Д.АНГАР: ХӨРӨНГИЙН БИРЖ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ТУЛСАН БАЙСАН

Эх сурвалж : http://www.mse.mn/

Нийтлэгдсэн : 2015.04.28

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангартай ярилцлаа.

Тэрээр АНУ-ын Төв Арканзасын их сургуулийг санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр шинжлэх ухааны магистрын зэрэгтэйгээр төгсчээ. Сангийн яаманд мэргэжилтэн, Өрийн удирдлагын хэлтсийн дарга, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
 -Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх чиглэлд ямар ажил хийв?
 
-Намайг ажил авч байх үед Хөрөнгийн бирж дампуурах нь нэгэнт тодорхой болчихсон байсан. Ажилтнуудынхаа цалинг өгч чадахгүй байдалтай байв. Монгол Улсын Хөрөнгийн бирж цалингаа тавьж чадахгүй байгааг мэдвэл зах зээлд ямар байдал үүсэх нь ойлгомжтой биз дээ. Юун Монголд хөрөнгө оруулах, хувьцаа худалдаж авах гаднынхны итгэл найдвар талаар болно шүү дээ. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаж биржийг Сангийн яамны харьяанд өгсөн юм билээ. Өнгөрсөн хугацаанд Төрийн өмчийн хорооны мэдэлд байсан юм. Ингээд сарын дараа хэмнэлтийн горимд шилжиж, бүхий л зардлаа танаж, хассан. Ажилтнуудынхаа цалинг өнгөрсөн оны наймдугаар сараас 30 хувиар бууруулсан юм. Дан ганц зардлаа бууруулснаар асуудал шийдэгдэхгүй учир шинэ бүтээгдэхүүн оруулж ирэхгүй бол болохгүй байсан. Хөрөнгийн биржийг дэлгүүр гэж үзвэл лангуун дээрээ бор давснаас өөр зүйлгүй байна. Хувьцааг хүмүүс тоохоо больж, зарагдах нь ч ховор байв. Тиймээс дэлгүүрээ бор давс бус хүн бүрийн сонирхдог бүтээгдэхүүнтэй байлгах зорилт тавьсан. Энэ нь Засгийн газрын үнэт цаас арилжих явдал байсан юм. Улмаар энэ ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ зам дардан байгаагүй. Монголбанкны зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан. Шинэ бүтээгдэхүүн учраас зах зээл бэлэн байгаагүй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн, эрсдэлгүй, татвараас чөлөөлөгддөг учраас эрэлт байсан. Хөрөнгийг бирж сардаа 40-50 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан түүх байхгүй. Нэг ёсондоо Засгийн газрын үнэт цаас арилжиж эхэлсэн нь сэргэлт авчирсан гэсэн үг.
 
-Хөрөнгийн бирж сүүлийн гурван жил өр зээлтэй, санхүүгийн зөрчилтэй гарч байсан. Энэ байдал одоо арилсан уу?
 
-Санхүүгийн сахилга батаа сайжруулснаар он гарсаар сар бүр ашигтай ажиллалаа. Засгийн газрын үнэт цаасыг авч байна гэдэг нь хөрөнгө оруулагч Сангийн яам, Хөрөнгийн биржэд итгэж байна гэсэн үг. Бид үргэлж Засгийн газрын бондоор амь зуухгүй. Тиймээс компанийн засаглалыг сайн нэвтрүүлэх ёстой гэж үзсэн. Өмнө нь хувьцаа, үр ашиг гэж яриад компанийн засаглалаа орхигдуулж ирж. Сайн засаглалгүй компани аль ч улсын Хөрөнгийн биржийн шалгуур хангадаггүй. Манайд байдал эсрэгээрээ байсан. Засаглал нь муу учраас үр ашиг нь ч сул байв. Ганц жишээ татахад, Хөрөнгийн биржэд бүртгэлтэй 240 компанийн 90 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байна. Энэ засаглалтай холбоотой. Нээлттэй, ил тод байдал, хариуцлагыг компаниудаас шаардаж байгаа. Үүнийг бий болгохын тулд Хөрөнгийн биржийнхэн өөрсдөөсөө эхлэх ёстой. Бирж алдагдалтай ажиллаж байж ийм шаардлага тавьбал утгагүй. Тиймээс санхүүгийн болоод бусад шийдвэр, тушаал ил тод болсон. Үүний зэрэгцээ Хөрөнгийн бирж компаниудад тавих шалгуураа өндөрсгөх ёстой. Өмнө нь ямар ч шалгуур байгаагүй.
 
-Тухайлбал?
 
-Компаниудыг зах зээлийнх нь үнэлгээгээр хоёр хуваадаг байсан. Үүнийг өөрчилж, компаниудыг гурван ангилалд багтаалаа. Гэтэл нэгдүгээр ангилалд багтах компани алга. Ингэхээр компаниудын өрсөлдөх чадварт нөлөөлж, тэд нэгдүгээр самбар руу орж ирэхийн төлөө зүтгэнэ. Хамгийн наад захын жишээ дурьдахад, компаниуд засаглалаа сайжруулах ёстой. Үр ашигтай ажиллаж байлаа гээд засаглалаа орхигдуулж болохгүй. Гадны зарим томоохон хөрөнгө оруулагч тухайн улсын Хөрөнгийн биржийн зөвхөн нэгдүгээр самбарт байгаа компаниудтай хамтарч ажиллана гэх нь бий. Энэ болзлыг хангахын тулд компаниуд нэг рүү орохын төлөө хичээж, компанийн засаглалаа сайжруулж байна. Нөгөөтэйгүүр хувьцаат компаниуд ашигтай ажиллах ёстой. Эдийн засаг, улс төрийн нөхцөл ямар байгаагаас үл хамааран ашигтай ажиллах шаардлагатай байдаг. Учир нь, тэд хүний мөнгийг эргэлдүүлж байдаг хүмүүс.
 
-Засгийн газрын үнэт цаасыг оруулахгүйгээр өдөрт хэчнээн төгрөгийн арилжаа хийж байна вэ. Бүхэл бүтэн улсын Хөрөнгийн бирж өдөрт 5-6-хан сая төгрөгийн арилжаа хийдэг гунигтай дүр төрх байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?
 
-Өдөрт энгийн арилжаа 30, багцын арилжаа мөн 30 сая төгрөг болсон. Энэ том дэвшил шүү. Гэхдээ нэг зүйлийг дурьдахгүй бол болохгүй. Манайд хөрөнгийн зах зээл утгаа алдсан байсан. Учир нь, багцын арилжаа маш их хийгддэг. Өөрөөр хэлбэл, хоёр хүн зах зээлийн зарчмаар бус хоорондоо үнээ тохироод хоёулхнаа гүйлгээ хийдэг байв. Уг нь Хөрөнгийн бирж олон талт, нэг нь авах, нөгөөх нь зарах үнээ хэлж эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой. Гэтэл манайд үнээ тохироод дараа нь Хөрөнгийг биржид бүртгүүлдэг байж. Хамгийн их гүйлгээ хийсэн 2011, 2012 онд багцын арилжаа нийт арилжааны 90 хувь байсан. Харин одоо байдал өөрчлөгдөж, 50:50 хувь болж тэнцвэртэй болсон. Гэхдээ энэ бидний зорилго биш. Энгийн арилжааг 90 хувьд хүргэнэ. Ингэхийн тулд энгийн арилжаа хийх нөхцөлийг сайжруулж, багцын арилжаа хийх журмыг өөрчлөх ёстой.
 
-Том компаниудад бага хэмжээний хувьцаа эзэмшдэг иргэдийн эрх ашиг байнга зөрчигддөг. Үүнд Хөрөнгийн биржээс оролцох, зохицуулах боломж хэр байдаг вэ?
-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн тайлангийн хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо хийдэг. Зах зээлээ хөгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо хяналтын чиглэлээр сайн хөгжих ёстой. Одоогийн энэ тогтолцоо нь зах зээлээ сайн хөгжүүлж чадахгүй байна. АНУ-д л гэхэд компаниуд санхүүгийн тайлан зэргээ буруу мэдүүлж хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо торгууль ногдуулдаг байх жишээтэй.
 
-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах болсоор гурван жил гаруй болсон байна. Программ хангамжийг нь нэвтрүүлснээр өөр дорвитой ажил хийсэн үү. Нөгөөтэйгүүр манайхтай ижил түвшний хөгжилтэй орнуудтай Хөрөнгийн биржийн хөгжлийг жишвэл?
 
-Бирж хөрөнгө босгох ёстой. Гэтэл сүүлийн 24 жил ийм зүйл болоогүй. 1990 оны ягаан, цэнхэр тасалбараар хөрөнгийн зах зээлийг төсөөлж ирсэн. Одоо ч мөн адил. Манайд хөрөнгийн зах зээл байхгүй байна гэж ойлгож болно. Энэ талаар иргэдийн мэдлэг хомс учраас төртэй ойр эсвэл арай илүү мэдлэгтэй хэдэн хүн хувааж аваад дууссан. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв дээр эзэнгүй 11 тэрбум төгрөгийн хувьцаа хадгалагдаж байна. Иргэд энэ мөнгөө олж авах хэрэгтэй. Хөрөнгийн бирж өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр ажиллаагүй. Харин Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оны сүүлээр арилжиж эхэлснээс Хөрөнгийн биржийн хоёр дахь үе шат эхэлж байна. Засгийн газар олон нийтэд бонд арилжиж, хөрөнгө босгож эхэллээ. Дэлхийн санхүүгийн түүх тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг уншихаар Хөрөнгийн бирж нь Засгийн газрын бондыг арилжсанаар эхэлсэн байдаг юм билээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хоёрхон компани санхүүжилт босгосон байдаг. Энэ нь “Анод”, “Зоос” компани хувьцаа гаргасан. Гэхдээ компанийнх нь засаглал сайн биш учраас хоёулаа дампуурсан. Үр ашгийн тогтолцоо, нээлттэй ил тод байдал байхгүйгээс ямар ч компани хувьцаа гаргасан ч бүтэлгүйтсэн. Үүнээс гадна томоохон хэмжээний санхүүжилт босгосон компани Монголд байхгүй. Хөрөнгийн зах зээл гэдэг утгаар нь дотоодын компани Монголын Хөрөнгийн биржэд санхүүжилт босгох нөхцөлийг бүрдүүлж өгнө. Ингэхийн тулд Хөрөнгийн бирж итгэл төрүүлдэг газар болох ёстой. Сүүлийн хоёр жилд Хөрөнгийн биржэд итгэх итгэл суларсан. Одоо Хөрөнгийн бирж үр ашигтай ажиллаж, нээлттэй, ил тод болох ёстой. 
-Хувьцаа гаргах нь ашигтай гэдгийг аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах тал дээр танайх хэрхэн ажиллаж байна вэ?
 
-Томоохон компаниудад бусадтай хуваалцахгүй нэг давуу тал байна. Бизнесийн хамгийн чухал модель нь ХХК байна. Энэ нь давуу мэдээлэл дээр тулгуурлаж, ашиг орлогоо олж, үйл ажиллагаа явуулж байх жишээтэй. Тиймээс бид санхүүжилт шаардлагатай байгаа 888 төсөл дээр ажиллаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа. Эднээс хоёрт нь IPO гаргуулах зорилготой байна. Сүүлийн таван жилд хоёрхон компани IPO гаргасан. Хоёулаа тэрбумаас доош төгрөгийн хэмжээтэй байв. Харин бид 2015 онд 10 IPO гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхийн тулд Хөрөнгийн бирж идэвхжих ёстой.  
 
-Гурван аймаг бонд гаргах эрхтэй болсон. Үүнийг эрсдэлтэй гэж зарим судлаач хэлж байна лээ. Энэ тухайд?
 
-Ямар ч эрсдэлгүй. Онолын хувьд Засгийн газрын үнэт цаас эрсдэлгүй. Төлж чадахгүй бол иргэд, аж ахуйн нэгжид татвар ногдуулаад төлж таарна. Өөрөөр хэлбэл, татвар ногдуулах чадвартай учраас аль ч Засгийн газар дотоодын зах зээлд бонд гаргахыг эрсдэлгүй гэж үздэг. Аймаг бонд гаргаж байна гэдэг нь Засгийн газар гаргаж байгаагаас өөрцгүй зүйл юм. Гэхдээ үүнд цаг хугацааны асуудал байгаа. Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэл болон Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймаг бонд гаргах эрхтэй. Энэ дөрвийн хэн эхэлж бонд гаргасан нь Монгол Улсын санхүүгийн түүхэнд бичигдэнэ. Учир нь, анх удаа орон нутаг хөрөнгийн зах зээл бонд гаргаж байгаа нь онцлог.
 
-Банкууд Засгийн газрын бондыг бас авч байна. Тэд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох нь брокер диллерийн компаниудын хөгжлийг чөдөрлөж байна уу даа гэж харагддаг?
 
-Авч болно. Гагцхүү Монголд банкууд бонд дээр брокер хийгээд байгаад хамаг учир бий юм. Брокер дилер биржийн ажил. Гэтэл арилжааны 11 банк брокерийн эрх авчихсан. Тэд брокерийн бизнесийг Хөрөнгийн биржээс булаагаад авчихаар манайд бүртгэлтэй 62 брокер дилерийн компаниуд хүндэрч эхлэх жишээтэй. Харилцагчгүй болж байна. Тиймээс банк нь банкныхаа бизнесийг хийгээд брокер дилерийг нь Хөрөнгийн биржэд үлдээчих.
 
-Хөрөнгийн бирж хувьчлах компаниудын жагсаалтад орсон. Энэ асуудал юу болж байгаа вэ?
 
-Ер нь бол хувьчлах нь зөв. Ингэхдээ гадаадын мэргэжлийн оролцогчдод хувьчлах хэрэгтэй. Лондонгийн, Японы хөрөнгийн бирж байх уу гэдгээ дотооддоо шийдээд явбал зүгээр. Тэгж байж зөв менежмент явагдана. Хөрөнгийн биржийг хөгжүүлээд аваад явах чадвартай гадаадын компанид хувиа тохироод хувьчлах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж байж үнэлэмжтэй, сайн ноу-хаутай болно.
 
-Ярилцсанд баярлалаа. С.Батзаяа | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн