Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьсан бөгөөд нэг хоногоор завсарлагыг өгсөн юм. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацаа богино байгаа тул 3 хоног сунгах хүсэлтийг дахин гаргалаа. Харин УИХ-ын дарга өнөөдрийн 12:00 цаг хүртэл завсарлага өглөө.
Ингэснээр дараагийн асуудалд орлоо. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр оруулахаар тусгажээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 64 гишүүн оролцож, 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.