарч байсан. Тиймээс ч өмч хувьчлалын хууль, аж ахуй нэгжийн хууль хоёрыг зэрэг гаргасан. Өөрөөр хэлбэл хувьчлагдсан тэр төрийн өмчийн үйлдвэрийн газар компани, хоршоо эсхүл нөхөрлөл болох ёстой болж байгаа юм. Түүний эрхзүйн тогтолцоог урьдаар бий болгосны дараа хувьчлал хийх шаардлагатай. Тиймээс тус хуулиудад бүх зүйлийг заасан. Энэ үеэс л засаглал гэдэг рүү орсон. Түүнээс хойш засаглалтай холбоотой хууль, дүрэм журмуудыг байнга судлаад явж байна. Аж ахуй нэгжийн хууль, дампуурлын хууль гэх мэтчилэн үүнтэй холбоотой бараг 20 орчим хууль бий.
Тэгвэл тухайн үед таны ажил эрхлэлт, албан тушаал юу байсан юм бэ?
Би хувьчлалаас өмнө бол хөнгөн үйлдвэрийн салбарт байсан. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудад гол үр дүнтэй ажилладаг байсан л даа. /инээмсэглэв/
Нууц биш бол та одоогоор хичнээн компанид ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна вэ?
Би Монголын ихэнх комданиудтай ямар нэгэн байдлаар холбоотой ажилладаг. Харин 5 компанид ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
Засаглалыг зөв бэхжүүлэхээр эхлүүлж байхад ямар хүндрэл бэрхшээл байв? Одоо компаниудын засаглал үнэхээр сайжирч бэхжиж чадсан уу?
Чадаагүй зүйл зөндөө байгаа. Тийм ч учраас засаглал өнөөдөр сайн биш байна. Гэхдээ 20 гаруй жилийн хугацаанд эргээд харахад бид их зүйл хийсэн байна гэж харагдаж байна. Анхны компани 1500-аад оны төгсгөлөөр байгуулагдсан байдаг. Түүнээс хойш 400 гаруй жил хүн төрөлхтний байгуулсан зүйлийг бид 20 жилийн хугацаанд бий болгож байна. Харьцуулж харвал бид их зүйл хийжээ.
Дэлхийн болон улсын хэмжээнд ийм он жилийг туулжээ. Тэгвэл компанийн хувьд сайн засаглалтай болоход хэдий хугацаа шаардагддаг юм бол?
Тухайн компанийг удирдаж байгаа нөхдүүдээс л хамаарна. Нээлттэй компани, гэр бүлийн компани гээд компаниудын засаглал бас ялгаатай. Тэр болгон дээр өөр өөрсдөд нь тохирсон засаглалыг зөв хэвшүүлэх ёстой. Тиймээс тогтсон хугацааг бол хэлж чадахгүй.
Улсын хэмжээнд компанийн засаглал бэхжиж чадаагүй гэж та хэлэх гээд байна уу?
Нэгдүгээрт: Төлөвшиж чадаагүй. Муу байгаа нь үнэн. Муу байгаа учраас бидэнд мөнгө олдохгүй байна. Засаглал сайн компанид мөнгө өөрөө ирдэг. Тэгэхээр итгэл даах компани байхгүй байгаад байна. Нөгөө ил тод нээлттэй болгох, засаглалаа сайжруулах гээд бид байнга яриад байгаа нь үүнтэй холбоотой. Зөвхөн Монголд ч биш Америкт ч гэсэн муу засаглалтай компани зөндөө бий. Хямрал бол ерөөсөө л компанийн засаглал муугаас болж үүсч байгаа юм.
Хоёрдугаарт: Компанийн засаглал гэдэг яг тийм байх ёстой гэсэн тогтсон зүйл биш. Байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг. Нийгэмд маш их өөрчлөлт орж байдагтай холбоотойгоор засаглал мөн үүнтэй зохицож өөрчлөгдөж байдаг.
Тэгэхээр компанийг удирдаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд “Засаглал” гэдгийг сайн ойлгохгүй байгаа болохоор сайжирч чадахгүй байгаад байна гэж ойлгож болох уу?
Тийм. Тэд ойлгохгүй байгаа болохоор зөвхөн ашиг олохын тулд буруу зүйл их хийж байна. Өөрөө мэдэхгүй, мэдлэггүйгээсээ болно. Тайлан балансаа ч буруу гаргадаг жишээ их бий.
Компани сайн засаглалтай байх шаардлагыг тань шиг ойлгодог, мэргэшсэн ийм хүн хэр их байдаг вэ?
Би бол тийм сайн биш л дээ. Яахав олон жил судалсан болохоор та бүхэнд үг хэлэхтэйгээ байгаа юм. Хамгийн гол нь одоо шинэ залуу үеийнхэнд практик алга. Хувьцаа эзэмшиж үзээгүй, хөрөнгө оруулалт хийж үзээгүй, компани удирдаж үзээгүй болохоор туршлагагүй байгаад байна. Бидэнд ч мөн компанийн засаглал ийм байх ёстой гээд өвлүүлээд үлдээх зүйл алга. Энэ талын ном нэг ч байхгүй. Гэтэл Англи хэл дээр бол захаасаа аваад номнууд байна. Яахав над шиг энэ салбарт хутгалдсан хүн ганц нэг байна л даа.
Энэ хямралын үед компанийн засаглалыг яавал “хурдан” сайжруулж чадах вэ?
Мэдэхгүй. Тийм жор бол байхгүй. Хамгийн гол нь хүн болгон үзэж судлах ёстой. Бидний явуулдаг сургалт хичээлүүдийг мөн сонсох хэрэгтэй. Гэхдээ сайн болчихлоо гэсэн эцсийн түвшин бол байхгүй. Байнга л сайжруулахын төлөө явах ёстой.
Компаниудад та юу гэж зөвлөх вэ?
Засаглалаа сайжруулахын тулд бүх зүйлээ дүрэм журамд оруул. Хувь хүнээс шалтгаалдаггүй л болго. Компанийн соёл гэдэг яг л тогтсон юм байх ёстой. Мэдээж тэр тогтсон зүйл нөхцөл байдалтайгаа уялдаад өөрчлөгдөж хөгжиж байх тул байнгын хяналт тавьж байх хэрэгтэй. Дүрэм журмуудаа гаргахдаа өөрсдөө оролцож гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол зүгээр бусдын хийснийг хуулаад тавьдаг, тэр нь тухайн компанид тохирохгүй байх жишээ бий шүү.
Ярилцсанд баярлалаа.
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |