Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2015.04.22 |
Тавантолгойн төслийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас энэ сарын 17-нд өгсөн материалыг УИХ буцаалаа. Яагаад буцаасан тухай хоёр төрлийн тайлбар Төрийн ордноос нисэв. Эхний тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн олон нийтийн сүлжээгээр түгээсэн.
“Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул” гэсэн энэ тайлбарт олон нийт эгдүүцэж байна.
Дараагийн тайлбар нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ЗГХЭГ-т явуулсан албан бичиг. Тэрээр уг бичигтээ “...дутуу баримт бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны 16 цагаас өмнө ирүүлэхийг хүссэн манай 2015 оны 4 дүгээр сар 20-ны өдрийн 14/746 тоот албан бичгийн хариу, холбогдох дутуу баримт бичгүүдийг ирүүлээгүй тул...” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас УИХ-д оруулсан Тавантолгойн төсөл бүрдлийн хувьд шаардлага хангасангүй гэсэн ойлголт төрөхүйц мэдээллийг УИХ-аас цацлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар албан бичгээ “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийг үндэслэн шийтгэснээ дурджээ.
Уг хуулийн “Хуулийн төслийг өргөн мэдүүлэх” тухай 20 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор хуулийн төсөл, холбогдох бичиг баримтыг энэ хуулийн 20.З, 20.4-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан гэж үзвэл төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлон хууль санаачлагчид мэдэгдэх ба төсөл нь дээрх шаардлагыг хангаагүй байвал түүнийг хангуулах арга хэмжээ авна” гэж заажээ. 20.3, 20.4 дэх заалтууд доорх томъёололтой.
ХУУЛЬ, УИХ-ЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
20.3. Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
20.3.1. хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;
20.3.2. хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга;
20.3.3. шаардлагатай бол холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл;
20.3.4. хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шаардлагатай арга хэмжээний санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо;
20.3.5. Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус бусад байгууллагын санал дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийн тухайд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл, төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагавар бий болгох хуулийн төслийн тухайд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл;
20.3.6. олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн төсөлд уг олон улсын гэрээний орчуулга, түүнийг хариуцсан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;
20.3.7. шаардлагатай тохиолдолд төслийг Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүссэн Ерөнхий сайдын хүсэлт, үндэслэл, шалтгаан.
20.4. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримт нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.
Хуульд “хувьцаа эзэмшигчдийн санал” гэсэн үг өгүүлбэр, ийм утга санаа илэрхийлэх зүйл огт алга байгааг уншигчид анзаарч буй байх. Урьд өмнө УИХ-д хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэхтэй, түүнд холбогдох бичиг баримтын бүрдэл гүйцэт эсэхтэй холбоотой өчигдрийнх шиг үйл явдал болж байгаагүй. Энэ бол манай төрийн байгууллагуудын байнга хийдэг тогтмол үйл ажиллагаа. Ялангуяа хэт их эрх мэдэлтэй, холилдож хутгалдахгүй юмгүй парламенттай болж хувирсан өнөөдрийн нөхцөлд УИХ-д асуудал оруулах гэдэг яамдын хийдэг цорын ганц ажил болчихсон гэж хэлж болно. Референт, мэргэжилтнүүдийнхээ хувьд бусад яамдаас ч илүү залгамж, уламжаа хадгалж ирсэн нь ЗГХЭГ байж мэдэх юм. Эндхийн туршлагатай мэргэжилтнүүд УИХ-д оруулах асуудлын иж бүрдлийг дутуудуулсан байх магадлал байхгүй.
Чухам ямар баримт бичиг дутсаныг тодруулахаар Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар руу утас цохивол тэрээр эхэндээ “хуралтай байна, эргээд залга” гэж байснаа, дахиад ер утсаа авсангүй.
Шуудхан хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд үл бүтэх зүйл нэхэж, Засгийн газрыг дарамталж байна гэвэл хилс болохгүй. Харин ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулсны дараахан олон нийтээс үүрэн утасны мессэж үйлчилгээгээр санал асууж, Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөн, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлээс гаръя гэсэн шийдлээ баталгаажуулж авсан. УИХ-д төсөл өргөн мэдүүлэхэд үнэхээр шаардлагатай гэж үзвэл энэ санал асуулгын дүн хангалттай. Гэхдээ ийм юм шаардах нь өөрөө хуульгүй явдал болохыг та бид бэлхэнээ харж байна.
Дээрхээс үзвэл, Тавантолгойн гэрээний төслийг УИХ цэвэр улстөрийн шалтгаанаар буцаажээ гэж дүгнэхээр байна. Уул нь төслийг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой үзэж байгаа хүн нь З.Энхболд өөрөө. Тэрээр энэ хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ, “Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулахыг санаачлах болно” гэж Засгийн газрыг шахан, гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг хойшлуулсан. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй зөвлөлдөн, хоёр долоо хоногийн дотор хэлэлцэн шийдэхээр тохиролцсон. Үүний дагуу Засгийн газар асуудлыг өргөн барих бэлтгэлийг хангаж, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн. Тодруулбал, энэ асуудал УИХ-д өргөн баригдаж чадалгүй дундаасаа буцаж байна гэсэн үг. Парламент огт хэлэлцээгүй асуудал болохоор гэрээний агуулга, зүйл заалт ярих гэдэг уул нь сэдвээс хазайсан хэрэг юм.
УИХ-ын дарга Монгол Улсын сайд М.Энхсайханы тэргүүлэн явуулж байгаа Тавантолгойн төслийн ажлыг анхнаас нь дэмжээгүй. Үүнийгээ бүхий л сувгаар тэр ний нуугүй илэрхийлдэг. Тэрээр Тавантолгойн гэрээ, хэлэлцээрийн төсөл Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй гэж үзэж буйгаа хэд хэдэн үндэслэлээр дурдсан. Тухайлбал, Засгийн газрын үүрэг тодорхой хугацаатай хэрнээ нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинжтэй, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлагагүй, мөн гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, хөрөнгө оруулагч талын хуулийн болон санхүүгийн зөвлөх компаниудаас зөвлөгөө авсан гэхчлэн олон аргумент дэлгэн тавьж байгаа. Төмөр зам барьж байгуулах ажлыг хөрөнгө оруулагч талд харьцангуй удаан хугацааны концессоор өгсөн, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн зэрэг нарийн ширийн зүйл, заалтуудыг эш болгон эсэргүүцэж байгаа.
Мэдээж, гэрээний төсөлд засч залруулах учиртай дутуу дулим зүйл байхыг үгүйсгэхгүй. Тэдгээрийг УИХ-аар хэлэлцээд, өөрчлөн сайжруулаад явах боломж бий. Гэтэл парламентаар хэлэлцүүлэх З.Энхболдын шаардлагыг Засгийн газар хүлээж аваад, гэрээнийхээ төслийг өргөн баръя гээд байхад хүлээж авахгүй байгаа нь түүнийг шаардлага тавьж байгаа шигээ зарчимч байр сууринаас асуудалд хандаагүй юм байна гэх эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна. Түүнд чухам ямар ашиг сонирхол байна вэ?
УИХ-ын дарга энэ асуудлаар “Женко” Х.Баттулгатай нэг талд зогсоо гэж олон нийт тааж байгаа. Х.Баттулгын хүн гэгддэг, Зам, тээврийн сайд асан А.Гансүх түүний хуулийн зөвлөхөөр ажиллаж, гэрээнд буй зүйл заалтуудыг нарийвчлан хянаж, шүүсийг нь шахаж суугаа. Эдгээр хүмүүсийн нэгдлийг ялимгүй нарийвчилж үзвэл АН дахь Шонхор, МоАХ фракциудын түншлэл болох нь тодорхой харагдана.
Х.Баттулгаар илэрдэг улстөр-эдийн засгийн бүлэглэл Ж.Оджаргал захиралтай MCS групптэй сөргөлддөг. Сөргөлдөөн анх нүүрсний төмөр зам, түүний царигийн асуудлаас үүссэн мэт харагддаг ч өөр шалтгаан бий гэж энэ хүрээнийхэн таамаглах нь бий. Нам дотроо харьцангуй залуу Шонхор фракцынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, шинэ танхим бүрдүүлэх үйл явцаар Алтангадасыг задлахад “түүхэн гавъяа” байгуулсан. Одоо АН дотор З.Энхболд-Х.Баттулгын нэгдэл зонхилж эхлээд байгаа. Энэ нэгдлийн цаашдын улс төрийн замналд эдийн засгийн түшиц хэрэгтэй.
Тавантолгойн гацаа улстөрийн учир шалтгаантай гэвэл ингэж л таамаглахаас аргагүй нь. Тодруулбал, энэ төслийг Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар хөдөлгөх учиргүй л хэрэг. З.Энхболд, Х.Баттулга хоёр өөрсдийн улс төрийн тулгуур, саалийн үнээ болгож авахаар нэгэнт зүсэлчихээд, тавихгүйгээр шийдчихсэн байна уу гэж хардах сэжим хангалттай байна. Ийм хардлагаар авч үзвэл тэдний яриад байгаа “ард түмэнд өгөөжгүй”, “улс орны эрх ашигт хохиролтой” энэ тэр бол зүгээр л өнгөлөн далдлалт юм. Нарийндаа ард түмэн, улс орны эрх ашиг тэдэнд огтхон ч падлийгүй гэсэн үг. Хийж эхлээгүй ажил, хэлэлцэж амжаагүй гэрээний учраагүй хохирол ярьж, ард түмнийг айлгаж ичээн, талцуулан хэрэлдүүлж суух ер нь бол сүртэй байдаг байх л даа.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |