Монгол, Японы хөрөнгө оруулалттай “Мобиком”-ын салбар компанийнхан шүүхэд дуудагдсаны учир

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2019.05.27

Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, тэнд хувьцаагаа арилждаг Японы томоохон корпорац KDDI-ийн салбар нь монголчуудын үүрэн холбооны хэрэглээний нэлээд хэсгийг эзэлж буй “Мобиком” билээ. Манай улсын “Ньюком” болон Японы “Sumitomo” болон KDDI корпорацын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 онд Монголын анхны үүрэн холбооны оператор “Мобиком”-ыг байгуулж, улмаар “Ньюком” нь дэргэдээ гар утас, дагалдах хэрэгсэл, нэгж худалдах зэргээр байр, барилгатай холбоотой харилцаа бий болсон учраас Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний алба байгуулсан аж. Энэ нь явсаар үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой, хөрөнгийн менежментийн “Ньюком проперти” гэх охин компанийг байгуулахад хүргэсэн гэдэг. 1996 оноос хойш “Мобиком” Төв шуудангийн ойролцоо үйл ажиллагаа явуулж, салбар нь өнөөгийн “Баянбогд плаза”-д нэг хэсэг байсныг хүмүүс мартаагүй. 2010 оноос хуучны “Тахь-ко” компанийн байранд орж “Теди” нэртэй болгож өөрчлөн, дэргэдэх “Монтрейд” компанийн дөрвөн давхар 5280 ам метр талбайтаа барилгыг түрээсэлж, уг объектод оффис, инженерийн бусад төхөөрөмжүүдээ суурилуулан ажиллах болсон юм. Ингэхдээ хотын төвийн А зэрэглэлийн бүсэд ам метр талбайг 17 357 төгрөгөөр түрээсэлсэн аж. Түүнээс хойш 10-аад жилийн хугацаанд “Монтрейд” компани, “Ньюком проперти” хооронд 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд байгуулсан таван жилийн гэрээнийхээ дагуу л 2018 оныг дуусгажээ. Өөрөөр хэлбэл, энэ хооронд ам.долларын ханш хэд дахин нэмэгдэж, хотын төвийн барилгын талбайн түрээсийн төлбөр зэрэгцэн өсөөд байхад түрээслүүлэгч тал үнээ төдийлөн нэмээгүй нь тогтвортой хамтын ажиллагаагаа эрхэмлэснийх биз. Ингээд “Монтрейд” компаниас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд түрээсийн гэрээний хугацаа дуусаж буйг сануулан гэрээний хугацааг сунгахгүй, түрээсийг үргэлжлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна.

Эзэн нь юмаа мэддэг цаг өнгөрчээ

Дээрх мэдэгдэл хүргүүлсний дараа түрээслэгч компанийн захирал Д.Даваамаа (УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын гэргий)-гийн гарын үсэгтэй “Ньюком проперти” ХХК нь Иргэний хуульд заасны дагуу түрээсийн гэрээг сунгуулах эрхтэй этгээд тул уг асуудлыг талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 7.6-д заасны дагуу эв зүйгээр харилцан тохиролцож шийдвэрлэхээр чармайсан боловч амжилтгүй болсон тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр тус компанийн зүгээс шүүхэд хандах байдалд хүрснийг үүгээр мэдэгдэж байна. Асуудлыг харилцан тохирч, нааштайгаар шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийг буцаан авахад хэзээд бэлэн байх болно” гэсэн сүрдүүлэх аястай бичиг түрээслүүлэгч “Монтрейд” компанийнханд хүргүүлсэн аж. Тэдний хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 3.2-т “Гэрээний хугацаа дуусахаас гурван сараас доошгүй хугацааны өмнөөс эхлэн гэрээг сунгах санал тавих бөгөөд уг саналыг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснөөр гэрээ сунгагдах хугацааг тухайн үед тодорхойлно” гэж заасан байгаа юм. Түрээслүүлэгч “Монтрейд” гэрээний заалтыг үндэслэн гурван сарын өмнө “цаашид хамтран ажиллах боломжгүй” гээд, өөр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Үүний дагуу бол “Мобиком”-ынхон 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд түрээсийн байраа чөлөөлж, хүлээлгэн өгөх ёстой байж. Гэтэл тэр мэдэгдсэн хугацаа нь аль хэдийн таван сар гаруй өнгөрчихөөд байхад оффисыг нь чөлөөлөхгүй өдий хүрчээ. “Мобиком”-ынхон хэрэглэгч бидний утсыг төлбөрөө төлөлгүй нэг хоногийн хугацаа хэтрэхэд л гарах ярианы эрхийг хаачихдаг. Гэтэл охин компанийнхан нь түрээсийн хугацаагаа таван сар гаран хэтрүүлчихээд хэнэг ч үгүй суусаар, шүүхэд гомдол гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Уг нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж үг бий сэн. Эзэн нь юмаа мэдээд л түрээсээ сунгахгүй гээд байхад Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй KDDI-ийн бүрэлдэхүүн хэсэг болсон “Мобиком корпорац” өөрийн хамаарал бүхий этгээдээр сунгуулна хэмээн шүүхэд хандаж, өөрийн болон Япон дахь толгой компанийн нэр хүндийг унагаж буй нь итгэвтэр хэрэг биш гэж үү.

Монголчуудыг хооронд нь муудалцуулах ажиллагаа хийж байна уу

Түрээслүүлэгч компани “Монтрейд”-ээс “Мобиком корпорац”-ын гүйцэтгэх захирал Тацуяа Хамадад хандан болж буй үйл явдлын талаар ч захидал бичсэн аж. Түүндээ гэрээний хугацааг сунгахгүй байх шалтгаанаа бичээд “Бид “Мобиком” болон Япон улсын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хүндэтгэн үзэж байрандаа шаардлагатай хугацаагаар үйл ажиллагаа явуулж болохыг хэдэн удаа мэдэгдэж, манай хөрөнгийн менежментийн “Страйтс Таймс” ХХК-тай холбогдохыг санал болгосон билээ. “Монтрейд” компанийн хувьд дамжуулан түрээслэгч “Ньюком проперти”-тэй цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ “Мобиком корпорац”-ын удирдлагад мэдэгдсэн” хэмээжээ. Хариуд нь Тацуяа Хамада “Ньюком проперти” болон “Монтрейд”-ийн хоорондын гэрээний харилцаанд “Мобиком” огт хамаагүй гэсэн утгатай захидал хүргүүлсэн байх юм.

“Ньюком проперти” компанийн удирдлага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Монтрейд” компанид түрээсийн хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэл гаргасны дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул иргэний хэрэг нээжээ. Улмаар хариуцагч “Монтрейд” компани албаны ёсны хаяг болох Баянгол дүүргийн I хороонд бүртгэлгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өнгөрсөн хоёрдугаар сард дүгнэсэн байв. Тус компани нь тухайн хаягтаа байсаар атал шүүх ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь хачирхалтай. Дараа нь энэ оны гуравдугаар сард дээрх хаягаар нь шүүх нэхэмжлэл хүргүүлж, иргэний хэрэг үүсгэсэн байгаа юм. Шинээр гаргасан гомдлоор дахиж хэрэг үүсгэхдээ нөгөө л Ш.Оюунтуул шүүгч захирамж гаргасан нь шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагааг гадарладаг хүнд хачирхал төрүүлэх нь лавтай.

Хэрэг хянаж буй шүүгчтэй холбоотой гомдол ҮАБЗ, Ерөнхийлөгчийн чихэнд хүрэх нь

2018 оны ТОП-100 аж ахуйн нэгжид багтаж, шалгарсан “Мобиком”-ынхон түрээслүүлэгч компанидаа бүтэн таван сарын турш төлбөрөө төлөхгүй байснаа гэнэт гараад явжээ. Өдгөө “Монполимет”-ийн шинээр бариулсан оффист үйл ажиллагаа явуулахаар болсон сурагтай. Өөрөөр хэлбэл, “Ньюком проперти”-гийнхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үл ойшоож, төлбөрөө ч төлсөн эсэх нь ч тодорхойгүй, барилгыг “Монтрейд”-ийнхэнд хүлээлгэн өгсөн ч юмгүй алга болсон аж.

Тэднийг ийнхүү нүүж байх үед удирдлага “Монтрейд”-ийн удирдлага АТГ, ШЕЗ-д гомдол гаргаад байна. Тэд гомдолдоо “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш. Оюунтуул нь илтэд нэг талд үйлчилж манай компанийн эрх ашгийг ноцтойгоор хохироож шүүгчийн ёс зүйг зөрчсөн тул гомдол гаргаж байна. “Монтрейд ХХК нь Баянгол дүүргийн I хороонд бүртгэлтэй, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус хаягт байрлах оффисын байранд үйл ажиллаагаа тасралтгүй явуулж байна.

Манай компани 2007 оноос хойш 5280 метр квадрат бүхий дөрвөн давхар үл хөдлөх хөрөнгийг “Ньюком Проперти” ХХК-д гэрээний үндсэн дээр түрээслүүлж ирсэн. Ийнхүү анх гэрээ байгуулсан үеэс эхлэн уг түрээсийн барилга байгууламжийг “Ньюком Проперти” ХХК нь өөрийн хамаарал бүхий этгээд болох “Мобиком корпорац” ХХК-д ашиглуулж ирсэн болно. Түрээсийн гэрээний хугацаа дууссанаар “Мобиком корпорац”-ыг байрнаас нүүж шинэ оффисын байр руу ортол “Ньюком проперти” ХХК-тай гэрээ байгуулахгүй, “Мобиком”-ыг түрээсийн төлбөрөө бидэнд шууд төлөх боломжтой талаар мэдэгдсэн. Тус компанид бидний зүгээс үзүүлж ирсэн итгэлийг эвдэн түрээсийн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээсэлсэн, ингэхдээ үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоож, гэрээний төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэн түрээслүүлж ирсэн.

Шүүгч Ш. Оюунтуул нь өөр нэг иргэний хэрэгт үзлэг хийхээр “Монтрейд” ХХК-ийн оффист өөрийн биеэр ирсэн бөгөөд манай компанийн талаар сайн мэднэ. Гэтэл шүүхээс бидэнтэй холбогдоогүй, бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулж буй манай компанийн байранд шүүхээс хэн ч ирээгүй атал “хороонд бүртгэлгүй” гэх тодорхойлолт гаргуулсан байсан. Мөн шүүгч Ш. Оюунтуул “Ньюком проперти” ХХК-д “Мобиком Корпорац” ХХК-ийг оролцуулахгүйгээр нэхэмжлэлд өөрчлөлт оруулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах боломж олгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д заасан “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлийг хуурамчаар гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

“Ньюком проперти” нь нэхэмжлэлээ шүүхэд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан байтал нэг сар хав дарсан нь гайхаш төрүүлж байна. Түрээсийн гэрээ дуусгавар болмогц манай компанийг шүүхэд өгсөн атлаа гэрээ хийхээр тохиролцож магадгүй гэж үзэж шүүхийн ажиллагааг эхлүүлэхгүй дарж байгаад “Монтрейд” ХХК нь гэрээ байгуулахгүй гэдэг нь тодорхой болмогц шүүхийн процессоо идэвхжүүлсэн байна гэж бид үзэж байна. 2019 оны гуравдугаар сард гаргасан нэхэмжлэлийг шүүх цахимаар хүлээн аваагүй, шууд дахин Ш. Оюунтуул шүүгчид хуваарилагдсан. Үүнийг бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон шүүгч Ш. Оюунтуул нь эрх мэдэлтэй албан тушаалтанд үйлчилж, тэдний хөл гар болж байна гэж үзэж байна. Ш.Оюунтуул шүүгч “Ньюком Проперти” ХХК-д хугацаа хожиж өгөх зорилгоор хэргийг зориудаар удаашруулж байгаа бөгөөд үндэслэл муутай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг “Ньюком Проперти” ХХК-г зөвшөөрсөн үед шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа эхлүүлэхээр хугацаа хожиж үйлчилж байгаад бид гомдолтой байна.

2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, шүүгч Ш.Оюунтуулын энэ хууль бус, ёс зүйгүй үйлдлийн үр дүнд түрээсийн төлбөрийг “Мобиком корпорац”-аас гаргуулж чадахгүй, хүчээр бидэнтэй гэрээ байгуулж бидний өмч хөрөнгийг бусдад эзэмшүүлэхээр иргэний хэрэг үүсгэж, дарамталж Үндсэн хуулиар баталгаажсан бидний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчөөд байна. Иймд шүүгч Ш.Оюунтуулын дээрх ёс зүйгүй, шүүхийн нэр хүндийг унагаж эрх мэдэлтэн албан тушаалтанд үйлчилж, жирийн аж ахуйн нэгжийг дарамталдаг шүүгчид ёс зүйн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Бид энэ хууль бус үйлдлийн эсрэг тууштай тэмцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, АТГ-т хандах болно” гэжээ.

Ийнхүү Японы хөрөнгө оруулалттай, үүрэн холбооны хэрэглэгчдийн төлбөрийн тодорхой хэсэг нь арлын орон руу явдаг “Мобиком”-ын түрээсийн байрны маргаан нэлээд дуулиан болох бололтой

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн