Замын түгжрэлийг бууруулах технолгийн ТАВАН шийдэл

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.06.27

Хотжилт нэмэгдэхийн хэрээр авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл хэмээх толгойны өвчинтэй нүүр тулдаг.

2032 он гэхэд дэлхийн хүн амын 61% нь томоохон хотуудад амьдардаг болно гэж зарим судлаач тооцоолжээ. Мэдээж түгжрэлийг бууруулах олон аргыг нэрлэж болно. Жишээлбэл нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замаа сайжруулах, хотоо тэлэх, хууль журмаа сайжруулах, авто зогсоолын тоог нэмэх гэх мэт. Эдгээрээс гадна мэдээллийн технологийн сүүлийн шийдлүүдийг ашиглан түгжрэлийг бууруулах боломжтой. Энэ нь “Ухаалаг хот” шийдлийн нэг хэсэг бөгөөд “Ухаалаг авто замын систем” буюу Intelligent Transportation System(ITS) гэж нэрлэдэг. Орчин үед өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж буй дараах технологиудыг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Нэг. Электрон төлбөрийн систем (ЭТС) нэвтрүүлэх – E-Toll

 

 

ЭТС гэдэг нь тээврийн хэрэгслүүдэд “tag” суурилуулж авто замууд дээр түүнийг уншигч төхөөрөмжүүдийг байрлуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл tag уншигчийн доогуур тээврийн хэрэгсэл нэвтрэх үед таны урьдчилан цэнэглэсэн tag-наас замын хураамж хасагдах зарчмаар ажиллах юм. Энэ нь дэлгүүрт ороод төлбөрийн картаа уншуулан худалдан авалт хийхтэй төстэй юм. Хүмүүс замыг төлбөртэй болгоно гэхээр сөрөг хандлагатай хүлээж авдаг хэдий ч дараах ач холбогдолтой байдаг.

  1. Ачаалал өндөртэй замуудыг төлбөртэй болгосноор төлбөргүй замуудын ашиглалт нэмэгдэж түгжрэл буурна. Мөн ачаалал өндөртэй чиглэлүүдэд нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар хөдөлгөөнд оролцохыг дэмждэг байна.

  2. Өндөр өртөгтэй баригдсан хурдны зам, тунел эсвэл хот хоорондын замуудын цаашдын хөгжил, арчилгаанд чухал үүрэгтэй. Үүнээс гадна хувийн компаний хөрөнгө оруулалтыг замын бүтээн байгуулалтанд татан оролцуулах боломжийг дэмжинэ.

Өндөр хөгжилтэй орнуудад энэ арга нь өргөнөөр ашиглагддаг. Улаанбаатар хотын хувьд уг системийг нэвтрүүлснээр төв замын ачаалал буурах, хоцрогдсон аргууд (бэлэн мөнгөөр төлөх, хаалт суурилуулах, хүн ажиллуулах) – ыг халах боломжтой болно.

Хоёр. Глобал байрлал тогтоох систем - Global Positioning System (GPS) ба Big Data

 

 
Зургийг www.tcbresistencias.com сайтаас ашиглав.

GPS гэдэг нь байршил тогтоох систем юм. Тээврийн хэрэгслүүдийг GPS-д холбосноор тээврийн хэрэгслүүдээс байршил, дундаж хурд, байнга явдаг маршрут, тухайн байршлын тээврийн хэрэгслийн тоог цагаар харах, хөдөлгөөний шилжилтүүдийн мэдээллийг цуглуулах боломж бий болно. Өөрөөр хэлбэл эдгээр мэдээлэл хуримтлагдснаар их хэмжээний Big Data үүснэ. Уг дата дээр төрөл бүрийн боловсруулалт хийж дараах шийдвэрүүдийг гаргахад ашиглаж болно.

  1. Тээврийн хэрэгслүүдэд тухайн үеийн замын ачааллын талаар мэдээлэл өгөх. Ингэснээр жолооч өөр зам сонгож түгжрэл саарна.

  2. Авто замыг төлөвлөх, удирдах, замуудын урсгал, чиглэл, эргэлт зэргийг оновчтой зохион байгуулах боломж үүснэ.

Хэрэглэгч талаас гар утасны GPS-ээ ашиглан тухайлсан нэг гар утасны аппликэйшнаар дамжуулан үйлчилгээгээ авч, мөн байршлийн мэдээллийн илгээж болно. Сүүлийн үеийн тээврийн хэрэгслүүд өөртөө GPS-тэй ирдэг бол он хуучин машинуудад нэмэлтээр GPS суулгаж болно.

Гурав. Мэдрэгчтэй Уулзвар буюу “Юмсын интернет”-ийг ашиглах – IoT

 

 
Зургийг nsw.gov.au сайтаас ашиглав.

“Мэдрэгчтэй Уулзвар” гэдэг нь уулзвар дээрх тээврийн хэрэгсэл, явган хүн зэрэг хөдөлгөөнд оролцогчдыг мэдэрч гэрлэн дохио болон камерийн систем илүү ухаалгаар уялдаж ажиллахыг хэлнэ.

Уулзварт хэдэн тээврийн хэрэгсэл зогсож байна, явган зорчигч байгаа эсэх, улаан гэрлээр нэвтэрч байгаа эсэх, дүрэм зөрчиж байгаа эсэхийг мэдрэгчээр дамжуулж мэдэх боломж бүрдэнэ. Ингэснээр аль чиглэлийн хөдөлгөөнийг түлхүү явуулах хэрэгтэй байгаа, ногоон гэрэл хэр удаан асах шаардлагатай байгааг гэрлэн дохионы систем автоматаар зохицуулна гэсэн үг юм. Үүнээс гадна дүрэм зөрчиж байгааг тээврийн хэрэгслийн зургийг төвд илгээж, торгууль, шийтгэл ногдуулдаг. Гэхдээ яаж вэ гэдэг нь сонин байх болов уу. Авто машин мэдрэгчүүдийг авто замын хучилт буюу асфальтны өнгөн дээд хэсэгт явган хүний гарцны өмнө болон дараа суурилуулж өгснөөр уг мэдрэгчүүд камер болон гэрлэн дохионд мэдээлэл дамжуулж харилцан уялдаж ажилладаг. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдэж түгжрэл буурна. Уулзвар блоклож орох, улаан гэрлээр нэвтрэх зэрэг дүрэм зөрчих үзэгдэл буурна.

Дөрөв. Газарзүйн мэдээллийн систем нэвтрүүлэх (ГМС) - Geographical Information System (GIS)

 

 
Зургийг www.esri.com сайтаас ашиглав.

Авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хянах зорилгоор Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийг ашиглах боломжтой. ГМС-ийг ашигласнаар авто замын ачаалал, хөдөлгөөний нягтаршил, дундаж хурд, гэрлэн дохионы ажиллагаа, ослын талаарх мэдээлэл зэргийг газрын зураг бүхий нэг самбар дээр хянах, удирдах, төлөвлөх боломж үүснэ. Өөрөөр хэлбэл ГМС дээр гэрлэн дохио, хурд хэмжигч, камер, мэдрэгч, тоолуур гэх мэт тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн удирдлагыг байрлуулна гэсэн үг юм. Ингэснээр хөдөлгөөнийг нэг төвөөс тухайн нөхцөл байдалд тааруулан удирдах боломж бий болох юм. Жишээлбэл ачаалал өндөртэй чиглэлийн гэрлэн дохиог төвөөс удирдаж түгжрэлийг бууруулах, байнга өндөр ачаалалтай чиглэлд нэмэлт зам төлөвлөх, авто замын системийг цогцоор нь хянах боломж бий болно.

Улаанбаатар хотын хувьд гэрлэн дохиог нэг цэгээс удирдах боломжтой хэдий ч ГМС хараахан нэвтрээгүй байна. Энэхүү арга нь авто замын хөдөлгөөн ихтэй хотуудад болон бусад ачаалал ихтэй цагуудад ашиглахад тохиромжтой байдаг.

Тав. Хиймэл оюун ашиглах – Artificial Intelligence (AI)

Дээр дурьдсан аргуудын үр дүнд үүсэх дата, мэдээлэл, камерын бичлэг, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдээс цугларсан дата зэрэг дээр тулгуурлан хиймэл оюуны алгоритмууд ажиллаж хөдөлгөөнд оролцож буй жолоочид хамгийн хурданаар хүрэх замыг санал болгох боломжтой болно. Мөн энэхүү тооцоон дээр үндэслэн гэрлэн дохионы ажиллах горимуудыг замын ачаалалаас хамаарч тухайн нэг өдөрт хэд хэдэн янзаар тохируулах, хоорондоо хамааралтай нэгдсэн удирдлагад шилжүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

Манай улсын хувьд Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв нь Улаанбаатар хотын ITS системийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. 2009-2010 онд уг төсөл анх хэрэгжих үед миний бие уг төсөлд бас гар бие оролцож байсан. Уг төслийн хүрээнд хийгдсэн ажлууд, техникийн боломжуудын талаар тодорхой хэмжээнд мэдэх учраас энэхүү санаануудыг уг төслийн магадгүй үргэлжлэл болгон хөгжүүлж орчин үетэй хөл нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Мэдээж хэрэг эдгээр дурьдсан технологийн аргууд бол түгжрэлийг ор мөргүй алга болгох боломжгүй ч бусад аргуудтайгаа хослуулан хэрэгжүүлснээр тодорхой хэмжээгээр бууруулах, цаашилбал төлөвлөлтийг оновчтой хийх, ирээдүйд хийгдэх ажлыхаа үр дүнг хэмжих зэрэгт чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн