Эх сурвалж : Өдрийн сонин Нийтлэгдсэн : 2014.11.21 |
Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Бум-Эрдэнэтэй үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбаруудын зохицуулалт, хяналт, цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.
1994 онд Үнэт цаасны тухай анхны хууль батлагдсанаар Монгол Улсын Үнэт цаасны хороо байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Ингэснээр Монгол Улсад хөрөнгийн зах зээл, түүнийг зохицуулж, хяналт тавих төрийн байгууллага болон түүнд оролцогч мэргэжлийн байгууллагууд байгуулагдаж, цаашдын хөгжлийнхөө суурийг тавьж байсан билээ. 2005 онд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Үнэт цаасны хорооны бүрэн эрх, чиг үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд шилжсэн байдаг.
Үнэт цаасны хороо нэртэйгээр байгуулагдаж байсан санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооноос салбарын нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаарх товч мэдээллийг уншигчдад өгнө үү?
Монгол Улсад санхүүгийн салбарын зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн арга хэмжээ энэ оны 11 дүгээр сард тохиож байна. Манай Хорооны зүгээс энэхүү ойн арга хэмжээнийх үрээнд “Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагуудын чуулга уулзалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
2012 оноос Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр АХБ-наас Санхүүгийн зохицуулах хороонд “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг бид уг төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Хорооны зохицуулалтын хүрээнд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, болон бичил санхүүгийн зах зээлийн зохицуулалт хамрагдаж байна. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, Зээлийн батлан даалтын сан, хөрөнгө оруулалтын сан, кастодиан үйлчилгээ болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн орчны зохицуулалт болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд манай Хорооны зохицуулалтанд хамрагдаж байна. Мөн сүүлийн үед санхүүгийн бусад салбар банк хүч түрэн орж ирж байна. Учир нь банк, түүний хараат болон охин компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр хөрөнгийн болон банк бус санхүүгийн зах зээлийн зарим үйлчилгээ эрхлэх боломжтой болсон байгаа. Ингээд манай зохицуулалтын хүрээний салбаруудын нийт 160 гаруй удирдах ажилтнууд өнөөдрийн энэ чуулга уулзалданд оролцож байна.
Чуулга уулзалтын ач холбогдлыг та бүхэн хэрхэн харж байна вэ? Чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Санхүүгийн салбарын тогтвортой байдалд төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Тиймээс манай Хорооны зүгээс төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууддаа буюу мэргэжлийн холбооддоо шилжүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлдэг байна.
Өмнөх жилүүдэд бид үнэт цаас, даатгал, бичил санхүү гээд салбар бүртээ удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулдаг байсан бол энэ жил эдгээр салбарын төлөөллүүдээ нэгтгэн нэгдсэн чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. Эдгээр салбаруудын төлөөлөл ийнхүү чуулга уулзалтанд хамтран хэлэлцэн шийдвэрлэж, зөв зүйтэй арга замыг хамтран сонгох боломж бүрдэж байгаад чуулга уулзалтын маань гол онцлог оршиж байгаа юм.
Чуулга уулзалтын үр дүнгийн тухайд гэвэл бид санхүүгийн салбаруудын нийтлэх эрх ашигт нийцсэн төрөөс баримтлах бодлогын талаарх зөвлөмж гаргана, цаашлаад тэрхүү гаргасан зөвлөмжид тусгагдсан асуудлуудаа төрөөс авах арга хэмжээний төлөвлөгөө болон салбарын бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллана.
Тиймээс чуулга уулзалт зохион байгуулагдсанаар бид нэг талаас, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад төрийн хяналт, зохицуулалтыг оновчтой болгох, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэх, нөгөө талаас, санхүүгийн салбар тус бүрийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэж, салбар тус бүрийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг тодорхой болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд бодлогын шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
Эдгээр зохицуулалтын хүрээнийхээ салбаруудыг хөгжүүлэх талаар танай Хорооны зүгээс ирээдүй болоод хэтийн төлвийг хэрхэн харж байна вэ?
Би санхүүгийн зах зээлийн хөгжлийн төлвийг 3 асуудалд төвлөрүүлэн хэлмээр байна.
Нэгдүгээрт, Манай хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш буюу 2006 оноос өдийг хүртэл бид санхүүгийн салбарын найдвартай, тогтвортой тоголцоог бүрдүүлэх, төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Бид энэ хугацаанд мөрдөгдөж байсан хуулиудыг өнөөгийн нөхцөл байдалтай нийцүүлэх, уялдуулах зорилгоор мөн санхүүгийн шинэ тутам бий болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотойгоор эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор 10 гаруй хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулаад байна.
Эдгээрийн үр дүнд санхүүгийн салбар тогтворжих, тогтвортой хөгжих нөхцөл бүрэлдэх эхний шинж тэмдэг илэрсээр байна. Тиймээс бид үүнийг санхүүгийн салбарын зохицуулалтын эхний үе шат гэж нэрлэж байна.
Хоёрдугаарт, бид манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд нөлөөлж болохуйц сөрөг хүчин зүйлс, нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах төрийн бодлогыг тодорхойлох, боловсруулах асуудлаар ажиллаж ирсэн.
Энэ хүрээндээ бид санхүүгийн тогтвортой тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, снхүүгийн салбаруудын улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн салбарын зохицуулалтын хоёр дахь үе шат буюу санхүүгийн салбарын тогтвортой хөгжих орчин нөхцөл бүрдүүлэх үйл явцыг эхлүүлэхээр санхүүгийн салбарын дунд хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.
Гуравдугаарт, бидний тэргүүн зорилго буюу санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн асуудлын хүрээнд гүйцэтгэлд суурилсан хяналтын тогтолцооноос татгалзаж, илүү оновчтой эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоонд шилжих асуудал байгаа.
Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог салбар бүрт үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд даатгалын салбарт 2015 оноос нэвтрүүлэхээр боллоо.
Санхүүгийн салбарын дунд хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн барьсан гэж байна. Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгнө үү?
Төрийн зүгээс банкнаас бусад санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг бий болгох, эдийн засгийн банкны зээлээс хамааралтай байдлыг бууруулах, санхүүгийн хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжийг бий болгохыг дэмжиж санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох зэрэг асуудлыг дэмжих нь чухал асуудал болоод байсан.
Тиймээс Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хүрэх үр дүнг харгалзан “Монгол Улсын санхүүгийн тогтолцооны 2020 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” нэртэйгээр энэ оны 5 дугаар сард боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Одоогоор уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хөтөлбөрт санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгон хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах болон санхүүгийн зах зээлийг олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлэх зэргийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон.
Мөн үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг, санхүүгийн салбар дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогыг баримтлах зэрэгтэй холбоотой асуудлыг ч эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарын тогтвортой байдалтай уялдуулж, цаашид хэрэгжүүлэхээр тусгасан байгаа.
Манай улсад өнгөрсөн хугацаанд олон хөтөлбөр, үзэл баримтлалууд батлагдаж байсан. Танай боловсруулсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ямар зохион байгуулалтын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна?
Юуны өмнө хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулахыг зорьж байгаа. Бид хөтөлбөртөө хүрэх зорилго, үр дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон шаардагдах хөрөнгийн эх үүсвэр зэрэг асуудлыг маш тодорхой, ач холбогдол, цаг хугацааны дарааллаар нь тусгасан тул амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
Мөн бид хөтөлбөрийн үр дүнгээ өөдрөгөөр төсөөлж байгаа, тухайлбал өнөөдрийн байдлаар Монгол Улсын ДНБ 17.5 их наяд төгрөг байгаа. Хэрэв энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 2017 он гэхэд дээрх тоог 32.9, 2020 онд 48.8 их наяд төгрөгт хүргэх, эдийн засгийн “тархи” гэгддэг санхүүгийн зах зээлийн нийт актив өнгөрсөн оны байдлаар 21.9 их наяд төгрөг байгааг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх, цаашилбал 2020 онд 44 их наяд төгрөгт хүргэх таамаг, төсөөлөлтэй байгаа.
Хөтөлбөр хэрэгжүүлэх зохион байгуулалтын эхний алхам болгож, хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд давхар даатгалын асуудал, Үндэсний давхар даатгалын компанийг бий болгох, урт хугацааны даатгалыг нийгмийн даатгалтай уялдуулах, Хадгаламж зээлийн хоршшоны хуулийн хэргэжилтийг хангуулах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор ХЗХ-ны хадгаламжийг хадгаламжийн даатгалын тогтолцоонд хамруулах, тогтворжилтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэхийг бодлогоор дэмжих асуудлуудыг тусгуулаад байна.
Санхүүгийн салбар бүр өөр өөрийн онцлогтой. Энэхүү онцлогуудыг харгалзан өвөрмөц бодлогуудыг баримтлах нь зүйтэй болов уу. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Санхүүгийн салбар тус бүрт өөрийн онцлогоос хамаарсан шийдэх асуудлууд олон байгаа. Бидний хувьд салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын дүрэм, журам харьцангуй сайн боловсруулагдсан гэж үзэж байна. Харин зах зээлийг тэлэх, чанаржуулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор салбар бүрийн онцлогийг харгалзсан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Тухайлбал, хөрөнгийн зах зээлд төрийн өмчийн компаниудыг хувьчлах замаар нээлттэй компаниудыг бий болгох, нийтийн өмчид тулгуурлан үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нээлттэй болгох, нийгмийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан болгох, шинээр үнэ цаас гаргасан компаниуд блон үнэт цаас худалдан авсан аливаа этгээдүүдийг татварын тааламжтай бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Мөн жил бүр өсч байгаа давхар даатгалын хураамжийг 100 хувь гадаадын давхар даатгагчид төлж байгаа нь манай улсын хувьд валютын гадагш чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дотооддоо давхар даатгалын чадавхийг бүрдүүлэх боломжийг хаагдуулж байгаа тул үндэсний давхар даатгалын компани байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь ч нэн түрүүнд шийдвэрлэх чухал асуудлуудын нэг юм.
Түүнчлэн, ББСБ-уудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн чадамжийг нь дээшлүүлэх, зээлийн батлан даалтын сангийн чадавхийг сайжруулах, албан журмын даатгалын нэр төрлийг олжруулж, хариуцлагын нэр төрлийн олшруулж, хариуцлагын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |