Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар бий. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд 83 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр компаниудын 50 хувь 2016 оны байдлаар 10.5 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Харин авлага нь 2.2 их наяд төгрөг байгаа аж.
2012 оны үед төрийн өмчит компаниудын өр гурван их наяд төгрөг байжээ. Гэтэл дөрөвхөн жилийн дотор алдагдал буюу өр нь 10.5 их наяд төгрөг болж өсчээ.
Гэтэл Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гээд томоохон үйлдвэрүүдээс эхлээд Монголын бүхий л томоохон компаниудыг нэгтгэсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар10.5 их наяд төгрөгийн өрөө хэрхэн төлж, барагдуулах зурагаа ч зураагүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна.
Угтаа бол ойрын жилүүдийн төлөвлөгөө гаргаад цаг хугацаа алдалгүй алдагдлаа бууруулаад явах ёстой. Гэтэл улсын ажил гэхээр хариуцлага хүлээдэггүй гэх ойлголтоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Хэрвээ хувийн компани алдагдалтай ажилласан бол захирал нь хариуцлага хүлээж алдагдалгүй ажиллах бодлого, төлөвлөгөөг аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Гэтэл улсын өмч гэхээрээ үргэлж алдагдалтай ажилладаг, дарга нь байнга солигддог, хэн ч хариуцлага хүлээдэггүй, ажил нь урагшилдаггүй, алдагдлаа бууруулах гэж хичээдэггүй байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Хариуцлага хүлээх хүнгүй учир нь хэн ч хамаагүй даргаар очоод өрөнд оруулчихаад яваад өгдөг ийм л дүр зураг төрийн өмчит компаниудад бий.
Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллавал алдагдлыг нь төсвөөс буюу татварын мөнгөөр нөхдөг. Тэгэхээр төрийн өмчийн компаниудын өрийг улсын төсвийн 10.5 их наяд төгрөгөөр дарахад гайхах зүйлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг учраас л төрийн өмчит компаниудын удирдлагууд нь санаа зовохгүй мөнгийг үрж, хариуцлагагүй хүлээдэггүй явдаг байх нь. Мөн төрийн өмчит компаниудын төсөв, санхүүгийн мэдээлэл нь хаалттай, ил тод бус байдаг. Угтаа бол тэд олон нийтэд нээлттэй байх ёстой.
Нөгөөтэйгүүр Төрийн өмчийн компаниуд нь ийм их өртэй байгаа нь улс төрийн авлига, баян, ядуугийн ялгаа, өмчийн тэгш бус хуваарилалтын үндэс суурь болж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харъяанд ажилладаг 100 гаруй компани намын өмч болсноос болж, сонгуулийн дараа намаас, фракцаас удирдлагад нь томилдогоос болж энэ дампуурал бий болж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Тиймээс төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хяналтад оруулж ТУЗ-д нь ард түмэн, хөндлөнгийн мэргэжилтнүүд болон бусад албаныхны хяналтад яаралтай оруулах цаг болжээ.