Тавантолгойн талаарх шүүмжлэл ба тайлбар

Нийтлэгдсэн : 2015.04.23

Тавантолгойн төсөлтэй холбоотойгоор гарч байгаа шүүмжлэлүүдэд Ажлын хэсгийн зүгээс тайлбар тавьжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболдын сэтгүүлчидтэй хийсэн “Зангиагүй уулзалт”-ын үеэр хэлсэн зарим баримтуудад тайлбар хийжээ.

Шүүмжлэл: Сү.Батболдын компани олон сая долларын үнэтэй ордыг, Тавантолгойн лицензийг нэг төгрөг төлөлгүй авсан авсан. Сү.Батболдын авсан бүх лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаахудагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна.

Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Нийтдээ 6,5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд нь, 10 орчим хувь нь ард түмний өмч.

Тайлбар: Ашигт малмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий орд дах төрийн оролцоо 50 хүртэл хувь байх шийдвэрийг гаргасан, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Тавантолгойн ордыг стратегийн ордод хамааруулсантай холбоотойгоор 2008 онд Энержи Ресурс ХХК өөрийн эзэмшилд байсан зургаан тусгай зөвшөөрлийн 5-ыг буюу ордын 50-иас илүү хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан.

Тавантолгойн орд дах таван тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлж авсны үндсэн дээр УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39 дүгээр тогтоолуудыг гаргах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийг байгуулах нөхцөл бүрдсэн байдаг бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-н хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэнд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэлх хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл дээрх шийдвэрүүдэд нийт ордын хувь хэмжээний эзэмшлийн талаар бус ЭТТ-ийн хувьцааны эзэмшлийн талаар заасан байна.

Одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Эрдэнэс таван толгой ХК-ийн нэг ч хувьцаа хөрөнгө оруулагчид шилжихгүй.

УИХ-ын 39 дүгээр тогтоолын хүрээнд тухайн үеийн Засгийн газраас Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх арга хэмжээг бүрэн дүүрэн гүйцэтгээгүй байгааг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн хувьцааны бүртгэлийг Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцааны бүртгэлд одоо хир нь тусгаагүй, хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд иргэд захиран зарцуулах эрхээ ч хэрэгжүүлэх боломжгүй байда¬лтай байна.

Шүүмжлэл: УИХ-ын вэб сайтад байгаа Тавантолгойн гэрээгээр Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Тавантолгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд 2 хувийн тусгай рояалти авахаар тусгасан байна. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон байсан.

Тавантолгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2 хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй.

ЭР ЭТТ-д хамтын ажиллагааны төлбөр төлнө. Борлуулалтын орлогын 2%-иар. Хамгийн өөдрөгөөр нийт 1.5 тэрбумын борлуулалт хийлээ гэхэд жилд 30 сая доллар л өгнө. Хангалттай биш, маш бага мөнгө. Нүүрсний үнэ нэмэгдээд байхад яах юм гэх мэт дээд, доод хязгаар тогтоох хэрэгтэй.

Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор ЗГ-т өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хийсэн бөгөөд ард түмний болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэх нь субъектив дүгнэлт гэж үзэж байна.

Энэ гэрээгээр ЭТТ лицензээ өөртөө хадгалж үлдэхийн зэрэгцээ үйл ажиллагааны ямар ч эрдсэл, алдагдлыг хуваалцалгүйгээр нүүрсний борлуулалтын орлогоос хамтын ажиллагааны төлбөр авах ба Чалко-н өр төлбөрийг бүрэн төлүүлж, боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц бариулж, гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгохыг шаардаж байгаа. Энэ бүхний үр дүнд Эрдэнэс Таван толгой ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал сайжрах бөгөөд Таван толгойн орд газрыг цогцоор нь хөгжүүлж, нүүрсийг түүхийгээр бус нэмүү өртөг шингээн экспортолж эхэлснээр ард иргэдэд эзэмшыүүлсэн Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааны үнэ цэнэ нэмэгдэх юм.

Гол нь нүүрсний үнэ өсөх тухай бүрт хамтын ажиллагааны төлбөр өсөн нэмэгдэхээр байгаа. Уг гэрээг зурсанаар Монгол Улсын хувьд тулгараад буй өрийн дарамтыг бууруулах, нүүрсний зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж дэлхийн хэмжээний өрсөлдөгч болох, борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт, төсөл дагасан санхүүжилтээр дамжин гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн бууралтыг зогсоох, төслийн эхний өдрөөс татвар хураамжаар дамжуулж жилд 340 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж олох, бүтээн байгуулалт өрнөснөөр мянга мянган ажлын байр бий болгох, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй салбар дагасан аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ашигтай.

“2 хувийг тусгай роялти” гэдгийн тухайд энэ Хөрөнгө оруулалтын гэрээгээр Цанхийн талбайд үйл ажиллагаа явуулсны төлөө “хамтын ажиллагааны төлбөр” төлөх бөгөөд уг төлбөр нь борлуулалтын үнээс хамаараад борлуулалтын орлогын 2%-оос 8%-н хооронд байхаар байгаа. Уг аргачлал нь дараах давуу талуудтай. Үүнд:

1) Борлуулалтын орлогын өсөлтөөс илүүгээр ЭТТ төлөх төлбөрийн хувь өсч байгаа. Жишээ нь үнэ 85 ам.доллараас 10%-иар өсөх буюу 93.5 ам.долларт хүрэх үед хамтын ажиллагааны төлбөр даруй 25%-р нэмэгдэж байгаа;

2) Хамтын ажиллагааны төлбөр нь зөвхөн Цанхийн талбайгаас бус мөн Ухаа худгаас олборлож борлуулсан нүүрсний борлуулалтын орлогоос тооцохоор байгаа;

3) ЭТТ-д төлөх төлбөр нь борлуулалтын орлогоос хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл зардалтай холбоотой эрсдлийг 100% төслийн компани хариуцах бөгөөд төслийн компани алдагдалтай ажиллаж байсан ч үүнээс үл хамаараад ЭТТ нь хамтын ажиллагааны төлбөр авах боломжтой;

4) Хамтын ажиллагааны төлбөр нь ЭТТ-н хувьд цэвэр ашиг болно. Өөрөөр хэлбэл ЭТТ нь борлуулалтын үнээс хамаарч 2%-8%-н ашигтай ажиллаж 1072 хувьцаанд ногдол ашиг тараах бодит бололцоо бүрдэнэ;

5) Үнэ бага байх үед уул уурхайн компаниуд олборлолт борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэн нэгж зардлыг бууруулах, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж үнэлгээг нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчдэд хүргэж дундын зуучлагчдын ашгийг өөрийн болгох зэрэг аргаар өөрийн зах зээл дэх орон зайг хадгалж үлддэг. Консерциумд эдгээр давуу талууд байгаа бөгөөд төслийн эхний өдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж өгнө. Нөгөө талдаа зах зээлийн нөхцлөөс хамаарч төсөл хэрэгжүүлэгч консерциум оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхгүй байх эрсдэлтэй, харин ЭТТ нь хамгийн багадаа борлуулалтын орлогын 2%-ийг тогтмол авч байх болно. Зах зээлээс хамаарсан эрсдэл нь ЭТТ дангаар үйл ажиллагаа явуулсан үед ч адилхан тусах бөгөөд энэ тохиолдолд ЭТТ нь ашиг олж, хувьцаанд ногдол ашиг тараах байтугай үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байх эрсдэлтэй.

Үнэ

Орлогоос тооцож авах хувь

Өсөлтийн хувь

<85

2.00%

0.0%

85-100

2.50%

125.0%

100-130

3.60%

180.0%

130-160

4.55%

227.5%

160-190

5.60%

280.0%

190-210

6.75%

337.5%

210<

8.00%

400.0%

Дахин тэмдэглэхэд, энэхүү хэлэлцээрийн дагуу Эрдэнэс Таван толгой ХК-н хувьцааг хөрөнгө оруулагчид худалдахгүй, Цанхийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй.

Шүүмжлэл: Тавантолгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т, 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа”-д очихоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа. 2 сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

Тайлбар: Гэрээний хугацаа сунгалтын асуудлыг Эрдэнэс таван толгой ХК-ийн эзэмшилд хэвээр байх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай андуурч тайлбарласан байна.

Ашигт малтмалын лицензийн хугацааны хувьд ЭТТ-ийн лиценз нь 30 жилээр олгогдсоныг дурдаад цаашид Ашигт малтмалын хуулийн дагуу 20 жилээр 2 удаа сунгагдахыг тэмдэглэсэн. ЭТТ-д өөрийн нэр дээр байгаа лицензийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчинтэй байлгах ерөнхий үүрэг хүлээлгэсэн.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Эрдэнэс Таван толгой ХК-н Цанхийн тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчид болон төслийн компанид шилжүүлэхгүй.

Шүүмжлэл: Маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу ч орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал бол чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан.

Тайлбар: Өөрийн талбайд орох эрхгүй байгаа гэдэг нь ташаа ойлголт байна. Хамтын ажиллагааны гэрээний 6.1(a) заалтад энэ асуудлыг тухайлан заасан бөгөөд уул уурхайн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах шаардлагын хүрээнд урьдчилан мэдэгдсэнээр талбайд нэвтрэх боломжтой байгаа.

6.1. Энэхүү Гэрээний болон Хөрөнгө оруулалтын гэрээний аливаа заалтыг хязгаарлахгүйгээр ЭТТ нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

(a) Холбогдох аюулгүй байдлын шаардлага хангасны үндсэн дээр Төслийн компанид урьдчилан мэдэгдэл хүргүүлж, Төслийн компаниас зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ нь өөрийн зардлаар Цанхийн талбай, ТТ газар болон тухайн газар дээр байрлах дэд бүтэц, байгууламжид нэвтэрч Төслийн компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр Төслийн компани энэхүү Гэрээний болзол, нөхцлийг биелүүлж байгаа эсэхийг баталгаажуулах эрхтэй.

Шүүмжлэл: УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээний хувилбарыг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй.

Тайлбар: Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийг 2015.01.05-нд албан ёсоор эхлүүлсэн. Хэлэлцээрийг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан. Өнгөрөгч 2-р сард тодруулбал, сар шинийн баярын өмнө хэд хэдэн зарчмын асуудлыг үлдээгээд хэлэлцээрийн ажиллагааг завсарлуулсан байгаа.

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл нээлттэй мэдэгдэж байсанчлан Чалкогийн өрийн асуудал болон бусад хэд хэдэн зарчмын асуудлаас болж хэлэлцээр түр завсарласан. Энэ үед авсан эцэслэгдээгүй байсан , Засгийн газрын хурлаар ч хэлэлцээгүй байсан 2 дугаар сарын гэрээний төслүүдийг талууд эцэслэн тохирсон гэж хөндлөнгөөс үнэлэх нь зохимжгүй юм.

Үүнээс хойш хэлэлцээрийн сүүлийн шатны уулзалтуудыг 3 дугаар сарын 2 дугаар хагасаас маш эрчимтэй явуулж эхэлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг гэрээний дараа дараагийн хувилбарууд дээр тохиролцоогоо буулгаж ирсэн байгаа. Иймд асуудалд хандахдаа гэрээний сүүлийн хувилбар дээр үндэслэн саналаа өгөх нь зүйтэй.

Шүүмжлэл: Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх тэр болгоныг өөрөө тогтооно гэсэн байсан. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулийг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм л балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй.

Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээний нийт хугацаанд дотоодын хөрөнгө оруулагч Төслийн компанийн нийт гаргасан болон зарласан хувьцааны 51 (тавин нэг)-ээс багагүй хувийг эзэмшихийг үүрэг болгосон ба зөрчвөл Төслийн компани ноцтой зөрчил гаргасанд тооцох, гэрээг цуцлах хүртэл үр дагавар үүсэхээр гэрээнд заасан.

Хууль зүйн хувьд ч ““Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа” 100 хувь шилжүүлэх” боломжгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд заавал Засгийн газраас зөвшөөрөл авахаар байгаа.

Гэрээгээр хүлээн эрх үүргээ шилжүүлэх асуудлын тухайд Хөрөнгө оруулалтын гэрээгээр Төслийн компани нь энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ өөрийн харилцан хамааралтай этгээд болон Санхүүжүүлэгчид санхүүжилтийн гэрээний хүрээнд шилжүүлэхээс бусад тохиолдолд Засгийн газрын урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж, захиран зарцуулахыг хориглосон байгаа.

Гэрээний эрх үүргийг шилжүүлж болох харилцан хамааралтай этгээдийн хувьд Гэрээний хэрэгжилтийг хангах санхүү, техникийн чадавхтай; Гэрээнд заасан эрх үүргийг биелүүлэхийг зөвшөөрсөн; Монгол Улсын хууль тогтоомж, стандартын дагуу тодорхойлсон нөхцөл, шаардлагыг хангасан байх давхар шаардлагыг мөн тусгасан болно.

Засгийн газар шүүхэд очих очихгүй асуудлын тухайд энэхүү гэрээнд Монгол Улсын Засгийн газар гэрээний нэг тал болж байгаа тул олон улсын нийтлэг жишиг, олон улсын эрх зүйн зарчмын хүрээнд талуудын эрх, үүрэг арилжааны зарчимд тулгуурлан тодорхойлогдох нь ойлгомжтой. Монгол Улсын Засгийн газар ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг тулгах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд энэ асуудлаар хамтарч ажиллах хөрөнгө оруулагч олдохгүй байх, энэ хэлцэл нурах эрсдэлтэй.

Шүүмжлэл: УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш.

Тайлбар: Их хурлын 39-р тогтоолын хүрээнд 1072 ширхэг хувьцаатай холбоотой ажлыг өнөөг хүртэл Засгийн газарт Их хурлаас чиглэл үүрэг өгсөний дагуу Засгийн газар хариуцан хэрэгжүүлж байгаа.

Шүүмжлэл: Тавантолгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шинхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнэтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана.

Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээгээр Таван толгой орд дах төрийн мэдлийн тусгай зөвшөөрөл хийгээд төрийн өмчит Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцаа шилжихгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ЭТТ-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлолт боловсруулалт тээвэрлэлт борлуулалтын ажлыг өөрийн хөрөнгө оруулалтаар хариуцан гүйцэтгэж ЭТТ болон улсын төсөвт төлбөр төлж байгаа асуудлыг Таван толгойг үнэ төлбөргүйгээр өгч байгаа гэж үзэх нь үндэслэлгүй. Засгийн газар УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор өгсөн үүрэг, чиглэлийн дагуу улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэлгүйгээр, улсын төсвөөс ямар нэг хөрөнгө оруулалт хийж, зардал гарган эрсдэл хүлээлгүйгээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцвэрийг сайжруулах, ирэх онд төлөхөөр хүлээгдэж байгаа Чингис бондын төлбөрийг хийх орлогыг бүрдүүлэх, төрийн өмчит ЭТТ болон МТЗ компаниудыг өр төлбөрөөс гаргаж санхүүгийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Шүүмжлэл: 4 сарын 3-ны гэрээн дээр ЗГ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, нийтийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэр гаргавал ЗГ гэрээг зөрчсөнд тооцно гэчихсэн байсан. Энэ бол маш ноцтой. Сүүлд энийгээ авчихсан байна лээ.

Тайлбар: Ямар тохиолдлуудыг Засгийн газар үүргээ зөрчсөнд тооцох тухай маш тодорхой заалт байгаа бөгөөд Засгийн газрын үйлдэл эс үйлдлээс Төсөл хэрэгжих боломжгүй болох, хугацаа хойшлох эсвэл түр зогсох, Төсөлд шаардлагатай аливаа зөвшөөрлийг үндэслэлгүйгээр саатуулсан, хугацаа алдаж олгосон; Засгийн газраас гаргасан аливаа мэдэгдэл, баталгаа нь худал эсвэл төөрөгдүүлсэн нь тодорхой болсон; Төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй үр дагаварт хүргэсэн хууль тогтоомж, шийдвэр гаргасан; Засгийн газар энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн; Бүтээгдэхүүн экспортлох, Төслийн барилга, бүтээн байгуулалтад шаардлагатай тоног төхөөрөмжийн импортод Засгийн газар хориг, хязгаарлалт тавих, хориг арга хэмжээ авах болон саатуулах; Засгийн газраас авсан арга хэмжээний улмаас хил, төмөр зам, ачаа ачиж буулгах талбай болон төмөр замын тээвэрт ашиглах бусад эд анги, тоног төхөөрөмжүүд, эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд хязгаарлалт хийх, хэм хэмжээ тогтоох, хаах; ЭТТ-г өөрийн санаачилгаар татан буулгах тухай ЭТТ-н хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаж ирүүлэх; ЭТТ Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байхаа больсон; нийгэмчлэх арга хэмжээ авагдсан зэрэг энэ төрлийн аль ч гэрээнд байдаг нөхцөл тохиолдлыг заасан байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 26.1(g) заалтад маргаан шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар олон улсын нийтлэг жишиг, холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газар нь гэрээний нэг тал болохын хувьд өөртөө эсвэл түүний хөрөнгийн хувьд аливаа улсад одоо эдэлж байгаа эсвэл ирээдүйд эдэлж болох халдашгүй дархан эрхээсээ татгалзахаар заасан байгаа. Энэ нь талууд эрх тэгшээр маргаанаа хөндлөнгийн эрх бүхий мэргэшсэн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн зарчим юм. Энэ заалтыг буруугаар тайлбарлах нь хууль зүйн мэргэжилтэй хүний хувьд зохисгүй.

Шүүмжлэл: Яг энэ гэрээгээр 4 тэрбумын хөрөнгө оруулалтын үүрэг хүлээгээгүй. Нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум орчим байна, гэхдээ ТЭЗҮ эд нараас шалтгаалаад өөрчлөгдөнө гэж байгаа. 2-т, Ухаа Худагийн хөрөнгө оруулалтыг 1 тэрбумаар үнэлж оруулна гэсэн. 1.3 тэрбум долларын өртэй, 400 саяын үнэлгээтэй компанийг ингэж үнэлж авна гэдэг хохиролтой.

Тайлбар: Урьдчилсан тооцоогоор хөрөнгө оруулалтын дүн 4 тэрбум ам.доллар гэж гарч байгаа бөгөөд энэ дүн нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх үед өсөх ч боломжтой.

Хөрөнгө оруулалтын дүнгээс илүү Монгол улсын нутаг дэвсгэр дээр үлдэх бодит бүтээн байгуулалтын хэр хэмжээ, хүчин чадал ямар байх нь илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжсэнээр жилд 30 сая тонн нүүрс олборлох уурхайн тоног төхөөрөмж, засварын байр, нүүрс баяжуулах үйлдвэрүүд, цахилгаан болон усан хангамжийн байгууламжууд, төмөр зам гэх зэргээс гадна уурхай дагасан хот сууринтай болох нь чухал тул ийм үүрэг үүргийг хүлээлгэж байгаа. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс хасагдах магадлал бага.

Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг уурхайг дагасан баяжуулах үйлдвэр, цахилгаан хангамж, усан хангамж, нисэх буудал, ажилчдын байр, оффис, засварын төв, уурхайчин хороолол, сургууль цэцэрлэг зэрэг цогц төслийг хэрэгжүүлэхэд 1 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг гүйцэтгэж, бүтээн байгуулалтыг хийгээд байгаа нь тал талын ач холбогдолтой байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрс баяжуулах хүчин чадлыг өргөтгөх ажлыг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан төслийг богино хугацаанд амжилттай гүйцэтгэх, төслийн эхний өдрөөс нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах бодит боломжтой болж байгаа. Энэ 1 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтыг тооцохгүй бүх зүйлийг эхнээс нь хийнэ гэвэл цаг хугацаа алдахаас эхлээд төрд болох хувийн хэвшилд орох ашгийн түвшин багасах, төслийн үнэлэмж, мөнгөний өгөөжийг бууруулах сөрөг талтай.

Хууль зүйн хувьд 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтад үндэслэн хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгож болохоор заасан байдаг бөгөөд гэрчилгээ авах шалгуур хангасан хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зохицуулалттай байгаа. Энэ жишгийн дагуу 2008 оноос хойш оруулсан 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийт төслийн хөрөнгө оруулалтад хамааруулж байгаа.

Зарчмын хувьд 1 тэрбум ам.долларын оруулчихсан гээд байгаа хөрөнгө оруулалтыг хассан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шалгуурыг хангасан хэвээр байхаас гадна ер нь Засгийн газрын тухайд оруулах дүнгийн талаар ярьснаас оруулчихсан бодит хөрөнгө чинь давхар хамаарна шүү гээд гэрээ хийх нь илүү бодитой хувилбар байх юм.

Мөн энэ төслийн хувьд Энержи Ресурс гэдэг компанийг үнэлж авч байгаа асуудал байхгүй, Энержи Ресурс нь зөвхөн Баруун болон Зүүн Цанхид олборлолт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээл дээр борлуулах үйл ажиллагааг эрхэлнэ. Энержи Ресурс компани нь өр төлбөрөө цаашид өөрөө хариуцаад явах бөгөөд энэ нь Таван Толгой төсөлд бол хамааралгүй болно.

Төмөр замын концессийн гэрээ бүхэлдээ Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, ҮАБЗ-ийн 35/32зөвлөмж, ЗГ-ын 121-р тогтоолыг бүгдийг нь зөрчиж байгаа. МТЗ-аас энэ төмөр замыг авах ямар ч боломжгүй. 10 жилд энэ төмөр зам 2 тэрбум долларын ашигтай ажиллах тооцоотой. Одоо 200 сая доллар авахын тулд төмөр замаа өгөх үү? 10 жил тутамд 2 тэрбум доллараа олоод явах уу? Эхлээд ҮАБЗ-ийн зөвлөмжөө хүчингүй болгочих, тэгэж байж энэ төмөр замын концессийн гэрээ байгуулагдах эрхзүйн үндэс бүрдэнэ.

Шүүмжлэл: Төмөр замын концессийн гэрээ бүхэлдээ Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, ҮАБЗ-ийн 35/32зөвлөмж, ЗГ-ын 121-р тогтоолыг бүгдийг нь зөрчиж байгаа. МТЗ-аас энэ төмөр замыг авах ямар ч боломжгүй. 10 жилд энэ төмөр зам 2 тэрбум долларын ашигтай ажиллах тооцоотой. Одоо 200 сая доллар авахын тулд төмөр замаа өгөх үү? 10 жил тутамд 2 тэрбум доллараа олоод явах уу? Эхлээд ҮАБЗ-ийн зөвлөмжөө хүчингүй болгочих, тэгэж байж энэ төмөр замын концессийн гэрээ байгуулагдах эрхзүйн үндэс бүрдэнэ.

Тайлбар: Төмөр замын концессын гэрээ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, ҮАБЗ-ийн 2010 оны зөвлөмж, ЗГ-ын 121-р тогтоолыг зөрчөөгүй.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 болон 6.4 дэх заалтад ашиглалтын тодорхой хугацааны дараа улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой замын суурь бүтцийн тодорхой хувийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлөөр байгуулж болохоор заасан байгаа.

Өөрөөр хэлбэл, Төмөр замын тээврийн тухай хуулиар үндсэн 2 хувилбараар төрийн өмчит төмөр замыг бий болгох боломжийг тодорхойлсны эхний хувилбар нь улс өөрөө төрийн өмчит компаниараа дамжуулж шууд хөрөнгө оруулалтаа хийгээд, өөрийнхөө өмчлөлд аваад явах байсан бол хоёр дах хувилбар нь концессийн гэрээ байгуулж, хувийн хөрөнгө оруулалтаар төмөр замаа бариад, ашиглаад, тодорхой хугацааны дараа буцаагаад төрийн өмчид шилжүүлж авах явдал юм.

Өмнөх онуудад, төрийн зүгээс эхний хувилбар болох төр өөрийн санхүүжилтээр өөрөө байгуулан өмчлөх хувилбараар ажилласан байгаа. Үүнтэй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 тогтоол уялддаг. 35/32 тоот зөвлөмжийг Засгийн газар хүлээн авч, Чингэс бондын хөрөнгөөр санхүүжүүлж ажилласан ч санхүүжилт дутсан ба уг дутсан санхүүжилтийг хийх гадаадын хөрөнгө оруулагч олдохгүй байсан.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан нүүрсний орд, түүний үндсэн дэд бүтэц болох төмөр замыг хамтад нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, менежментээр хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоороо эхний хувилбарыг өөрчилж хоёр дах хувилбараар төслийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, төмөр замын төслийг төрөөс 100 хувь санхүүжүүлж, ашиглалтад оруулах боломжгүй, нүүрсний зах зээл, санхүү эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд энэ төмөр замын төсөлд дангаар нь хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагч олдохгүй нь тодорхой болсон тул өмнөх чиглэлээ өөрчлөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн хоёр дах хувилбараар ажиллах үүрэг өгсөн. Үүний дагуу л ажил хийгдсэн.

УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 6.4.1-д ч мөн “Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулийн дагуу төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулах бөгөөд улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлнэ” гэж заасан байгаа.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “Тавантолгойн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04/03 дугаар зөвлөмж гарган “Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах”-ыг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон. Уг зөвлөмжийг гаргахад Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасны дагуу Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээний үндсэн дээр байгуулах асуудлыг танилцуулсан болно.

Шүүмжлэл: Төмөр замын зарцуулалтан дээр ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр ч аудит оруулаад шалгуулахад бэлэн байна. Мөнгө нь Хөгжлийн банкаар явдаг, тэндээсээ Самсунг руу шилждэг, Германы Дойче бан зарцуулалтыг нь хянадаг.

Тайлбар: Хөрөнгө оруулалтын гэрээ болон концессын гэрээний хүрээнд МТЗ-ийн хэрэгжүүлж ирсэн Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын Төсөлтэй холбоотойгоор зарцуулсан бодит зардлыг консорциумын зүгээс холбогдох санхүү, техникийн болон хууль зүйн дүн шинжилгээнд үндэслэн Засгийн газарт буцаан төлөхөөр заасан байгаа.

Энэ нь өмнө нь Засгийн газраас ЭРР-ийн хэрэгжүүлж байсан төмөр замын суурь бүтцийг барих төслийг өөртөө шилжүүлэн авахад баримталсан зарчимтай л ижил зарчим байгаа болно.

Энэхүү нөхцөл нь гэрээлэгч талуудын хувьд байдаг нийтлэг жишиг бөгөөд дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх юм. Төмөр замын төслийн хөрөнгийн зарцуулалт дээр ямарч асуудал байхгүй бол олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлт мөн л тэгж гарах нь тодорхой.

Шүүмжлэл: Өргөдлийн байнгын хорооноос ТТ-н ажлын хэсэгт даалгавар өгч, 1072 хувьцааны асуудлыг гэрээнд тусгай бүлэг болгож оруул гэсэн. Одоо гэрээнд энэ талаар нэг ч заалт байхгүй.

Тайлбар: Хувьцааны үнэлгээ зах зээлийн зарчмаар тодорхойлогдоно. ЭТТ одоогийн өр төлбөр, санхүүгийн хүндрэлээс гарч, ЭТТ-н эзэмшилд буй Таван толгойн ордын үйлдвэрлэл, тээвэрлэлтийн дэд бүтэц байгуулагдаж, далайн чанадын зах зээлд хүрэх худалдаа, борлуулалтын үр дүнтэй сүлжээ бий болсноор үнэлгээ өснө гэж үзэж байгаа.

1072 хувьцааны асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал биш юм.

Шүүмжлэл: Чалкогийн 142 сая долларын өрийг л төлөх болохоос биш Чалкогийн гэрээний бүх үүрэг, хариуцлага ЭТТ дээрээ үлдэж байгаа. Чалкогийн өмнө хүлээсэн бүх үүргийг хүлээж авах ёстой уг нь.

Тайлбар: Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-ийн “г”-д “Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах;” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, уралдаант шалгаруулалтын нөхцөлд “гэрээг шилжүүлэн авах үүргийг хүлээх” тухай заагаагүй бөгөөд Эрдэнэс Таван толгой ХК-иас Чалкотой хийсэн нүүрс худалдах, нийлүүлэх гэрээнд гэрээний аль нэг талыг солих тохиолдолд заавал Чалко компанийн зүгээс зөвшөөрөл авахаар заасан байгаа. Уг зөвшөөрөл өгөгдөөгүй байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4 а-д Чалкогийн үндсэн өрийг хүүгийн хамт 12 сарын хугацаанд төлөхөөр тохирсон.

Чалкогийн гэрээний эрх үүргийг ЭТТ гуравдагч этгээдэд шилжүүлэхэд тодорхой хязгаарлалт тавигдсан, гэрээний зөрчилд тооцогдож болох, зөвшөөрөл шаардлагатай зэрэг техникийн олон хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байгаа. Чалкогийг гэрээгээр ЭТТ-гийн хүлээж буй үүргийг ЭТТ-ийн дэмжлэгтэйгээр хамтран шийдвэрлэх үүргийг Төслийн компани гэрээгээр хүлээж байгаа болно. ЭТТ-ийн дэмжлэг гэдэг санхүүгийн дэмжлэг биш, зөвхөн гэрээний нэг тал болохын хувьд Чалкотай харилцах харилцаан дээр дэмжлэг үзүүлэх юм.

Шүүмжлэл: Энэ гэрээ байгуулагдсанаас хойш ЗГ ямар ч нэмэлт нөхцөл тавих эрхгүй.

Тайлбар: Хөрөнгө оруулалтын, төмөр замын концессын гэрээгээр гэрээ байгуулагдсанаас хойш ЗГ –аас нэмэлт нөхцөл тавих эрхийг Хөрөнгө оруулалтын гэрээний 22 дугаар зүйл, Төмөр замын концессын гэрээний 23.2(a)-д Талууд харилцан тохиролцсон нөхцөлд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж тодорхой заасан болно.

Түүнчлэн төслийн хэрэгжилтийн явцад Засгийн газраас төслийн цар хүрээ, хийгдэх бүтээн байгуулалтын талаар санал тавих эрхүүд байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээний Төмөр замын концессын гэрээний 11.1(b) заалтад Концессын хугацаанд Суурь бүтцээр жилд тээвэрлэх хүчин чадал 30 сая тоннд эсвэл түүнээс давсан тохиолдолд зөвхөн Засгийн газар Суурь бүтцийн өргөтгөл хийлгэх хүсэлт, санал гаргаж төмөр замын суурь бүтцийг өртгөтгөж болохоор, мөн гэрээний 13.3 дах заалтаар Засгийн газраас ТЭЗҮ, Ажлын зураг, Суурь бүтэц болон Нэмэлт болон дагалдах дэд бүтцэд нэмэлт өөрчлөлт хийх хүсэлт гаргаж болохоор байгаа.

Мөн төмөр замын концессын гэрээний 4.2(h) заалтын дагуу Засгийн газар нь хууль тогтоомжид заасан бол төсөл болон Концесс эзэмшигчид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа шийдвэрийг гаргах эрхтэй байхаар заасан байгаа бөгөөд Засгийн газраас Төсөл болон Концесс эзэмшигчид аливаа хориг, хязгаарлалт, нөхцөл тавих боломжтой байгаа.

Шүүмжлэл: ЭР ЭТТ-ээс шилжүүлж авч байгаа нүүрс олборлох, баяжуулах, дэд бүтэц байгуулах гм бүх эрхээ барьцаалж болно гэж байгаа. Барьцааны үүргээ биелүүлэхгүй бол эрхээ шилжүүлнэ гэж байгаа. ЭР санаатай юмуу санамсаргүйгээр үүргээ биелүүлж чадахгүй боллоо гэхэд энэ бүх эрх нь тэр санхүүжүүлэгч этгээд рүү шууд шилжих нь байна. Энийг нь ЗГ зөвшөөрч, дэмжихээр заасан байгаа.

Тайлбар: Энэ хэмжээний төслийг хөрөнгө оруулагч дан ганц өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан тохиолдол дэлхийд байхгүй байх.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн