Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл төрөөс авах зарим арга хэмжээний талаар зөвлөмж гаргалаа

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2014.11.18

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлөөс салбарын хөгжлийн бодлогод эерэгээр нөлөөлөх шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзэн тодорхой зөвлөмжийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргалаа.

Бодлогын зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын дараах агуулгатай шийдвэрийг төрийн зохих институтээс гаргахыг зөвлөсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос уг зөвлөлмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дарга, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монгол Улсын ерөнхий сайд, Монголбанк болон Сангийн яаманд тус тус хүргүүлээд байна. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙНБОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

Нэг. Татварын бодлогоор зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжих

Олон улсын туршлагыг харгалзан нийгэм, эдийн засгийн хувьд хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн салбарын үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих арга хэрэгслийг үнэт цаасны зах зээлд хэрэгжүүлэх, ашиглах шаардлагатай байна. 

Үүний тулд хөрөнгийн биржид арилжих бүтээгдэхүүний тоо хэмжээ, иргэд, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд анх удаа үнэт цаасыг олон нийтэд санал болгосон (IPO хийсэн) компанид татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх нь зүйтэй байна. Үүнд: 

1.1. Үнэт цаас гаргагч компанийн хувьд:

1.1.1. Үнэт цаас шинээр гаргасан ХК-ийг эхний гурван жилд борлуулсан үнэт цаасны үнийн дүнгээс хамааруулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, эсхүл шатлалтай татвар ногдуулах. Тухайлбал, шинээр хувьцаа болон бонд гаргах замаар 10.0 тэрбум хүртэл төгрөгийн хөрөнгө бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг эхний гурван жилд 5 хувиар тооцох, 10.0 тэрбум, түүнээс дээш хэмжээний төгрөгийн хөрөнгө бүрдүүлбэл мөн татвараас эхний гурван жилд чөлөөлөх. Эсхүл, шинээр хувьцаа болон бонд гаргах замаар хөрөнгө бүрдүүлбэл мөн татвараас эхний гурван жилд хөнгөлөх, цаашид одоогийн 10, 25 хувийн шатлалтай татварыг 5, 10 хувь болгон бууруулах;

1.1.2.          Олон нийтийн өмчлөлд тулгуурласан бизнесийн нэгж тухайлбал, банк, уул уурхай, харилцаа холбооны компани г.м нь олон нийтэд нээлттэй буюу хувьцаат компани /ХК/-ийн хэлбэрээр бүртгүүлсэн тохиолдолд тодорхой хугацаанд татвараас хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авах;

1.1.3.          Хувьцаа, бусад үнэт цаасны борлуулалтын орлогоос 10 хувийн татвар авч байгаа нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн энэ төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхлыг сулруулж байгаа тул энэ төрлийн татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл татвараас чөлөөлөх эсхүл хоёр жилийн дотор эзэмшсэн үнэт цаасыг борлуулбал 5 хувь татвар оногдуулах, хэрэв энэ хугацаа хоёр болон түүнээс дээш жил бол татвараас чөлөөлөх зэрэг хөрөнгө оруулалтын хугацаанаас хамааруулан татварыг шатлалтай оногдуулах бодлого хэрэгжүүлэх;

1.1.4.          Аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн орлогод ногдуулах татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөөлөх;

Хөрөнгө оруулагч иргэдийн хувьд

1.2.1.          Хөрөнгө оруулагч иргэдийн үнэт цаасны борлуулалтын орлогод ногдуулах татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл татвараас чөлөөлөх эсхүл хоёр жилийн дотор эзэмшсэн үнэт цаасыг борлуулбал 5 хувь татвар оногдуулах, хэрэв энэ хугацаа хоёр болон түүнээс дээш жил бол татвараас чөлөөлөх зэрэг хөрөнгө оруулалтын хугацаанаас хамааруулан татварыг шатлалтай оногдуулах бодлого хэрэгжүүлэх;

1.2.2.          Хувь хүний эзэмшиж байгаа хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн орлогод ногдуулах татварыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөөлөх. 

Хоёр. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй төрийн өмчит компанийн хувьцааг үнэт цаасны арилжаанд оруулах

Албан ёсны судалгаанаас үзэхэд 100 хувь төрийн өмчит 21 компанийн 1,965,759,932 ширхэг хувьцаа; төрийн өмчийн оролцоотой 16 компанийн 72,552,967 ширхэг хувьцаа төрийн өмчид байна. Гэхдээ 100 хувь төрийн өмчит компанид зах зээлийн үнэлгээг тооцдоггүй, харин төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн өмчийн үнэлгээ нийт үнэт цаасны зах зээлийн 31 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарал хандуулах ёстой үзүүлэлт. 

Дээрх төрийн өмчийн компанийн хувьцаа нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдий боловч хувьцааг арилжаалдаггүй тул цаашид эдгээр компанийн хувьцааг арилжих талаар холбогдох арга хэмжээ авах шаардлагатай юм. Энэхүү төрийн мэдлийн хувьцааг үнэт цаасны зах зээлд арилжаалснаар үнэт цаасны арилжааны хэмжээ өсөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үнэлгээг бодитой, илүү үнэ цэнэтэй, шударга тогтоох боломж бүрдэх, олон тооны хөрөнгө оруулагчтай болох, ингэснээр цаашид компанийн зохистой удирдлага, хяналтын орчин бүрэлдэх, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэсний том компани үүсэх зэрэг ач холбогдолтой.

Гурав. Төрийн өмчийн компаниудын хувьчлалын үйл ажиллагааг зохион байгуулахдаа үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийг ашиглах, илүү үнэд хүргэх чиглэлийг баримтлах

Үнэт цаасны зах зээлийн хөгжил нь манай улсад хэрэгжсэн өмч хувьчлалын хөтөлбөртэй холбоотой. Энэ удаагийн төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулах, түүний дэд бүтэц, тогтолцоог ашиглах нь их хэмжээний эх үүсвэрийг олон хөрөнгө оруулагчаас зах зээлийн сонгодог хэлбэрээр амжилттай татах боломжийг олгох бөгөөд улмаар зах зээлийн харилцааг хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлийн ирээдүйн хөгжилд багагүй хувь нэмэр оруулах ба манай улсын цаашдын нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадна. 

Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн хувьчлах төрийн өмчит компанийн жагсаалтад буй нийт 22 компанийн зөвхөн 4 компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан зарахаар /хувьчлахаар/ заасан нь хангалтгүй байна. Иймд энэ тоог нэмэгдүүлэх, аль болох хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд хувьцааг нь худалдах шаардлагатай байна. 

Монгол Улсын Засгийн газрын өрийн бичиг /бонд/-ийг хөрөнгийн биржээр арилжаалах зарчмын шийдэлд хүрч хөрөнгө оруулагч татах боломжтой болсон тул төрөөс компанийн үнэт цаасыг сонгодог хэлбэрээр ийнхүү олон нийтэд гаргах ажлыг зохион байгуулах нь цаашид хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг давхар ач холбогдолтой. 

Дөрөв. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны талаар

Тэтгэврийн сангийн илүүдэл хөрөнгийг үнэт цаасны зах зээлийн арилжаанд оруулдаг нь олон улсад түгээмэл хэрэглэдэг арга юм. Иймд арилжааны банкинд татан төвлөрүүлсэн хөрөнгө хэлбэрээр өгөөж багатай байршиж байгаа тэтгэвэрийн сангийн илүүдэл хөрөнгийн зарим хэсгийг үнэт цаасны зах зээлийн эргэлтэд оруулах замаар тархаан байршуулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үүний тулд сангийн хөрөнгө оруулалтын бодлогод зөвхөн үйл ажиллагаа нь тогтворжсон, компанийн засаглал нь олон улсын стандартад нийцсэн компанийн үнэт цаасыг авах нөхцөлийг тусган хэрэгжүүлэх нь зүйтэй. Бусад орны жишгээс үзэхэд тэтгэвэрийн сан нь хамгийн том хөрөнгө оруулагч байж чаддагаас гадна компанийн үйл ажиллагаанд хийх хяналтыг сайн хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн, үүгээр дамжин жижиг хувьцаа эзэмшигчийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа идэвхижихийн зэрэгцээ, хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны зах зээлийн хөрвөх чадвар сайжрах боломжтой. 

Нөгөө талаас хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулан мөрдөх нь үнэт цаасны захын хөгжилтэй шууд уялдан гарч байна. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нээлттэй болгох нь их хэмжээний хөрөнгө оруулалтын чадавхи бүхий томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох угтвар нөхцөл юм. Ингэснээр үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны өгөөжийг өсгөж чадах ба урт хугацааны санхүүгийн шинэ хэрэгсэл, бүтээгдэхүүн бий болох, үнэт цаасны зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх, улмаар зах зээлийн дэд бүтэц зохистой хэмжээнд ажиллаж чадна. 

Тав. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах

Макро эдийн засгийн байдлыг тухайн улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлын гол үзүүлэлт гэж үздэг. Гэтэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилд суларсан, инфляцийн төвшинг олон жил хоёр оронтой тоогоор хэмжиж байгаа, төгрөгийн гадаад валютаар илэрхийлсэн ханш суларсан зэрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл болоод байна. 

Үнэт цаасны зах зээлийн хөгжил, тогтвортой байдал нь бодит секторын бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлөх ба мөн гадны хөрөнгө оруулагчдыг татах нэгэн суваг болдог бөгөөд энэ байдал нь цаашид эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны өсөлтийг хангахад эргэн сайн нөлөө үзүүлнэ.               

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн