ДАРХАН НЭХИЙ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Р.СҮМБЭНХҮҮ: ДАРХАН НЭХИЙ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨДРӨӨС ӨДӨРТ САЙЖИРЧ БАЙГАА...

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.02.23

Дархан Нэхий ХК 10 орчим улсруу бүтээгдэхүүн экспортолдог...

2015 онд хэрэгжүүлсэн онцлох үйл явдал юу байв?

Дархан нэхий ХК 2014 оны сүүлээр Хөгжлийн банкны болон МҮХАҮТ-ын Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл авч хөрөнгө оруулалтаараа үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулах, технологийг боловсронгуй болгоход хандуулсан. Нийгэм эдийн засгийн энэ хүнд үед бид бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг сайжруулж ард түмэнд хүргэх асуудал маш чухал байсан учраас бүтээгдэхүүнийхээ үнийг 50 хувь хүртэл хямдруулсан нь зах зээлд ч тэр чухал нөлөө болсон гэж үзэж байна. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулж зардал багасгасан нь дэвшил гэж ойлгож байгаа.

Бизнесийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал юу байсан бэ? Нийгэм эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлөв?

Нийгмээрээ худалдан авах чадвар буурчихаар бидний үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна л даа. 2015 онд өмнөх оноосоо 20 хувиар борлуулалт буурсан. Бид бүх бүтээгдэхүүнийхээ 50-60 хувийг экспортод гаргадаг учраас давуу тал бол байсан. Тиймээс дотоодын худалдан авалтын бууралт муу байсан ч гадаадын экспорт сайн байсан учраас харьцангуй борлуулалтаа нөхөж авч гарч чадсан болов уу.

Танай компанийн ТУЗ хэдэн удаа хуралдсан бэ?

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг бол төдөн удаа хийнэ гэж товлох нь бага л даа. Яагаад гэвэл ТУЗ гүйцэтгэх захиралтайгаа гэрээтэй ажилладаг учраас гүйцэтгэх захирлын гэрээнд хөрөнгө оруулалтыг заавал ТУЗ-аараа хэлэлцэж шийдвэрлэдэг учраас ийм асуудал байнга явагдаж байдаг. Тиймээс шинэ зах зээл, шинэ түнш зэрэгтэй их хэмжээний гэрээ хэлцэл хийхэд ТУЗ-аа хуралдуулдаг учраас бид заавал биеэр гэхгүй цахимаар хуралдаад тухай бүрт нь асуудлаа хэлэлцээд явдаг.

ТУЗ-ийн хурлаар ямар чухал асуудлуудыг хэлэлцсэн бэ?   

Компанид тавигдаж байгаа ТУЗ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал болгоныг л бид чухалчлан авч үзэж оновчтой шийдвэр гаргахыг гол болгодог. Хамгийн гол нь хувьцаа эзэмшигчдийн тайлангийн хурал маш чухал байдаг.

ТУЗ-ийн дэргэдэх хороод хэр зэрэг ажиллаж байгаа вэ?

ТУЗ-ийн дэргэдэх Хороодоо бол бид жилд сайн ажиллуулж чадахгүй байна гэж хэлж болно оо. Гэхдээ Аудитын хороо бол сайн ажилладаг. Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороод жигд ажиллаж байна гэж хэлэхэд доголдолтой байгаа гэж шударгаар хэлэх байна. Энэ сул ажиллаж байгаа нь ажлын зохион байгуулалт сул байгаатай л холбоотой байх.

Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй асуудал ТУЗ-өөрөө хэлэлцсэн үү?

Сонирхлын зөрчилтэй асуудал ерөөсөө гараагүй. Их хэмжээний хэлцэл бол экспорт хийдэг учраас их гарна. Олон жил Итали, Испани, Тайвань, Хятад, Орос, Голланд, Япон, Польш гэх мэт улсууд руу худалдаа явагдаад эхэлцэн учраас энэ асуудал бол ерөнхийдөө жигдэрчихсэн байдаг. Бид цаашдаа бүр бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүн гадагшаа гаргахыг л гол зорилгоо болгож байгаа.

Ногдол ашгийн бодлого бий юу?

Хувьцааныхаа ногдол ашгийг нэмэгдүүлэх тал дээр хувьцаа эзэмшигчид байнга анхаарал тавьж байдаг учраас энэ хамгийн чухал асуудал л даа. 3 жилийн өмнө ногдол ашиг тараасан байгаа. Бид Хөгжлийн банкны тусламжтайгаар үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зээл авсан учраас тэр зээлийг дуустал хувьцааны ногдол ашгийг тараах боломжгүй гэдэг ойлголттой байгаа.

ХЭ-ийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд товлогдсон уу? Ямар асуудлыг хэлэлцэх вэ?

Товлогдсон байгаа. Хурлаар гүйцэтгэх захиралын үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгнө, дотоодын аудитын тайланг хэлэлцэнэ, ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар, мөн ногдол ашиг тараах эсэхийг мэдэгдэнэ.

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу? Гишүүдийн мэргэшил чадварын хувьд хэрхэн бүрдүүлсэн бэ?

Манай компанийн ТУЗ 9 гишүүнтэй, хараат бус 3 гишүүнтэй. ТУЗ-ийн гишүүдэд манай үйлдвэрийн ажилтнуудад ихэнх нь байгаа. Хараат бус гишүүнд бол гаднаас хөдөө аж ахуй, санхүү болон техникийн чиглэлийн хүмүүс бүрдүүлдэг.

Танай компанийн засаглал ямар түвшинд байгаа гэж та боддог вэ?

Манай компанийн засаглал ер нь гайгүй талдаа гэж ойлгож явдаг. Бид харин мэдээлэх, сурталчилах талдаа л муухан ажиллаж байгаа гэж бодож байна. ТУЗ-ийн гишүүдээс 1 хүнээс бусад нь бүгд засаглалын сургалтанд суусан. Компани бүтцийн тухайд чиглэл чиглэлээ хариуцсан охин компаниуд байдаг. Бүх үйлдвэрлэлүүдийн чиг үүрэг маш тодорхой, хариуцлагатай ажилладаг.

Бүх үйл ажиллагаа, төсөв, төлөвлөгөө, орлого зарлага, ашиг бүгдийг тусад нь тооцож явдаг учраас бүх зүйл тодорхой болчихсон байдаг. Бид ажлын төлөвлөгөө гүйцэтгэлээрээ 7 хоног болгон нэгдээд явж байдаг. Тиймээс л засаглалын түвшинд гайгүй байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Харин нийтэд түгээх, нээлттэй байдлаа сайжруулахад анхаарах хэрэгтэй байгаа байх.

2016 онд ямар ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Хувьцаа эзэмшигчиддээ хүргэх нэмэлт мэдээлэл байна уу?

Нийгэм, цаг үе сайнтай муутай байгаа өнөө үед бид үр ашгаа энэ байгаа түвшингээсээ бууруулахгүй байх нь бидний хамгийн гол зорилго. Жилээс жилд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах бодлого байнга баримталдаг.

Анх нэхий л боловсруулдаг, нэхий бүтээгдэхүүн хийж гадаадад гаргадаг байсан бол одоо савхи, эсгий хийж байна, үхэр адууны бодын ширийг гүйцэт боловсруулж дотоодын жижиг үйлдвэрлэгчдэд түүхий эдийг нь бэлтгэж байна. Дотоодын борлуулалтын 60-70 хувийг Улаанбаатар хотод хийдэг. Хувьцаа эзэмшигчиддээ хандаж хэлэхэд Дархан нэхий ХК-ийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт сайжирч байгаа гэдгийг нүүр бардам хэлье. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн