Тавантолгойг А.Гансүх мэднэ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2015.06.10

Тавантолгойн төсөл УИХ-д хэзээ орж ирэх вэ? УИХ-аар оруулах уу, үгүй юу гэсэн асуултад М.Энхсайхан ч, Ч.Сайханбилэг ч, Л.Эрдэнэчимэг ч хариулж чадахгүй нь.

Тавантолгойн төсөл УИХ-д хэзээ орж ирэх вэ? УИХ-аар оруулах уу, үгүй юу гэсэн асуултад М.Энхсайхан ч, Ч.Сайханбилэг ч, Л.Эрдэнэчимэг ч хариулж чадахгүй нь.

Учир нь Тавантолгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн А.Бакей “Дэд ажлын хэсгийн бэлтгэж өгсөн материалыг харахад яах аргагүй эргэж харах шаардлагатай асуудлууд байгаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь энэ төсөл парламентаар орж ирэх, үгүйг зөвхөн УИХ-ын даргын зөвлөх, Дэд ажлын хэсгийн ахлагч А.Гансүх л мэднэ гэсэн үг бололтой.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Тавантолгойн гэрээний төслийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-д өргөн барьснаас хойш сар хагасын хугацаа өнгөрлөө.

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтийн өдөр “Тавантолгойн төслийг заавал парламентаар оруул” гэж Засгийн газрыг шахаанд оруулахдаа “УИХ-аас 14 хоногт багтаан хэлэлцэнэ” гэсэн ам, өчиг өгч байсныг зурагтаас харж, сонин хэвлэлээс олж уншсан л биз.

Гэвч, зургадугаар сар дундаа орчихоод байхад Тавантолгойн төсөл таг чиг. “Хөрөнгө оруулагчид хүлээж залхаад яваасай” хүсээд байгаа ч юм уу, бүү мэд ээ. Лав л ажлын хэсгийнхэн Засгийн газар төслөө буцааж татахыг хүлээж байгааг А.Бакей гишүүн ярилцлагадаа үгүйсгэсэнгүй, “Ийм боломжууд бий” гэдгийг ч дуулгажээ.

Тэгэхээр УИХ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн, аль алинд нь Тавантолгойг парламентаар хэлэлцүүлэх сонирхол бараг алга байна гэж ойлгож болохоор. 14 асуудалд дүгнэлт гаргах даалгавартайгаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн сар орчмын хугацаанд ердөө хоёр удаа хуралдсан гэдгийг ахлагчаас нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Ахлагч нь хувийн бодлоо энд тэндхийн шар, бор хэвлэлүүдэд “хов” болгосноос өөрөөр ажлын хэсэг гэрээний төслөөс ямар "зөрчил, дутагдал" олж харсныг хэн ч мэдэхгүй байна.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн  Тавантолгойн гэрээний төсөл "хууль зөрчсөн" гэх жижүүрийн ганц үгээр ам таглахаас  өөрөөр бодитой тайлбар гаргаж тавихгүй байгаа шүү дээ. Ямар, ямар хуулийг яаж зөрчсөн гэхээсээ илүү ямар нэгэн аргаар энэ төслийг гацаах л сонирхолтой байх шиг.  Уг нь "Ийм хуулийг тэгж зөрчсөн байна" гэсэн  бодит тооцоо, судалгаа гаргаж тавьсан бол илүү үнэмшилтэй сонсогдох байв. Гэвч, Тавантолгойн гэрээний төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнчимэг  "тендерийг дахин зарлаж магадгүй" гэсэн шалтгаанаа одоо ч олигтойхон тайлбарлаж чадахгүй байгаа билээ.  Чухамдаа бол яагаад ингэж бодсоноо  ядаж л нэг хуулийн үндэслэлээр тайлбарлаж  болноо доо.  Тавантолгойн асуудлаар  Л.Эрдэнэчимэг, А.Гансүх, З.Энхболд, М.Энхсайхан хэн ч байлаа гэсэн  хувийн өнцөгөөс хувийн дүгнэлт хийх ёсгүй, харин хуулийн үндэслэлтэй тайлбар хэлэх ёстой юм. Түүнээс Л.Эрдэнэчимэгийн хувийн бодол гурван сая монголд ямар ч хамаагүй гэсэн үг.  Дээр нь  хоёр сая хүний хувьцаа гэсэн хогийн шалтагаа орхих хэрэгтэй. Тэгээд ч одоо үнэ цэнэгүй байгаа "Эрдэнэс Тавантолгой" хувьцаа ажлын хэсгийн гаргаж тавьж байгаа "шаардлага"-ын дагуу явна гэвэл монголчууд ашиг хүртэнэ гэж бодох ч хэрэггүй. Зуун хувь хувьцаат улс гэж дэлхийд хэзээ байлаа даа. Тийм үлгэрт африкчууд, монголчууд  хоёр л  итгэх биз.

Зургадугаар сар дундаа орчихоод байхад Тавантолгойн төсөл таг чиг.

Ямар ч байсан Л.Эрдэнчимэг гишүүний нэхээд байсан англи хэлний хувилбарыг Засгийн газар өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 5-нд ажлын хэсэгт хүргүүлжээ.

Харин ажлын хэсгийнхний англи хэлний мэдлэг боловсрол дутсан уу, англиас монгол руу албан ёсны орчуулга хийлгүүлэхээр Гадаад хэргийн яаманд хандсан гэх мэдээлэл байна. Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд монгол хэлийг төрийн хэл мөн гээд заагаад өгчихсөн юм шүү дээ. Одоо  тэгээд англиас монгол руу орчуулуулж байна гэж багагүй хугацаа авах ч биз. Тэгж байтал  чуулган ч завсарлана.

Оюутолгойн шийдэл мөн Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг Их хурлын дарга илэрхий баяртайгаар дэмжиж байгаа нь цаанаа  учиртай байж магадгүй нь. Эдгээр төслүүдээс эдийн засагт мөнгө ороод ирвэл иргэд Тавантолгойг  эргэлтэд оруулахыг шахаж, шаардахгүй гэж тооцсон байж болох талтай. Ямартаа ч Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцэх хугацаа тун бага, ганцхан сар үлдэж байна.

Сарын дараа хаврын чуулган хаалтаа хийнэ. Үүнээс өмнө Улстөрийн намуудын тухай хуулиа шинэчлэх, Сонгуулийн хуулиа батлах зэрэг толгойтой үснээс их ажил хүлээж байгаө хаврын чуулганаар Тавантолгойн хувь заяаг шийднэ гэдэг бараг үлгэр болж байна. Ээлжит чуулган зарлаж, энэ төслийг хэлэлцэхгүй бол шүү дээ.

Магадгүй, Засгийн газар гэрээний төслөө буцаад татахыг нь ажлын хэсэг хүлээж байгаа гэх улстөрийн хүрээнд дунд яригдаж буй "хов, жив" бараг л үнэний ортой болох нь.

Тавантолгойн төслийг гацааж байгаа хоёр л шалтгаан бий.

Нэг нь “Энержи ресурс” гэх үндэсний компанийг хөрөнгө оруулагчид санал болгосон нь саарал ордны “эцэг” өөр ч, “эх” нэгтэй гишүүдэд таалагдахгүй байгаа юм.

Хоёрдугаарх нь, нүүрсний төмөр зам.

Өнгөрсөн зургаан жил Монголын улстөрчид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын цариг ямар байх вэ гэж талцаж, хэрэлдсэн. Өнөөдөр хэнээр бариулах вэ гэж “зодолдож” байна. Хэрэв иргэд санаж байгаа бол яг нэг жилийн өмнө Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихгүй гэж Зам тээврийн сайд асан А.Гансүх яаж "бойкотолж" байлаа. Аргаа ядахдаа Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраар УИХ-д уг тогтоолын төслийг өргөн бариулж байсныг улстөрчид сайн санаж байгаа байх. Угаасаа ч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг улсын хөрөнгөөр бариулах сонирхол бүхий улстөрийн цаана ямар  нэгэн эрх ашиг нуугдаж буй нь бүгдэд илэрхий болсон. Энэ ордыг “эрх мэдлийн зэвсэг” гэж харах болсон, зөвхөн үүний төлөө саарал ордны улстөрчид “нүдээ ухаад өгөх нь холгүй” зодолдож  байна гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй юм.

   Дэд ажлын хэсгийн бэлтгэж өгсөн материалыг үндэслэж "толгой" ажлын хэсэг  нь дүгнэлтээ гаргах юм байна гэсэн ойлголт ерөнхийдөө Тавантолгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүдийн ярианаас төрж байна.

Тэгэхээр “Тавантолгойн төсөл УИХ-д хэзээ орж ирэх вэ? УИХ-аар оруулах уу, үгүй юу” гээд З.Энхболдын зөвлөхийн амыг хараад, Л.Эрдэнчимэгээс асууж сураглаад сууж байгаа парламентыг арчаагүй гэхээс өөрөөр хэлэх үг даанч алга.

Тавантолгойн гэрээг явуулах эсэхийг Л.Эрдэнэчимэг ганцаараа мэддэг юм биш, А.Гансүх бүр ч шийдэхгүй, УИХ-ын 76 гишүүд олонхоороо шийднэ гээд сууж байх ёстой хүмүүс шүү дээ. УИХ-д Тавантолгойн гэрээний төслийг “үтэр, түргэн оруулаад ир” гэж шаардах эрх нь тэдэнд бий.  Гэтэл хэнээс, юунаас айгаад таг, чиг "чимээгүй" суугаад байгааг нь ойлгохгүй нь.

Эцсийн дүндээ их олон жил “гацсан” энэ төсөл Монголын улстөрчид хувийн эрх ашгаа хоёрдугаарт тавьж сурсны дараа л хөдөлж магадгүй юм даа гэсэн харамсалтай бодол төрж байна.

Ж.НЯМСҮРЭН

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн