Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2015.05.20 |
Томоохон төслүүдийг дагаад жижиг хөрөнгө оруулалтууд нэмэгддэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Монголын эдийн засагт итгэлцэл ч ирлээ, салхи ч эргэлээ
Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монголын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани гарын үсэг зурсан нь өчигдрийн хувьд дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн супер мэдээлэл байв. Гадны хэвлэлүүд, тэр тусмаа “Ройтерс” агентлаг Монголын эдийн засаг сэргэх нь хэмээн бичиж эхэлсэн бол монголчууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зурсан төлөвлөгөөг эвлэрлийн гэрээ, эсвэл шийдэл үү, шийдвэр үү гэдгийг шүүн хэлэлцсэн юм. Аль нь ч байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж, Монголын эдийн засагт салхи зөв эргэж буйн дохио болов.
Хоёр жилийн турш маргаантай байсан зарим асуудал дээр хувь нийлүүлэгчид тохиролцоонд хүрснээр “Оюутолгой” компани манай улсын гурван шатны шүүхээр баталгаажсан 30 сая долларын татварын актаа төлөх, мөн таван хувийн роялтийг цэвэр орлогоос биш бохир орлогоос тооцох, Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авахаар болсон гээд манай талд нааш шийдлүүд гарсан байна. Төлөвлөгөөг /гадаадын хэвлэлүүдэд гэрээ гэж бичиж байгаа/ байгуулахдаа хувь нийлүүлэгчид ямар асуудал дээр тохиролцоонд хүрснийг тодруулбал,
-2003 онд "Түркүоз Хилл" "BHP Billiton" компаниас хоёр хувийн NSR эрх худалдаж авсан бөгөөд үүнээс болж хувь нийлүүлэгчдийн дунд багагүй маргаан үүссэн. Тэгвэл "Түркүоз Хилл" энэ талаар төлбөр авах эрхгүй гэж хүлээн зөвшөөрсөн.
-Менежментийн төлбөрийг далд уурхайн хувьд гурван хувь байраар тогтжээ. Хөрөнгө оруулагчдын гэрээнд зургаан хувь байхаар заасан. Гэхдээ энэ нь ил уурхай дээр зургаан хувь хэвээр явна.
-Төлөвлөгөөг баталснаас хойш 30 хоногийн дотор Оюутолгой ХХК болон Түркүоз Хилл компани Монгооын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгойн цахилгаан станц төслөөс эрчим хүч худалдан авахад шаардлагатай ажлын төлөвлөгөө гаргахаар болсон байна.
Гэхдээ анхны хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбумаар өсгөсөн гэх маргааныг хэрхэн шийдвэрлэснийгайлчлалаар ирснийхээ дараа Ерөнхий сайд өөрөө тайлбарлах биз.
Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр олон арван жижиг дунд үйлдвэр эргээд сэргэнэ. Олон мянган хүн ажлын байртай болно. Банкны зээлүүд идэвхжинэ.
Чухам яагаад Арабад Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г байгуулсаныг өнөөдөр улстөржүүлэн хачирхаж суугаа хүмүүст хандах хэлэхэд энэ бол гол асуудал биш юм. Мөн анхны хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбумаар хэтэрснийг ярьж, “яллах” цаг ч одоо биш. Учир нь Монголын эрдэс баялаг дээр ялангуяа стратегийн гэх томоохон ордуудад урд, хойд хоёр хөршийн сонирхол явагдаж байгаа тохиолдолд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн зөв алхам. Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдан оршиж байгаа Монгол Улсад улстөрчид ихээр хөндөх болсон гео-эдийн засаг, геополитек талаасаа бол гуравдагч орны хөрөнгө оруулалт ус, агаар мэт чухал юм.
Зургаан тэрбум долларын санхүүжилт шаардагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр олон арван жижиг дунд үйлдвэр эргээд сэргэнэ. Олон мянган хүн ажлын байртай болно. Банкны зээлүүд идэвхжинэ. Худалдан авалт сайжирна. Үйлчилгээний байгууллагуудын орлого өснө. Татварын бааз өргөжинө. Дагаад цалин, тэтгэвэр нэмэгдэнэ.
“Оюутолгой” компаниас одоо улстөрчид юу шаардах вэ гэвэл ханган нийлүүлэлтийнхээ тодорхой хувийг заавал Монголоос авахыг, мөн төсөл дээр ажиллаж байгаа монголчуудын тоог нэмэхийг шаардах ёстой. Түүнээс сүрдүүлсэн захиа бичээд нэмэргүй, 2000 монголоо хоолноос нь салгахад хүрнэ шүү дээ.
Монголчууд Оюутолгойгоос хэзээ ашиг хүртэх вэ гэж хэрүүл хийхээс илүүтэй хэдэн хувь нь Монголд бүтээн байгуулалт, замс талбай, орон сууц, боловсрол, ноу-хау болж үлдэх вэ гэдгийг тооцмоор байна.
Хэрэвзээ Оюутолгойгоос хэн нэгэн шууд ашиг хүртмээр байгаа бол бүтээн байгуулалтынх нь ажилд оролц.Бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт хий. Мах, сүү, хүнсний ногоогоо зар. Усаа үнэл. Хамгийн чухал нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох зургаан тэрбум доллар тэр чигтээ Хятад руу гараад явчихгүй л байх ёстой. Анхны хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбумаар хэтэрч, ашиг хүртэх хугацаа хойшлогдоод байна гэж бухимдах болсон манай “поп”-ууд нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Бид “Оюутолгой”-г хэдий хугацаагаар чөдөрлөнө, тэр хэрээр Монголын ашиг хүртэх хугацаа ч хойшилох нь гарцаагүй. Өнгөрсөн хоёр жилийг үл ойлголцлын байдалтай өнгөрөөсөн нь монголчуудын ашиг хүртэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан гэсэн үг шүү дээ. Нэгэнтээ ингээд шийдэх байсан юм бол өнгөрсөн хоёр жилийн боломжоо алдсанаас, өөрөөр монголчуудад ямар ч ашиг ирсэн бэ гэдгийг гацаадаг улстөрчдөөс асуумаар байна.
Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г байгуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдсан даруйд “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа 12 хувиар өсчээ. Компанийн хувьд сайхан мэдээ, Монголын хувьд ч эерэг мессеж.
Томоохон төслүүдийг дагаад жижиг хөрөнгө оруулалтууд нэмэгддэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Монголын эдийн засагт итгэлцэл ч ирлээ, салхи ч эргэлээ.
Ж.НЯМСҮРЭН
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |