Б.Лхагвасүрэн: Мөнгө хүүлэлтийн эсрэг л хязгаар тогтоох нь үр дүнтэй

Эх сурвалж : www.itoim.mn

Нийтлэгдсэн : 2019.04.22

Монголбанкнаас Эдийн засгийн бодлогын чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Чуулганы үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Өнгөрсөн жилийн чуулганаар яригдаж байсан бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж чадсан уу. Ер нь санхүү, эдийн засагт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Энэ жилийн чуулган Монголбанкны 95 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна. Өнгөрсөн жилийн эдийн засгийн бодлогын чуулганаар хэлэлцэж байсан асуудлууд амьдрал дээр  хэрэгжсэн. Макро зохистой бодлогыг түлхүү ашиглаж, бодлогын хүүгээ буулгаж, эдийн засгийн идэвхжлийг бий болгохыг зорьж ажиллалаа. Бодлогын хүү 14 хувиас 10 хувь хүртэл буурсан. Гэхдээ ганцхан бодлогын хүүг бууруулах арга хэрэгсэл нь зохистой биш байна. Эдийн засаг өсөх, гадаад хөрөнгө оруулалт   нэмэгдэж байгаа үед зөвхөн бодлогын хүү дангаараа энэ бүгдийг зохицуулж чадахгүй учраас макро зохистой бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд үр дүн гараад эхэлсэн байна. Жишээ нь, банкнаас гарч байгаа зээл дийлэнх нь хэрэглээнд чиглэж байсан бол 2019 он гарсаар хэрэглээний зээл илүү хумигдаж, бизнес бодит сектор руу чиглэсэн зээлийн хэмжээ өсч байна. Өнгөрсөн онд зээл олголт 27 хувиар өссөн байна. Хэрвээ макро зохистой бодлогыг хэрэгжүүлж,   бодлогын хүү дээрээ тодорхой хэмжээний шийдэл гараагүй байсан бол зээл олголт улам нэмэгдэх хандлагатай байсан. Төсөв тэлэхийг дагаж мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлбэл эдийн засгаа халаах эрсдэлтэй байсан учраас оны сүүлээр бодлогын хүүгээ бага зэрэг чангалж эхэлсэн. Энэхүү бодлогын арга хэрэгслүүд зөв байсан гэдэг нь өнөөдрийн эдийн засгийн статистик мэдээллээс харагдаж байна. Эдийн засаг өсч байна, энэ бол бодитой өсөлт.  

 

-Мөнгөний бодлогын суларч байх үед  хадгаламж болон зээлийн хүү бага зэрэг буурч байсан. Гэхдээ оны сүүлээс бодлогын хүү эргээд чангарах хандлагатай байгаа. Хадгаламж болон зээлийн хүү дорвитой буух боломж хэр байгаа вэ. Нөгөө талд УИХ дээр зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ асуудалд Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

-Төв банкны зүгээс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудалд болгоомжтой хандаж байгаа. Харин мөнгө хүүлэлтийн эсрэг хязгаар тогтоохыг дэмжиж байгаа юм. Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлтэд хязгаар тогтоох бол хоёр өөр ойлголт. Зээл бол санхүүгийн бүтээгдэхүүн. Зээлийг банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо, барьцаат зээлийн газрууд олгож, зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ зээлийн үйлчилгээнд хүүгийн дээд хязгаар тогтоох асуудал яригдвал бүтээгдэхүүнийх нь хувьд хязгаар тогтоох боломжтой. Энэ нь мөнгө  хүүлэлт гэдгээр яригдаж болно. Дэлхийн олон орон ийм арга хэрэгслийг ашигласан тохиолдол байдаг. Жишээ нь, Японд 20 хувиас дээш хүүтэй зээл олговол үүнийг мөнгө хүүлэлт гэж үздэг. Энэ нь зөвхөн банкин дээр биш, бүх зээлийн үйлчилгээ, санхүүгийн байгууллагад хамааралтай байдаг. Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг тодорхой хэмжээний хязгаар тогтоож болно. 20-оос дээш хувь бол мөнгө хүүлэлт гэж үзнэ гэх маягаар явбал боломжтой. Харин арилжааны банкны зээлийн хүү ийм байна, банк бус санхүүгийн байгууллагынх ийм байна гээд  ялгавартай тогтоовол энэ эргээд олон сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Хууль санаачилсан хүмүүсийн тооцсон шиг арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь гээд тогтоочихлоо гэж бодъё. Гэтэл зээлийн хүүгийн эх үүсвэр нь хадгаламжийн хүү, эрсдэлийн зөрүү, зардлыг тооцож тогтдог. Эдгээрийг тооцож үндсэн хүү 19 хувь дээр тогтвол хуульд заасан хэмжээнээс хэдэрч байгаа учраас банк нэг хувийн эрсдэлээ үүрэх үү, эсвэл зээлдэгчид зээл өгөхгүй байх уу гэдэг сонголт гарна. Хэрвээ банк зээл олгохгүй гэвэл өмнө нь хэвийн зээл авч байсан бизнес эрхлэгч банкны үйлчилгээ авах боломжгүй болно. Үүний дараа хаашаа очих вэ гэвэл өндөр хүүгээр ч хамаагүй зээл өгөх банк бус санхүүгийн байгууллага, өөр зээлдэгчийг хайж эхэлнэ. Энэ тохиолдол хүүгийн төвшин 20, 30 хувьд хүрнэ. Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг дээд хязгаар тогтоож болно. Харин зээлийн хүүг ялгавартай тогтооно гэвэл санхүүгийн системд эрсдэл үүсгэнэ.

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкны эх үүсвэр цэвэр үү, бохир уу гэдгийг шалгана

 

Капитал банкийг гэнэт татан буулгах болсон шийдвэр нь нийгмийн анхаарлыг нэлээд татсан.  2015 оноос  тус банкны үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн юм бол яагаад тэр үеэс харилцагч, хадгаламж эзэмшигчийг хамгаалах үүднээс олон нийтэд анхааруулж болоогүй юм уу?

-Дэлхийн нийтэд банк дампуурах нь энгийн л үзэгдэл. Жишээ нь, 2008 оны хямралын үед АНУ-д жилдээ 120 банк татан буугдаж байсан. Монголын хувьд харьцангуй цөөхөн 14 банктай. Үүнээс нэгийг нь татан буулгах шийдвэр гаргасан. Нэг талаараа нэг аж ахуйн нэгжийг татан буулгаж байгаа юм шиг боловч нөгөө талд банкны системд эрүүлжих процесс явагдаж байна гэж харж болно. Бусад банкууд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэрэглэгчид банкаа сонгоод үйлчлүүлэх боломжтой. Хамгийн гол нь иргэд харилцагчдын банкны системд итгэх итгэл байдаг. Монгол Улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо бүрдсэн байгаа нь иргэд харилцагчдын итгэлийг хадгалах боломжийг өгч байгаа. Капитал банкны хувьд банк  нь татан буугдаж байгаа ч банкны харилцагчдын хохирлыг даатгалын системийн хүрээнд барагдуулна. Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх нөхөн төлбөрийг барагдуулах боломжтой байгаа. Нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь энэ даатгалын системд хамрагдаж байгаа. Жишээ нь, Капитал банк 100 харилцагчдаа байлаа гэж бодвол 99-ийнх  хохирлыг 100 хувь барагдуулна. Харин нэг хувь буюу 20 саяас дээш төгрөгийн харилцах хадгаламжтай иргэдэд тодорхой хугацааны шаардлага гарч ирнэ. Тус банкны муу, чанаргүй зээлийг барагдуулж, түүнээс орж ирсэн орлогоор хохирлыг нь барагдуулна. Энэ утгаар харвал татан буугдсан банк нь системийг эрүүлжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.

-Капитал банкны харилцах данс дээр байршиж байсан төрийн сангийн буюу  татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн барагдуулах юм бэ. Жишээ, Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 106, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг байршиж байсан гэж Сангийн яам мэдээлсэн шүү дээ?

-Хадгаламжийн даатгалын тухай хуулиар төрийн өмчийн оролцоотой компани, төрийн санхүүгийн хөрөнгө даатгалд хамрагддаггүй. Хамрагдахгүй байгаа хөрөнгө болон 20 саяас дээш төгрөгийн хохирлыг барагдуулахын тулд тодорхой дараалал тогтооно. Дарааллынх нь дагуу өр төлбөрийг барагдуулна. Өр төлбөр нь хурдан барагдуулах уу, удаан барагдуулах уу гэдэг нь тухайн банкны зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Тэгэхээр Капитал банкин дээр байгаа зээлүүд хэр хурдан төлөгдөнө, тэр хэмжээгээр нөхөн төлбөр хурдан барагдуулна.

-Капитал банкнаас гадна өөрийн хөрөнгийн дутагдалтай таван банк байгаа шүү дээ. Өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн бусад банкийг нэрлэж болох уу?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн албан даалгавар банкуудад очсон. Өгөгдсөн хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа. Банкны тухай хуулиар дүрмийн санд орж, хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр нь цэвэр, хуулийн дагуу орж ирсэн байх ёстой. Энэ дагуу банкуудын хөрөнгө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж байна. Шалгалтын явцад  бохир, хууль бус зүйл гарч ирэхгүй бол тухай банкны үйл ажиллагаа хэвийн явагдана. Тэр үед банкуудын нэрс зарлагдаад явна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүвсэр хуулийн дагуу юу гэдгийг заавал шалгах шаардлага тавьж байгаа. Энэ хүрээнд хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад хөндлөнгийн хяналт, дүгнэлт авахаар хэлэлцээр хийж байна.

-2015 оноос Капитал банкны үйл ажиллагаа нь доголдож үе шаттай арга хэмжээ авсан шиг нөхцөл байдалд орсон банк дахиад байгаа юу?

-Тийм банкууд өөр байхгүй.

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн