БИД САЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХООР ХИЧЭЭЖ БАЙГАА, ЦААШИД Ч ХИЧЭЭХ БОЛНО

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2016.02.17

Мерекс ХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Улаанхүүтэй ярилцаж компанийн засаглалаар зарим зүйлийг тодрууллаа.

Мерекс ХК-ийн  2015 оны онцлох үйл явдал юу байв?

Манай үйлдвэр 2014 онд туршилтын журмаар үйл ажиллагаагаа явуулаад 2015 онд зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд албан ёсоор ажиллаж эхэлсэн. Тиймээс өнгөрсөн онд анхаарах, сайжруулах зүйлсээ харж чадсан тийм жил байлаа.

Хэдийгээр барилгын салбарын хувьд хүндрэлтэй жил байсан ч  манайх ашигтай ажиллаж чадсан. Нийт 36 мянга орчим м/куб зуурмагийг харилцагч байгууллагууддаа чанарын ямар нэгэн доголдолгүй нийлүүллээ. Цаашдаа үйлдвэрлэлийнхээ хэмжээ чанарыг сайжруулах чиглэлээр олон зорилтыг тавиад байна.

Барилгын салбар, нийгэм эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлсөн бэ? Тулгамдсан асуудал юу байв?

Ерөнхийдөө барилгын борлуулалт муудсантай холбоотойгоор барилгын компаниудын төлбөрийн чадвар хүндэрсэн. Мөнгөн урсгал зогсонги байдалд орсон. Тиймээс ажлын  бараг тал хувь нь бартераар явагдсан. Энэ онд худалдан авалтыг дэмжсэн бодлогууд хэрэгжээд эхэлбэл барилгын салбарт гацсан цус маань гүйж эхлэх боловуу гэсэн хүлээлттэй байна. Энэ салбар дахь хоорондын өглөг авлагууд ч их болсон. Энэ зангилаа тайлагдвал цаашдаа амь орох төлөвтэй байх шиг байна

Мерекс ХК-ийн ТУЗ хэдэн удаа хуралдсан бэ?

Өнгөрсөн онд биечилсэн хурал 3 удаа явагдаж  3 удаа цахим маягаар хурал хийсэн.

ТУЗ-ийн хурлаараа ямар ямар чухал асуудлыг хэлэлцсэн бэ?

Жилийн бизнес төлөвлөгөөгөө батлах, улирал тутмын гүйцэтгэлүүдээ ярилцах, ерөнхийдөө гүйцэтгэх удирдлагаа шахах маягтай хурлуудаа хийдэг гэсэн үг. Оны эхэнд баталсан төлөвлөгөөний гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна, яагаад хэрэгжихгүй байна гэх мэт асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэх, борлуулалтынхаа үнийн дүнд хөрөнгө шилжүүлж авах гэхчилэн бартерын асуудлаа хэлэлцэх мөн өндөр хэмжээний хэлцлүүд, сонирхлын зөрчилтэй хэлцлүүдээ хэлэлцээд явдаг. 

Гарч байгаа шийдвэр бүхэн маань чухал. Төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэх удирдлагаа шахдаг. Борлуулалтын гэрээ хэлцлүүд, богино хугацаат зээл авах асуудлууд бас үйлдвэрлэлийн явцад гардаг. Энэ мэт асуудлуудаа хэлэлцэж баталдаг.

ТУЗ-ийн дэргэдэх хороод бий юу? Хэрхэн ажиллаж байгаа вэ?

Хороод маань бүгд бий. Аудитын хороо хуралдаад аудитын байгууллагаа сонгоод ажлаа хийж байх жишээтэй. Нэр дэвшүүлэх хороо бас санал дэвшүүлээд явдаг. Ер нь хороодын хувьд өдөр тутмын ажил бага учраас тухай бүрт нь хийгдэх ажлуудаа хийгээд явж байгаа. Манайх ерөнхийдөө ТУЗ-аа гайгүй бүрдүүлсэн гэж боддог. Санхүү, хуулийн чиглэлийн хүмүүс, барилгын чиглэлийн мэргэжилтэн гэх мэт хүмүүсээс бүрдсэн байдаг. Нарийн бичгийн даргатайгаа нийлээд 10 гишүүнтэй.

Та дээр дурьдлаа. Их хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчилтэй хичнээн асуудлыг ТУЗ-аараа хэлэлцсэн бэ?

Ноднин их хэмжээний 1 хэлцэл, сонирхлын зөрчилтэй 2 асуудлыг бид хэлэлцсэн. Ерөнхийдөө ийм асуудлууд их гардаг. Цаашдаа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдээд ирвэл эдгээр хэлцлүүдийн тоо улам л нэмэгдэх байх.

Хараат бус аудитын компаниа яаж сонгосон бэ?

Манайд “Нийслэл Аудит” ХХК ажиллаж байгаа. СЗХ-оос гаргадаг Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд аудит хийх эрх бүхий компаниудаас 5 компанийн саналыг аваад тэндээс үнэ, үйлчилгээ, чанар, туршлагыг харгалзан энэ компанийг сонгосон.

Аудитын дүгнэлт гарсан уу?

Гараагүй байгаа. Тайлангаа өгчихсөн байгаа одоо аудитын компани 14 хоног орчим ажиллах байх.

Ногдол ашгийн бодлого байдаг уу?

Ерөнхийдөө ашигтай ажиллавал ашгийнхаа 25-с доошгүй хувийг ногдол ашигт хуваарилж байя гэсэн бодлоготой ажилладаг. Ногдол ашиг тараасан байдал бол гараагүй байгаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал товлогдсон уу?

Одоохондоо товлоогүй байгаа. 2 дугаар сарын сүүлээр ТУЗ хуралдана. Энэ хурлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа товлоно. Ер нь 4 дүгээр сарын 1-ний дотор багтаагаад хуралдуулах санаатай байна.

ХЭХ-аараа ТУЗ-ийн гишүүдийн асуудал, компанийн үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ танилцуулах, ирэх оны төлөвлөгөө төслүүдээ танилцуулах, мөн гүйцэтгэх захиралаас “бизнесийн өөрчлөлт хийх үү” гэсэн саналын асуудал яригдаж байгаа, үүнийг энэ оны хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудал зэргийг харж байгаад шийдвэрлэх байх.

Танайх хичнээн хувьцаа эзэмшигчтэй вэ?

200 гаруй хувьцаа эзэмшигчтэй.

ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч байсан уу?

2015 оны хурлаараа ТУЗ-д өөрчлөлт хийгдэж нэг хүн солигдсон.

2016 онд ямар ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Хувьцаа эзэмшигчиддээ хүргэх нэмэлт мэдээлэл байна уу? 

Үйлдвэрийн хүчин чадал жилд 240 мянган м/куб. Одоо үйлдвэрлэлийнхээ 20 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Бид 2016 онд үйлдвэрийнхээ хүчин чадал, ашиглалтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Ингэвэл манай үр ашиг ч бас нэмэгдэнэ. Мөн бетон зуурмагын үйлдвэрлэлтэй хавсарч хийж болохоор үйлдвэрлэлийн төрлүүд юу байна? гэдгийг судлаад энэ жилдээ боломжтой байвал зарим нэг хөрөнгө оруулалтыг хийнэ. Манай  үйлдвэрлэлийн газар талбай том учраас блок хийх зэрэг хавсарч хийж болохоор үйлдвэрлэлүүдийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Та ТУЗ-ийн даргын хувьд танай компанийн засаглал ямар түвшинд байгаа гэж боддог вэ?

Засаглалын хувьд бид аль болох нээлттэй байхыг хичээдэг. Гэвч зарим талаараа нөгөө талын хамтрагч компани маань олон нийтэд зарлагдах дургүй байдаг. Уг нь манайх хариуцлагаа хүлээгээд үр дүнтэй гэрээ хэлцэл хийсэн бол түүнийгээ зарлаж ил тод нээлттэй хариуцлагатай компани байхыг хичээдэг ч нөгөө талд өөр компанийн эрх ашиг хөндөгдөх гээд байдаг зэрэг иймэрхүү байдал үүсдэг л дээ. Гэхдээ бид сайн засаглалтай болохоор хичээж байгаа, цаашид ч хичээх болно.

Ярилцсанд баярлалаа.

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн