Нийтлэгдсэн : 2015.05.04 |
Энэ он гарсаар монголчууд Тавантолгойгоор амьсгалж байгаа. Нийгмийг хоёр талцуулаад байгаа энэ төсөл аль талд шийдэгдэх нь эргэлзээтэй үе дээрээ байна.
Нэг хэсэг нь тендерээр шалгарсан Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шенхуа”, Японы “Сумитомо”-гийн нэгдэлд Тавантолгойг ашиглуулах эрхийг өгөх хэрэгтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь монголчууд өөрсдөө энэ орддоо эзэн суух учиртай гэж буй. Асуудалд эцсийн хариу өгөх учиртай парламентын танхим хүртэл дотроо хоёр хуваагдчихаад байна.
Энэ асуудлаар нийгэм хоёр хуваагдчихаад байгааг хүмүүс хэрхэн мэдсэн бэ? Мэдээж хэвлэл мэдээллээс. Зөвхөн үнэнийг мэдээлнэ гэдэг зарчимтай хэвлэл мэдээллийнхэн ч мөн энэ асуудлаар хоёр талд гарчээ. Ийм үед бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өчигдөр /V.03/ тэмдэглэлээ.
Хэвлэлийнхэн улс төр, бизнесийнхнийг дагаж хоёр талд гарлаа гэж бодоход үүнээс хохирч үлдэх нь үнэн бодит мэдээлэл хүлээж байгаа олон нийт. Асуудал болгон дээр ийнхүү хоёр хуваагдан үзэл сурталжих нь алсдаа Монголын ардчилсан нийгэмд, олон нийтийн оюун санааны төлөвшилд асар их хор дагуулах болно.
ЮНЕСКО-гийн санаачлагаар 1993 оноос хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг угтан олон сайхан арга хэмжээ боллоо. Цахим орчинд ажилладаг хэвлэлийнхэн анхдугаар чуулганаа хийж, Глоб Интернэшнл төв энэ салбар дахь шийдэл хайсан асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулж, өнөөдөр “Онлайн эрх чөлөө” эвслийн бага хурал болж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулбал харьцангуй сүүлд үүсч бий болсон ч олон нийтэд нөлөөлөх хамгийн хүчтэй хэрэгсэл болон хувирч байгаа цахим орчныхон илүү мэргэжлийн байх, илүү ёс зүйтэй байх, оюуны өмчийг дээдэлдэг байх нь бидний хөгжлийн ирээдүй гэдэг дээр санал нэгдлээ. Эмхлэгдэн нэг үзэл санаан дор нэгдэнэ гэдэг талархууштай хэрэг.
1998 онд гарсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар төрийн мэдлийн хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглож, хэвлэл мэдээлэлд аливаа цензур тавихыг хориглосноор Монголын сэтгүүлчид жинхэнэ эрх чөлөөтэй гэж хэлэх эрхтэй болсон. Гэвч энэ эрх чөлөө маань улам бүр мөнгөнөөс хамааралтай болон гажуудаж байгаа нь нууц биш. Асуудлын мөн чанарыг эрэн сурвалжилж мэдээлэхийн оронд нэг талд нь гарч, эсрэг талын байр суурийг орхигдуулах нь жирийн үзэгдэл боллоо. Үүний хамгийн тод жишээ нь эхэнд өгүүлсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон үйл явц юм. Тавантолгойн талаар хоёр талын байр суурьт дүн шинжилгээ хийж, баримтаар нотлогдсон цогц мэдээллийг өнөөдөр өгсөн хэвлэл бараг алга. Ээлжлэн мэдээлэл хийж, эсрэг талын байр суурь, нотолгоог няцаасныг бол хангалттай мэдээлж байна. Гэвч уншигч, үзэгч бол ам руу нь хоол хийж өгөхийг хүлээж байдаг хүүхэд шиг байдаг.Тэдэнд Тавантолгойн асуудлаар учрыг нь олсон бэлэн мэдээлэл хэрэгтэй болохоос хоёр талын тус тусдаа байр суурийг энд тэндээс эвлүүлэн уншиж, асуудлын голыг олох гэж суух цаг зав, хүсэл ч байхгүй. Бэлэн хоол, гэхдээ давс амтлагч нь таарсан хоолыг хэвлэлийнхэн л бэлдэж өгөх учиртай. Уг нь энэ салбар зах зээлийн чөлөөт өрсөлдөөний зарчмаар явж байсансан бол бэлэн хоол бэлдэж өгсөн хэвлэлийн редакц оршин тогтнож, зориудаар амтлагчийг нь мартсан хоол бэлдэж өгсөн редакц дампуурал руугаа явах ёстой юм. Гэсэн ч одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй хэвлэл мэдээллийг хэрэгсэл амьдарсаар, оршин тогтносоор байгаа нь үнэхээр гайхамшиг.
Өнөөг хүртэл хэвлэлээр явсан мэдээллээр хүмүүс ямар ойлголттой байна вэ гэвэл энэ төслийг хөдөлгөх үүрэг хүлээсэн М.Энхсайхан сайд болон MCS групп голын нэг эрэг дээр, харин хөрөнгө оруулалтын гэрээний маш олон зүйл заалт Монгол улсын хуулийг зөрчиж байгаа хэмээн мэдэгдсэн УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй бүлэг хүн нөгөө эрэг дээр. Харин асуудлын мөн чанарыг дундаас нь буюу голын усан дотроос олж авах ёстой болж байна. Өнгөрсөн долоо хоногт олон телевизээр нэвтэрсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлэг голын хоёр эрэг дээрх хүмүүсийн байр суурийг тус тусад нь нэвтрүүлэг болгон цацсан нь бүр ч олон хүний толгойг эргүүлж орхилоо. Олон хүн энэ нэвтрүүлгээс бодитой ойлголттой болж хоцорно гэж хүлээж байсан нь талаар болов. Аль нэг талын байр суурийг дангаар хүргэх нь чухал сэдэв юм гэж ойлгохгүй байна.
Хэвлэлийнхэн улс төр, бизнесийнхнийг дагаж хоёр талд гарлаа гэж бодоход үүнээс хохирч үлдэх нь үнэн бодит мэдээлэл хүлээж байгаа олон нийт. Асуудал болгон дээр ийнхүү хоёр хуваагдан үзэл сурталжих нь алсдаа Монголын ардчилсан нийгэмд, олон нийтийн оюун санааны төлөвшилд асар их хор дагуулах болно. Улстөрчдийн хэлэх дуртай үндэсний эрх ашиг энэ биш гэж үү. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлчид бид гажуудсан эрх чөлөөгөө яривал яасан юм бэ гэсэн санал хэлэх гэсэн юм.
Д.НАРАНТУЯА
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |