Д.Ганбаяр: "Эрдэнэс тавантолгой" ХК шахааны бизнесийг дэмжсэн, ямар ч тооцоололгүй төсөв гаргасан

Эх сурвалж : www.peak.mn

Нийтлэгдсэн : 2019.03.05

Д.Ганбаяр: "Эрдэнэс тавантолгой" ХК шахааны бизнесийг дэмжсэн, ямар ч тооцоололгүй төсөв гаргасан

-Та "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн бүх шийдвэр хууль бус гэж өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Ингэж хэлэх ямар үндэслэл байгаа вэ?

-Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.7-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгоогүй бол ТУЗ-ийн гишүүн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

"ЭТТ" ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар доорх бүрэлдэхүүнтэй сонгон баталж хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор албан ёсоор томилсон байдаг. 

Төрийг төлөөлж,

Г.Нандинжаргал (УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

У.Бямбасүрэн (Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга)

С.Наранцогт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Р.Мэргэн (ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч)

Н.Баярчимэг (УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга)

Ц.Баяр-Эрдэнэ (Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга)

Б.Ганхуяг (”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал)

Хараат бус гишүүнээр,

Ц.Ганболд (Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга)

Х.Болор-Эрдэнэ (”Монголросцветмет” компанийн захирал асан)

Р.Бурмаа (УИХ-ын гишүүн асан)

П.Өлзийнаран (Уул уурхайн инженер, эдийн засагч) нарыг сонгосон.

Гэвч хувьцаа эзэмшигчдийн хурал дахин зарлахгүйгээр УУХҮ яам өөрийн төлөөлөл болсон Н.Баярчимэгийг болиулж компанийн тухай хуулийг зөрчсөн. Ингээд ТУЗ-д сонгогдоогүй М.Баяраа /УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга/ гэдэг хүнийг шууд томилоод зогсохгүй ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож хууль зөрчсөн. 

Тэгэхээр энэ томилгоо нь Компанийн тухай хуулийн 62.1.7-г хэрэгжүүлээгүй хууль бус болж байгаа юм. 

Энэхүү томилгооноос л харахад тус компанийн ТУЗ-ийг улс төрчид өөрсдийн хүсэл сонирхлоор сонгодог нь харагдана. Энэ нь цаанаа асар том ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг харуулаад байгаа юм. 

-Уг нь хараат бус ТУЗ-ийн гишүүдээ сонгохдоо олон нийтээр зарлаж нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ гэж мэдэгдэл хийж байсан шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ бодит байдал дээр улс төрийн томилгоо болсон. Ингэж хардах үндэслэл бий. Учир нь ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг Компанийн тухай хуулийн 65.6-т зааснаар хувьцаа эзэмшигчдэд хурлын материалд хүргүүлж танилцуулах боломжийг урьдчилан олгоогүй юм.

"Эрдэнэс Тавантолгой" 2018 оны хавар болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хаалттай хувьцаат компани болсон. Тиймээс компанийн тухай хууль болон СЗХ-оос баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих” журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх ёстой байсан.

Гэтэл СЗХ-ны тус журмын 2.4 болон компанийн тухай хуулийн 63.10-т заасны дагуу хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь тус хурлын хэлэлцэх асуудалд ЗГ-ын 2018 оны 245-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах нэрийн дор нэлээд тогтоолууд баталсан байдаг. Үндсэндээ хууль, журмын дагуу явагдаагүй учраас бидний зүгээс удаа дараа шаардлага тавьсан ч хуулийн дагуу явсан гээд албан бичиг ирүүлж байсан.

 

-Үүнээс үүдэн ТУЗ-ийн бүх тогтоол шийдвэрүүд хүчин төгөлдөр бус гэх эрх зүйн маргааныг үүсгэж байна. Хариуцлагыг нь хэн хүлээх ёстой вэ?

-"Эрдэнэс тавантолгой" ХК бол Монголын 2,5 сая иргэдийн хувьцаа эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой компани. Гэтэл хувийн компаниа удирдаж байгаа юм шиг ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоо, тогтоол шийдвэрүүд гаргаад байна шүү дээ. Үүнээс болоод "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалт шударга явагдаж чадах эсэх нь эргэлзээ төрүүлдэг.

ТУЗ-ийн гишүүд нь компанийн эрх бүхий албан тушаалтан болдог. Компанийн тухай хуульд зааснаар биелүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид учруулах хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хариуцлага хүлээнэ гэсэн байдаг.

ТУЗ-ийн үүргээ биелүүлж мэдэхгүй, хяналт тавьж чадахгүйгээс компанид хохирол учирвал өөрсдөө л хариуцлагаа хүлээнэ шүү дээ. Тиймээс 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурал дээр биеээр оролцож тайлангаа тавиад ажлаа хийж боломжийг олгохгүй байгаа бол гишүүд нь эртхэн ТУЗ-аас түдгэлзсэн нь дээр байх даа.

 

-“Халаасны хувьцаа” нэрээр 3 тэрбум ширхэг хувьцаа компанийн бүртгэлд шилжүүлсэн гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам гэж бий. Энэхүү журмын дагуу өмчийн эзэн гэдгээр 70 хувь нь УУХҮЯ-нд 30 хувь нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очсон.

Ингэж очихдоо ноцтой зөрчил гаргаж “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаанаас 3 тэрбум ширхэгийг нь халаасны хувьцаатай гэж 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн дүрэмд тусгасан ч 2018 оны 2-р улирлын санхүүгийн тайланд тусгаагүй байгаа юм.

Гэтэл 2010 онд гарсан УИХ-ын 93 дугаар тогтоол, 2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолд ямар нэгэн байдлаар халаасны хувьцааны талаар ямар ч зүйл заалт байдаггүй. Үүнийг би сүүлд нь компанийнх нь дүрэм дээрээс олж харсан. Энэ 3 тэрбум ширхэг хувьцааг яах гэж байгаа юм бүү мэд. Энэ мэтээр мэргэжлийн бидэнд хүртэл ил тод ойлгомжтой байдал нь тун тааруу харагддаг.

 

-“ЭТТ”ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрөө хараат ТУЗ-даа багтсан. Энэ нь хуулиар зөвшөөрөгдөх үү?

-Үнэндээ тус компанийн ТУЗ-ийн зарим гишүүд нь иймэрхүү хууль бус үйлдлээс болж сэтгэл хангалуун бус байдаг юм билээ.

2.5 сая иргэн 530 гаруй ААН хувьцааг нь эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн өмнө хариуцлага хүлээгээд явах ёстой. Гэтэл өөрөө ТУЗ-ийн гишүүн болчихсон нь компанийн сайн засаглалын зарчмыг дагаж мөрдөхгүй байгааг харуулдаг.

ТУЗ-д орсон гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн өмнө үүрэг даалгавар аваад хариуцлага хүлээгээд явах хэрэггүй байхгүй. Харин ТУЗ-ийн гишүүдэд нөлөөлж тэдгээрийн хяналтаас мултрах, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх үндэс суурийг нь тавьж байгаа юм.

Тэгээд ч хуулиараа төрийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал хараат болон хараат бус аль ч гишүүн байх боломжгүй.

 

-"ЭТТ" ХК төсөв дээр комьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 4,5 тэрбум төгрөг бас бус нэлээд том тоотой төсөв гарсан. Энэ тал дээр таны байр суурь?

-Миний мэдэхийн нэлээн олон төрийн өмчит компаниуд дан комьютер, тоног төхөөрөмж авна гэсэн төсөв гаргачихсан. Жишээ нь 2013 онд авсан компьютерээ ашиглалтын хугацаа дуусаж элэгдсэн гэсэн шалтгаанаар шинийг авна гэжээ. Юу гэсэн үг вэ, хуучин компьютерээ яах юм бол?

Уг нь  2013 оны компьютерийг хэрэглэж болно шүү дээ. Үүний ард стандартын дагуу зах зээлийн бодит үнийг тогтоож борлуулах шилжүүлэх асуудал яригдана. 

Элэгдүүлсэн нэрээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлчихдаг, цаанаа яадаг юм бүү мэд.

Иймэрхүү тодорхой бус асуудал гараад байна. ЭТТ ХК дээр мөн л энэ явдал давтагдах нь. Хэл ам татлаад байгаа ЭТТ ХК-ийн төсвийг санхүүгийн жил дуусахаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичгийн дагуу яаравчлиж баталсан нь ТУЗ-ийн аудитын хорооны дүгнэлт, зөвлөмж гаргахгүйгээр шийдсэн асуудал болоод байна. Төсвийг шуудхан хэлэхэд энд тэндэхийн шахааны  бизнесийг дэмжсэн, ямар ч тооцоололгүй төсөв гэхэд буруудахгүй.  

 

-Тооцоололгүй төсөв гэдгийг тодруулбал?

-Уг нь санхүүгийн жил дууссаны дараа Аудитын хорооны хуралдаад худалдан авалтад юу багтахыг, санхүүгийн тайлан бодит уу,  бодит бус байсан уу гэдэг дээр ажиллах ёстой. Гэтэл ЭТТ ХК Аудитын хороо ажиллах боломжгүйгээр тулгаж хийсэн. 

СЗХ-ны Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу санхүүгийн тайлан, өнгөрсөн жил ТУЗ нь хэдэн удаа хуралдсан, Аудитын хороо нь хэдэн удаа хуралдаж ямар асуудал шийдсэн эсэх гээд маш олон мэдээлэл байх ёстой. Гэтэл сайтад нь энэ мэдээлэл алга. Мэдээж удирдлагууд, ТУЗ энэ талаар мэдэж байгаа, хэрэгжүүлэх сонирхол нь алга. 

"ЭТТ" ХК нь 3 тэрбум долларын IPO хийнэ гээд ойролцоогоор 100 сая доллар төсөвлөсөн ч тооцоолол нь алга. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр асуухад тооцоолол алга гэдгээ л хэлсэн.

Өөрөөр хэлбэл таамаг төдий төсөв гаргачихаж. Энэ чинь өөрөө маш олон хууль зөрчсөн үйлдэл юм.

Ерөөсөө иргэдийн 1072 хувьцааны талаарх мэдлэг тааруухан дээр тоглолт хийгээд байна. Мэддэг хүмүүс нь ч юу дуугарахгүй юм. 

Бид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг хараат бус, мэргэжлийн байгууллага. Ийм ч учраас хууль бус үйлдлүүдийг нь засч залруулъя, зөвлөж хамтарч ажиллая гэж удаа дараа албан бичиг хүргүүлдэг боловч ЭТТ ХК-ийн удирдлагуудын хувьд засаглалаа сайжруулах, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох гэж наанаа ярьдаг ч бодит байдал дээрээ ашиг сонирхлын зөрчил ихтэй юм шиг л харагддаг шүү дээ. 

 

-Цаашид ЭТТ ХК-ийн засаглалыг сайжруулахын тулд заавал хийх алхмууд юу вэ?

-Нэлээн хэдэн ажил бий.

✔Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилт,

✔Засгийн газрын 2017 оны 299 тоот тогтоолоор батлагдсан Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр,

✔Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 31 өдрийн 14 тоот тогтоолоор батлагдсан “Нээлттэй засгийн түншлэлийн 2019-2021” үйл ажиллагааны төлөвлөгөөний “Төрийн болон нийтийн өмчит компанийн засаглалыг сайжруулах” зорилт бий. 

Эдгээр зорилтууд болон компанийн засаглалаа сайжруулах олон үүрэг даалгаврыг төрийн өмчит компаниуд тэр дундаа Эрдэнэс Тавантолгой ХК хүлээсэн ч төдийлөн ач холбогдол өгч ажиллахгүй байгаа. Бид удаа дараа албан бичиг явуулсан ч хаанаа дарагдчихдаг юм бүү мэд, хариу нь ирдэггүй.

Нэн тэргүүнд манай зүгээс СЗХ-ны 2016 оны 34 тоот тогтоолоор батлагдсан “Компанид засаглалын үнэлгээ хийх, түвшин тогтоох” журмын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн засаглалын судалгаа, үнэлгээ хийж хөндлөнгийн хараат бус дүгнэлт, зөвлөмж гаргах шаардлагатай л даа.

Харин хуулиа зөрчөөд томилгоо, тогтоол шийдвэр гаргаад байгаа компани биднээр засаглалын үнэлгээ хийлгээд дүгнэлт, зөвлөмж аваад ажиллана гэдэг юу л бол.

Уг нь 2016 онд "Эрдэнэс Монгол" -ийн охин байхад нь өөрийн охин компаниудын засаглалын сайжруулахаар Азийн хөгжлийн банкнаас 34 сая долларын санхүүжилт авсан байдаг. Гадны үнэтэй зөвлөхүүд ирж ажлаад зөвлөгөө аваад л байсан ч сайжирч байгаа үр дүн харагдахгүй л юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн