Б.ЛХАГВАЖАВ: ИЛ ТОДЫН ХУУЛЬД САЙН ДУРААРАА ХАМРАГДСАН КОМПАНИУДАД ТАТВАР, ДААТГАЛ, ГААЛИЙН ШАЛГАЛТ ХИЙХГҮЙ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.02.17

Манай компаниудын 99 хувь нь нэг хүнтэй. Гэтэл тэр компани нэг хэсэг хүний баялаг байдаг.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт энэ сарын 20-нд дуусгавар болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах байсан хуулийн хугацааг нэг удаа сунгасан юм.

 

Ерөнхий сайд энэ сарын 10-нд болсон Эдийн засгийн зөвлөлийн хурлаар ил тодыг дэмжих хуулийн хүрээнд 14.4 их наяд төгрөг төвлөрсөн гэв. Нийт 15 074 аж ахуйн нэгж тайлан хүргүүлснээс 9 480 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан баталгаажсан аж. 28 430 татварын, 1768 нийгмийн даатгалын тайлан болон 4242 гаалийн нөхөн мэдүүлгийг бүртгүүлжээ.

 

Энэ оноос эхлэн нууц, далд бизнес хийх ямар ч аргагүй болно.

Сөрөг хүчний эсэргүүцэлтэй удаан тулсан ч батлагдан гарсан энэ хуулийн ач холбогдлын талаар МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавтай энэ хуулийн талаар ярилцлаа.

 

Гадаад дотоодын хөрөнгө байж л манай эдийн засаг босно. Оюутолгойд хоёр км-ын доор байгаа манай шорооноос эрдэнэс гарна гэж найдан, дэлхийн томоохон банкууд, санхүүгийн байгууллагууд Оюутолгойд зээл өглөө. Энэ үйл явц өмнө нь ч давтагдсан. Одоогоор хүмүүс үүнийг шинэ юм шиг ярьцгааж байна.

 

2008 онд одоогийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай их төстэй хууль хэрэгжүүлсэн. Татварын зарим хууль, нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай хууль зургаан сар хэрэгжээд 2008 оны долдугаар сарын 1-нд дууссан юм. Энэ үеэр дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил, үйлчилгээ, хөрөнгө ил болсон.

 

Дараа нь 2010 онд Оюутолгойн гэрээг зурахад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгийг Рио Тинто гаргасан. 2010, 2011 онд манай эдийн засаг ихээхэн өслөө. Энэ өсөлтийн гол эх үүсвэр нь монголчуудын дотоодын, дараа нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байсан. Манайхан судалгаагаа дутуу хийдэг учраас зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалт болон эрдэс баялгийн үнийн өсөлттэй 17 хувийн ДНБ-ий өсөлтөө холбож ярьдаг. Энэ нь буруу. Миний бодлоор Оюутолгой компани энэ огцом өсөлтөд 30 хувийн нөлөө үзүүлж, 70 хувийг нь монголчууд өөрсдөө хангасан. Мал аж ахуй, газар тариалан, барилгынхан хамтдаа өсөлтийг бүтээсэн шүү дээ.

 

Дараа нь юу болсныг бид мэднэ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 4.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх болсон цаг үетэй Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль мөн л давхцан гарлаа. 14.4 их наяд төгрөг төвлөрсөн гэдэг нь бид дахин дотоодын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа өсгөх сууриа тавилаа гэсэн үг.

 

2008 онд хэрэгжсэн өршөөлийн хуулийн дараа зөвхөн татварын давж биелсэн орлого гэхэд л 2008, 2009, 2010 онд нэг их наяд төгрөгт хүрсэн байдаг. Мөн энэ хугацаанд иргэдийн банкинд хадгалуулсан орлого хоёр их наяд төгрөгт хүрсэн. Хадгаламж өсөх тусам бизнесийн зээлийн олдоц өсдөг.     

 

Маш бага үнийн дүнгээс болж хүнд эрүү үүсгэдэг, дарамталдаг, авлига авдаг. Мафийн энэ системээс салахын тулд ил тодын хуулийг хэрэгжүүлсэн.

 

Та эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахын тулд анхнаас нь их хүчтэй лоббидсон. Энэ таны өөрийн, эдийн засагч хүний итгэл үнэмшил байв уу эсвэл МҮХАҮТ-ын захиалга уу?
 

Би жилийн өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болсон. Ингэхдээ хоёр л зүйл амласан. Нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлах байв.

 

Яагаад энэ асуудлыг хүчтэй тавьсан гэхээр эдийн засаг 2013-2014 онд бид эдийн засгаа зөвхөн мөнгөний бодлогоор тэтгээд, таван тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг нийлүүллээ. Гэтэл энэ нь микро эдийн засагтаа шингэж чадахгүй, гацаа үүсгэчихлээ.

 

Манай ААН-үүдийн санүхү бүртгэлийг шинээр эхлэхгүй, санхүү, татварын тайланг шинэ гараанаас эхлэхгүй бол хөрөнгө оруулалт шингэхгүй юм байна. Хуурамч тайлан баланстай учраас тэр шүү дээ. Эдийн засгийн ил тодын хуулийн гол зорилго нь компаниудын тайлан, тооцоог шинээр эхлүүлэх. Ингэснээр бид хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтөө эргүүлээд өөрсдөдөө шингээх юм.

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зургаадугаар заалтыг компанитай хүн бүр унших хэрэгтэй. Энд сайн дурын үндсэн дээр өөрийн ажил үйлчилгээг ил болгосон тохиолдолд тухайн татваруудаас болон захиргааны буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн байгаа.

Мөн бүртгэл, мөрдөн байцаалтад дахин эх сурвалж болгон ашиглахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл сайн дураараа хамрагдсан компаниудад татвар, даатгал, гаалийн шалгалт хийхгүй. Харин хамрагдаагүй команиудад шалгалт хийнээ л гэсэн үг. Тэгэхээр цэвэрхэн компаниуд ч маягтыг нь бөглөөд, байгаа юмаа л нөхөж бичээд өгчих хэрэгтэй байсан юм. Энэ хуулийн бас нэг онцлог нь  тухайн эх сурвалжийг нууцална. Ядаж л тайван амгалан бизнесээ хийнэ шүү дээ.

 

Хэн татвар, гааль, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй үлдсэн нь тэр чигтээ хаалттай байна гэдэг заалт хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан шүү дээ. Тэр бүх баримтыг устгах нь зөв гэж үү?
 

2008 онд бид татварын өршөөлийн хууль батлахдаа орлого олсон этгээд татвараа төлөх механизмыг хийгээгүй. Энэ оны нэгдүгээр сараас НӨАТ-ын шинэ хууль үйлчилж эхэллээ. Одоо бол орлого олсон этгээдийн бүх мэдээлэл татвар руу очно. Хэрэглэгч карт уншуулсан, талон авсан тохиолдолд шүү дээ.

 

Ингэснээр бид орлогоо тоолж чаддаг болно. НӨАТ-ын гол зорилго нь энэ. Тэгэхээр энэ оноос эхлэн нууц, далд бизнес хийх ямар ч аргагүй болно. Үүнийг эхлэхийн өмнө наана нь бүх тайлан, балансаа цэгцлэх шаардлага байсан болохоор ил тодын хуулийг их давшингуй баталсан юм.

 

Нягтлан бодох бүртгэлийн хуулийг ч энэ оноос шинээр мөрдөж эхэллээ. Аудитын болон эрүүгийн, зөрчлийн гэх мэт олон хуулийг шинэчиллээ. Бизнестэй холбоотой хуулиуд бүгд шинэчлэгдлээ. Иймд өмнөх системийг ч зогсоолоо. Эрүүгийн өмнөх хуулиар бол 19 сая төгрөгийн орлогоо нуусан бол таван жилийн ял авах байлаа. Сүүлийн 20 жилд яг энэ заалтын дагуу шийтэл амссан хүн арын арван хуруунд л багтана. Яагаад ийм цөөн хүн ял авав гэхээр маш олон хүн мөрдөн байцаалт, бүртгэл, прокурорын шатанд авлигаар асуудлаа шийдсэн гэсэн үг. Татварын ерөнхий газрын мэдээгээр 12560 компанийн захирал, нягтлан цагдаад дуудагдан, байцаалт өгсөн шүү дээ. Маш бага үнийн дүнгээс болж хүнд эрүү үүсгэдэг, дарамталдаг, авлига авдаг байж шүү дээ. Мафийн энэ системээс салахын тулд ил тодын хуулийг хэрэгжүүлсэн.

 

Өнөө жоохон хөрөнгийг нь “далд” хийж өгдөг хүн л хэрэгтэй байсан. Тэгж аргалдаг улсуудыг хажуудаа авч явдаг байлаа.

 

Мафийн систем гэдэг нь?
 

Бид өнгөрсөн 25 жил тодорхой баялаг, орлого бүтээсэн. Гэхдээ санхүүгийн бүртгэлээ хийж чадаагүй. Иргэд ч энэ талаар сайн ойлголтгүй байв. Үүний улмаас 20 жилийн өмнөх баялаг нь өнөөдөр ч эзэнгүй байна. Гэтэл тэр баялгийг нь хууль бусаар авах гэсэн этгээдүүд маш их. Үүн дээр нь тоглодог, мафийн бүхэл бүтэн систем бий болчихсон.

 

Тэд л ил тодын хуулийг маш их эсэргүүцсэн. Яагаад гэвэл хүн дарамталдаг, нууц орлого дээр нь ажилладаг, тэднийг сааж амьдардаг бүхэл бүтэн систем бий. Төр, хувьсгалтай нийлчихсэн систем. Иймд хар бизнесийг ил гарган, бүртгэж авахгүйгээр цааш явахгүй.

 

Одоогоор 14 их наяд төгрөг ил тодын хуулиар төвлөрсөн байна. Манай ДНБ-ий дийлэнх нь хар зах байна гэхээр цаашид юу ч бүтээгээд нэмэргүй л гэсэн үг.  Үүнээс л ангижиръя гэсэн юм. Шударга ёс ярих гэж байгаа бол 2008 онд яагаад энэ талаар яриагүй юм бэ?

 

Тэгэхэд 2856 компанийн 4 тэрбум ам.долларын орлого ил гарсан. Тэр үед олигархиуд, улстөрөөр баяжсан нөхөд бүх зүйлээ ил гаргасан. Нийт компанийн 2-хон хувь нь хамрагдаж, 98 хувь нь амжаагүй. Тэр 98 хувьд л сүүлийн таван жилд дандаа шалгалт орсон. Тэдний орлого хоёр дахин багассан. Эдийн засаг 17 хувиар өсөхөд ч орлого нь буурсан. Боломж олгосон хууль баталсан ч буцаад ийм сөрөг уршиг дагуулсан юм.

 

Үнэндээ бизнес хийдэг олон компанийн санхүү булингартай байсан. Хүмүүс эхэндээ мэдэлгүй хэсэг явдаг. Алдаа хийснээ мэдээд нууж хэсэг явдаг.  

 

Манай компаниудын 99 хувь нь нэг хүнтэй. Гэтэл тэр компани нэг хэсэг хүний баялаг байдаг. Гурвуулаа хамт компани байгуулаад арван жил явчихсан байдаг. Гэтэл банкнаас зээл авах гэх мэт бүх бичиг баримт нь нэг хүний нэр дээр. Нөгөө хоёр нь ноогдол ашгаа авмаар байдаг. Гэтэл татвар төлөх ёстой. Үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр рүү шилжүүье гэхээр НӨАТ-ын арван хувь төлнө. Энэ хуваарилтыг дахин хийх боломжийг л ил тодын хууль олгосон. Нэг ёсондоо хөрөнгийг дахин хуваарилах хууль болсон. Түүнээс шударга ёс тогтоох биш юм. Бий болгосон өмч хөрөнгөө албан ёсны эзэнтэй болгоё л гэсэн юм.    

 

Түрүүний жишээн дээр ярихад гурван хүний компанийн санхүүгийн бүртгэл дээр нэг тэрбум төгрөг байгаа ч яг үнэндээ 3 тэрбум төгрөг төвлөрчихсөн. Ийм байдал даамжирсаар зөрчлийн эх үүсвэр болсон. Одоо нөгөө гурван хүнд ямар хүн хэрэгтэй вэ гэвэл хөрөнгийг нь өсгөх гүйцэтгэх захирал л хэрэгтэй. Гэтэл саяхныг хүртэл ямар байсан гэхээр өнөө жоохон хөрөнгийг нь “далд” хийж өгдөг хүн л хэрэгтэй байсан. Тэгж аргалдаг улсуудыг хажуудаа авч явдаг байлаа шүү дээ. Одоо тэр хүмүүс хэнд ч хэрэггүй. Ийм бололцоог л олгоё гэсэн юм.

 

2008 онд өршөөлийн хууль баталсан атлаа долоон жилийн дараа дахин өршөөх хууль баталлаа гэж УИХ-ын зарим гишүүн шүүмжилсэн. Мөн ойрын 10 жилд дахин татвараас өршөөх хууль батлахгүй гэдэг заалт нэмэх санал ч гарсан. 
 

2008 оны хуулийг батлахдаа 2007 оны арванхоёрдугаар сарын 27-ны шөнө хаалттай хуралдаанаар баталсан. Тэгсэн атлаа нэгдүгээр сарын 1-нээс нь мөрдөхөөр заасан юм. Хуулийг хэрэгжүүлэх журам нь дөрөвдүгээр сард батлагдан, зургаадугаар сард хугацаа нь дууссан.  Хуулийг сурталчлахад засгаас нэг ч төгрөг зарцуулаагүй. Танин мэдэхүйн ямар ч ажил хийгээгүй. Үүгээр зогсохгүй эсрэг ажил хийж байсан. Та хөрөнгөө ил гаргавал, долдугаар сард гарч ирэх шинэ засаг таныг шоронд хийнэ гэж ярьж байсан.

 

Тэр үед яагаад шударга ёсыг зөрчиж байна гэж дуугараагүй юм? Хэн ч дуугараагүй шүү дээ. Энэ бол алтан боломж гээд л би өөрөө реклам хийлгэж байсан. Тийм учраас нийт компанийн 98 хувь нь ашиглаж чадаагүй. Энэ удаад байдал огт өөр байна. Засгийн газрын дөрвөн агентлаг хамтран ажиллалаа. Сангийн яам сурталчилгааг их сайн хийн, олон сургалт явууллаа. Та хуулийн ийм сурталчилгааг өмнө нь хараагүй байх. Цаашид бүх хуульд энэ жишиг тогтох биз.

 

2016 оны эхний улиралд нягтлангууд шинэ хуулийн дагуу тайлангаа гаргана. Гэтэл энэ хулийн сурталчилгааг хийсэнгүй.

 

2008 оны татварын өршөөлд хамрагдсан ААН-үүдийн жагсаалтыг олж авах боломжтой юу?
 

Хувь компанийн нууц гэж явдаг. Би Ерөнхий сайдын зөвлөх байхдаа энэ статистикүүдийг томоор нь авч харсан учраас л татварын өршөөлд хамрагдаагүй ААН-ийн орлого хэрхэн буурсныг харсан.

 

Гэхдээ архивгүй төр гэж байх ёсгүй.
 

Тийм л дээ. Яг л өнөөдрийн ил тодын хуулийн адил 2008 онд ч бүх ААН өршөөлийн хуулийг ашигла л гэсэн. Гэтэл ихэнх компани надад хамаагүй, баячуудад л хамаатай гээд тойроод гарсан. Одоо ч ил тодын хуулийн хугацаа дусангуут баахан хүн гомдоллоно. Би үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх байсан гэцгээнэ.

 

Уг нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль аль Н.Алтанхуягийн Засгийн газрын үед батлагдах байсан юм. Манайхан макро эдийн засаг талаас нь биш улстөрийн өнцгөөр харж, их хойшлууллаа. МАН засагт орж, азаар шахуу энэ хуулийг баталлаа. Хэрэв дөрвөн сард баталсан бол аравдугаар сард жигдэрчих байсан юм.

 

Ярилцсанд баярлалаа.                               

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн