Эх сурвалж : www.dorgio.mn Нийтлэгдсэн : 2019.10.02 |
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.10.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдийн 82.5 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.10.01) үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдийн 82.5 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагджээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,940.4 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцэж байна.
Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,828.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,621.1 тэрбум төгрөгөөр давж, улсын төсвийн зарлага 7,181.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 528.9 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар бага байна. Улсын төсвийн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар танилцуулгад дурджээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагч, 4782 төсвийн байгууллага, төрийн сан, Засгийн газрын 23 тусгай сан, 539 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 156 төсөл, хөтөлбөр, 884 хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан болон бусад зардлын тайлан, нийт 6439 санхүүгийн тайланг хамруулсан. Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 27.9 тэрбум төгрөгөөр ашигтай гарснаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэдгийг тодотгож байлаа.
Мөн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого, тэнцэл УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан төлөвлөгөөнөөс 26.6 хувиар буюу 2 их наяд 136.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Тухайлбал, уул уурхайн голлох эрдэс бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ болон экспортын биет хэмжээ нэмэгдэж, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өсөж, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, НӨАТ-ын орлого тус тус давж биелсэн нь голлон нөлөөлсөн.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 9 их наяд 317.2 тэрбум төгрөг болж, батлагдсан төлөвлөгөөнөөс 7.2 хувиар буюу 717.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ нь урсгал зарлагыг 337.7 тэрбум, хөрөнгийн зардлыг 378.1 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэж байлаа. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн тэрбээр, 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22 Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2 их наяд 159.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 749 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 683.3 тэрбум, концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжсэн 5 төслийн эргэн төлөлтөд 82.9 тэрбум, нийт 766.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 2 дахин, санхүүжих дүн 81.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар заавал зураг, төсөвтэй байх шаардлагатай нийт 423 төсөл, арга хэмжээнээс 341 төсөл, арга хэмжээ нь батлагдсан зураг төсөвгүй буюу төсөвлөлтийн шаардлага хангаагүй, 58 төсөл, арга хэмжээ нь дутуу хэрэгжсэн, 71 төсөл, арга хэмжээ нь хэрэгжээгүйгээс 2018 онд олгохоор батлагдсан санхүүжилтийн 13.9 хувь буюу 106.8 тэрбум төгрөгийг зарцуулаагүй байна гэж байлаа.
Төрийн аудитаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй баталгаа олж авахын тулд санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэхэд баримталсан бодлого, зарчмыг үнэлж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлийг үндсэн шалгуур болгон аудит хийж, дүгнэлт гаргаж баталгаажууллаа.
Улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 26, Хязгаарлалттай 4 дүгнэлтийг тус тус өгч, 3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд итгэл үзүүлсэн. Мөн орон нутгийн төсвийн 22 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 19, Хязгаарлалттай 3 дүгнэлт өгсөн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар хэрэгжүүлсэн горим, сорилын үр дүнд санхүүгийн тайлагналын батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний алдаа, зөрчилтэй дараах асуудлууд илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 13.5-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл боллоо.
Үүнд: -Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1,006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй;
-Татан буугдсан Капитал банканд төсвийн байгууллагуудын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл 245.4 тэрбум, дамжуулан зээлийн 5.1 тэрбум, нийт 250.5 тэрбум төгрөг оршин байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй;
-Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмын шалгуур хангаагүй, төсөл арга хэмжээг санхүүжүүлж зээл олгосон, зээлийн эргэн төлөлт хангалтгүй, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн Оршин байх, Эрх ба үүрэг, Үнэн зөв байх гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна. Аудитаар Улсын Их Хуралд нийт зургаан асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 12, Сангийн сайдад 17, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт долоо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хоёр зөвлөмжийг тус тус өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарч, санхүүгийн сахилга бат дээшилж, 2018 онд эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд 6,9 хувийн өсч, инфляци ч зорилтот түвшинд хүрч, ажилгүйдлийн түвшин буурч, экспорт нэмэгдсэн нааштай үр дүнд хүрснийг сайшааж байлаа.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүртээх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ тэтгэврийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ УИХ Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж, төсвийн сахилга батыг бий болгож, эдийн засгаа тогтворжуулсан гавьяатай гэж боддог. УИХ-аас төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурийг хоёр жил барьсны хүчинд эдийн засгаа босгож чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьд хүрээд байсан өрөө бид буулгасан. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг 3.8 тэрбум ам.долларт хүргэж өсгөсөн гэж байлаа. Мөн тэрбээр, валютын нөөцөө өсгөж, дотоодын өрийн хэмжээг бууруулснаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх нөхцлүүдийг бүрдүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгахын тулд дунд, урт хугацааны бодлого шаардагдана гэхийн зэрэгцээ Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа хариултдаа онцолсон.
Тэтгэврийн зээл зургаан сар хүртэл, хоёроос дээш жилийнх гэсэн хоёр шугамтай байдаг. Засгийн газраас тэтгэврийн зээлийн жилийн хүүг бууруулах талаар шат дараатай арга хэмжээ авч байна. 6 сар хүртлэх тэтгэврийн зээлийн жилийн хүү 15 байсныг 12 хувь болгож бууруулсан бөгөөд ирэх жилээс хугацааг нь сунгаж 1 хүртлэх жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн жилийн хүүг 10 хувь болгоно. Харин хоёроос дээш жилийн тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15.6 хувь хүртэл бууруулахаар тохирсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн жилийн 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохироод байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулав. Мөн тэрбээр, 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Эдийн засгийн боломж нөхцөл тааруу, Засгийн газар ОУВС-тай хамтарч санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Түүнчлэн ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг үндэслэж, хариуцлага, ур чадвараас хамаарч зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөх арга хэмжээ авч байна. Ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад удаан жилийн нэмэгдэл олгохоор болсон. Ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн эх үүсвэрийг 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хариултдаа онцолсон.
Ингээд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |