Эх сурвалж : zaluu.com Нийтлэгдсэн : 2016.03.07 |
Санхүүгийн шинжээч А.Мөнхцог
Хамтын хөрөнгө оруулалтын сан дэлхий даяар сүүлийн 20 жилийн туршид хамгийн түгээмэл санхүүгийн институц болж хөгжсөөр байна. 2007 он гэхэд дэлхий даяар 66 мянга гаруй хамтын хөрөнгө оруулалтын сан бүртгэгдсэн байсан бол энэ тоо жил тутам өсөн нэмэгдэж 2014 оны байдлаар 79 мянга болжээ. Харин монголчууд санхүүгийн энэ институцийн талаар тэр бүр сайн мэддэггүй. Хамтын хөрөнгө оруулалтын сан гэж юу болох, ямар үр ашигтай байж, олон улсад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа тухай дор өгүүллээ.
Хамтын хөрөнгө оруулалтын санд америкчууд гойд тааламжтай ханддаг. Дээрх 79 мянга гаруй хамтын хөрөнгө оруулалтын сангийн 11 хувь нь АНУ-д байгаа тухай тоо баримт үүнийг батална. Энэ нь АНУ-ын нийт өрхийн бараг тал хувь нь хамтын хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийсэнтэй тэнцэх хэмжээний үзүүлэлт бөгөөд үүний учир юу вэ?
Хариулт нь тун энгийн. Хамтын хөрөнгө оруулалтын санд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хараат бус, дүрэм журам төлөвлөгөөний дагуу олон жилийн туршлагатай, өндөр түвшний мэргэжилтнүүд ажиллаж өрх гэр, хувь хүний хэрэглээнээсээ давсан хөрөнгөө хэрхэн ирээдүйн хэрэглээ, гэнэтийн хэрэгцээ шаардлагаа хангахад зориулж ямар нэг хэлбэрээр хуримтлуулах вэ гэдэгт нь тусладаг явдал.
2014 оны байдлаар АНУ-д нийт өрхийн 43.3 хувь буюу 53.2 сая өрх гэр, өөрөөр хэлбэл 90.4 сая хувь хүн ямар нэгэн хамтын хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан ба дунджаар нэг хүн 4 хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг эзэмшдэг гэсэн тооцоо гарсан байна. Мөн хөрөнгө оруулалтын санд оруулсан дундаж хөрөнгийн хэмжээ нэг өрхийн 103 мянган ам доллар байдаг байна. АНУ-д хамтын хөрөнгө оруулалтын сангийн нийт активын 89 орчим хувийг өрх гэрүүд буюу хувь хүмүүс эзэмшдэг гэсэн тооцоо гарсан байдаг. Хамтын хөрөнгө оруулалтын санд иргэдийн 91% нь ирээдүйн тэтгэвэртээ зориулж, 49% гэнэтийн хэрэгцээ шаардлагын үед, 23% нь ирээдүйн боловсролдоо зориулж хөрөнгө оруулдаг байна.
Хамгийн анхны хамтын хөрөнгө оруулалтын санг хэзээ хэрхэн үүссэн талаар баттай баримт эх сурвалж байдаггүй хэдий ч XVIII зуунд Нидерландын хаан Вилльям I анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн хэлбэртэй хаалттай хөрөнгө оруулалтын компанийг эхлүүлж байсан гэж үздэг. 1924 онд орчин үеийн хамтын хөрөнгө оруулалтын сангийн суурийг Massachusetts Investors’ Trust fund /одоо MFS Investment Management/ эхлүүлсэн ба 1928 онд олон нийтэд нээлттэй болсон байдаг. Тэр цагаас хойш хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголт олон нийтийн дунд бий болж хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж эхэлсэн байдаг.
Харин манай оронд 2013 онд буюу ихээхэн хожуу ч гэсэн үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдснаар манайд хөрөнгө оруулалтын сангууд үүсэн бий болох эрх зүйн орчин бүрдээд байгаа. Одоогийн байдлаар найм орчим аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл, манай томоохон банкууд кастодиан банкны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах хорооноос аваад байна. Улмаар Монголд хөрөнгө оруулалтын сангууд үүсэн бий болох суурь бүтэц бүрэлдэн бий болж байна.
Хувь хүн хуримтлалаа хэрхэн хаана хадгалах, хадгалуулах нь тухайн хүний санхүүгийн боловсрол, эрсдлээс айх зэргээс ихээхэн хамааралтай. Өнөөдөр санхүүгийн зах зээл хүчтэй хөгжсөн оронд иргэд хэрэглээнээс давсан хөрөнгөө хөрөнгө оруулалтын сан, бизнес, нээлттэй захын ямар нэгэн санхүүгийн хэрэгсэлд /хувьцаа, бонд, опцион, фьючерс г.м/ хөрөнгө оруулалт хийх зэргээр ирээдүйн хуримтлалаа үр ашигтайгаар удирдаж байна. Мөн бидний сайн мэдэх банкны хадгаламж бас байна. Эдгээр хөрөнгө оруулалтын хэлбэрүүд бүгд өөр өөрийн эрсдэлтэй, эрсдлийн зэрэгтэй /хуримтлуулж буй хөрөнгөө алдах, хүлээлтээс бага өгөөж хүртэх, алдагдал хүлээх/ байдаг. Жишээлбэл банкны хадгаламжийг дурдахад, та хугацаатай буюу 6 сар, 1 жил, гурван жил, тав, арван жил хөрөнгөө банкнаас татахгүй гэсэн гэрээний үндсэн дээр хугацаагүй хадгаламжийн хүүнээс өндөр тогтмол хүүтэйгээр банкинд хадгалуулдаг. Хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө танд мөнгөний хэрэгцээ үүсвэл та хадгаламжаа торгуультайгаар, эсвэл хүлээлтээсээ бага хүүтэйгээр цуцлах хэрэгтэй болно. Мөн банкны хадгаламжийн хүү тогтмол байдаг. Таны урт хугацаат хадгаламжийн хүү инфляцид идэгдэж бас болно. Гэтэл банкны хамгийн том эрсдэл нь дампуурал байдаг. Монгол дахь хамгийн ойрын жишээг Анод, Зоос банкны дампуурлаас харж болно.
Үүнтэй мөн адилаар бусад санхүүгийн хэрэгслүүдэд ч эрсдлүүд байдаг. Харин хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ? Энэ нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг цуглуулж сан үүсгэж түүгээрээ хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгө оруулагч нарт өгөөжийг хүртээх санхүүгийн институци юм.
Хөрөнгө оруулалтын сангийн актив нь тухайн сангийн эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн хэрэгслүүлдийн үнээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Хөрөнгө оруулагч нь сангаас тараах ногдол ашиг болон сангийн нэгж эрхийн / “нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаас/ үнийн өсөлтөөс ашиг хүртдэг. Хөрөнгө оруулалтын санг эзэмшлийнх нь хэлбэрээр хамтын хөрөнгө оруулалтын сан, хувийн хөрөнгө оруулалтын сан гэж хуваадаг. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө оруулалтын санд олон тооны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан байвал хамтын сан, тодорхой цөөн тооны ашиг сонирхлоороо нэгдсэн хөрөнгө оруулагчтай бол хувийн гэж ойлгож болох юм.
Хамтын хөрөнгө оруулалтын сан нь бүтцээсээ хамаарч хаалттай, нээлттэй гэсэн сангууд байдаг. Нээлттэй санд хэдэн ширхэг нэгж эрх гаргах тооны хязгаар байдаггүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тухайн санд хөрөнгө оруулах сонирхолтой байвал сан нэмэлтээр нэгж эрх гаргаж хөрөнгө оруулагчид худалдах, хөрөнгө оруулагч хөрөнгөө татах сонирхолтой бол сан буцааж худалдаж авдаг. Нээлттэй сангийн нэгж эрхийн үнэ нь тухайн сангийн нэгж эрхэд ногдох цэвэр активтай тэнцүү байна. Сангийн цэвэр актив гэдэг нь сангийн эзэмшиж буй нийт үнэт цаасны үнэлгээнээс тухайн сангийн өр төлбөрийг хассан дүнг хэлдэг. Тухайн сангийн цэвэр активын хэмжээ өдөр бүр эзэмшиж буй үнэт цаасны үнэлгээнээс хамааран өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн сангийн эзэмшиж буй үнэт цаасны үнэлгээ өссөн тохиолдол сангийн цэвэр актив өсөх ба хөрөнгө оруулагч өссөн дүнгээр ашиг хүртэнэ. Хөрөнгө оруулагч сангийн нэгж эрхийг шууд сангаас худалдаж авах ба санд буцаан зардаг. Хаалттай сан гэдэг нь нээлттэй зах зээлд хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийх замаар тодорхой тооны хувьцааг олон нийтэд санал болгосноор хөрөнгө босгодог. Босгосон хөрөнгөөрөө мөн үнэт цаас санхүүгийн бусад хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж цэвэр активаа өсгөж байдаг. Хаалттай сангийн хувьцааны ханш нь тухайн сангийн цэвэр активт суурилж хоёрдогч зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр тогтож байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч өөрийн эзэмшлийн хувьцааг өөр хэн нэгэн хөрөнгө оруулагчид зарах замаар сангийн эзэмшлээ шилжүүлдэг.
Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн найдвартай байдалд хөрөнгө оруулалтын менежментийн компанийн дотоод хяналт, хөндлөнгийн аудит, төрийн зохицуулагч байгууллага хяналт тавьж байдаг ба хөрөнгө оруулагчдын хөрөнгийн найдвартай байдлыг кастодиан банк хангаж байдаг.
Өөр нэгэн гол давуу тал нь санд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийн хөрвөх чадвар өндөр байдаг. Өөрөөр хэлбэл та гэнэтийн хэрэгцээ үүсэхэд сангийн нэгж эрхээ тухайн өдрийн үнэлгээгээр зарж бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангаж болно.
Хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор санхүүгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болох, улмаар томоохон хөрөнгө оруулалтын эх үүсвэр дотоодын аж ахуйн нэгжүүдэд бий болох, бизнесүүд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж нэмэгдэх, бизнесүүд өсөж томрох боломж бүрдэх, эдийн засгийн өсөлтөд түлхэц болох зэрэг макро эдийн засгийн үр өгөөж өндөр юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |