Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2016.02.25 |
Хай Би Ойл ХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Ө.Хүдрээтэй ярилцаж компанийн засаглалын байдал болон үйл ажиллагааны талаар сонирхлоо
Өнгөрөгч 2015 он танай компанийн хувьд ямар онцлох үйл явдлын өрнөлтэй жил байсан бэ?
Хай Би Ойл ХК 2015 онд дотоодын үйлдвэрлэл өмнөх оныхтой харьцуулахад илүү борлуулалттай сайн ажилласан. Гарч байгаа бүтээгдэхүүн болон худалдан авагчдын тоо нэмэгдсэн. Улаанбаатар хотод болон орон нутгуудад явж байгаа замын ажлууд болон асфальтны үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа.
Бид 2013 онд гадаадын зах зээлд хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийхээ дагуу хувьцаанд хөрвүүлэх зээл авч үйл ажиллагаа явуулсан. БНАСАУ-ын газрын тосны үндэсний компанийх нь 20 хувийг худалдаж авсан. Энэ компани нь 2 сая тонн хүртэлх түүхий нефт боловсруулах үйлдвэртэй. Мөн эх газар дээр болон далай дээр газрын тосны нөөц эзэмшдэг ийм компани байгаа.
Энэ хугацаанд тулгамдсан асуудал байсан уу?
Манай компанийн онцлог бол 2 дахь түүхий эд буюу моторын хаягдал тосыг уул уурхайн компаниуд болон засварын газрууд зэрэг дотоодын зах зээлээс цуглуулж аваад түүнийг дахин боловсруулалт хийж зуухны түлш үйлдвэрлэдэг.
Тэгэхээр манай бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээс үнийн хувьд харьцангуй хямд байдаг. Импортоор орж ирж байгаа ижил стандартын бүтээгдэхүүнээс зарим химийн үзүүлэлтээрээ бас илүү байдаг. Тийм болохоор манай компанийн бараа хямд чанартай учир зах зээл хумигдаж байгаа энэ үед харилцагчдын тоо нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байгаа.
ТУЗ, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны харилцаа хамаарал, гүйцэтгэлийн тогтолцоо ямар байдаг вэ? Компанийн дотоод үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
Манай компани 2007 онд нээлттэй компани болсон. Түүнээс хойш бид хамгийн сүүлийн үеийн технологиор байгаль орчинд хоргүй үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Манай хувьцаа анх зах зээлд арилжаалагдаж байхад хувьцаа авч байсан гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид одоог хүртэл итгэлтэй хувьцаагаа эзэмшсэн хэвээр байгаа. ТУЗ-д гадны хөрөнгө оруулагчдаас хараат гишүүнд 1 хүн, хараат бус гишүүнд 4 хүн байдаг. Тиймээс ТУЗ бол сайн ажилладаг.
Гүйцэтгэх захирал би ТУЗ-тай гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа удирдаад явдаг. Миний гол үүрэг бол дотоодын зах зээлд үйлдвэрийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түүхий эдээ татаж авах, борлуулах, шинэ харилцагч нэмэх зэрэг эдгээр чиглэлүүд дээр би түлхүү ажилладаг. Бусад гүйцэтгэх захирлуудын адил асуудлыг ТУЗ-д нэг бүрчлэн танилцуулаад явдаг.
ТУЗ хэдэн удаа хуралдсан бэ?
2015 онд бид 6 удаа хуралдсан.
ТУЗ-ийн хурлаар ямар чухал асуудлуудыг хэлэлцсэн бэ?
Ер нь ихэвчлэн Хойд Солонгостой холбоотой асуудлууд бол манай дийлэнх асуудал байдаг. Тэнд өрнөж байгаа асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд ТУЗ-ийг яаралтай хуралдуулдаг.
Дотооодын үйл ажиллаганд бол технологийн өөрчлөлт хийх, бүтээгдэхүүний өртгийг хямдруулах талаар би өөрөө ТУЗ-д байнга санал оруулдаг. Үүнийг тухай бүрт нь шийдэж өгдөг. Ер нь Хойд Солонгосын үйл ажиллагаатай хобоотой асуудлууд л түлхүү яригддаг.
Танай ТУЗ-ийн дэргэдэх хороод бий юу? Хэрхэн ажиллаж байгаа вэ?
3 хороо бол байгаа. Гүйцэтгэх захирлын зүгээс санал гаргавал хороод саналаа өгөөд явдаг. ТУЗ-ийн зүгээс ямар нэгэн байдлаар асуудал дэвшүүлэх нь бага. Бидний зүгээс дэмжлэг авах, ажлаа танилцуулах зорилгоор хороодод ханддаг л даа. Жишээлбэл 2015 оны үйл ажиллагаагаа дүгнээд ажилчиддаа 13 дахь сарын урамшуулал цалин олгосон. Үүнийг цалин урамшууллын хороо дэмжиж ТУЗ-ийн хурлаар оруулж шийдвэрлэж өгсөн.
Ний нуугүй хэлэхэд хороод өөрсдөө санаачилга гаргахгүй бол хүлээж л байдаг. Хороодын өөрсдийнх нь үйл ажиллагаа ерөнхийд нь дүгнэхэд сул байгаа.
Өнгөрсөн онд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй асуудал хэлэлцсэн үү?
Ер нь гарна л даа. Зарим үед сонирхлын зөрчилтэй гишүүд санал өгөхгүй, бусад гишүүд нь саналаа өгөөд явдаг. Бид нэмэлт хувьцаа гаргах асуудлаар 2016 оны 1 сард ТУЗ-ийн хурлаа хийсэн. Энэ үйл явц цаашид хэрхэн өрнөхийг харна даа.
Бид эхний хөрөнгө оруулалтаар 5 сая доллар татсан. Түүний дийлэнхээр нь Хойд Солонгосын компанийн хувьцааг худалдаж авахад мөнгөө зарцуулчихсан. Тэгээд өдөр тутмын зардлууд гарч байна. Одоогоор тийм их хэмжээний хэлцлүүд бол хийгдээгүй байна.
Танайх ямар аудитын компаниар дүгнэлт гаргуулдаг вэ? Аудитын компаниа хэрхэн сонгосон бэ? Дүгнэлт гарсан уу?
Бид БДО Аудитын компанитай сүүлийн 2 жил хамтран ажиллаж байна. ТУЗ-ийн зүгээс санал болгоод манай үйл ажиллагаа бас гадны хөрөнгө оруулагчдад танилцуулагдаж явах учраас нэр хүндтэй аудитыг сонгосон гэж бодож байгаа. Аудитын дүгнэлт гарчихсан.
Танайх ногдол ашгийн бодлого бий юу? Хэзээ хамгийн сүүлд ногдол ашиг тараасан бэ?
2014 онд ногдол ашиг тараасан. Манай ногдол ашгийн бодлого бол нээлттэй. Үйл ажиллагаанаасаа л хамаарна. Ер нь жил болгон борлуулалтын хэмжээ 15-20 хувийн өсөлттэй яваад байгаа. 2015 онд ногдол ашиг өгөхгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бид зээл авчихсан учраас хүү төлөөд төлөвлөөгүй зардлууд нэмэгдчихсэн.
Гэхдээ алдагдалаа буруулаад явж байгаа. Ногдол ашгийн бодлогын хувьд компанийн дүрэм журамд заасан зүйл байхгүй, тухайн жилийн ашгаасаа хамаараад ТУЗ-аараа тараах эсэхээ хэлэлцээд явчихдаг.
ХЭ-ийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлуудын тов гарсан уу? Ямар асуудлыг хэлэлцэх вэ?
Гарсан. Нэгдүгээр сарын эхээр хуралдсан ТУЗ-ийн хурлаар ээлжит хуралд хэлэлцэх асуудлуудаа төлөвлөчихсөн. Гүйцэтгэх захирлын зүгээс дотоодын үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг өргөтгөе, илүү хүчтэй тоглогч болъё гэдэг байдлаар төсөл танилцуулсан байгаа.
Энд Нэгдүгээрт: бага оврын нефть боловсруулах үйлдвэрийг дотооддоо барьж байгуулъя гэдэг санал. Хоёрдугаарт: Хойд Солонгосын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго байгаа. Энэ нь гадны хөрөнгө оруулагч компаниуд орж ирэх хүсэлтээ ирүүлсэн. Түүнийг харгалзан нэмж хувьцаа гаргаад түүнийхээ 1/3-ээр бага оврын нефт боловсруулах үйлдвэрээ барьж байгуулъя. Гуравдугаарт: Хойд Солонгост газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй явуулъя гэдэг ийм чиглэлтэй ажиллахаар ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн. Үүнийгээ хувьцаа эзэмшигчиддээ танилцуулж зөвшөөрөл авна.
Хай Би Ойл ХК-ийн ТУЗ-ийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхмоор байна. Та өөрөө гүйцэтгэх захирлын хувьд бас ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллахад давуу тал байдаг уу?
Компанид хөрөнгө оруулсан дийлэнх хувьцаа эзэмшигчдээс ТУЗ-д төлөөлөл болгон оруулсан. Би өөрөө бас гишүүн. Манай андеррайтер хийж явсан гол хувьцаа эзэмшигч компаниас төлөөлөл, хараат бус гишүүнд биржтэй холбоотой туршлагатай хүн, Аудитын компанид ажиллаж байсан хүн зэрэг мэргэжлийн багаас ТУЗ-ийн гишүүд бүрдсэн байгаа.
Гадаадын иргэн 2 гишүүн байгаа. Миний хувьд бол ТУЗ-тайгаа харьцахад амар л даа. Би асуудлыг бүгдийг өөр дээрээ даагаад яваад байх шаардлагагүй. Асуудлыг ТУЗ-аараа шийдвэрлээд явдаг болохоор миний хувьд амар байдаг. Өөрийн эрх мэдлийн хэмжээний асуудлуудыг бол бие даагаад шийдвэрлээд явдаг.
Танай компанийн засаглал ямар түвшинд байгаа гэж та үздэг вэ?
Манай дээр “Компанийн засаглалын кодекс”-ыг зөрчсөн асуудал бол байхгүй байх. Манай ТУЗ өөрөө нэлээд туршлагатай. Ил тод байж чаддаг. Манайх бас сайттай. Түүндээ мэдээллүүдээ оруулаад явдаг.
Хувьцаа эзэмшигчиддээ хүргэх нэмэлт мэдээлэл байна уу?
Энэ салбартаа бол бид мэргэжлийнх. Нефть боловсруулах үйлдвэр барих нь хувьцаа эзэмшигчиддээ барьж буй хамгийн том бэлэг. Ингэж зориглож байна гэдэг бол том алхам. Бид өмнө нь зөвхөн хаягдал бүтээгдэхүүн дээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо ОУ-ын стандартыг хангасан сайн чанарын бензин, дизелийн түлш, мазот үйлдвэрлээд гадаадын зах зээл дээр борлуулаад явна, үүнийг ч манай 200 гаруй хувьцаа эзэмшигчид хүсч байгаа байх.
Ер нь анхнаасаа л бид анхдагч байсан. Цаашдаа ч нефть боловсруулах үйлдвэр гэдгийг энэ зах зээлрүү орох бусад компаниудад үлгэр жишээ болгох болов уу гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |