“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.09.20

“Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол “Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа.

ГҮНИЙ УУРХАЙН ЗАРДАЛ 34 ХУВИЙГ ХӨНДӨНӨ

“Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол “Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа. Хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж байсан түүний хувьд уг төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны компанитай олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд албажуулснаар өнөөдрийн сунжирсан их маргааны хөрс суурь хамт тавигдсан билээ. Дээрх гэрээг байгуулснаас хойш өдгөө арван жил өнгөрч байна. Энэ хугацаанд таван Засгийн газар солигдлоо. Үүнийг дагаад Монголын талын байр суурь ч хаврын тэнгэр шиг хэдэнтээ хувьсаж өөрчлөгдсөөр ирлээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон өчнөөн үйл явдал өрнөв. Улс төрийн сонгууль угтсан хийрхэл, хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил дундуур “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт урагшилж байна. Уг төслийн баримт бичиг болох хөрөнгө оруулалтын гэрээ олон популистад бусдад танигдах олз болж, зарим нь уих-ын гишүүнээр хүртэл сонгогдож амжсан.

Цаашдаа ч энэхүү гэрээг яллах, шүүх, шүүмжлэх хүн багадахгүй шинжтэй. Иргэний нийгмийн нэг ололт нь энэ. Тэгвэл өнөөдөр “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй байгаа.

Хугацаа сунжрахтай зэрэгцэн хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байгаа төдийгүй одоо ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Төсөл зогсох ээлжит эрсдэлд 2020 оны сонгууль, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт мөн орж байгаа юм. Хөрөнгө оруулалт ахин нэмэгдэхээр байгаа нь үл ойлголцол руу төсөл хэрэгжүүлэгч талуудыг хөтөлж мэднэ. Ямартай ч “Оюутолгой” компанийн 66, 34 хувийг тус тус эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Гүний уурхайн зардал хэтэрсэн нь ийм шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ.

Уурхайн талбарт хоёрдугаар босоо амны барилгын ажил үргэлжилж байна. Хэдий тийм боловч урьдын нөхцөл байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. Төсөл хэрэгжүүлэгч талууд нэг нэгэндээ нуруу нуруугаа харуулж одвол гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрнэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал өсөж, алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдэнэ гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үе рүү энэ Засгийн газар очих цаг ч ойрхон байж мэдэх юм.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оны дөрөвдүгээр сард 2.7 тэрбум ам.доллар байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан М.Энхболд УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Үүний дараа С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийж эхлэх үед хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн.

Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралт байдал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүү, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэргээс үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг. Засаг болгоны хүсэл хэдий ч зүрхэлж аваад зориглож хийгээгүй “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулахад төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.2 тэрбум ам.доллар болж, хоёр тал үүн дээр тохирч байв. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэг жилд нэг тэрбум орчим ам.доллараар өсөн нэмэгдэж байжээ.

Дэлхийн таван томын нэг, үндэстэн дамжсан Rio Tinto групп Монголд орж ирснээс хойш гурван жилийн дараа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг  хожим Дубайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэмж тодотгосон билээ. Монголын хувь эзэмшилтэй холбоотой буюу 34 хувиа чамласан өнгө аяс манай улстөрчдөөс байнга цухалздаг. Сонгууль болгоноор зарим популистууд үүнийг ярьж, сонгогчдоос оноо авах гэж зүдэрдэг. Гэтэл нэг ч төгрөг заралгүй татвар, хураамж аваад суух тийм боломж бидэнд байсан. Ямар нэгэн хувь, хувьцаа авна гэхгүйгээр төслөөс олох нийт ашгийн 50-иас илүү хувийг аваад суух гарц байсан гэдэг. Одоогийн нөхцөлд 34 хувь бидэнд өр зээл болон хүндээр бууж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч компанийн хувьцааны дор хаяж 34 хувийг Монголын тал авах ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан нь өнөөдөр биднийг гарах гарцгүй болгоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяаг УИХ-ын 57 дугаар тогтоол үндсэндээ тодорхойлсон. Уг тогтоол Засгийн газарт буу тулгасантай дүйх хэмжээний зовлон тарьсан гэж өнөө хэр зарим улстөрч хэлдэг. 2001 онтой харьцуулахад манай эдийн засгийн хэмжээ өнөөдөр арав дахин өссөн байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ ДАХИН 1.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨСӨХӨӨР БАЙНА

Мега төслийн хаялга энэ. Гэхдээ нийт нөөц баялгийн 80 хувийг хэвлийдээ тээх гүний уурхай ашиглалтад орох хүртэл зөвшилцөх, санал нэгдэх зүйл ар араасаа ундарсаар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй залгаад “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлыг улсаараа хэлэлцэх цаг тун ойртлоо.

Энэ байдлаараа Засгийн газрын толгойны өвчин “Оюутолгой” төслийн гүний уурхай болж мэдэх нь. Хөрөнгө оруулалтын зардлын асуудлаар хувь эзэмшигчид нэг талдаа гарч чадахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах, улмаар царцах эрсдэл хол биш байна. Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хуульч Б.Чимид агсан “Гэрээгээр холбогдсон хоёр тал бол гэр бүл болсон хостой адил.

Нэг гэрт орсон хоёр шиг элгэмсэг, ойр дотно харилцаатай байхгүй бол хардлага байнга төрнө. Харилцаа сэвтэх, эвгүйтэх цагт харилцан буулт хийж явахгүй бол хагарч салахдаа хүрч мэднэ. Тэгээд хамтдаа жаргаж чадахгүй бол тус тусдаа зовно доо” гэж Ерөнхий сайд асан С.Баярын өрөөнд болсон нэгэн хурал дээр хэлж байлаа. Тэгвэл гүний уурхайн зардал нэмэгдэх, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал өндөр байгаа энэ үед эдүгээгийн Ерөнхий сайдын өрөөнд энэ талаар ямархуу яриа өрнөж, хэрхэн шийдэл эрэлхийлж байгаа юм бол...

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн