Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Компанийн сайн засаглалын зарчмыг практикт хэвшүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийн үндэс болсон компаниудыг хөгжүүлэх, тэдний санхүү эдийн засаг, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, тэдэнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд байгуулагдсан анхны засгийн газарт улс орноо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, үүний тулд улс хоршооллын өмчийг хувьчлах замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх нарийн төвөгтэй, түүхэн шинэ зорилго тулгарсан.
Хүмүүсийн хувийн ашиг сонирхол, хувийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, иргэдийн эрх чөлөөг баталгаажуулах эдийн засгийн үндэс болсон хувийн өмчийн харилцааг хөгжүүлэх нь тухайн үеийн нийгмийн шаардлага байлаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө өмч хувьчлал явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн чухал зорилт байв. 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Бага Хурлаас БНМАУ-ын Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгох арга хэмжээг эхлүүлсэн.
1991 оны 5 дугаар сард батлагдсан “Өмч хувьчлах тухай хууль”-иар өмч хувьчлалын зарчим, хувьчлалд хамрагдах өмчлөлийн зүйлс, хульчлалд хамрагдах өмчлөлийн зүйлс, хувьчлал явуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон. Хувьчлах аргын хувьд үйлдвэрийн газрын эд хөрөнгийг худалдах замаар хувийн өмчид шилжүүлэх буюу бага хувьчлал, үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь худалдах замаар хувьчлах буюу их хувьчлал гэсэн үндсэн хоёр хэлбэрээр өмч хувьчлалыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүйг харгалзан нэг талаас хүн амаас төрийн өмчийг хувьчлалд зориулсан хөрөнгө оруулалт хийж байна гэсэн агуулгаар, нөгөө талаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн он жилүүдэд ард иргэд хуримтлал үүсгэх боломжгүй байсныг харгалзан хувьчилж буй хөрөнгө, үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авах нэг удаагийн төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах зориулалтаар Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (ХОЭБ) гарган нийт ард иргэдэд үнэгүй тараан өгч, түүгээр дамжуулан өмч хувьчлалын эхний шатыг хэрэгжүүлсэн.
Их хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн хувьцааг ХОЭБ-ээр худалдаалах ажлыг зохион байгуулахаар 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг (цаашид МХБ гэх) байгуулжээ. 1992 оны 2 дугаар сарын 7-нд Монголын хөрөнгийн бирж дээр ХОЭБ-ийн анхны арилжаа явагдсан бөгөөд 1995 оны 5 дугаар сарын дунд үе хүргэл үргэлжилсэн.
Хувьчлалын үр дүнд үүссэн хувийн болон холимог өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг 1991 оны 5 дугаар сард батлагдсан “Аж ахуйн нэгжийн тухай хууль”-иар бүрдүүлсэн. Энэ хууль нь өмч хувьчлалын үр дүнд Монгол улсад цоо шинээр бий болсон компаниудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс төдийгүй тэдгээрийн засаглалын харилцааг зохицуулсан эрх зүйн анхны бичиг баримт болсон.
Энэ хуулийн дагуу шинээр үүссэн ХК-ууд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулах, ноогдол ашиг хуваарилах, компанийн удирдлагын шинэ бүтцийг тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. 1992 оноос эхлэн МХБ-д хувьцаа нь арилжаалагдсан ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан, ноогдол ашиг тараасан зэрэг үзүүлэлтүүд тухайн үед цоо шинээр бий болсон компаниудын засаглалын байдлыг дүгнэх үзүүлэлт юм.
1992 онд МХБ-д 208 ХК бүртгэлтэй байснаас 7 нь тухайн ондоо хувьцаа эзэмшигчийн анхны хурлаа хуралдуулсан бол, 1993 оны эхээр 114 ХК нь жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулалж байсан нь 54,8% болсон нь МХБ-ийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт юм. Анхны ХК-ууд 1993 оноос эхлэн ноогдол ашиг хуваарилж эхэлсэн.
1993 онд МХБ-д бүртгэлтэй 208 ХК-иас 72 ХК ноогдол ашиг хуваарилж, 208 ХК бүгд санхүүгийн тайлангаа МХБ-д ирүүлсэн.
Өмч хувьчлалын эхний үед компаниудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт харьцахгуй өндөр үзүүлэлттэй байсан нь шилжилтийн эхэн үед компанийн удирдлага нь “хуулийг заавал дагаж мөрдөхгүй бол хатуу хариуцлага хүлээх болно” гэсэн өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээгээр ажил үүрэгтэй хандаж байсны илрэл юм. Энэ сэтгэлгээ аажмаар бүдгэрч “хууль ёсыг дагаж мөрдөхгүй байж болно бүгд л хууль зөрчдөг нь хэвийн үзэгдэл” гэсэн ойлголт шилжилтийн үед нийгмийн сэтгэлгээнд бий болж, өнөөг хүртэл нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд хүчтэй нөлөөлсөөр байна.
1995 онд “Нөхөрлөл компанийн тухай хууль” батлагдсан бөгөөд энэ хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл зэрэг компанийн удирдах дээд байгууллагууд, тэдгээрийн бүрэн эрх, сонгох тайлагнах журам, хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх зэргийг хуульчилсан нь бэлэн мөнгөний арилжаа явагдаж, компаниуд жинхэнэ утгаараа хувьд шилжих үйл ажиллагааны бэлтгэл байсан төдийгүй, компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг тогтоосон.
1995 оны 8 дугаар сарын 28-нд МХБ-д бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн бөгөөд энэ үйл явдлын түүхэн ач холбогдлыг үнэлж, МХБ-ийн анхны захирал Н.Золжаргал “1995 оны 8 дугаар сарын 28-нд Монголчууд капитализмд шилжсэн” гэж хэлсэн байдаг.
Бэлэн мөнгөний арилжаа эхэлснээр бүртгэлтэй ХК-ийн хувьцааг иргэд хоорондоо бэлэн мөнгөөр худалдах боломжтой болсон төдийгүй, аж ахуйн нэгжүүд ч МХБ-ийн арилжаанд оролцож хувьцаа худалдан авах, аль нэг ХК-д хяналтаа тогтоох боломж нээгдсэн.
1995-1998 оны хооронд хоёрдогч зах зээлийн хувьцааны арилжаа маш идэвхитэй явагдаж, МХБ-д бүртгэлтэй ХК-ийн хувьцааны хяналтын багц үндсэндээ цөөн гэр бүл болонгэр бүлийн компанийн мэдэлд төвлөрсөн. Энэхүү үйл явцтай холбоотойгоор хувьцаагаар гэрчлэгдсэн эрхээ хэрэгжүүлэх тухай мэдлэггүй байсан олон тооны жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлүүд олон гарч байсан бөгөөд зарим үр дагавар нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Хувьцааны захиалгыг тухайн эзэмшигч иргэн өөрөө өгч байгаа эсэхийг баталгаажуулах ямар нэг зохицуулалт байгаагүйгээс иргэдийн хувьцааг өөрийнх нь зөвшөөрөлгүй зарах, бэлэглэлийн гэрээгээр олон хүний хувьцааг шилжүүлэх гүйлгээ хийх, ажилчид нь бөөнөөрөө захирлууддаа хувьцаагаа бэлэглэх гэх мэт үйлдлүүд олонтоо хийгдэж, үүнтэй холбогдох өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэх асуудал байнга гарч байсан тухай Үнэт цаасны хорооны ажлын тайланд тусгагдсан байна. Тухайлбал, “Сүхбаатар ХК”-ийн хувьцаа эзэмшигч 172 иргэн хувьцаагаа цөөн тооны иргэнд бэлэглэсэн үйлдлийг бэлэлглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан этгээдүүд нотариаттай хуйвалдах замаар хийсэн гэсэн гомдлыг хянан шалгах ажиллагаа 1996 оны эхнээс 1997 оныг дуустал хууль хяналтын байгууллага болон Үнэт цаасны хорооны оролцоотой үргэлжилж байжээ. Мөн “Өгөөж чихэр боов” ХК-ийн 4544 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй худалдсан тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу шалгаад, хэлцлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. (Үнэт цаасны хорооноос 1996 онд хийсэн шалгалтын материал, хуудас 202-208).
Баян-Өлгий аймагт Үнэт цаасны хороо, МХБ-ийн хамтарсан шалгалтын явцад Алтан дэн, Хангамж хан, Саулет, Кайнар зэрэг хэд хэдэн ХК-ийн ихэнх ажилчид “гадны хүнд алдахгүй баттай хадгална” гэж ойлгож захиралдаа хувьцаага бэлэглэснийг тогтоосон.
“Эрдэнэс-Тавантолгой ХК”-ийн хувьцааг Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлэхээр УИХ-ын шийдвэр гарсантай холбогдон иргэд төвлөрсөн хадгаламжид дансаа нээлгэхдээ өмнө Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авч эзэмшсэн хувьцаагаа шалгаж, “зөвшөөрөлгүй миний хувьцааг зарсан байна” гэсэн үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд хандах явдал тасралтгүй үргэлжилсээр байна. Мөн дээрх хугацаанд компанийн хөрөнгөөр компанийн хувьцааг худалдан аваад дараа нь ТУЗ-ийн шийдвэрээр ТУЗ-ийн гишүүд өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдол ч цөөнгүй гарч байжээ.
Үнэт цаасны хорооны 1996 оны 82 дугаар тогтоолоор “ХК-ийн сангийн хувьцаа худалдан авсан байдалд шалгалт хийх удирдамж”-ыг баталж, нийт 19 ХК-ийн сангийн (халаасны) хувьцаа худалдан авсан байдалд шалгалт хийж, “Монгол тоосго”, “Эсгий, эсгий гутал” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 10,2-19,9 хувийг компанийн хөрөнгөөр худалдан авсныг тогтоон холбогдох арга хэмжээ авч байжээ.
Хувьцааны төвлөрөл эрчимжиж, хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан Төлөөлөн удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлэх, гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авах асуудал 1996-1998 оны хооронд үндсэндээ явагдаж дууссан байна. Энэ хооронд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах ажиллагаа эрчимжиж ирсэн. 1996 онд бүртгэлтэй ХК-ийн 54,7 хувь нь 1998 онд 49,3 хувь хурлаа хуралдуулж байсан бол, 1999 оноос огцом буурсан.
Өөрөөр хэлбэл, нэгэнт хяналтын багцыг гартаа авсан хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, хувьцаанд ноогдол ашиг хуваарилах зэргээр хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх асуудалда анхаарал хандуулах нь эрс багассан. 1993-1997 оны хооронд жил бүр 40-72 тогтмол ноогдол ашиг хуваарилж байан бол 1998 оноос хойш жилд 19-13 ХК болж тогтмол буурч ирсэн байна.
1996-1998 оны хооронд хяналтын багцыг авсан этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулан, ТУЗ, гүйцэтгэх захирлыг өөрчлөх болсонтой холбогдон хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрээгүй учраас шийдвэр нь хүчин төгөлдөр бус болсон гэсэн гомдол Үнэт цаасны хороонд олноор ирж, энэ асуудал Хорооноос хийгдэх шалгалтын нэг гол чиглэл болсон байдаг. Тухайлбал: “Монгол эсгий, эсгий гутал”, “Агроамгалан” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын ирцийн тухай ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж байжээ.
1999 онд Компанийн тухай шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хуульд орчин үеийн компанийн эрх зүйн нийтлэг зарчмуудыг тусгасан төдийгүй, тухайн үед нийтлэг дагаж мөрдөж байсан компанийн засаглалын зарчмуудыг ч тусгасан. Энэ хууль батлаган гарч мөрдөгдөх болсноор компанийн засаглалын практикт төдийлөн ахиц гарч чадаагүйн үндсэн шалтгаан нь уг хуулийг сахиулах чиг үүрэг бүхий Үнэт цаасны хороо, МХБ-ийн хууль сахиулах эрх мэдэл хангалтгүй, хуулийг хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоог хуульчилж өгөөгүйтэй холбоотой.
1999 онд ЭЗХАХБ-аас “Компанийн засаглалын зарчмууд”-ыг баталсан, Компанийн тухай шинэ хууль батлагдан гарсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд УИХ-ын гишүүн Н.Ганбямба-аар ахлуулсан Компанийн засаглалын ажлын хэсэг байгуулагдсан нь төр засгийн зүгээс Монголд компанийн засаглалыг хөгжүүлэх тухай авч хэрэгжүүлсэн анхны чухал арга хэмжээ болсон. Уг ажлын хэсэг ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын зарчмуудыг орчуулах, сурталчлах, МХБ-д бүртгэлтэй ХК-ийн засаглалын байдалд дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл боловсруулах, компанийн засаглалыг хөгжүүлэх тухай хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэл удирдамжийн дагуу Үнэт цаасны хороо 2000 оны 10 дугаар сараас нийт бүртгэлтэй ХК-иудад үзлэг шалгалт хийх удирдамж баталж, 2002 оныг дуустал үзлэг хийсэн. Энэ үзлэгт нийт 353 ХК хамрагдсан бөгөөд эдгээрээс үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа 203 ХК, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч хангалтгүй 124 ХЗ, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 59 ХЗ байна.
Үзлэгийн тайланд ХК-ийн засаглалын байдалд өгсөн дараах дүгнэлт тусгагдсан:
Судалгаагаар 1997-2001 оныг дуустал жил бүр 10-28 ХК хаалттай компани болж өөрчлөн байгуулагдах замаар бүртгэлээс хасагдаж байжээ.
2000 оноос эхлэн ЭЗХАХБ болон Дэлхийн банкны групээс зохион байгуулж эхэлсэн компанийн засаглалын бүс нутгийн дугуй ширээний ярилцлагад ҮЦХ, ТӨХ, МХБ, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын ажилтнуудыг оролцоолж ирсэн бөгөөд энэ нь УИХ-ын ЭЗБХ-ны дэргэдэх ажлын хэсгээс зохион байгуулсан арга хэмжээний нэг хэсэг байсан юм. Энэ үйл ажиллагаанд Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк зэрэг хандивлагчид дэмжлэг үзүүлж байлаа.
Бүртгэлтэй ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалтын явцаас дүгнэн Үнэт цаасны хороо 2001 оны 4 дүгээр сард “Монгол улсын хөрөнгийн зах зээлийг 2001-2004 онд хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг баталсан байна. Үндсэн чиглэлийн хүрээнд компанийн засаглалыг сайжруулах тухай төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
2007 оны эхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ҮЦХ-той хамтран “Компанийн засаглалыг сайжруулах нь” сэдэвт онол практикийн бага хурал, 2004 оны 4 дүгээр сард Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Компанийн засаглалд хараат бус захирлуудын үүрэг роль” сэдэвт семинарыг тус тус зохион байгуулсан нь бүртгэлтэй ХК-ийн удирдлагад компанийн засаглалын суурь зарчмуудыг сурталчлан ойлгуулахад чухал хувь нэмэр болсон.
Үнэт цаасны хорооноос дээрх үндсэн чиглэлийн дагуу ХК-ийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр нилээд анхаарч иржээ. Үүнд: МХБ-ээс эрхлэн хэвлүүлж байсан “Хөгжил+хөрөнгө оруулалт” сэтгүүлд ХК-ийн санхүүгийн тайлангийн хураангуйг хэвлэн нийтлэх болсон зэрэг нь хөрөнгийн зах зээлийг сурталчлалх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд зохих ач тусаа өгсөн.
Үнэт цаасны хороо байгуулагдсан үеэс хөрөнгийн зах зээлийн мэдээллийг олон нийтэд хүргэх, ард иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тухай багагүй хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан төдийлөн амжилтад хүрээгүй тухай тайланд тусгагдсан байдаг.
1995-1999 онд “Бизнес зар”, “Алтан зоос”, “Хувьцаа эзэмшигч”, “Ханш” нэртэй тогтмол хэвлэлүүд гаргаж байсан боловч тухайн үед үнэт цаасны зах зээлийн мэдээлэлд ач холбогдол өгөх нийгмийн сэтгэл зүй төлөвшөөгүйгээс зах зээлтэй болж чадалгүй зогссон байна.
1999 оноос МХБ-д төвлөрүүлэн “Үнэт цаас, арилжаа” мэдээллийн товхимолыг сар бүр гаргах болсон нь одоогийн “Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн эхлэл болсон бөгөөд олон нийтэд зориулсан мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн нийтлэл ХК-ийн хурал, санхүүгийн тайлан болон тэдгээрийн амьдралд гарч буй чухал үйл явдлын мэдээллийг нийтэд хүргэдэг гол хэвлэл болсон.
2006 онд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь хянах зохицуулах чиг үүрэг бүхий СЗХ байгуулагдсан. СЗХ байгуулагдсан цагаасаа эхлэн МХБ-д бүртгэлтэй ХК болон санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын засаглалыг хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулж ирсэн байна. Энэ чиглэлд хийсэн хамгийн чухал алхам бол 2007 онд “Монголын компанийн засаглалын кодекс”-ийг батлан гаргасан явдал байлаа. Энэхүү кодекс нь ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмуудад суурилсан бөгөөд Монголын компанийн засаглалын үндсэн зарчмуудыг тодорхойлсон.
Кодекс батлагдан гарсны дараа бүртгэлтэй компаниудын үйл ажиллагаанд комдексийн зарчмуудыг хэвшүүлэх тухай СЗХ-оос үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Компанийн засаглалын зарчмыг сурталчлах, компанийн удирдлага, ялангуяа ТУЗ-ийн гишүүдийг компанийн сайн засаглалын зарчимд суралцуулах зорилгоор АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэг, СЭЗДС-ийн оролцоотойгоор “Компанийн Засаглалийн хөгжлийн төв” ТББ-ыг 2009 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулжээ. Энэхүү хөгжлийн төв нь компанийн засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, үнэлгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Уг төвийн үйл ажиллагааг Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлаг, Азийн хөгжлийн банк, Люксембургийн Хөгжлийн сан зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж иржээ
Төвөөс жил бүр зохион байгуулж ирсэн чухал арга хэмжээ нь Компанийн засаглалын форум юм. 2010 оны 5 дугаар сард зохион байгуулсан 3 дугаар форумаас эхлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хандивлагчид, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, төрийн болон өөрийн зохицуулалтын байгууллагууд, компанийн удирдлага зэрэг сонирхогч талуудыг өргөн хамарсан ач холбогдолтой арга хэмжээ болж ирсэн.
2010 оны 5 дугаар сард зохион байгуулсан 3 дугаар форум нь 2009 онд дэлхийн банкнаас гүйцэтгэсэн “Монгол улсын компанийн засаглалын ROSC үнэлгээний тайлан”, Компанийн засаглалыг сайжруулах тухай төрийн байгууллагаас хийж байгаа ажил зэрэг цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцсэн.
2011 оны 6 дугаар сард 4 дүгээр форум зохион байгуулагдсан бөгөөд Хөрөнгийн зах зээлийг хөгжилд компанийн засаглалын гүйцэтгэх үүргийн тухай хэлэлцсэн бол 2012 оны форумаар хувийн компанийн засаглалын асуудлаар яриа өрнүүлжээ. Эдгээр форумаар хэлэлцсэн компанийн засаглалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжүүд 2011 оны 3 дугаар саррд Засгийн газраас баталсан “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгалаа олсон.
Энэхүү хөтөлбөрт “Хөрөнгө оруулагч, ажил олгогч, компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлагыг тодотгож хувьцаа эзэмшигчид, ажиллагсад болон бусад оролцогч талуудын эрхийг хангах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, компанийн засаглалын удирдлага, зохицуулалт, эрхзүй, мэдээллийн зохих орчин бүрдүүлэхэд төрийн дэмжлэг, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд компанийн засаглалын зарчмууд, кодексыг хэрэгжүүлэх, төрийн зүгээс үзүүлэм дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан, Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулав” гэж тэмдэглээд хөтөлбөрийн зорилгыг “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын болон бизнес эрхлэх зарчим, ёс зүй, хэв шинжид тулгуурласан, аж ахуйн үйл ажиллагаа удирдан зохион байгуулах нийтлэг арга барил бүхий үндэсний компани, бизнес эрхлэгчдийг бий болгоход оршино” гэж тодорхойлсон. Хөтөлбөрт заасны дагуу Компанийн засаглалын үндэсний зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжиж эхлээд байна. Уг хөтөлбөрт “Компанийн засаглалын зарчим, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрхзүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, өрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу 2011 оны 10 дугаар сард Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан.
Энэхүү шинэ хуулийн үзэл баримтлал нь компанийн засаглалын зарчмуудыг хуульчлахад чиглэсэн бөгөөд олон улсад дагаж мөрдөж буй компанийн сайн засаглалын үндсэн зарчмуудыг тусгаж чадсан учраас монголын компанийн сайн засаглалын үндсэн зарчмуудыг тусгаж чадсан учраас монголын компанийн засаглалын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн. Санхүүгийн зохицуулах хороо, түүний дэргэдэг Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэг, Компанийн засаглалын хөгжлийн төв, Компанийн засаглалын институт, Банк санхүүгийн академ зэрэг ТББ-ын оролцоотойгоор хууль сурталчилах, хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт сургалт, семинар, хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |