Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2016.02.23 |
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр нь бүх насны иргэдэд хувийн болоод өрхийн санхүүгээ хэрхэн зохистой удирдан зохион байгуулах мэдлэгийг олгоход чиглэж байгаа гэж ойлгож болно.
Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам болон Санхүүгийн Зохицуулах Хороо, хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Боловсролын албаны мэргэжилтэн М.Нургултай ярилцлаа.
Монголбанк олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Оны өмнөхөн батлагдсан хөтөлбөр он гарснаар хэрэгжиж эхлэх учиртай. Одоо ямар шатанд байна вэ?
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд олон нийтийн санхүүгийн шийдвэр гаргах суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Дан ганц Монголбанк ч биш Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, БСШУЯам хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2021 онд хэрэгжүүлэхээр болж батлуулсан байгаа.
Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хамгийн эхэнд санхүүгийн суурь боловсролын талаар нэгдсэн ойлголт бүхий сургалтын хөтөлбөрийг зорилтот бүлэг тус бүрт хандуулж боловсруулах ажил хийгдэж байна. Сургалтын хөтөлбөр дээр суурилж дараа дараагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр нь бүх насны иргэдэд хувийн болоод өрхийн санхүүгээ хэрхэн зохистой удирдан зохион байгуулах мэдлэгийг олгоход чиглэж байгаа гэж ойлгож болно.
Суурь мэдлэгийг дээшлүүлэх арга замууд нь ямар байх бол. Тухайлбал, ЕБС-д энэ хөтөлбөрийг ямар үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх гэж байна. Сургалтын хөтөлбөрт тусгагдсан уу?
Хөтөлбөрийг сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох, залуу үед санхүүгийн мэдлэг олгох, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр санхүүгийн мэдлэг олгох гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ гэдгийг олон нийтэд зарласан.
Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн тушаалаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргадаг, санхүүгийн сахилга баттай, хуримтлуулагч иргэнийг төлөвшүүлэх зорилготой Ерөнхий боловсролын “Бизнес судлал” хичээлийн сургалтын цөм хөтөлбөрийг эхлүүлээд явж байна.
Хичээлийг ЕБС-ын ахлах анги буюу 10,11,12 дугаар ангиудад орохоор төлөвлөсөн. Одоогоор 10 дугаар ангид туршилтын шатанд явж байна. Цаашид бага болон суурь ангиудад санхүүгийн мэдлэг олгохоор хичээлийн хөтөлбөрт оруулах зорилтыг тавьсан.
Дээр хэлсэнчлэн, хөтөлбөр ганцхан жил хэрэгжээд дуусах биш цаашдаа шат дараатай 2021 он хүртэл хэрэгжих юм. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт санхүүгийн боловсрол, хувь хүний санхүү хичээлийг оруулах асуудлыг БСШУЯ хариуцаж байгаа.
Цахим сайт ашиглалтад оруулж, түүгээр дамжуулан иргэдэд боловсрол олгоно гэсэн ойлголттой байгаа. Цахим сайтын талаар мэдээлэл өгөөч. Ашиглалтад орж эхэлсэн үү?
Ер нь санхүүгийн боловсрол иргэддээ олгож байгаа улс орнууд хэвлэл мэдээлэл, вэб сайтад их анхаардаг юм билээ. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судлаж байхдаа олон ч улс орны туршлагаас судласан. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай гадны зөвлөх багш нараас ч мэдээлэл авсан байгаа.
Цахим хуудас маш энгийн, танин мэдэхүйн, боловсрол олгох ёстой.
Их Британи улсад гэхэд эцэг эхчүүдийн мөнгөний гарын авлага гэж вэб хуудас бий. Эцэг, эхчүүдийн сонирхол татах, тэр тусмаа залуу гэр бүлд, дөнгөж шинэ хүнээ өлгийдөж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээллийг оруулах зэргээр цахим хуудсаа хүн бүхний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэрэгцээтэй, сонирхолтой байдлаар хөгжүүлдэг гэсэн.
Цахим хуудас маш энгийн, танин мэдэхүйн, боловсрол олгох ёстой. Хүүхдэд тоглоом хэлбэрээр, залуучууд, залуу гэр бүлд төрөл бүрийн санхүүгийн тооцоолуур гэх мэтээр хамгийн сонирхолтой байдлаар боловсролыг олгох юм. Цахим хуудсыг энэ оны гуравдугаар улирал гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх ажлыг зөвхөн Төв банк хийхгүй гэж ойлгож болох уу. Тухайлбал, арилжааны банкууд энэ хөтөлбөрт ямар үүрэгтэй оролцох юм?
Хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталсан учраас хамтдаа хэрэгжүүлээд явна. Түүнчлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын даатгагчдын холбоо болон бусад хувь хүний санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өөр өөрсдийн ажил үүргийн дагуу идэвхитэй хамтран ажиллаж байгаа.
Арилжааны банкуудыг төлөөлөөд Монголын банкны холбооны дэргэд санхүүгийн боловсролын хүрээнд тусгайлсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг “Харилцагчдын санхүүгийн боловсрол”-оор тусгайлан сургалтын хөтөлбөр боловсруулж, банкуудаар дамжуулан харилцагч нартаа санхүүгийн суурь боловсрол олгох юм.
Манай улсын иргэдийн санхүүгийн сахилга бат тун сул гэдэг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судлах явцад энэ талаар тодорхой судалгаа хийсэн байх?
Таны хэлдэг үнэн л дээ. Монгол Улсын санхүүгийн чадавхийн чиглэлээр Дэлхийн банк 2012 онд судалгаа явуулсан байдаг. Хүн амын 30 хувь нь банкны хүүний талаар ойлголтгүй, 60 гаруй хувь нь хуримтлал инфляцид ямар нөлөө үзүүлж байдгийг мэдэхгүй байсан гэсэн судалгаа бий. Нөгөө талаар судалгаанд хамрагдаж тавьсан асуултад оновчтой зөв хариулт өгч байсан хүмүүсийн хувьд өндөр орлоготой, бизнесийн чиглэлээр ажилладаг хүмүүс байх жишээний.
Мөн хот суурин газар ажилладаг иргэдийн санхүүгийн чадвар хөдөө орон нутгийн иргэдээс илүү байсан.
Хөдөө орон нутгийн иргэд маань гол мэдээллээ сонин, телевизээс авдаг.
Түүнчлэн, нийт хүн амын 90 орчим хувь нь банк болон банкнаас санал болгодог бүтээгдэхүүний талаар мэдэж байсан бол 50-иас бага хувь нь даатгал болон валют арилжааны талаар, 30 хүрэхгүй хувь нь МХБ-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэддэг гэсэн судалгааны үр дүн гарсан.
Эндээс харахад, санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргахдаа хүндрэлтэй тулгарах асуудал байсаар байгаа юм. Тиймээс дэлхий нийтийн чиг хандлагаар уг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага үүссэн юм.
Их, дээд сургууль, мөн ажлын байранд гарчихсан иргэдэд хэрэглээгээ хянаж сурах талаарх мэдлэгийг хэрхэн олгох бол. Хичээлийн программаар орох уу, эсвэл эдийн засагчдыг лекц уншуулах байдлаар явуулах уу?
Санхүүгийн суурь боловсролын талаар нэгдсэн ойлголт бүхий сургалтын хөтөлбөрийг зорилтот бүлэг тус бүрт хандуулж боловсруулах ажил хийгдэж байгааг өмнө нь дурьдсан. Энэ хүрээнд тухайлбал МСҮТ-ийн оюутнуудын хичээлийн хөтөлбөрт “Хувь хүний санхүү” хичээлийн агуулгыг тусгуулахаар Хөдөлмөрийн яаманд хандсан байгаа. Бидний саналыг Хөдөлмөрийн яам дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулга, МСҮТ-ийн хичээлд оруулах агуулга дээр мэргэжлийн багш нараас бүрдсэн чадварлаг багш нарын баг ажиллаж байна.
Их дээд сургуулийн тухайд МУИС-ийн Бизнесийн сургууль 2014 оноос анхлан Хувь хүний санхүү хичээлийг мэргэжил харгалзахгүй сонгох хичээлээр оруулсан. Энэ нь олон мянган оюутанд хувийн санхүүгээ удирдах боломжийг олгосон анхдагч хөтөлбөр болж чадсан.
Тийм учраас нийт их дээд сургуульд мэргэжил харгалзахгүй “Хувь хүний санхүү” хичээлийг оруулах асуудал дээл МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллахаар санал тавьсан гэх мэтээр их дээд сургуулийн оюутны санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажил эхэлчихсэн. Мөн насанд хүрэгчдэд БСШУЯ-ны дэргэдэх Насан туршийн боловсролын төв түүний сургалт, сургагч багш нараар бэлтгэн хүргэх боломжтой гэж үзсэн байгаа.
Хэвлэл мэдээллээр дамжуулж мэдлэг олгох хөтөлбөрийн талаар тайлбарлаач?
Энэ хөтөлбөрийн нэг гол зорилт нь хэвлэл мэдээллээр дамжуулан бүх насныханд санхүүгийн боловсрол олгох боломжтой гэж тодорхойлсон явдал. Хөдөө орон нутгийн иргэд маань гол мэдээллээ сонин, телевизээс авдаг. Тэгэхээр интернет ухаалаг утас, вэб хуудаснаас гадна сонин, телевизээр санхүүгийн мэдлэг олгох нь бас нэг гарц юм.
Санхүүгийн боловсролыг олон ангит кино, утсаар холбогддог радио нэвтрүүлэг, эсвэл жижиг ном, сэтгүүл, зурагт ном гаргах зэргээр мэдээллийн суваг бүрийг оновчтой ашиглаж чадвал илүү үр дүн гарна гэж харж байгаа. Жишээлбэл, Монголбанкнаас санхүүгийн мэдлэг олгох хүүхдийн зурагт номыг цувралаар гаргаж эхэлсэн гэх мэтээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |