КОМПАНИ ЗАСАГЛАЛАА САЙЖРУУЛНА ГЭДЭГ ИД АШИГ ОЛОХ НАСАА УРТАСГАНА ГЭСЭН ҮГ

Нийтлэгдсэн : 2016.01.29

МҮХАҮТ-аас 2016 оныг Засаглалаа сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас дараах тодруулгыг авлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. МҮХАҮТ өнгөрсөн хугацаанаас дүгнэж хэлбэл хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд юу байв?

Бид шинэ бүрэлдэхүүнээр ажиллаад жил гаран болж байна. Өнгөрөгч оныг ерөнхийд нь санхүүг шинэчлэх жил болгон зарласан. Эдийн засаг саарч зогсолтын байдалд орсон үед санхүүгийн шинэчлэлийг хийх болсон нь 2015 он байлаа. Манай улс гадны зээлийг зах зээлрүү нийлүүлсэн ч энэ мөнгө микро эдийн засаг руу шингэж чадахгүй замхарч байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг болж чадахгүй байгаа юм. Эндээс бид дүгнэлт гаргахад аж ахуй нэгжүүд маань өөрөө санхүүгийн 2 тайлантай байдаг. Санхүү нь будлиантай учраас тэр орж ирж байгаа мөнгийг уусгаад авчиж чаддаггүй. Ийм компаниуд өөрөө хөрөнгө оруулалт хийх ажилд оролцохгүй.

Ингээд танхимын ерөнхийлөгчид дэвшихдээ би “Эдийн засгийн ил тод байдлын хууль” болон “Эдийн засгийн өршөөлийн хууль”-ийг гаргая гэж хэлж байсан. Сүүлийн 25 жилд бий болгосон өмч хөрөнгөө албан ёсных болгох, ингэж байж бүх компани шинээр тайлан баланс эхлэх боломж гарна. Өмч хөрөнгө нуугдмал зүйл бүгд ил гарч эргэлтэнд орно. /үхмэл хөрөнгө болохгүй/ энэ нь өөрөө дотоодын хөрөнгө оруулалт болоод хөдөлгөөд явна. Одоо бүх компани нэг тайлантай болж эхэлж байна. Энэ бол том өөрчлөлт.

Дээрх хуулиуд гарснаар нуугдмал хөрөнгө ил боллоо. 2015 оны энэ том өөрчлөлт шинэчлэлийн цаашдын өгөөжийг та хэрхэн харж байна?

Нягтлан бодох бүртгэлийн хууль, аудитын хуулиуд бүгд шинэчлэн батлагдсан, нэмэгдсэн өртгийн албан татварын хууль 7 сард шинэчлэн батлагдсан, энэ 3 хууль одоо хэрэгжээд явж байна. Дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль, хувь хүний орлогын албан татварын хууль, татварын ерөнхий хууль батлагдахаар хүлээгдэж байна. Эдгээр хууль батлагдсанаар татвар, санхүүгийн системийн хууль бүгд шинэчлэгдэж байна гэж ойлгож болно.

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдгээр хуулиудын мөн чанар нь илүү чухал. Энэ хуулиуд үнэхээр тэр компаниудын хөрөнгө оруулалтыг хамгаалж чадах уу? Олсон орлогыг нь, мөнгөн урсгалыг нь, хүний нөөцийг нь хамгаалж чадах уу, тэр бүгдийг харж байгаа. Ил тод байдлын хууль хэрэгжсэнээр 2015 онд авсан нийт /нөат/-ын татварын бараг 30 хувийг ганцхан сард авахаар харагдаж байна. Тайлан баланс өмч хөрөнгө бүгд ил болсон учраас  энэ ил болсон тоглолтыг хийж чадах яг зөв засаглалтай компани одоо хэрэгтэй болж байгаа.

Танхим өнгөрсөн 55 жилийн хугацаанд хувийн хэвшлийнхэн, компаниудын засаглалд хэрхэн анхаарч байсан бэ?

Нэг хэсэг компаниуд учраа олохгүй байсан үед танхим маш их үүрэгтэй оролцсон. Өнөөдрийн энэ шаардлагад хүрсэн нь өмнөх он жилүүдийн л нөлөө. Ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээс хойш ихэнх компанийн эзэд СЕО биш хөрөнгө оруулагч болох сонирхолтой болсон. Тиймээс тэд хаана хөрөнгө оруулах уу гэж сайн засаглалтай компанийг хайж эхэлсэн.

Санхүү, удирдлага, ашиг орлого бүх зүйл нь ил тод компани руу мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулахыг сонирхож байна. Тэд шинэ зүйлийг, сайн засаглалыг хайж эхэлсэн. Ер нь хямрал болгоны дараа аливаа зүйл шинээр эхэлж байдаг. Аливаа компани дараагийн шинэ үед тэр компанийг аваад явах хүнээ эртнээс бэлддэг. Тэгж бэлдэж чадаагүй бол хямралын ар дээр нэлээн хэцүү байдалд орж шинэ үед цааш явж чадахгүй байх тохиолдол их байдаг шүү.   

2016 оныг Танхимын зүгээс “Засаглалыг сайжруулах жил”  болгон зарласан байна.  Энэ нь ил тод байдлыг дэмжих дараагийн алхам мөн үү?

Одоо орлогоо нууж явдаг цаг дууссан. Яг нарийндаа татвараа өгдөггүй нуудаг нөхдүүд өөрөө өрсөлдөөнөөс сайн дураараа зугтдаг, ялагддаг. Зах зээлээ булаацалдахад хэн ялах вэ гэвэл компанийн засаглал дээр сайн ажилласан компани л ялна. Тийм учраас компанийн засаглал онцгой чухал хэрэгтэй гэж манайх энэ оныг компанийн засаглалыг сайжруулах жил болгож байна. Хамгийн гол нь компанийн урт хугацаанд оршин тогтнох хөгжлийн насыг компанийн засаглал ямар байх нь л тодорхойлдог.

Орчин үед хөрөнгө оруулагч тэр институт руу орохгүй байх тусмаа засаглал сайн явагддаг. Харин манайд хөрөнгө оруулагч нь өөрөө гүйцэтгэх захиралаа хийчихдэг, тэнд гэр бүлийн пирамид үүсчихсэн, бүгдийг өөрөө шийддэг болчихсон. Энэ бол мөхөл гэж ойлгодог. Одоо энэ үеэс хөндийрч шинэ компанийн бүтэцтэй, шинэ засаглалтай тийм эрин рүү шилжин орж байна. Сайн засаглалтай компани л энэ зах зээлд тоглолт хийж чадна.

Засаглалыг сайжруулахад тулгамдаж байгаа асуудал бий юу? Оролцооны тал дээр хамрах хүрээг хэрхэн тодорхойлсон бэ?

Хэдийгээр танхим 3000 гишүүнтэй ч гишүүн биш байгуулагуудад нээлттэй. Гишүүнээс гадна нийтэд үйлчилдэг, бизнес эрхзүй хөрөнгө оруулалтын орчинг нийтэд түгээдэг зорилттой. Тиймээс бүх аж ахуй нэгж компаниуд хамрагдаж болно.

Энэ хямралын үеэр манай танхимын баримталж байгаа гол зарчим бол компаниудынхаа үнэ цэнийг унагахгүй авч явахыг чухалчилж байгаа. Одоо бол 30, 40 хувь уначихаад байна, уул уурхайн салбар бол дэлхий дээр 40-60 хувь уначихаад байна шүү дээ.

Нэг жилийн дотор бүхнийг нэг түвшинд хүргэнэ гэдэг учир дутагдалтай болов уу. Цаашид засаглалыг сайжруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Ер нь манай компаниуд ихэнх нь босоо удирдлагатай, тэнд жижиг жижиг диктатурууд бий болчихсон байдаг. Үүнийг болиулж хүмүүсээ идэвхжүүлж ажил үүргийн хуваарилалтыг зөв олгож байхыг уриалмаар байдаг юм. Ингэж идэвхжүүлэлт явуулахгүй бол нэг хүн нэг дарга, дарангуйлагчийн дор цалиндаа хорогдоод яваад байвал хэзээ ч тэр компани өсөж дэвшихгүй.

ТУЗ өөрөө ямар мэдлэг чадвартай, хариуцлагатай байна тэр нь тухайн компанийн гол суурь нь байна гэдгийг ядаж ТУЗ-ийн хэмжээнд сургалтаар ойлгуулахад илүү анхаарна. Компанийн засаглалын сургалтуудыг сайжруулна, компаниудын засаглалын мэргэжилтнүүдийг бэлтгэн төвлөрүүлнэ. Танхим өөрөө ч бас засаглалаа сайжруулахаар хичээж байгаа.

Засаглалыг сайжруулснаар бизнесийн байгууллагуудад өөрсдөд нь болон нийгэмд ямар өгөөжтэй гэж та харж байна вэ?

Зах зээл дээр амьдрах насыг нь л уртасгаж байгаа юм. Компанийн засаглалыг сайжруулна гэдэг ид ашиг олох насаа уртасгана гэсэн үг. Өөрөө өөрийгөө дахин өөрчилж чадсан нь дараагийн шинэ үед асуудалгүй ордог.

Засаглалын менежментийг л байнга хийж байвал өөрөө зах зээл дээр оршин тогтнох үндэс юм. Нэг урсгалаар яваад байна гэж байхгүй. Ядаж л уул уурхай, байгалийн баялагаа ашиглахад дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц засаглалтай байх л шаардлагатай.

Та Танхимын ТУЗ-ийн даргын хувьд өөрийн байгууллагын засаглалыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Өмнө нь бүх удирдлага 1 хүнд төвлөрсөн байсан. 2014 оны их хурлаар удирдлагын бүтцийг сольсон. Одоо би Танхимын ТУЗ-ын дарга бөгөөд Ерөнхийлөгч хийж байна. Би өдөр тутмын ажилд оролцохгүй. Танхим гэсэн институтыг өөр хүн авч явдаг. Би гадаад дотоод бодлогоо бариад явдаг.

Олон улсын институтын зарчмаар ажиллуулахаар менежментийн шинэчлэл хийгээд явж байна. Энэ бол шинэ засаглалын суурь эхэлж байна гэж харж болно. Танхимын ажилтан болгон өөрийн мэргэжлээр илүү байх ёстой. Олон улсад ч ингэж ажилладаг. Одоогоор манай засаглал шинэ хэлбэрт орж байгаа учир яг сайн мууг нь одоо дүгнэх боломжгүй.

Засаглалыг сайжруулахтай холбогдуулаад нийт гишүүн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд хандаж хэлбэл?

Хөдөөнөөс 600 мянган хөдөлмөрийн капитал орж ирж байхад үүнийг бид ашиглаж чадахгүй гудмаар алдаж байна. Оюутолгой гэхэд малчин залууг сургаад тэр залуу тухайн техникийг эзэмшиж одоо бүрэн ашиглаж байна. Ингэж хөдөлмөрийн капиталыг зөв ашиглах хэрэгтэй. 2015 онд бидэнд санхүүг шинэчлэх шаардлага байсан. Одоо компанийн засаглалыг сайжруулахгүй бол цаашаа явахгүй гэж дахин хэлье.

Хэрвээ энэ засаглалаа одоо л цэгцэлж авахгүй бол шинэ өрсөлдөөнт зах зээл дээр оршин тогтнох уу гэдэг эргэлзээтэй. Ядаж зөв засаглалтай 10 компани бий болоход л эдийн засаг сэргээд ирнэ. Үхдэггүй сэхдэггүй олон институт байгаад байвал хэзээ ч улс орон хөгжихгүй. Төрийн ивээлд орохгүй өөрсдөө хөрөнгө оруулагч татдаг, зах зээлд өрсөлдөж чадах сайн засаглалтай болох нь хамгийн чухал байна.

 

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн