Б.Бямбасайхан: Өөрчлөлт хийх гэж л би энэ албан тушаалд томилогдсон

Эх сурвалж : Өдрийн сонин

Нийтлэгдсэн : 2015.05.14

Б.Бямбасайхан:Хөрөнгө оруулалт татах, хөгжүүлэх замыг илүү нээлттэй, тодорхой болгохоор ажиллаж байна. Түүнээс биш, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хэдэн гишүүнийг солиод сайжирчихдаг бол аль хэдийнэ дээрдчих байсан биз.

“Эрдэнэс Монгол” корпорацын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” корпорацын засаглалыг сайжруулах, төрийн хараат байдлаас салгаж, Сингапурын “Темасек холдинг”-ийн загвараар хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. Энэ шинэчлэл ямар үр дүнд хүргэх вэ?

-Эзэн нь иргэн байна уу, төр байна уу ямар ч ялгаагүй. Төрийн компани гээд давуу эрх эдлэх ёсгүй. Ингэвэл компани ашигтай ажиллаж, их татвар төлнө. Нөгөөтэйгүүр компанийн эдийн засагт оруулах хувь нэмэр өснө. “Монгол” гэдэг аж ахуйн нэгж дороо MCS, МАК, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Багануур”, “Таванбогд” зэрэг компанитай гэж бодъё. Охин компаниудынх нь үнэлгээний нийлбэрээр “Монгол” компанийн нийт үнэлгээг гаргана. Энэ компани илүү үнэтэй байх тусмаа бидэнд ашигтай. Мөн илүү чадварлаг, олон улсын стандартын дагуу үр ашигтай ажилладаг байж л дэлхийн зах зээлээс хөрөнгө босгоно.

Бидний хийхээр зэхэж буй ажил төрийн өмчит компанийн зөвхөн засаглалыг сайжруулах биш юм. Гол нь “Монгол” гэдэг компанийнхаа эдийн засгийн чадавхи, үнэлгээг өсгөх, чанарыг дээшлүүлэх зорилготой. Хөрөнгө оруулалт татах, хөгжүүлэх замыг илүү нээлттэй, тодорхой болгохоор ажиллаж байна. Түүнээс биш, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хэдэн гишүүнийг солиод сайжирчихдаг бол аль хэдийнэ дээрдчих байсан биз.

Олон цогц арга хэмжээ авч байж компанийн үйл ажиллагаа сайжирна. Олон улсад сайн жишиг болсон стандартыг авч хэрэглэх нь зүйтэй. Шинэ стандарт зохиох гэж цаг үрэх шаардлагагүй. Техник, санхүү, менежмент, засаглалын гээд олон стандарт бий. Үүнийг хурдан авч хэрэглэж байж компанийн чадавхи, чанар, үйл ажиллагаа, санхүүг сайжруулна.

-Хамгийн гол чөдөр тушаа бидний мөрд өж буй жишиг стандарт юм уу?

-Бидний дотооддоо мөрддөг стандартууд бий. Манайх чинь хуультай, дүрэм журамтай эдийн засаг. Дотоодын стандартууд хоцрогдчихоод байна. Үүнтэй олон хүн санал нийлэх байх. Тийм учраас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Үүнийгээ хурдан өөрчлөх шаардлагатай. Өөрчлөх хамгийн дөт зам нь компаниа компани шиг болгох юм. Манай төрийн, хувийн хэвшлийн компанийг харьцуулахад том ялгаа харагддаг болсон.

Хувийн компаниуд олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа учраас илүү үр ашигтай байна. Хүн ч тэнд ажиллах сонирхолтой байна. Сургуулиа төгссөн залууд MCS-т, эсвэл “Багануур”-т ажилд орох уу гэсэн сонголт олговол хувийн компанийг нь сонгох байх. Тэнд ажиллавал илүү боломж гарах учраас тэр. Ингэхээр “Багануур”, “Шивээ- Овоо”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” яагаад хувийн компаниудтай адил хүний сонирхол татсан орчин бүрдүүлж болдоггүй юм бэ гэсэн асуулт тавих байх.

Үүний тулд хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Эрх зүйн зохицуулалтаа өөрчлөхгүйгээр ийм арга хэмжээ авбал хууль зөрчинө. Гадаадаас хөрөнгө татах, компанийг сайжруулах ажлыг хүн хийх учраас чухал. Ажилтан, менежер сайн байж л компанийн чадавх сайжирна. Компанийн өрсөлдөх чадвар нь чадварлаг ажилтантай шууд холбоотой.

-Сайн засаглалтай компани л сайн ажилтантай байдаг шүү дээ. Эрх зүйн шинэчлэлийг хийхдээ засаглал, хүний нөөцийн бодлогод нь улс төрийн нөлөө орох замыг хязгаарлана биз дээ.

-Засаглалаа хөндөхгүйгээр өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэж байхгүй. Дахиад л стандартаа ярих хэрэг гарна. Компанийн сайн засаглалын стандартыг Монголын компаниуд хэрэглээд эхэлчихсэн. Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын стандартын дагуу бүрдүүлэх ёстой.

Ингэснээр төрийн өмчит компанийн эзэн хожно. Эцсийн дүндээ иргэд эзэн нь шүү дээ. Өрсөлдөөнтэй зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, Засгийн газрын агентлаг хоёр шал өөр субъект. Компани татвар төлөгч бол агентлаг түүнийг зарцуулдаг. Тэгэхээр нэг дүрмээр тоглож болохгүй.

-Манайд төрийн компани, агентлаг хоёрыг нэг дүрмээр ажиллуулж байгаа нь нууц биш. Эрх баригч намын гишүүд агентлагийн ч, төрийн өмчит компанийн захирлаар ч томилогддог.

-Өнөөдрийн стандарт тиймэрхүү л байна. Эрх зүйн шинэчлэл хийж байж л үүнийг давна. Хүний мэддэггүй, чаддаггүй зүйлийг хийх гээгүй ээ. Монголд нэвтэрсэн стандартыг л “хувьсгал”- ын компаниудад хэрэглэдэг болъё гэж байгаа юм. Дахиад л хүнтэй холбоотой асуудал яригдаж байна. Сайн стандарт нэвтрүүлчихвэл түүнийхээ дагуу сайн менежер ажиллуулах нь ойлгомжтой. Хувийн хэвшлийн компаниудын сайн менежерт олгодог цалин хөлс, бонусын жишиг тогтсон байдаг. Би сайн менежер ажилд аваад хувийн хэвшлийнхтэй дүйх цалин хөлс, эрх мэдэл өгч чадахгүй. Дахиад л хоцрогдлын бэрхшээл.

-Төрийн өмчит компаниуд 18 их наяд төгрөгийн үнэлгээтэй хэрнээ өнгөрсөн онд 0.7 хувийн өгөөжтэй ажиллажээ. Гэтэл Сингапурын төрийн өмчит компаниудын менежментийг хийдэг “Темасек” жил бүр дунджаар 16 хувийн ашигтай ажиллаж байгаа. Манайхтай харьцуулахад маш их зөрүү байгаа биз дээ.

-“Темасек”-т ажилд орсон хүн компанийг ийм хэмжээний ашигтай ажиллуулна гэсэн гэрээ хийгээд, түүндээ тохирсон цалин хөлсөө аваад явдаг. Манай хувийн компаниуд ч ийм стандарт мөрдөж байгаа. Өнөөдөр манай төрийн өмчит компаниуд ингэх боломжгүй. Чадвартай хүмүүс төрийн өмчит компанид ирж ажиллахгүй байна. Би санхүү хариуцсан захирал ажилд авах гээд гурван сар хөөцөлдлөө. Сайн хүн олж авч чадаагүй л байгаа.

-Хангалттай цалин хөлс өгч чадахгүй байгаа болохоор тэр үү?

-Зөвхөн мөнгөний асуудал биш ээ. Манайх төрийн өмчит компани учраас тодорхой хязгаарлалт бий. Түүнээс шалтгаалах зүйл бий. Хоёр гарыг нь хүлж дэвжээн дээр гаргачихаад өрсөлд гэж тушааж буй мэт дүрэм журам төрийн компанид үйлчилдэг. Хүлээсийг нь тайлсны дараа бусадтай эн тэнцүү өрсөлдөнө биз дээ. Уг нь манай компаниудын орд газрын нүүрс болоод зэсийн нөөц бага биш шүү дээ. Бүх зүйл менежментийн хоцрогдлоос шалтгаалж байна.

-“Эрдэнэс Монгол” корпорац хэдэн компани удирдаж байна вэ?

-“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн дөрвөн компани бий. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь албан ёсоор манайд шилжиж ирээгүй. Олон улсын гэрээнд өөрчлөлт хийсний дараа хувьцаа шилжиж ирнэ гэж ойлгож байгаа.

-Танайх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг худалдаж авсан биз дээ.

-“Эрдэнэс Монгол” авто замыг худалдаж аваад менежментийг нь “Говийн зам” компаниар хийлгэж байгаа.

-Танай охин компани бүгд ашиггүй ажиллаж байгаа юм биш үү?

-Одоохондоо ашигтай ажиллаж чадахгүй л байна. Ашигтай ажиллуулахын төлөө би энэ ажлыг авсан хүн. Үйл ажиллагааны стандартыг нь өөрчлөн, сайн мэргэжилтнүүд ажиллуулсны дараа компаниуд ашигтай ажиллах боломжтой. Манай зарим компанид өмнөх эдийн засгийн системд зориулсан механизм хэвээр үйлчилдэг.

Дүрэм, журам, зорилго гэх мэт бүх зүйл хуучин нийгмийнхээрээ байхад ашиггүй ажиллалаа гэж муулахад хэцүү. Засгийн газар нүүрсний үнийг барьж байна. Бас ажлын байр бий болгох ёстой гэх мэт тодорхой үүрэг өгчихдөг. Зөвхөн ашгийн төлөө ажилладаг компаниас өөр шүү. Бусадтай адил дүрмээр бүгд тоглож байсан бол харьцуулж болно. Алимыг алимтай харьцуул гэдэг дээ. Дүрэм, стандартыг нь бусдын жишигт нийцүүлсний дараа харьцуулж болно.

-“Багануур”, “Шивээ-Овоо” компани нэмэлт хувьцаа гаргахаар судалж байсан. Тэгсхийгээд таг болчихлоо. Нэмэлт хувьцаа гаргах ажлыг сэргээх үү?

-Компанийг олон жил ашигтай ажиллуулж чадна гэсэн төлөвлөгөөнд үндэслэж, шинэ хөрөнгө оруулагч татдаг. Өнөөдөр ингэх боломжгүй. Олон улсын уул уурхайн менежмент, санхүүгийн стандартыг нэвтрүүлчихвэл эдгээр компани шал өөр болно. Тэгсний дараа хувьцаа гаргах боломжтой. Цаашид ашигтай ажиллах компанийн хувьцааг хөрөнгө оруулагч худалдаж авна.

-Багануурын ордыг түшиглэж цахилгаан станц барихтай холбоотойгоор уурхайг өртгөтгөхөд 100 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ хөрөнгийг босгох ажил эхэлсэн үү?

-Гадаадаас л хямд хөрөнгө оруулалт олдоно. Хөрөнгө татахын тулд Лондон, Хонконг, Токиод буй шинжээчдэд ойлгогдох хэлээр ярих хэрэгтэй. Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгойн ордын нөөц судлагдсан, батлагдсан. Үүнийгээ ашиглах тооцоо, материалаа хөрөнгө оруулагчийн ойлгох хэлээр бэлтгэж байж хөрөнгийн зах зээлд гаргах хэрэгтэй.

Одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдал нэмэлт хөрөнгө оруулалт татах боломж олгохгүй. Хөрөнгө оруулагчдад ойлгогдох хэрэгтэйг манай хувийн хэвшлийн томоохон компаниуд 10 жилийн өмнөөс мэдрээд санхүүгийн бүртгэлээ олон улсын стандартад нийцүүлсэн. Санхүү бүртгэлийн стандартаа олон улсын жишигт нийцүүлэх нь нэн түрүүнд хийх ажил. Бид компаниа үнэлэх өөр хэрэг. Олон улсын стандартын дагуу үнэлбэл хөрөнгө оруулагчид ойлгоно.

-Засгийн газар төрийн өмчит компанийн ажиллах эрх зүйн орчныг шинэчлэхээ мэдэгдсэн. Өмнөх гүйцэтгэх захирлаас гаргасан ийм санаачилгыг дэмжээгүйг мэдэх юм. Зангаа хувиргачихгүй байгаа.

-Ерөнхий сайд ажлаа аваад хэдэн зүйлийг тодорхой хэлсэн. Үүний нэг нь төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажилладаг болгох санаачилга юм. Ингэхдээ “Темасек” маягийн загвараар өөрчлөхөө мэдэгдсэн. Өөрчлөлт хийх гэж л би энэ албан тушаалд томилогдсон хүн. Түүнээс биш, тэнд очоод зүгээр сууж бай гэж хэлээгүй. Үүнээс илүү дэмжлэг гэж юу байх вэ. Засгийн газар шинэ орчин бүрдүүлэх хуулийн төслөө боловсруулаад УИХ-д өргөн барина.

Төрийн өмчит компанийг удирдах шинэ стандарт нэвтрүүлснээр Монголын эдийн засагт олон боломж нээгдэнэ гэж харж байгаа. Тиймээс энэ ажилд бага боловч гар бие оролцох нь ховорхон тохиох боломж гэж үзсэн. Маргааш, нөгөөдөр биш байх, гэхдээ хэзээ нэгэн цагт өнөөдрийн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгнө. Хийсэн ажлынхаа үр дүнг хараад өег сэтгэгдэл төрөх цагийг үзэх байлгүй дээ.

-“Темасек”-ийн амжилтын нууц нь юу байсан бол. Та юу гэж бодож байна вэ?

-Би “Темасек”-ийнханд энэ асуултыг тавьсан удаатай. “Ажилтны чадавхитай холбоотой. Хамгийн чадвартай хүмүүсийг урьж авчирч ажиллуулдаг. Манай компанийн нийт ажилчдын 70 хувь нь гадаадын мэргэжилтнүүд байдаг” гэж хариулж байсан. Чадварлаг мэргэжилтнүүдээр компани удирдуулж, эзэд нь буюу сингапурчууд ашгийг нь хүртэж байна.

-Цаг үеийн асуудлыг хөндсөн асуулт тавья. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд яагаад ойр ойрхон солигдоод байна вэ. Танайх энэ компанийг удирдаж байна уу, эсвэл Засгийн газар удирдаад байна уу?

-Өнөөдрийн бодит нөхцөл байдалд “Эрдэнэс Монгол” толгой компани шиг компани биш байна. Толгой компани шиг компани байсан бол би таны асуултад хариулж чадах байлаа.

-Оюутолгойн хэлэлцээр хэр ахицтай явж байгаа вэ?

-“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, түүний санхүүжилтийг шийдвэрлэх хэлэлцээр үргэлжилж байна. Хэлэлцээр одоогийн дагаж мөрдөж буй хууль, журам, хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд явж байгаа. Хоёр тал ойлголцлын зөрүүгээ ярилцаад шийдвэрлээд явж байгаа гэж Ерөнхий сайд хэлснийг сонссон байх. Бүх зүйлээ тохиролцож байж хэлэлцээр дуусна. Том зургаар нь харвал хэлэлцээр нааштай байдлаар өрнөж байгаа.

Т.ЭНХБАТ 

Эх сурвалж: "Өнөөдөр сонин"

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн