Таван намын гарт шилжсэн Тавантолгой

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2015.04.27

-УИХ 14 хоногийн хугацаанд төслийг хэлэлцэж, олон жилийн турш талцсан маргааныг эцэслэх ёстой. Эндээс гарсан шийдвэр эдийн засаг орших уу, эс орших уу гэдгийг ч шийднэ гэдгийг мөн санах хэрэгтэй-

Тавантолгойг урагшлуулах уу, унагаах уу гэсэн улс орноороо анхаарлаа хандуулж буй онцгой асуудлыг УИХ шийдвэрлэхээр боллоо. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  өнгөрсөн пүрэв гаригт /IV.23/ Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьснаар энэ ордын хувь заяа парламентын гарт шилжив. Энэ долоо хоногийн даваа гаригаас парламентад суудалтай намууд тус тусын бүлэг дээрээ Тавантолгойн гэрээг хэлэлцэж эхлэх  болов уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гуйж, УИХ-ын дарга З.Энхболдын амласны дагуу УИХ 14 хоногийн хугацаанд Тавантолгойн төслийг хэлэлцэн, олон жилийн турш талцсан маргааныг эцэслэх ёстой. Эндээс гарсан шийдвэр эдийн засаг орших уу, эс орших уу гэдгийг мөн шийднэ.

Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах мөрөөдөл их эртнийх. Энэ талаар  Монголын төр бараг арван жил мөрөөдсөн гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй. УИХ-ын 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолын дагуу 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд бараагүй. Эцэстээ “Эрдэнэс Тавантолгой” нэртэй төрийн өмчит өртэй үйлдвэр байгуулж, иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа  нэртэй “үнэгүй цаас” тараагаад дууссан.

Тиймээс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг Шийдлийн Засгийн газар үргэлжлүүлж, өнгөрсөн оны сүүлээр Тавантолгойн ордод стра­те­гийн хөрөнгө оруулагчийг тодруулах тен­де­­рийн ялагчдаар Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шэнхуа”, Японы “Сумитомо”-г шалгаруулан, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх эрх өгөх хэлэлцээр дөрвөн сарын турш үргэлжилсэн юм. Тавантолгойгоос ойрын хугацаанд үзүүлэх ашиг нь 300 сая доллар, 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум доллараар яригдаж байгаа. Үүн дээр 12 мянган хүн ажлын байртай болж, 500 компани ажилтай болно гэж үзвэл энэ төслийн 60-70 хувь нь Монголд мөнгө болж шингэнэ гэсэн үг юм. 

Улаанбаатарт Тавантолгойн хэлэлцээ эхлэхтэй зэрэгцээд саарал ордонд өдөлсөн улстөржилт УИХ, Засгийн газрын дунд багагүй зөрчилдөөн үүсгэж, энэ хаврын улс төрийн хэрүүлийн гол сэдэв болж байна. Энэ хэрүүл ирэх өдрүүдэд УИХ дээр хэрхэн “амилах” хийгээд нүүрсний өдрүүдээр хэн юу ярихыг нь харах үлдэж байх шиг. Өнөөдөртөө Тавантолгой хувь заяаг парламентад суудалтай таван нам шийдэх эрхтэй байгаа шигээ нөгөө талд ирэх 2016 оны сонгуулиар таван намын хувь заяа хааш эргэх нь Тавантолгойгоос бас хамаарна гэчихвэл сүрдүүлэг болохгүй биз.

Ардчилсан намын дарга З.Энхболд  Н.Алтанхуягаас тамгаа авсныхаа дараа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Түрүү­чийн Ерөнхий сайдыг “Чи энэ фракцийн сайдыг ч, тэрийг ч ав. Давхар дээлтэй байна, дан дээлтэй бол” хэмээн шахаж ажлаа хийх бололцоог нь бүрэн өгөөгүй гэдгийг УИХ бүрэн ухамсарлах ёстой” гэсэн нь бий. Харин өнөөдөр  Шийдлийн Засгийн газарт ажлаа хийх бололцоог нь УИХ өөрөө өгөхгүй байна уу гэсэн сэтгэгдлийг олон хүнд төрүүлэх болсон. Үүний нэг жишээ бол өнгөрсөн баасан гаригт УИХ-ыг Засгийн газарт ажил хийх бололцоо олгохыг хүссэн уриалгыг улстөрчдөд хаяглан илгээсэн  бизнесийнхний хүсэлт юм. Тодруулбал, Монголын бизнесийн хамгийн том нэгдэл болсон МҮХАҮТ-аар дамжуулан олон жилийн турш яригдаж ирсэн мөртөө ашиглаж чадахгүй байгаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, Оюутолгойг үндэсний эрх  ашигт нийцүүлэн гацаанаас гаргах, мөн уул уурхайгаас төвлөрсөн мөнгөөр эдийн засгийг солонгоруулах  шаардлагатайг  УИХ-ын гишүүдэд анхааруулсан билээ.

УИХ-аар Тавантолгойг хэлэлцсэн тохиолдолд унах эсэх нь 50:50 хувьтай байгааг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж байгаа. Урьдчилсан байдлаар МАН-ын 26 кнопын 16 нь Тавантолгойг дэмжиж буй бол АН дотроо “Алтангадас”, МҮДН, “Нэг ардчилал” фракцийнхан болон МоАХ-ноос Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Тавантолгойг дэмжих магадлал өндөр байна.  УИХ-д 35 кноптой АН-ын бүлэг дотор “Шонхор”-ынхон дээр нэмэгдээд, МоАХ-ны Х.Баттулга, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар Тавантолгойн төслийг дэмжихгүй байх магадлалтай хүмүүсийн тоонд багтаж буй юм. Тэдэн дээр “гацаадаг” С.Ганбаатар, Г.Уянга нарын “эх оронч”-дыг нэмбэл Тавантолгойн хувь заяаг тааварлах аргагүй, хаашаа ч эргэж мэдэхээр харагдана. 

 

Тавантолгойн төсөл хэрэв ураг­шилж чадвал амжилт нь ганцхан Ч.Сайхан­билэгт бус З.Энхболдын танхимд  оног­доно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн  төс­лийг унагаасан, урагшлуулсан гайг нь ч тэр,  гавьяаг нь ч тэр Монголын парла­мент адилхан үүрнэ гэсэн үг. Ийм том эрсдлийг өөрсдөө үүрэлцье гэсэн хүмүүс одоо яая гэх вэ. Уг нь үүрэхийг Ч.Сайхан­билэг, С.Баярцогт, М.Энхсайхан гуравт үүрүүлчихээд, өөрсдөө янцаглаад сууж байсан бол илүү амар байсан юм шүү дээ.

 

Ж.НЯМСҮРЭН

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн