Д.Цогтбаатар: “Эрдэнэт”-ийг барьцаалсан асуудлыг нааштайгаар шийдэхээр болсон

Эх сурвалж : Үндэсний шуудан

Нийтлэгдсэн : 2014.11.20

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

Өнгөрсөн онд төрийн өмчийн компаниудын нийт алдагдал 60 орчим тэрбум төгрөгт хүрснийг олон нийтэд ил зарласан. Тэгвэл энэ онд алдагдал буурсан уу?

2012 онд төрийн өмчийн компаниудын нийт алдагдал 67 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Тэгвэл 2013 онд 57 тэрбум болж буурсан. Энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нийт алдагдал 40 гаруй тэрбум төгрөг болж буурах төлөвтэй харагдаж байна. Өөрөөр хэлбэл компаниудын нийт алдагдал 2012 онтой харьцуулбал 20 гаруй тэрбум төгрөгөөр буурч байна гэсэн үг. Ер нь өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн компаниудын алдагдал тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт гарч байна. Үүнийг үйл ажиллагааных нь тогтолцоо өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарлаж болно. Төрийн өмчийн хороо өнгөрсөн жилээс эхлэн компаниудын үйл ажиллагааны тогтолцоог илүү сайжруулсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, эзэнгүйдүүлсэн тогтолцоо олон жил явж ирсэн байна. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч, төрийн өмчийн компаниудад тавих шаардлага хяналтыг сайжруулсан. Мөн төрийн өмчийн компаниудын алдагдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Гэхдээ шинэ менежмент бодлого хэрэгжүүлээд алдагдал өргөс авсан юм шиг буурахгүй. Улс орны санхүү эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч гэсэн зөв тогтолцоогоор ажиллавал алдагдлын хэмжээ үе шаттайгаар буурах боломж байна шүү дээ.

Тогтолцоо өөрчилсөний үр дүнд төрийн өмчит компаниудын алдагдлын хэмжээ буурсан гэж байна. Та тодорхой жишээгээр тайлбарлана уу?

Тэгэлгүй яах вэ. Өмнө нь төрийн өмчийн компаниудын зорилтот төвшинг дараагийн санхүүгийн жилд нь багтааж баталдаг байсныг өнгөрсөн жил буюу 2013 оны нэгдүгээр сард баталж ажилласан нь үр дүнд хүрсэн. Өмнө нь жил бүрийн дөрөвдүгээр сард буюу санхүүгийн жилийн хугацаанд зорилтот төвшинг баталж байсан нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан нь тодорхой байна. Харин энэ жил ирэх 2015 оны зорилтот төвшинг 2014 оны арванхоёрдугаар сард багтаан батлахаар ажиллаж байна. Зорилтот төвшинг оноос өмнө баталж өгсөнөөр тухайн компанийн ирэх оны бизнес төлөвлөгөө нь тодорхой бож, үйл ажиллагаа нь төлөвлөлтийн дагуу хэрэгжинэ гэсэн үг. Ингэж ажиллавал тодорхой үр дүн гарна.

Төрийн байгууллага, компаниудын харьяанд байдаг хэрнээ огт ашигладаггүй объект олон бий. Тэдгээр байрилг байгууламжийг иргэн аж ахуйн нэгжийн дунд нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, ашиглах боломжийг олгохоор болсон. Энэ ажил хэр ахицтай байна вэ. Ер нь өмч хувьчлалаас энэ онд хичнээн төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлж байгаа вэ?

Төрийн өмчийн компаниуд энэ жил ногдол ашиг 9.7 тэрбум, өмч хувьлалаас 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт орлого болгож оруулахаар тооцсон. Төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Төрийн мэдлийн ашиглалтгүй байгаа барилга байгууламж нэлээд бий. Ялангуяа орон нутагт их байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас тогтоол гаргаж эзэнгүй, ашиглахгүй байгаа төрийн өмчийг эзэнжүүлэх ажлыг энэ оноос эхлүүлсэн. Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, ашиглах хүсэлтэй хуулийн этгээдэд төрийн өмчийг өмчлөх боломжийг олгож байгаа. Нийт 12 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд материалыг дуудлага худалдаагаар хувьчилсан.

Өнгөрсөн хавар Төрийн өмчийн хорооноос төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах, бүрэн хувьчлах компанийн жагсаалтыг гаргаж УИХ-д өргөн мэдүүлсэн гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

Хувьчлах компаниудыг Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдэүүлсэн байгаа. Өмч хувьчлалын 2014-2016 оны үндсэн чиглэлд 22 компани багтсан. Үүний өсийнх нь төрийн эзэмшлийн хуь хэмжээг бууруулж, 13-ыг бүрэн хувьчлахаар тооцсон байгаа юм. Гэхдээ эдгээр компанийг хувьчлах уу, үгүй юү гэдэг шийдвэрийг УИХ гаргана.

Бүрэн хувьчлахаар тооцсон компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байгаа юу?

Бүгд алдагдалтай ажиллаж байгаа юм бишээ. Ер нь олон нийтийн дунд алдагдалтай ажиллаж байгаа компанийг л хувьчилдаг гэсэн ойлголт байдаг. Тийм биш. Бүрэн хувьчлахаар тооцсон компаниудын дотор ашигтай ажиллаж байгаа олон компани бий. Жишээ нь, Оргил рашаан сувилал, Кино урлагийн дээд сургууль, Авто замын тоног төхөөрөмжийн түрээс компани байнга ашигтай ажиллаж байгаа. Эдгээр компанийг бүрэн хувьчилснаар үйл ажиллагаа нь улам өргөжих боломж илүү нээлттэй болно. Мөн томоохон компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулж, болж өгвөл төрд 34 хувийг л эзэмшүүлэхээр тооцож байгаа.

Одоогоор төрийн өмчийн яг хичнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Хувьчлахаар тооцож байгаа 22 компани дээр нэмж оруулах шаардлагатай компани байгаа юу?

Одоохондоо байхгүй. Цаашид хувьчлах шаардлагатай компаниуд байгаа. Одоогоор төрийн өмчийн 88 компани манайд бүртгэлтэй байна. Олон улсын жишгийг дагар төрийн өмчийн компанийн тоог 50-60 хүртэл болгож бууруулж болох юм.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьд алдагдалтай, дээр нь өртэй ажилласаар байгаа. Мөн сүүлийн үед үйлдвэрийн тоног төхөөрөмжөө үнэгүй өөр компанид шилжүүлсэн зэрэг олон асуудал гарсаар байна. Ер нь энэ компанийн үйл ажиллагаанд ямар хяналт тавьж байна, алдагдал нь хэд байгаа вэ?

"Эрдэнэс МЖЛ", "Эрдэнэс-Тавантолгой" бол Засгийн газрын мэдлийн компани. тиймээс тус компанийн үйл ажиллагаанд төрийн өмчийн хороо оролцох эрх байхгүй. Харин Төрийн өмчийн хороонд бүртгэлтэй компаниудын талаар ярихад нээлттэй байна.

 Өнгөрсөн жил төрийн өмчийн компаниас хамгийн өндөр алдагдалтай нь МИАТ байсан. Энэ жил ямар байгаа вэ?

МИАТ-ийн үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Харин юунаас шалтгаалж алдагдалтай ажиллаж байгаа талаар тайлбарлаж болох юм. Өнгөрсөн жил МИАТ 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Алдагдал юун дээр хүлээж байна гэхээр онгоц зээлээр худалдаж авсан. Зээлийн өр нь алдагдал болж байгаа. Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой болсон нь маш сайн хэрэг. Харин зээлийн өр үүсээд байгааг нуух арга байхгүй. Зээлийн өр, ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалж компани 17 тэрбум төгрөгийн алдагдалд хүрээд байна.

Гэхдээ МИАТ-ийн шинэ онгоцыг “Чингис” бондын хөрөнгөөр авсан, мөн Америкийн “Эксим” банкны зээлээр авсан гээд ярьж байсан. Яг аль нь үнэн юм бэ. Хаанаас хичнээн төгрөгийн зээл авсан юм бэ?

Зээлээр авсан онгоцныхоо өрийг барагдуулахын тулд олон улсын банк санхүүгийн олон байгууллагад хандаж үзсэн Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний зээл авч байгаа. Одоогоор Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний зээл авч байгаа. Одоогоор Хөгжлийн банкнаас 4.2 сая ам.долларын зээл авсан байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж гадны банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн асуудал өнгөрсөн жил олон нийтэд ил болсон. Тус банк “Эрдэнэт” үйлдвэрийг Арбитрын шүүхэд өгсөн_ энэ асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?

Улсын нуруун дээрх гол ачааг үүрч яваа үндэсний томоохон компани бол “Эрдэнэт” үйлдвэр. Өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Харин санхүүгийн байдал хүндхэн байгаа нь үнэн. Гадны банкнаас үйлдвэрийн нэрийг барьж их хэмжээний мөнгө зээлснээс хойш тус компани санхүүгийн хүнд байдалд орсон. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлыг Лондонын Арбитрын шүүх шийдвэрлэхээр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Удахгүй шийдэгдэнэ. Маш товчхоноор хэлэхэд, манайд нааштайгаар шийдэгдэх төлөвтэй байгаа.

Тус үйлдвэрийн агуулахад 10 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хэрэглэгдэхгүй бараа материал, тоног төхөөрөмж байгааг мэдээлсэн. Хэн, хэзээ нийлүүлсэн, захиалсан нь тодорхйогүй гэж байсан. Тиймээс зах зээлийн үнээр үйлдвэрүүдэд нь буцаах ажлыг зохион байгуулагна гэж “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ удирдлагууд ярьж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

Ашиглагдахгүй, үхмэл хөрөнгө болон агуулахад хэвтэж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагаад үе шаттай зохион байгуулж байна. Энэ жил гэхэд 1.8 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгө худалдан борлуулсан байна. Ер нь ганцхан “Эрдэнэт” ч биш төрийн өмчийн бусад компани ч өөрсдийн ашиглахгүй байгаа бараа материалаа ил тодоор зарлаж, худалдан борлуулах ажлыг хийж байна.

Төрийн өмчит компанийн алдагдлаа бууруулж ашигтай ажиллаж байгаа гадны улс орны туршлагаас хэр судалж байгаа вэ. Манайхан төр өмчөө хувьчилчих, тэгвэл алдагдалгүй ажиллана гэж ярьдаг. Үүнтэй та хэр санал нийлэх вэ?

Өнгөрсөн жилээс эхлээд гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлж байна. Франц улстай хамтран ажиллаж, туршлага солилцож байна. Тус улс 1825 онд нийт өмчөө тоолсон байдаг. Харин 1960 онд бүх өмчөө хувьчилж байсан. Гэхдээ үүнээс болж ихээхэн хохирол амсч, эргээд төр нь мэдэлдээ компаниудаа авч эхэлсэн байдаг. Үндэсний эрх ашиг нь хохирч, эдийн засгийн гол салбарын компаниуд нь гадны аль нэг улсын хараат болсон түүх ч байдаг. Тиймээс стратегийн гэх тодотголтой компанийг төрийн мэдэлд байх ёстой гэж үзсэн байдаг. Одоогоор Франц улс төрийн өмчийн 50-60 компанитай. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг талаас хамтарсан компаниудыг байгуулсан байдаг. Төр нь хувийн хэвшлэ дэмждэг, хувийн хэвшил нь төрөө дэмжиж ажилладаг гэсэн үг л дээ. Ийм жишгээр ажиллаж, төрийн компаниуд нь алдагдалгүй ашигтай ажиллаж байгаа туршлага бэлээхэн байна шүү дээ. Манайх ч энэ жишиг рүү явж эхэлсэн байгаа. Үүний бодит жишээ бол Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр нь хувийн хэвшлийн түншлэлээр техник технологийг өргөтгөж, жилд нэг сая тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээ байгуулж, гангийн үйлдвэрийг нв 2-3 жилийн дараа ашиглалтад оруулах боломжтой болно. Дотооддоо гангаа үйлдвэрлэж 30 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх нөхцөлтэй.

Азийн зарим улсад төрийн өмчийн компаниуд нийлж сан байгуулаад тэндээсээ алдагдалтай ажиллаж байгаа компанийнхаа үйл ажиллагааг сайжруулдаг юм байна лээ. Манайд ингэж ажиллах нөхцөл  байдаггүй юм уу?

Одоохондоо сан байгуулах нөхцөл арай л бүрдээгүй байна. Яваандаа боломжтой. Сингапур, Норвеги зэрэг Азийн орнуудад төрийн өмчийн компаниуд сан байгуулж ажиллаж байгаа туршлага бий. Ингэхдээ төрийн өмчийн компаниудаас ногдол ашиг авдаггүй. Өөрөөр хэлбэл, ногдол ашгаа сандаа хуримтлуулдаг. Төрийн өмчийн компанийнх нь үйл ажиллагаа доголдвол тус сангаас тухайн компани руу хөрөнгө оруулалт хийх маягаар ажилладаг. Гэтэл манайд төрийн өмчийн компанид ногдол ашгаа төсөвт төвлөрүүлэхийг хуулиараа заачихсан шүү дээ. Жилд дундажаар 10-аад тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Төрийн өмчийн компанийн менежментийг сайжруулах мөнгө хэрэгтэй. тэгэхээр эхний ээлжид алдагдлаа бууруулсны дараагаар ашигтай ажиллаж хуримтлалтай болно. Энэ чиглэл рүү ажиллаж байна.

Э.Мөнхцэцэг

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн